2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04692

 

 

 

 

 

 

                                                         2025             06            02  

                                       192/ШШ2025/04692

              

 

                                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М  ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: И ХХК-тэй,

... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Э.Э. миний бие М ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууц захиалах гэрээг байгуулж, тус гэрээгээ ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 165,280,000 төгрөгөөр захиалсан болно. Тухайн орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 100 хувь төлсөн. Гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэрчилгээ авах, түүнтэй холбоотой зардлыг миний бие төлж өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар харилцан тохиролцсон. Э.Э. миний бие уг орон сууцандаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр орж, байраа хүлээн авч, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ амьдарч байна. Гэтэл М  ХХК нь хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэний улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэх тайлбарыг удаа дараа, өнөөдрийг хүртэл надад тайлбарласаар байна. Гэвч тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарын маргаан нэхэмжлэгч надад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч миний эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болж, өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд Э.Э надад ... өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба ... квадрат байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, кассын орлогын ордер, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ашиглагч айл өрхүүдтэй эд хөрөнгө хүлээлцсэн акт, М ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тодорхойлолт, хаан банкны депозит дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгавар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... ХХК-иас .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2074 дүгээр шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1386 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар албан бичиг, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүний лавлагаа, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... дүгээр шүүхийн шийдвэр, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авчээ.  

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Э.Э нь ... хаягт байршилтай, 82.64 м.кв талбай бүхий гурван өрөө сууцны төлбөрийг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрчээ.

 

         6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

         Нэхэмжлэгч Э.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр ...хаягт байршилтай, 82.64 м.кв талбай бүхий гурван өрөө сууцыг 165,280,000 төгрөгөөр худалдан авахаар М ХХК-тай харилцан тохиролцжээ. /хэргийн 6-8 тал/

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 165,280,000 төгрөгийг М ХХК-д бэлнээр шилжүүлсэн кассын орлогын ордер хэрэгт авагджээ./хэргийн 5 тал/

 

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчид орон сууцны эзэмшлийг шилжүүлснийг зохигч үгүйсгээгүй болно./хэргийн 10 тал/

 

Маргаан бүхий орон сууцны хаягаар үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаварт М ХХК аялал жуулчлалын цогцолборыг захиалж бариулжээ./хэргийн 32, 35 тал/.

 

7. Нэхэмжлэгч Э.Э болон хариуцагч М ХХК нар 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ... тоот хаягт байршилтай, 82.64 м.кв талбай бүхий гурван өрөө сууцыг 165,280,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

8. Нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ М ХХК-д шилжүүлснээр гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.

 

9.  Гэхдээ үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд гэрээний талуудын хооронд эрх, үүрэг үүснэ. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ тэдгээрийн хооронд хүчинтэй бөгөөд өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, өмчлөгч мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад өмчлөх эрх бусдад шилжих болохгүй юм.

 

Маргаан бүхий орон сууц эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх бөгөөд орон сууцны барилгыг М ХХК захиалан бариулжээ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” зааснаар М ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хэнд, хэзээ, ямар нөхцөлөөр худалдахаа шийдэх эрхтэй бөгөөд үүнийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

 

Нэхэмжлэгч нь М ХХК-тай гэрээ байгуулсан боловч М ХХК-иас зөвшөөрөл аваагүй, М ХХК-аас М ХХК эрх шилжүүлсэн баримтгүй тул орон сууцны худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Иймд хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг худалдах эрхтэй болох нь тогтоогдоогүй тул орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж үзлээ.

 

11. Хариуцагч нь орон сууцыг өмчлөх эрхтэй байж бусдад шилжүүлэх эрх үүсэх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэгч өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлага мөн хэрэгсэхгүй болно.

 

12. Иймд нэхэмжлэгчийн ...тоот хаягт байршилтай, ... м.кв талбай бүхий гурван өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгаж шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,054,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-д холбогдох ...тоот хаягт байршилтай, 82.64 м.кв талбай бүхий гурван өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,054,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ