| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/08166/И |
| Дугаар | 192/ШШ2025/04496 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/04496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э..сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч О.М, гэрч С.Б, Б.Б, Ц.Ш, С.Э, Б.П, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие Ц.Х нь Нийслэлийн Э..сургуульд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Э...сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ...дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн болно. Тус тушаалыг надад эх хувиар нь өгөөгүй, хуулбарлан өгсөн болно. Тус тушаалын үндэслэх хэсэгт Боловсролын ерөнхий хуулийн 33.3 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр заалт, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3, 8 дугаар зүйлийн 8.4.9, 11.4.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие өөрийн хүсэл зоригоор өргөдөл өгөөгүй, удаа дараагийн ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөж, энэ талаар удаа Э..өргөө сургуулийн ёс зүйн зөвлөлд хандаж байсан болно. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардан Дүрслэх урлагийн хичээл орохыг тулган шаардсан. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас гарах хүсэлтээ өгөхийг тулган шаардсан. Иймд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал өөрөө эрх зүйн акт болон хувьд тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хууль тогтоомжид нийцсэн байвал зохино. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болгосон болно. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Багш Ц.Х нь Монгол улсын боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийг ...дугаартай дипломтой төгссөн. Мэргэжлийн багш гэдэг нь диплом дээрх судалсан кредит цагаас харахад тодорхой байна. Үүнд: Багш мэргэжлийн заавал судлах Монголын түүх, Гүн ухаан, Эдийн засаг улстөр, Гадаад хэл, Компьютер, Дээд математик, Физик, Сэтгэл судлал, Боловсрол судлал зэрэг хичээлүүдийг судалсан. Дизайн технологийн багшийн заавал судлах Технологийн дидактик, Дүрслэлийн геометр, Техникийн зураг зүй, Зураг урлал, Материалын технологи, Дизайн зохион бүтээлт, Технологи, Зохион бүтээх технологийн төсөл зэрэг хичээлүүдийг судалсан байна. Багш Ц.Х.. нь мэргэжлийн багш, чиг үүргийн хүрээнд Дүрслэх урлагийн хичээл зааж байсан. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э...өргөө сургуульд ажилд орсон бөгөөд анх ажилд орохдоо мэргэжлийн диплом дээрх судалсан кредит цаг, ажлын түүхээ танилцуулж зураг зүй, дизайн технологи, зураг урлал, дүрслэх урлаг хичээлийг заах бүрэн боломжтой мэргэжлийн, ажлын туршлагатай хэмээн өөрийгөө танилцуулсныг протоколд тэмдэглэсэн байдаг. Сонгон шалгаруулалтын дараа Албан тушаалын тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулан Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орох тушаал гаргасан болно. Сонгон шалгаруулалтын үед Сургалтын менежер Б.П, ЗАН-ийн ахлагч Б.Б нартай уулзуулан заах хичээл болоод цагийн тооцоог гаргуулж Ц.Х багшид танилцуулж зөвшөөрснөөр 2023-2024 оны хичээлийн жилд Дизайн технологийн хичээлийг 12 болон 6-р ангид, мөн 8-р ангид дүрслэх урлагийн хичээлийг бүтэн хичээлийн жилийн турш заасан байдаг. Дээрх байдлаас харахад ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаагүй бөгөөд БСШУ-ны сайдын А/351-р тушаалд заасан Багшийн албан тушаалын тодорхойлолт, мөн сайдын А/350-р тушаалд тулгуурлан цагийн тооцоог гаргаж багшийн хийх ажлын хүрээнд харилцан санал солилцох, өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэнд хамтран ажилласан. Дүрслэх урлагийн хичээлийг орохыг тулган шаардаагүй. Багшийн хувьд Дүрслэх урлаг, технологийн сургууль төгссөн, мэргэжлийн багш. Мөн МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн төгссөн бүх төгсөгчид зураг зүй, технологи, дүрслэх урлагаа заах арга зүйг эзэмшсэн байдаг нь диплом дээрх кредитээс харагдана. Багш Ц.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас гарахыг хүссэн өргөдөл өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Х багшийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалаа гаргасан даруйдаа Ц.Х багшид танилцуулахаар дуудсан боловч ирээгүй тул нарийн бичигтээ тушаалыг гарт нь өгөх үүрэг өгсөн байдаг. Нарийн бичгийн хувьд Ц.Х багштай уулзаж таны тушаал гарсан, та авна уу гэхэд би хичээлтэй байна гэсэн. Үүнээс хойш 16 цагт, 17 цагт гээд 2 удаа очиж хэлсэн боловч дараа очно гэсэн. Ингээд ч ирээгүй болохоор нь сүүлийн 6-р цаг дээр тушаалыг канондаж, хуулбар үнэн дардас дараад ЗАН-ийн ахлагч Б.Б-д тушаалыг өгч Ц.Х багшид үүнийг танилцуулаарай, тушаалын эх хувиа нарийн бичгээс ирж аваарай гээд өгсөн. Учир нь албан бичгийн (тушаалын) эх хувийг өөрт нь өгөхгүй бол алга болох магадлалаас сэрэмжилсэн гэж нарийн бичиг мэдэгдсэн. Багш Ц.Х нь Э... сургуульд 1 жил 2 сарын хугацаанд ажиллах явцад багшийн ажилдаа хандах хувийн сахилга бат, оролцоо, зохион байгуулалт, ажлын цаг ашиглалтын талаар албан бус мэдээллийг Заах аргын нэгдлийн багш нар нь болон сургалтын менежер, бусад хамт олон ярьдаг байсныг захирлын хувьд сонсож байсан. Гэсэн ч шинээр ажилд орсон багш учраас байгууллагын соёл, хамт олондоо дасаад гайгүй болно биз дээ гэсэн итгэсэн бодлоор багшид ямар нэгэн хариуцлага тооцоогүй, эелдгээр анхааруулж хэлсэн байдаг. Сургуулийн хувьд жил бүр хичээлийн жилийн төгсгөлд багш нарын тайлангийн хурал хийдэг. 2024 оны 6-р сард болсон жилийн эцсийн тайлангийн хурал дээр ЗАН-ийн багш нар болон сургалтын менежер Б.П нь нийт багш нарын оролцоо, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулалт, арга зүйн талаар дүгнэлтийг танилцуулсан. Ингэхдээ бүх багш нарт хандахын зэрэгцээ Д.Х багшид хандаж хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө батлуулдаггүй, шаардлага тавихаар үг сонсох дургүй, ажлын цагтаа ирдэггүй, сургуулиас зохиогдсон багшийн хөгжлийг дэмжих аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй цаашид анхаараарай гэсэн саналыг хэлсэн. Гэтэл Ц.Х багш тухайн үед өөрийн буруугаа огт хүлээж аваагүй бөгөөд хамтран ажилладаг технологийн багш нараа илтэд доромжилж, чадваргүй, туршлагагүй хэмээн басамжилж байсныг захирлын хувьд сонсоод ингэж болохгүйг сануулж цаашид ойлголцож ажиллаарай гэдэг зөвлөгөөг тайлангийн хурал дээр өгсөн. Хурлын төгсгөлд 2024-2025 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар багш нараасаа санал авдаг бөгөөд бүх багш нар ажиллана гэсэн санал хэлж хурал дууссан. Ц.Х багшийн хувьд ирэх хичээлийн жилд анхаарч ажиллаарай, хүүхэд хохироож болохгүй, сурлагын амжилтаас хойш татаж болохгүй, хэрэвзээ дахин ийм ноцтой алдаа гаргавал ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авагддаг шүү гэдгийг анхааруулсан. Багшийн хувьд ч ойлголоо хэмээгээд үргэлжлүүлэн ажиллах санал хэлсэн учир ээлжийн амралтыг бүтэн олгохын зэрэгцээ өөрийнхөө технологийн ур чадварыг сайжруулаарай, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаарай хэмээн сургуулиас цоо шинэ нөөтбүүк өгч амраасан байдаг. Энэ нь багшдаа итгэсэн, багшийгаа үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн сургуулийн байр суурь байсан. Багшийн хувьд ч ээлжийн амралтаа эдлээд шинэ хичээлийн жилдээ ажилдаа ямар ч асуудалгүй орсон байдаг. Гэвч багшийн өмнө хичээлийн жилд гаргаж байсан алдаа дутагдал хэвээрээ л байсанг дараах хэд хэдэн баримтыг цохон тэмдэглэн тайлбарлахыг хүсэж байна. Учир нь багш хувийн ёс суртахуунгүй байдлаа ажлын байрны дарамт гэсэн шалтгаанаар хаацайлж байна гэж үзэж байна. Ц.Х багшийн шүүхийн материалд хавсаргасан нийгмийн даатгал төлөлт, цалингийн мэдээллийг нягталж үзэхэд тэрээр СХД-ийн Тольт сургуульд давхар ажиллаж цалин авч байсан байна. Гэхдээ энэ талаараа үндсэн ажил олгогч болох Э... сургуулийн захиргаа, аль нэг удирдлагын шатанд огт мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл хийж байжээ, үүнийгээ анхнаасаа нуун дарагдуулж ирсэн байна гэж үзэхээр байна. Үүнээс үүдэлтэй бүх асуудал үүссэн байх магадлалтай бөгөөд өөрийнх нь хувийн зохион байгуулалт, ёс суртахуунгүй байдалтай шууд хамааралтай хэмээн үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 57-р зүйлд заасан Зэрэгцсэн хөдөлмөр байгуулах зүйл байдаг. 57.1-д Ажилтан ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэжээ. 57.2.2-д үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж байгууллагад ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна гэсэн заалтыг зөрчсөн. Дээрх байдлаас үүдэн багш Ц.Х нь СХД-ийн Тольт сургуульд хууль зөрчин давхар ажиллаж энэ талаараа сургуулийн захиргаанд огт мэдэгдээгүй ажлаа тасалж байсан, сургуулийн үйл ажиллагаанд оролцдоггүй, өөрийгөө хөгжүүлэх сургалт семинарт хамрагддаггүй, улмаар хүүхдийн эрхийг зөрчиж байсан байна. Баянгол дүүргийн Э... сургууль нь 300 гаруй багштай, түүн дотроос дизайн технологийн заах аргын нэгдэл нь 13 багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Гомдол гаргагч Ц.Х... нь 2023-2024 оны хичээлийн жилийн 8 дугаар сарын 31-ний өдөр Э... сургуульд дизайн технологи, зураг зүйн багшаар ажилд орсон. Тухайн үед ажилд орохдоо бүх хичээлээ заах бүрэн боломжтой, туршлагатай хэмээн өөрийгөө танилцуулж байсан. Мөн ажлын түүхэнд нь ч зураг, технологи, дүрслэх урлагийн хичээл зааж байсан нь тодорхой харагдаж байна. Захирал миний хувьд 2024-2025 оны хичээлийн жил эхлэх үед буюу 9 дүгээр сарын 02-ны өдөр хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд өвчтэй онлайнаар зайнаас ажиллаж байсан. Энэ үед буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Х багш нарийн бичигт ажлаас гарах өргөдлөө бичээд орхисон байсан бөгөөд миний бие юутай ч эмчилгээгээ дуусгаад очиж шийдвэрлэнэ тэр болтол багшийг ажлаа хийж бай гэдэг шийдвэрийг өгсөн. Ингээд 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 суга таягтай очиж өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Энэ хугацаанд багшийг тулгаж дарамтлах бүү хэл, тааралдаагүй, багшийг дуудаад ч ирээгүй болно. Иймээс дээрх нэхэмжлэгчийн шаардлагыг огт үндэслэлгүй, илтэд худал, хүн гүжирдсэн шаардлага гэж үзэж байна. Дизайн технологийн багш Ц.Х нь өөрийн гараар 11 дүгээр сарын 01-ний өдөр өргөдлөө бичсэн, захирлын ажлаас чөлөөлөх тушаал 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Гэтэл Ц.Х багшийн нэхэмжлэх дээр бичсэн 11 дүгээр сарын 03-ны гэх өдөр би эрүүл мэндийн хувьд эмчилгээтэй байсан тул энэ өдөр ажлаас гарах хүсэлтээ өгөхийг тулган шаардах боломжгүй тул бас л худал гүжирдлэг гэж үзэж байна. Бичсэн сар өдрүүд бүгд зөрүүтэй байна. Түүнчлэн өргөдөл дээрээ бичсэн хэсгийг эш татаж харвал "Энэ сургуулийн сайхан хамт олон минь намайг маш хүнд хэцүү үед минь түшиж тулж авсанд тань маш их баярлаж явдаг" хэмээн бичжээ. Үүнээс дүгнэхэд хамт олны уур амьсгал маш эерэг байсан гэдэг нь харагдаж байна. Мөн өргөдөлдөө түшиж тулж авсанд тань маш их баярлаж явдаг гэснээс харахад тань гэдэг хамаатуулах үг нь захиралд хандсан гэдэг нь илтэд байна. Энэ бүгдээс харахад захирлын хувьд маш их дэмжиж ажиллаж байсан, ажлаас гарахыг тулган шаардах ямар ч шаардлага үүсээгүй. Багш дутагдалтай энэ цаг үед аль болох багштай л байх хэрэгцээ бүх сургуулиудад үүсээд байгаа. Багшийн хомсдолтой нөхцөл байдлыг далимдуулдаг багш нар зарим тохиолдолд үүсдэгийг нуумааргүй байна. Багш Ц.Хг өргөдлөө өгснөөс 7 хоногийн дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ба энэ хугацаанд багш өөрийн гаргасан шийдвэрээ өөрчлөх, өргөдлөө эргэж харах боломжтой цаг хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Ажлын түүхээс харахад ажлаас орж гарч байсан туршлагатай, мөн нас болоод ажлын туршлагын хувьд шийдвэр гаргахдаа бодож тунгаасан байх түвшиний хүн юм. Ц.Х нь хууль зөрчин өөрийн дураар Тольт сургуульд ажиллаж байснаа нуух зорилгоор биднийг ор үндэсгүй гүтгэсэн байна. Давхар ажил эрхлэлтийн улмаас төрийн ажил цалгардуулдаг байсан гэж үзэж байна. Багшийн өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, багшийн ажлын түүх, сургуулийн 2024-2025 оны дотоод журам, Ц.Хгийн бакалаврын дипломын хуулбар, дүрслэх урлаг, дизайн технологийн багшийн ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/101 дугаар Ц.Хг ажилд томилох тухай тушаал, ДТЗАН-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн багш нарын цагийн тооцоо, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/..., 2023-2024 оны багш нарын ажлын оролцооны хүснэгт, ээлжит хичээлийн хөтөлбөр, хурлын тэмдэглэлийн дэвтэр шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Ш-г асууж, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, орон тоог батлах тухай 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын тушаал, цалингийн мэдээл гаргуулж, хариуцагчийн хүсэлтээр гэрч С.Б, Б.Б, Б.П, С.Э нарыг асуусан байна.
Хэргийн 55-58, 61-86 дугаар хуудаст авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул үнэлэгдээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Ц.Х нь Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрийн хүсэл зоригоор ажлаас гарах өргөдөл өгөөгүй, удаа дараагийн ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөж, ажлаас гарах хүсэлтээ өгөхийг тулган шаардаж, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, сахилгын зөрчилтэй холбоотой шалган тогтоох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Багшийн өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.
6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
Хариуцагч байгууллага нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/101 дугаар тушаалаар технологийн багшаар томилон ажиллуулжээ. /хэргийн 4 тал/
Улмаар ажил олгогч 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/159 дугаар тушаалаар Ц.Хг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1,9, 79, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3, 8 дугаар зүйлийн 8.4.9, 11.4.8-т заасныг тус тус үндэслэжээ./хэргийн 5 тал/
Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Сургуулийн дотоод журмын 6.3.3-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн”, 8.4.9-д “ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах”, 11.4.8-д “ноцтой зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулна” тус тус заасныг үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” зааснаар ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагаа хийгээгүй байна. Энэ талаар хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй” гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ц.Хгийн өргөдөлд “... дүрслэх урлагийн мэргэжлийн багш биш учир хичээл заахад маш их хүндрэлтэй байна. Ийм учраас ажлаас гарч явсан. Л... багшийн 8 дугаар ангийг өгөхгүй байгаа тул ажлаас гарахыг хүсэж байна. Гүйцэтгэлийн үнэлгээнд цөөхөн охид орсон” гэж тусгажээ. /хэргийн 60 тал/
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.
8. Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .... дугаар тушаалд Боловсролын ерөнхий хуулийн 33.3.1, 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1,9, 79, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3, 8 дугаар зүйлийн 8.4.9, 11.4.8-т заасныг тус тус үндэслэл болгожээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ. Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах болон хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3, 8 дугаар зүйлийн 8.4.9, 11.4.8-т заасныг үндэслэл болгосон нь ажилтан, ажил олгогчийн аль алины санаачилгаар Ц.Хг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан нотлох баримт бүрдүүлж, тушаалын үндэслэл тус бүрээр бичгийн тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад татгалзлын үндэслэлээ өөрчилж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй гэсэн тул нэхэмжлэгч Ц.Хг зөрчил гаргаагүй гэж үзэж, шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болжээ.
Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангах ёстой бөгөөд баримталсан хуулийн үндэслэл нь гаргасан зөрчилтэй нийцсэн байх шаардлагатай. Иймээс тушаал эрх зүйн актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно.” зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилга гаргасан тохиолдолд түүний хүсэл зориг чөлөөтэй, албадлаггүй, болзолгүй байх ёстой.
Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг албадсан байдал тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч болзол тавьж, хүсэл зоригоо илэрхийлсэн байхад түүнийг тодруулаагүй алдаатай болжээ. Хэрэв намайг өөр ажилд томилохгүй бол би ажлаас гарахаас өөр аргагүй гэж нөхцөл тавьж байгаа хүсэл зоригийг сайн дураар, шууд ажлаас гарах гэсэн тодорхой хүсэлт гэж үзэхгүй. Энэхүү хүсэлтийг бусдаар нөхцөлдүүлсэн, шахалтын шинжтэй хүсэлт гэж үзнэ.
Мөн хариуцагчийн “... дүрслэх урлагийн мэргэжлийн багш биш учир хичээл заахад маш их хүндрэлтэй байна. Ийм учраас ажлаас гарч явсан. Лхагвасүрэн багшийн 8 дугаар ангийг өгөхгүй байгаа тул ажлаас гарахыг хүсэж байна. Гүйцэтгэлийн үнэлгээнд цөөхөн охид орсон” гэсэн болзол тавьсан, шахалт үзүүлсэн хүсэл зоригийн илэрхийллийг гэрч нарын мэдүүлгээр тодорхойлох, тайлбарлах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөхийг шууд хүсээгүй байхад ажлаас чөлөөлсөн тул Ц.Хг Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулийн дизайн технологийн багшийн ажил эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.Хг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Ц.Хгийн цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 2,008,237 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 95.630 төгрөг болох нь хэрэгт авагдсан Ц.Хгийн цалингийн картаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Ц.Хгийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2024 оны 8, 9, 10 дугаар саруудын цалингаас тооцсон болно.
Иймд Ц.Хгийн ажилгүй байсан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 13,292,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуульд нэхэмжлэгч Ц.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасахгүйгээр тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 294,613 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хг Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулийн дизайн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулиас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,292,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуульд даалгасугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 294,613 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ