Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00038     

 

“Эрчимбаян-Өлгий” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00341 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов.  з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулиас 2018, 2019, 2020 оны халаалтын дутуу төлбөр 100.971.732 төгрөг гаргуулах тухай. 

Нэхэмжлэлд: “Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нь 2018 оноос хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 100,971,732 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Өөрөөр хэлбэл гэрээний талууд 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль болон манай компанийн хоорондын тооцоогоор 100.971.732 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл/мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нь 100.971.732 төгрөгийн төлбөрийг одоо болтол төлж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 100.971.732 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: ““Эрчимбаян-өлгий” ХК-ний нэхэмжилсэн 100.971.732 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй нь үнэн бөгөөд энэ нь 2018 оноос хойш хичээлийн шинэ байр ашиглалтад орж халаалтын талбай нэмэгдсэн, дулааны тарифыг шинэчлэн тогтоосон, дулаан авах хугацаа 8 сараар батлагдсан ч, төсвийг орон нутгаас 7 сараар баталсан зэрэг шалтгааны улмаас үүссэн. Энэ талаар аймгийн ЗДТГ, түүний дэргэдэх санхүү төрийн сангийн хэлтэст жил бүр хэлж мэдэгдэж, тодотгол хийж өгч шийдвэрлэх талаар санал уламжилсаар байгаа боловч өдий хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна. "Эрчимбаян-Өлгий” ХК-д энэхүү өрийн асуудлыг цэгцлэх, хамтран орон нутгийн засаг захиргаанд хандаж шийдвэрлэх талаар удаа дараа хэлж байсан. Нэн ялангуяа сонгуулиас өмнө, засаг захиргаа солигдохоос өмнө асуудлыг хамтран тавьж шийдвэрлүүлэн ажиллах талаар санал гаргаж байсан. Мөн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах талаар ч санал гаргаж байсан ба өнгөрсөн хугацаанд орон нутгийн засаг захиргаа болон “Эрчимбаян-Өлгий” ХК өр төлбөр барагдуулах, өр төлбөргүй байх тал дээр аль аль нь санаачилгагүй, хариуцлагагүй ажиллаж ирсэн. Сургуулийн хувьд орон нутгаас өгсөн санхүүжилтийг зарцуулан ажилладаг ба өрийн асуудлыг дээрээс шийдвэрлэж өгөхгүй байсан тул дулааны улиралд халаалтыг таслах буюу дулаанаар хангахгүй байх ч санал гаргаж, жилийн эцэст дансанд үлдсэн бага ч гэсэн мөнгийг өрөнд шилжүүлж, өргүй байх талаар санаа тавьж ажилласан” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00341 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн санхүүгээс 2018, 2019, 2020 оны халаалтын дутуу төлбөр 100.971.732 /зуун сая есөн зуун далан нэгэн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭрчимБаян-Өлгий” ХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “... “Эрчимбаян-Өлгий” ХК-ийн нэхэмжилсэн 100,971,732 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй нь үнэн бөгөөд энэ нь 2018 оноос хойш хичээлийн шинэ байр ашиглалтад орж халаалтын талбай нэмэгдсэн, дулааны тарифыг шинэчлэн тогтоосон, дулаан авах хугацаа 8 сараар батлагдсан ч, төсвийг орон нутгаас 7 сараар баталсан зэрэг шалтгааны улмаас үүссэн. Энэ талаар аймгийн ЗДТГ, түүний дэргэдэх санхүү төрийн сангийн хэлтэст жил бүр хэлж мэдэгдэж, тодотгол хийж өгч шийдвэрлэх талаар санал уламжилсаар байгаа боловч өдий хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна. “Эрчимбаян” ХК-д энэхүү өрийн асуудлыг цэгцлэх, хамтран орон нутгийн засаг захиргаанд хандаж шийдвэрлэх талаар удаа дараа хэлж байсан. Нэн ялангуяа сонгуулиас өмнө, засаг захиргаа солигдохоос өмнө асуудлыг хамтран тавьж шийдвэрлүүлэн ажиллах талаар санал гаргаж байсан. Мөн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах талаар ч санал гаргаж байсан ба өнгөрсөн хугацаанд орон нутгийн засаг захиргаа болон “Эрчимбаян” ХК өр төлбөр барагдуулах, өр төлбөргүй байх тал дээр аль аль нь санаачилгагүй, хариуцлагагүй ажиллаж ирсэн. Сургуулийн хувьд орон нутгаас өгсөн санхүүжилтийг зарцуулан ажилладаг ба өрийн асуудлыг дээрээс шийдвэрлэж өгөхгүй байсан тул дулааны улиралд халаалтыг таслах буюу дулаанаар хангахгүй байх ч санал гаргаж, жилийн эцэст дансанд үлдсэн бага ч гэсэн мөнгийг өрөнд шилжүүлж, өргүй байх талаар санаа тавьж ажилласан. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 130/ШШ2021/00341 шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Эрчимбаян Өлгий” ХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуульд холбогдуулж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнэ 100.971.732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, харин хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан “Эрчимбаян Өлгий” ХК болон Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 14 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээр  халаалтын эхлэх хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож, халаалтын үргэлжлэх хугацааг 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 28.271.8 м.куб талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 43.880.661/ төгрөг  8 сард 351.045.294 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна. Гэрээний талуудын тооцоо нийлсэн актаар Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нэхэмжлэгчид 100.971.732 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй байна. 

            Хавтаст хэрэгт авагдсан 2018, 2019, 2020 оны тооцоо нийлсэн акт, талуудын хооронд байгуулагдсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр  хэрэглэгч Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нь 2018, 2019, 2020 халаалтын улиралд дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл  100.971.732 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогджээ.

            Хариуцагч дулааны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ “нэхэмжилсэн 100.971.732 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй нь үнэн бөгөөд энэ нь 2018 оноос хойш хичээлийн шинэ байр ашиглалтад орж халаалтын талбай нэмэгдсэн, дулааны тарифыг шинэчлэн тогтоосон, дулаан авах хугацаа 8 сараар батлагдсан ч, төсвийг орон нутгаас 7 сараар баталсан зэрэг шалтгааны улмаас үүссэн.” гэж тайлбарлах боловч хангагч байгууллагаас гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйл баримт хэрэгт авагдсан шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 100.971.732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хууль зүйн болон бодит үндэслэлгүй давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.О-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                                                          Д.КӨБЕШ