Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 54

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                               

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Ц.Бы өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1830000760044  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Мнгол Улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт  төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Онгон  сумын 2 дугаар баг Шар бүрд гэх газарт оршин суух,  1985 онд Нийслэлийн шүүхийн 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор 168г, 109б-д зааснаар 7 жилийн хорих ялаар,  Нийслэлийн шүүхийн 1985 оны 03 дугаар сарын 06-ны 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б, 63б, 64б-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн /рд:УС57070918/ Баатар овогт Ц.Б.

Хлбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн Шар бүрд гэх газарт гэртээ хохирогч Д.Гонгортой маргалдан улмаар түүний баруун гарын булчин тус газар хутгалж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Ц.Бы  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 03 сарын 01-ний өдөр 15 цагийн үед  хамаатан Гонгор шил архитай орж ирээд бид хоёр уусан. Тэгээд  мах чанаж идээд би цагаан сарынхаа архинаас гаргаж өгсөн.  Бид хоёр ах дүүгийн хүүхдүүд учраас хэн нь ах  вэ гэдэг талаар маргасан. Би мах идэж байгаад хутгатай гараараа Гонгорыг цаашаа бай гээд түлхэхдээ хутгаараа   хатгасан. Тэгээд цус гараад байхаар нь сандраад боож тогтоох гэсэн боловч тогтохгүй болохоор нь 102 руу залгаж цагдаад хүн хутгалчихлаа гэж дуудлага өгсөн гэв.

-Хохирогч Д.Гонгор  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Шар бүрд багийн төв дээр авга дүү Баярсайхан гэх айлд 15 цагийн орчим очиж түүнтэй 0.5 литрийн ерөөл нэртэй архи  2 шилийг уусан. Баярсайхан бид 2 ах дүүсийн хүүхдүүд учраас архи ууж байхдаа нэг нь нэгнийхээ ах нь болох гэж маргалдаад байж байтал Баярсайхан нь чанасан мах идэх гээд бариад сууж байсан шар иштэй жижиг хутгаар миний баруун гарын булчин руу хатгасан.  Өөр зодоон цохион болоогүй. Тэгээд миний гараас цус гоожоод байхаар нь Баярсайхан өөрийн аймгийн цагдаагийн газрын жижүүр рүү би хүн хутгалаад алчихлаа гээд яриад байсан. Архиа ууж дуусаад бид 2 унтаж байтал сумаас цагдаа ирсэн. Тухайн үед тэдний гэрт Баярсайхан бид хоёроос өөр хүн байгаагүй. Баярсайхан надаас 1 жилийн дүү учраас би ах болж үг хэлэхэд Баярсайхан над руу уурлаад би ах нь гэх мэтээр  маргаж эхэлсэн. Түүнээс өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаар дүгнэлтийн  “1. Д.Гонгорын биед баруун гарын бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх  бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 3-6-р хуудас/

-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/ 

-Ц.Бы хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45-р хуудас/

 -Ц.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Ц.Б  нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим  Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн Шар бүрд гэх газарт гэртээ хохирогч Д.Гонгортой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан улмаар түүний баруун гарын булчин тус газар хутгалж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Бы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Гонгорын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 134 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг  нотлогдож тогтоогдсон тул Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Бы үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ц.Бд  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Ц.Б  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  хохирогч Д.Гонгор гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19,7 см урттай, шар өнгийн бариултай хутгыг устгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Баатар овогт Ц.Быг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  600.000    /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Бд мэдэгдсүгэй. 

5. Ялтан  Ц.Б  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  хохирогч  Д.Гонгор гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19,7 см урттай, шар өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устагсугай .

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА