2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04427

 

 

2025 05 22    192/ШШ2025/04427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн *******,*******,*******, Л******* ХХК-ийн байранд байрлах, Л******* ХХК *******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *******,******* оршин суух, Б******* Э -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34.972.898 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Л******* ХК нь зээлдэгч Б.Эийн Л аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу эхний 20,000,000 төгрөгийн зээлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгосон. Үүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 970,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 350,000 төгрөг тус тус авч, нийт 31,320,000 төгрөг зээлсэн. Сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 148 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохиролцсон. Уг зээлсэн мөнгийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 4270033806 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч Б.Э нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа нь зээлийн гэрээний 7.2.1 дэх заалт болон зээлийн графикийг ноцтой зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 119 хоногийн зээлийн хүү 4,977,826 төгрөг, нийт 34,972,898 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,800,000 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээл олгосон үеэс тооцож, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүүг зогсоосон. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э хариу тайлбар ирүүлээгүй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээ, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Л*******-аас 970,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 350,000 төгрөг шилжүүлсэн баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг,

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн итгмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17733 дугаар шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас Б.Э улсын хилээр орсон, гарсан эсэх талаарх лавлагаа ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна.

          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Л******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ээд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34.972.898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

2.Нэхэмжлэгч Л******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Л******* ХК нь зээлдэгч Б.Эийн Л аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу эхний 20,000,000 төгрөгийн зээлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгосон. Үүнээс хойш 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 970,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 350,000 төгрөг тус тус авч, нийт 31,320,000 төгрөг зээлсэн. Сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 148 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 119 хоногийн зээлийн хүү 4,977,826 төгрөг, нийт 34,972,898 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хүлээн авсан өдрөөс хойш 14 хоног буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.Б.Э нь Л******* ХК-тай Л аппликейшнээр дамжуулан 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 970,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 350,000 төгрөг, нийт 31,320,000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлж, сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр харилцан тохирсон нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

6.Дээрх зээлийн гэрээний дагуу Л******* ХК нь Б.Эийн Худалдаа хөгжлийн банкны 4270033806 тоот данс руу 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 970,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 350,000 төгрөг, нийт 31,320,000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэлийн баримтаар тогтоогдож байх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

7.Хариуцагч Б.Э зээлийн гэрээнд зааснаар төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч үндсэн зээлээс гадна гэрээнд заасан хугацааны хүү тооцож нэхэмжлэх шаардах эрхтэй юм.

 

9.Иймд нэхэмжлэгч Л******* ХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний дагуу олгогдсон үндсэн зээл 30,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 119 хоногийн зээлийн хүү 4,977,826 төгрөг, нийт 34,972,898 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Э 34,972,898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Б.Ээд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 4 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагт товлон, хариуцагчид утсаар мэдэгдэх гэхэд аваагүйгээс зурвас үлдээсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хэргийн оролцогчийг бүрэн оролцуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт товлон зарлахаар хойшлуулж, Б.Эийн утас руу залгахад утас нь мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдсэний улмаас зурвас үлдээсэн байна.

11.Гэтэл хариуцагч Б.Э 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э улсын хилээр орсон, гарсан эсэхийг холбогдох газраас тодруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Хил хамгаалах ерөнхий газраас лавлагааг гаргуулахаар шийдвэрлэж, улмаар лавлагаа ирсний дараа хэргийг хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.

12.Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний 2-3в/3167 албан бичигт... Монгол улсын иргэн Б******* Э Чингис хаан агаарын замын боомтоор 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын хилээр орох чиглэлд бүртгэгдсэн гэх хариу ирснээр шүүх хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16.30 цагт товлон зарлаж түүний дугаар утас руу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр залгахад мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдсэн байснаас зурвас үлдээсэн, дугаарын утсанд залгахад... дүү нь байна, ахыг гадагшаа явсан эсэхийг мэдэхгүй, ойрд холбогдоогүй, ярьвал хэлье гэх хариуг өгсөн байна.

13.Шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Эийн дугаар утас руу 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шүүгчийн туслах утас руу нь залгахад мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдсэн байснаас зурвас үлдээж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас лавлагааг гаргуулахад 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын хилээр орох чиглэлд бүртгэгдсэн гэх хариу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирснийг дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг шүүхээс дуудаж байгааг мэдсэн хирнээ шүүхэд ирэхгүй, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байна гэж түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

14.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг гардан авахдаа Хан-Уул дүүргийн *******,******* оршин суудаг гэж хаягаа тодорхойлсон ба тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн буцаалтын хамт ирсэн, хэрэв хаягаа өөрчилсөн бол энэ талаар шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тиймээс шүүхээс хариуцагчийн нэхэмжлэлд дурдсан , дугаарын утсанд шүүх хуралдааныг товыг мэдэгдэж байсан болно.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т ...Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ... гэж заасан ба хариуцагч Б.Э шүүхээс нэхэмжлэлийн хувь гардаж авсан, хариуцагчаар татагдснаа мэдсэн атлаа шүүхэд ирээгүй, хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, хэдийгээр гадагшаа зорчих эрхтэй боловч Монголд байх хугацаанд тайлбараа хүргүүлэх, шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй бол төлөөлөгч томилох, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй ба мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна... гэж заасан дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байх тул хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

16.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э 34,972,898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л******* ХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,840 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 332,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН