| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0044/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 56
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сд холбогдох эрүүгийн 1830000740050 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин, жолооч, экскаваторын оператор, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголын 11 дүгээр гудамжны 48 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /ШЖ83081918 / Боржигон овогт Л.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.С нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газар өөрийн эзэмшлийн 15-09 УНЗ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай найз Амарзаяа надаас Шилийн богд уул руу яваад өг гэж гуйсан. Би ажил эхлэх гэж байгаа явж чадахгүй гэхэд яваад өг гээд гуйгаад байсан. Тэгээд явахаар болсон. Амарзаяаг ард суу гэхэд урд сууна гээд суусан. Бид 60 тоннын данхраад авч явсан. Амарзаяа тэр данхраадыг урдаа авч явна гээд хөлдөө тавьсан. Осол болоход тэр данхрааданд цохигдож Амарзаяагийн духны яс цуурсан байсан. Би Амарзаяатай уулзаж уучлалт гуйсан, эмчилгээний зардал авахгүй, би чамайг гуйж явсан юм чинь өөрөө эмчлүүлнэ гэж хэлсэн. Мөн Амарзаяа би шүүх хуралдаанд оролцоод, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлье гээд над руу утсаар ярьсан гэв.
Хохирогч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед найз Л.Сын эзэмшлийн Пажеро маркийн 15-09 УНЗ улсын дугаартай машинтай Гансэлэм, Эрдэнэсоёмбо, Отгонбаяр, Л.Түвшин, Л.С нарын хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байх “Шилийн богд” уул руу гарахаар явсан. Тэгээд Сүхбаатар аймаг явдаг замаасаа төөрөөд Түмэнцогт сум руу чигээрээ явж очоод тэндээсээ шороон замаар Сүхбаатар аймгийн төв рүү явж байгаад Сүхбаатар аймгийн төвөөс хойш 23 километрт машин маань гэнэт шарваад дугуй нь дээшээ харж онхолдсон. Тухайн үед би зүүрмэглээд явж байсан болохоор гэнэтхэн л миний нүүр дээр эд зүйлс унасан. Л.С уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан. 30-40 км/цагийн хурдтай явж байсан. 3ам цас, мөстэй байсан. Харин цаг агаар хэвийн байсан. Жолооч Л.С болон бид нар бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 3өвхөн миний духны яс цөмөрсөн. Харин Гансэлэм, Отгонбаяр, Эрдэнэсоёмбо, Түвшин, Сосорбарам нарт ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Уг осол нь замын халтиргаа гулгаатай, мөстэй байдлаас болж гарсан. Мөн жолоочийн ур чадвараас болсон байх гэж бодож байна. Хамгаалах бүс бүгдээрээ хэрэглээгүй явсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Х.Эрдэнэсоёмбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед найз нар болох Гансэлэм, Түвшин, Отгонбаяр, Сосорбарам, Амарзаяа нарын хамт Сосорбарамын эзэмшлийн Пажеро маркийн 15-09 УНЗ улсын дугаартай машинтай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байх “Шилийн богд” уул орохоор яваад замдаа төөрч Түмэнцогт сум руу орсон. Тэндээсээ хүнээр зам заалгаж Түмэнцогт сумаас шууд Баруун-Урт руу явж байгаад Баруун-Уртаас хойш 23 километрт машинтайгаа онхолдсон. Тэгээд машинаа бүгдээрээ нийлж өргөж босгоод Сүхбаатар аймгийн төв орж эмнэлэгт бүгдээрээ үзүүлсэн. Тэгээд Сосорбарам цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Машиныг Сосорбарам жолоодож явсан. Тухайн үед би машинд унтаж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн зам мөстсөн байсан бөгөөд дээр нь бага зэргийн цас хаялсан байсан. Бүгдээрээ архи уугаагүй эрүүл байсан. Амарзаяагийн духны яс цөмөрсөн гэж байсан. Харин бусад хүмүүс зүгээр бэртэж гэмтсэн хүн байхгүй. 3амын халтиргаа гулгаанаас болж осол гарсан гэж үзэж байна. Надад гомдол санал байхгүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Б.Гансэлэмийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед найз нар болох Сосорбарам, Түвшин, Отгонбаяр, Амарзаяа, Эрдэнэсоёмбо нарын хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уул орохоор явж байгаад төөрч Түмэнцогт сум орж тэндээсээ Сүхбаатар аймгийн төв явж байгаад аймгаас хойш 23 километрт онхолдсон. Тухайн үед Пажеро маркийн 15-09 УНЗ дугаартай машиныг Сосорбарам жолоодож яваад онхолдсон. Тэгээд бид нар машинаа босгоод аймгийн төв очиж бүгдээрээ эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Жолооч болон бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амарзаяагийн0 дух хэсэг нь язарсан байсан. Харин бусад хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Л.Түвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байх “Шилийн богд” уул орохоор найз нар болох Сосорбарам, Отгонбаяр, Амарзаяа, Эрдэнэсоёмбо, Гансэлэм нарын хамт Улаанбаатар хотоос явж байгаад төөрч Түмэнцогт сум орж тэндээсээ Сүхбаатар аймгийн төв явж байгаад аймгаас хойш 23 километрт замын цас мөстэй газарт машин маань шарваад онхолдсон. Тухайн үед Пажеро маркийн 15-09 УНЗ дугаартай машиныг Сосорбарам жолоодож явсан. Тэгээд бид нар машинаа босгоод аймгийн төв очиж бүгдээрээ эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Жолооч болон бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амарзаяагийн толгойны дух хэсэг нь язарч оёдол тавиулсан. Харин бусад хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл авсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байх “Шилийн богд” уул орохоор найз нар болох Сосорбарам, Л.Түвшин, Амарзаяа, Эрдэнэсоёмбо, Гансэлэм нарын хамт Улаанбаатар хотоос явж байгаад төөрч Түмэнцогт сум орж тэндээсээ Сүхбаатар аймгийн төв явж байгаад аймгаас хойш 23 километрт шөнө 02 цагийн орчим машин маань замын цас мөсөн дээр халтирч жолооч тал болох буруу талаараа унаж 4 дугуй нь дээшээ хараад онхолдсон. Тухайн үед Пажеро маркийн 15-09 УНЗ дугаартай машиныг Сосорбарам жолоодож явсан. Тэгээд бид нар машинаа босгоод аймгийн төв очиж бүгдээрээ эмнэлэгт үзүүлж цагдаагийн байгууллагад Сосорбарам утсаар мэдэгдсэн. Тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Жолооч болон бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амарзаяагийн толгойны дух хэсэг нь язарч гэмтсэн. Харин бусад хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл авсан хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаар дүгнэлтэд: Б.Амарзаяагийн биед дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын нүдний ухархайн дотор хана болон хамар ясны 2 хажуу хана, хянга ясыг хамарсан зөрөө ихтэй, 2 талын хоншоорын хөндийн урд дээд хананаас 2 талын ухархайн доод хана руу үргэлжилсэн зөрөөгүй нийлмэл хугарлууд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна /хх-ийн 33/
Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №15 тоот дүгнэлтэнд: 15-09 УНЗ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Лхагвасүрэн овогтой Сосорбарам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Л.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Л.С нь халтиргаа, гулгаа үүссэн шороон замд хурдыг зөв тохируулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс зам тээврийн гэмт хэрэг, осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 44/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-08-р хуудас/
Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/
Л.Сын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/
Л.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Л.С нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Таван толгой гэх газар өөрийн эзэмшлийн УНЗ 15-09 улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаараын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Сын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.Амарзаяа, гэрч Х.Эрдэнэсоёмбо, Б.Гансэлэм, Л.Түвшин, Ж.Отгонбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 118 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 23 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Л.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Сд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Сын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.С цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Л.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 349277 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Сд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Амарзаяа гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА