2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01859

 

2025              03             12                                                 192/ШШ2025/01859                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Х овогт Д.Б /РД:*/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт байрлах, Т ХХК /РД:*/-д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын шийдвэрийг хүчингүй болгуулж, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус  хурлыг товлон зарлуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Б нь "Т" ХХК-ийн үүсгэн байгуулагч, 3 хувьцаа эзэмшигчийн нэг бөгөөд компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 34 хувийн хувьцааг эзэмшдэг ба өнөөдрийн байдлаар "Т" ХХК нь Д.Б, Д.Б, Н.Д нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. "Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б нь орчин үеийн шийдэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүрэл цутгуурын урлан, үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр болон төсөлд шаардлагатай үйлдвэрийн барилга барих зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ХЭХШ-24/01 дугаартай шийдвэрийг гаргуулж улмаар компанийн бусад хувьцаа эзэмшигч нартай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг байгуулсан. Компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн газар дээр үйлдвэрлэлийн барилга барихаар төлөвлөж, дээрх гэрээний дагуу бусад хувьцаа эзэмшигч нарт харилцан тохиролцсон урьдчилгаа төлбөр болох тус бүр 250 сая төгрөгийг шилжүүлж барилгын ажил хийгдэх баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж ажилласан. Гэтэл төслийн компанийн газар дээр барилга барих боломжгүй талаарх эрх бүхий байгууллагуудаас Тухайлбал "У сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ, "УБЦТС" ТӨХК- иас тус тус албан тоотууд ирсэн. Дээрх эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан тоот, шийдвэр, дүгнэлттэй холбоотойгоор төслийн компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б миний бие төсөл цаашид хэрэгжих боломжгүй, гэрээний удиртгал хэсэгт заасан зорилтууд биелэгдэх бодит боломжгүй болсон гэж үзэж компанийн бусад хувьцаа эзэмшигч нарын хувьцааг дээрх гэрээний нөхцөлөөр худалдан авах боломжгүй талаарх мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр компанид хүргүүлж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлүүлэх зорилгоор Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д заасны дагуу хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал, шаардлагыг гаргасан боловч компанийн гүйцэтгэх захирлын зүгээс татгалзсан хариуг надад ирүүлсэн. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна." гэж заасан байх ба компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, гарц, гаргалгаа, шийдлийг олох, урьд нь гарсан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох, хувьцааг худалдах, эгүүлэн худалдан авах асуудал нь компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаардаг болно. Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 "Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно." гэж заасныг үндэслэн Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарлаж хуралдуулахыг компанийн гүйцэтгэх захиралд даалгах гомдлын шаардлагыг тус тус гаргаж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувьцаа эзэмшигч Т компани бол үндсэндээ 3 үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн дунд хувьцаа эзэмшигчдийн үүсгэн байгуулагчдын гэрээ байгуулагдсан. Гэрээтэй холбоотойгоор компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч Б компанитай холбогдуулж санал, шаардлагыг гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасны дагуу санал гаргасан. Саналыг гүйцэтгэх захирал хүлээж аваагүй үүнтэй холбоотойгоор мэдэгдлийг компанид ирүүлсэн. Тэгэхээр бид компанийн хувьцаа эзэмшигчийн зүгээс энэ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулъя гэдэг байр суурьтай байгаа. Т ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж 2017 онд гүйцэтгэх захирал өөрчлөгдөөд явж байгаа. 2016 оноос хойш орчин үеийн шийдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдсон төрөл засварын урлан үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн. Төсөл шалгахдаа үйлдвэрийн барилга барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Т компани буюу цаашид энэ компанийг төслийн компани гэж ярьж байгаа, тэгээд энэ компани үүсгэн байгуулагдсан гол зорилго шалтгаан бол энэ үйлдвэрийн барилга барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг гарган хэрэгжүүлэх нь Б-д ноогдсон. Энэ ажлыг хэрэгжүүлээд холбогдох бичиг, баримт, материалыг авахтай холбогдох зөвшөөрөл энэ бүрдүүлбэрийг гаргаж ирсэн боловч энэ төсөл цаашид хэрэгжих ямар ч боломж бололцоогүй болсон байгаа. Б 100 хувь бас өөрөө бие дааж шийдвэр гаргаж татгалзаад байгаа зүйл ерөөсөө байхгүй үүнд хөндлөнгийн бусад хүчин зүйл нөлөөлж үүссэн. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2024 онд 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээн дотор хувьцааг худалдаж авах асуудал бол тусгагдсан хувьцааг Б, Д нарын хувьцааг Б худалдаж авахаар тохирсон зүйл байдаг гэхдээ хувьцааг худалдаж авах гэрээнд холбогдох Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу огт хийгдээгүй. Тэгэхээр энэ хувьцаа эзэмшигчдийн хоорондох гэрээн дээр тодорхой зарим нэг асуудлуудыг өөрчлөх ялангуяа хувьцаатай холбоотой асуудлыг өөрчлөх шаардлага гарсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ямар шийдвэр гарахыг урьдчилан таах ямар ч боломжгүй. Энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж байгаа. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.8 дахь хэсэгт Б бол өөрөө хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцаа бусад үнэт цаасыг бусад этгээдүүдээс тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлэх юм уу? хэрэгжүүлэхгүй юм уу? гол нь энэ асуудлуудыг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудалд хамаарч байгаа тул бид компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн зүгээс энэ санал, шаардлагыг гаргаад байна. Иймээс шийдвэрийг хүчингүй болгоод энэ хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах боломжийг шүүхээс хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний асуудлаар дахин ярилцъя гэсэн шаардлага гаргасан. Бид энэ саналаас татгалзсан шийдвэр гаргасан гэхээр 2024 оны 10 сарын 09-нд шүүхэд нотлох баримтаар өгсөн. Санал, шаардлага нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулахад тавигдах шаардлагыг хангаагүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3 дахь хэсэгт заасан санал шаардлагыг бичгээр гаргах бөгөөд тухайн өөрчлөлт хийх төсөл, санал нь байхгүй. Мөн энэ асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал мөн үү гэдэг асуудлыг ярих ёстой яагаад гэхээр манай татгалзлын гол үндэслэл нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзсан. Б-н гаргасан санал, шаардлага нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй бол бид нарт татгалзах эрх нь байна. Гэрээ нь 3 иргэний хооронд байгуулагдсан Б, Д, Б гэсэн 3 иргэний хооронд хийсэн гэрээ байгаа тэгэхээр энэ гэрээтэй холбоотой асуудлыг гэрээгээр зохицуулна гээд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тодорхой заачихсан. Энэ асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал гэхээр миний гаргаж өгсөн санхүүгийн баримтын дагуу Б гэж хүн компани биш өөрийнхөө данснаас 500,000,000 төгрөг гаргаад 250,000,000 төгрөгийг Б-д, 250,000,000 төгрөгийг Д-д өгсөн. Одоо энэ мөнгөө өгөхөө больё гэж байгаа тэгэхээр энэ гэрээг цуцлах асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэхгүй, гэрээний оролцогчдын шийдэх асуудал. Хурал хуралдаад Б, Д 2 хүчингүй болгоё гээд шийдчихлээ, тэгвэл энэ хоёрын шийдвэрээр Б-ын дансанд орсон 250,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй гэсэн үг. Б, Д-ний данстай холбоотой асуудлыг энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэж болохгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг заагаад өгчихсөн. Компанийн хуулиар хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал шийднэ гэсэн зохицуулалт байхгүй, Т компанийн дүрэмд бас ийм зохицуулалт байхгүй. Харин талууд нэгэнт 2021 оны 05 сарын 18-нд 24/01 тогтоол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргахдаа энэ гэрээг байгуулахаар шийдвэрлэчихсэн, гэрээнд зааснаар асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ гээд заачихсан энэ асуудлын цаад санаа нь ерөөсөө хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаад тэндээс тогтоол гаргуулаад, тухайн асуудлын талаар дахиж маргаад хувьцааныхаа үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байх гэсэн худалдан авагчийн санаа л байна гэж харж байгаа. Гэрээнээс татгалзсан учраас урьдчилгаа төлбөрөө авъя гээд шүүхэд энэ асуудлаараа нэхэмжлэлээ гаргах ёстой болохоос биш хувьцаа эзэмшигчдийн хуралд хандах ямар ч боломжгүй, компанитай бол ямар ч хамааралгүй асуудал буюу 3 иргэний эзэмшиж байгаа хувьцааг худалдан авахтай холбоотой маргаан байгаа болохоос биш компанийн дотоод асуудал буюу хувьцаа эзэмшигчдийн хурлыг бүрэн эрхтэй холбоотой асуудал биш. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024.05.18-ны өдрийн Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын ХЭХШ-24/01 тоот шийдвэр, ХЭХГ-24/01 дугаар Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024.09.02-ны өдрийн 3/2504 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, 2024.10.01-ны өдрийн хувьцаа эзэмшигч Д.Б-өөс хувьцаа эзэмшигч Д.Б,  Н.Д нарт хүргүүлсэн мэдэгдэл, Д.Б-өөс 2024.10.09-ний өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-д санал шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024.10.16-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, мөн өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн өдрийн хувьцаа эзэмшигч Н.Д-д хаягласан хариу хүргүүлэх тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, 2024.10.08-ны хувьцаа эзэмшигч Д.Б, Н.Д нараас Д.Б-д хүргүүлсэн мэдэгдэл, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.10.22-ны өдрийн ГЗГ-24/01 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах саналыг татгалзах тухай шийдвэр, 2024.10.23-ны өдрийн хувьцаа эзэмшигч Д.Б, Н.Д нараас Д.Б-д хариу тайлбар, мэдэгдэл дахин хүргүүлэх тухай албан бичиг, 2024.10.23-ны өдрийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б-оос Д.Б-д хариу хүргүүлэх нь гэх албан бичиг, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл, Д.Б, Н.Д нарын дансны хуулга эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний удиртгал хэсэгт заасан зорилтууд биелэгдэх боломжгүй болсонтой холбоотой гэрээний тохиролцоог эргэж харж, хэрхэн шийдвэрлэх талаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх шаардлагатай. Хурлаас ямар шийдвэр гарахыг урьдчилан мэдэх боломжгүй тул санал, шаардлага хүргүүлэхдээ шийдвэрийн төслийг хавсаргаагүй...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч хувьцаа эзэмшигч Д.Б-н 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан санал шаардлага нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэнд хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөр маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Т ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй, Д.Б 34 хувь, Н.Д 33 хувь, Д.Б 33 хувийг тус тус эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирлаар Д.Б 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

5.2. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрээр, тус бүр 33 хувийн хувьцаа эзэмшигч Н.Д, Д.Б нар өөрсдийн эзэмшлийн хувьцааг 34 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б-д худалдахаар тогтож, улмаар талуудын хооронд мөн өдөр ХЭХГ-24/01 дугаар хувьцаа эзэмшигч нарын хоорондын гэрээ байгуулагджээ.

 

5.3. Уг гэрээгээр Д.Б нь Н.Д, Д.Б нарын эзэмшиж буй 66 хувийн хувьцааг 1 700 000 000 төгрөгөөр худалдан авах, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 500 000 000 төгрөгийг худалдагч тал шилжүүлэх, үлдэгдэл төлбөр 1 200 000 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тус тус тохирсон байна.

 

5.4. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогддог.

 

5.5. Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн ХЭХГ-24/01 дугаар хувьцаа эзэмшигч нарын хоорондын гэрээнээс татгалзаж байгаа тухай  худалдагч тал болох Н.Д, Д.Б нарт мэдэгдсэн болох нь хэргийн 27-28 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

5.6. Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-д компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал шаардлагыг гаргасан байна. /хх-25/

 

5.7. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.”, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “...саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан”, 61.2-т “Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй”, 61.3-т “энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог заана.” гэж зохицуулсан.

 

5.8. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан санал, шаардлагадаа “...компанийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл цаашид хэрэгжих боломжгүй болсон, хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдсэн гэрээний удиртгал хэсэгт заасан зорилтууд биелэгдэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал бий болоод байна. Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ХЭХШ-20/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай...” гэжээ.

 

            5.9. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан үндэслэл нь “2024 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн ХЭХГ-24/01 дугаар хувьцаа эзэмшигч нарын хоорондын гэрээнээс татгалзах” агуулгаар тодорхойлсноос үзэхэд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

            5.10. Дээрх дүгнэсэнчлэн, хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэвэл зохих асуудал гэж үзэх үндэслэлгүй болно.

           

            5.11. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Б-н 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан санал шаардлага нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл байхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

            5.12. Хариуцагч Т ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЗТ-24/01 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах саналыг татгалзах тухай гүйцэтгэх захирлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            5.13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            5.14. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн ГЗТ-24/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг гүйцэтгэх захиралд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ