Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 81

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Ц.А,

Шүүгдэгч: А.М /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мхолбогдох эрүүгийн 1828000430050 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Мнь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах PC тоглоомын газарт хохирогч Ц.Ан бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах PC тоглоомын газарт хохирогч Ц.Анн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.М холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч А.М холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах PC тоглоомын газарт хохирогч Ц.Ай “комьютер гацаж тоглож чадахгүй байгаагаар” шалтаглан зүй бусаар харьцаж хохирогчийн биед санаатай халдаж, хамран тус газарт цохьсоны улмаас хамар ясны хугарал, зүүн доод зовхи, баруун, зүүн хацрын цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.М гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... “2018 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Намуун дэлгүүрийн хажуу талын компьютер тоглоомын газар очиж тоглож байхад 20 цаг 30 минутын үед гаднаас танихгүй залуу орж ирээд зүүн гар талын 1 номерын компьютер дээр суусан. Суух үедээ гартаа юм барьчихсан пиво сэгнүүлээд сууж байсан. Тэгээд надаас босох болж байна уу? гэж асуухаар нь босох болоогүй байна гэж хариулсан чинь бос яв гээд захирангуй өнгө аястай хэлэхээр нь би хариу хэлээгүй. Тэгээд 21 цагийн үед дахиад нэг залуу орж ирээд 1 номерын компьютер дээр сууж байгаа залуу руу очоод сул компьютер алга 6 номерын компьютер дээр очоод сууж байя гэж хэлээд цаашаа явсан. Би ч баруун гар талд тоглож байсан хүүхдийн сандалны ард очоод тоглож байгаа байдлыг нь хараад зогсож байхад 1 номерын компьютер дээр сууж байсан залуу чи ерөөсөө бос бос гээд миний сууж байсан компьютерын урд байсан түрүүвчийг над руу шидээд компьютер унтраахаар доошоо тонгойхоор нь би хөөе хөөе боль яах гээд байна писда минь гэж хэлсэн чинь чи намайг пизда гэдэг чи хэн юм бэ? гээд шууд бос ч ирээд цохиход нь миний хамарнаас цус гоожиж байхад сүүлд орж ирсэн залуу боль боль яах гээд байгаан согтуу байж гээд салгаад явах гэхээр нь би байж бай цагдаа дуудъя гэж хэлсэн. Намайг цохьсон залуу чи цагдаагаа дуудчих бид хоёр гадаа хүлээгээд байж байя гэж хэлсэн. Тэгээд би цусаа тогтоогоод 2 минут орчмын дараа гарахад гадаа цагдаа нар ирж байсан. Би Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж зураг авахуулсан. Эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ хийлгээгүй болохоор зарлага гараагүй байгаа. Би Өмнөговь аймаг дээр эмнэлэг дээр үзүүлэхэд энд янзлахгүй Улаанбаатар хотод янзлана гэж хэлсэн. Улаанбаатар хотод очиж хамраа янзлуулах мөнгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “21 цагийн үед Намуун дэлгүүрийн хажуу талын PC тоглоомын газарт би 4 номерийн компьтер дээр, Анхбаяр 2 номер дээр суугаад тоглож байсан. Тухайн үед Анхбаярын хажууд 1 номерт нэг танихгүй залуу суугаад тоглож байсан ба 6 номер дээр бас нэг танихгүй залуу тоглож байсан. Тэгж байгаад Анхбаяр над руу босч ирээд хамт тоглох уу гэж асуухаар нь тэгье гэсэн чинь Анхбаяр буцаад суудал дээрээ суух гэсэн чинь 1 номерын компьютер дээр сууж байсан нэг залуу Анхбаярыг чи бос пизда гэж хэлсэн чинь Анхбаяр би наана чинь тоглож байна ш дээ гэж хэлсэн чинь нөгөө залуу нь шууд хамар луу нь гараараа цохьсон. Тэгэхээр нь би босоод тэр залууг боль гээд байж байсан чинь Анхбаяр цагдаа дуудлаа гэсэн чинь нөгөө залуу дууд пиздаа гээд тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Нэг нь намайг зодлоо гээд нөгөө залуу нь чи пизда гэлээ гээд хэрэлдэж байсан. Тэгж байхад нөгөө залуу Анхбаярын нүүрэнд дахиад нэг цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Д.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр миний таньдаг хүн болох Мөнхзориг над руу утсаар яриад хамт тоглох уу гэхээр нь одоохондоо завгүй байна 19 цаг 30 минутын үед Зүүнсайханы Намуун дэлгүүрийн хажуу талын PC дээр уулзья гэсэн. Тэгээд би тэр тоглоомын газарт 19 цаг 40 минутын үед PC тоглоомон дээр очиход Мөнхзориг тоглоод сууж байсан. Мөнхзоригийн тоглож байсан компьютер болохгүй байна гээд хажууд талдаа сууж байсан залууг шилжээд суухчих гэж байх шиг байсан. Тэгээд нөгөө залуу нь нэлээд удаж байгаад суудлаасаа босчихсон байсан чинь Мөнхзориг компьютер дээр нь тоглоомноос нь гаргах гэж байсан чинь нөгөө хажууд нь сууж байсан залуу очоод Мөнхзоригт муу бацаан минь чамайг мэдэхгүй юм байна шүү гэж хэлж байсан. Мөнхзориг гараа өргөх шиг болсон чинь нөгөө залуугийн хамраас нь цус гарчихсан байсан. Би тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Баасанжаргал гэх найзтайгаа хамт Зүүнсайханд Намуун дэлгүүрийн хажуу талд байрлах PC тоглоомын газарт 19 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд нэг тоглосон 40-50 минут л болсон. Тэгж байхад Баасанжаргалын компьютер гацаад байхаар нь би хажуудаа сууж байсан танихгүй залуугаас найзаа чи одоо босчихоо нэлээн тоглосон юм чинь босчих эсвэл шилжээд суучих гэж хэлсэн. Тэгээд тэр залуу компьютер дээрээ тоглоом хайлгаж уншуулчихаад ширээнээсээ босоод буйдан дээр сууж байсан. Тэгэхээр нь би компьютерийнх нь хайлтыг зогсоох товч дарчихсан чинь нөгөө залуу уурлаад чи яадаг нохойн гөлөг вэ хаанахын хэн бэ гэж хэлээд миний ард ирээд зогсохоор нь би араас цохих гэж байна гэж бодоод би гараараа арагш нь далласан чинь тэр залуугийн хацар шанаа, хамарт нь гарын ар талаар оноод хамраас нь цус гоожоод байсан. Би PC тоглоом руу орохдоо дэлгүүрээс ганц лааз пиво авч явсан тэрийгээ уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.06-ны өдрийн №138 дугаар дүгнэлт: 1. Ц.А биед хамар ясны хугарал, зүүн доод зовхи, баруун, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч А.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч А.М үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч А.Мшүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлсөн дүгнэлтэндээ: “Би Аминшүүдэр гэдэг охинтой болсон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээр ороод Аминшүүдэрт сард 90.000 төгрөг төлөх тогтоол гарсан боловч 90.000 төгрөг хүрэлцдэггүй тул 150.000 төгрөг сард зарцуулдаг. Торгох шийтгэлийг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Учир нь: Шүүгдэгч А.М нь охин Аминшүүдэрт хүүхдийн тэтгэлэг төлдөг гэх боловч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй болно.

          Шүүх шүүгдэгч А.Мн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Ц. эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.М энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.         

            Эрүүгийн 1828000430050 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

 

 

Шүүгдэгч А.Миргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.М МУИС-ийн №D дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч А.Мн талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 39-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч А.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.