| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00499/И |
| Дугаар | 192/ШШ2025/01912 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01912
2025 03 13 192/ШШ2025/01912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоотод байрлах, Т* ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х* тоотод байрлах, А* ХХК /РД:*/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 40 232 247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т*" ХХК-ийн захирал А* би 2021 оны 9 сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн объектын В1 давхрын 180 м.кв талбайг сарын 1 500 000 төгрөгөөр "А*" ХХК-ийн захирал Н*ын хүсэлтээр түрээсэлсэн. Уг талбайг хариуцагч тал 2024 оны 6 сар хүртэл нийт өөрийн ашиглалтад байлгасан, тоног төхөөрөмжүүдээ байрлуулж уг талбайг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан. 2022 оны 11 сараас түрээсийн мөнгөө огт төлөхөө больсон. Өчнөөн олон удаа сануулга өгсөн боловч одоо яг өгнө гэж гуйгаад л үргэлжлүүлээд ашиглаад явсан. Би 2024 оны 6 сард арга ядаад миний нөхцөл байдал хүнд болсон би өөрөө дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй, банкны зээл сар бүр төлдөг, гэтэл ганц орлого олдог газраа бусдад түрээслүүлэх боломжгүй баахан тоног төхөөрөмж байрлуулсан, ажил үйлчилгээгээ явуулж байна удахгүй түрээс өгнөө гээд 18 сар түрээсээ төлөөгүй тул өөрсдөд нь хэлж талбайгаа чөлөөлж тоног төхөөрөмжийг нь хураасан. Манай "Т*" ХХК нь 2022 оны 11 сараас 2024 оны 6 сар хүртэл нийт 18 сарын түрээсийн төлбөр сар бүр 1 500 000 төгрөгөөр бодож 18 сараар үржүүлэхэд үндсэн түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг дулааны төлбөр:
2022 оны 12 сарын дулааны төлбөр 306 000 төгрөг,
2023 оны 01 сарын дулааны төлбөр 410 000 төгрөг,
2023 оны 02 сарын дулаан төлбөр 520 000 төгрөг,
2023 оны 03 сарын дулаан төлбөр 474 648 төгрөг,
2023 оны 04 сарын дулааны төлбөр 276 000 төгрөг,
2023 оны 05 сарын дулааны төлбөр 262 000 төгрөг,
2023 оны 09 сарын дулааны төлбөр 30 000 төгрөг,
2023 оны 10 сарын дулааны төлбөр 65 786 төгрөг,
2023 оны 11 сарын дулааны төлбөр 61 927 төгрөг,
2023 оны 12 сарын дулааны төлбөр 320 000 төгрөг,
2024 оны 1 сарын дулааны төлбөр 430 530 төгрөг,
2024 оны 3 сарын дулааны төлбөр 54 960 төгрөг,
2024 оны 4 сарын дулааны төлбөр 96 537 төгрөг,
2024 оны 5 сар дулааны төлбөр 54 968 төгрөг,
Нийт 3 363 356 төгрөг,
Цахилгааны төлбөр:
2022 оны 12 сарын цахилгааны төлбөр 555 841 төгрөг
2023 оны 01 сарын цахилгааны төлбөр 460 770 төгрөг
2023 оны 03 сарын цахилгааны төлбөр 450 829 төгрөг
2023 оны 04 сарын цахилгааны төлбөр 526 554 төгрөг
2023 оны 05 сарын цахилгааны төлбөр 582 405 төгрөг
2023 оны 06 сарын цахилгааны төлбөр 597 447 төгрөг
2023 оны 07 сарын цахилгааны төлбөр 834 222 төгрөг
2023 оны 08 сарын цахилгааны төлбөр 744 413 төгрөг
2023 оны 09 сарын цахилгааны төлбөр 698 275 төгрөг
2023 оны 10 сарын цахилгааны төлбөр 616 576 төгрөг
2023 оны 11 сарын цахилгааны төлбөр 629 997 төгрөг
2023 оны 12 сарын цахилгааны төлбөр 459 187 төгрөг
2024 оны 01 сарын цахилгааны төлбөр 474 616 төгрөг
2024 оны 02 сарын цахилгааны төлбөр 465 762 төгрөг
2024 оны 03 сарын цахилгааны төлбөр 533 613төгрөг
2024 оны 04 сарын цахилгааны төлбөр 539 603 төгрөг
2024 оны 05 сарын цахилгааны төлбөр 698 781 төгрөг, нийт 9 868 891 төгрөг.
Иймээс үндсэн 2022 оны 11 сараас 2024 оны 6 сар хүртэл нийт 18 сарын түрээсийн төлбөр сар бүр 1 500 000 төгрөгөөр бодож 18 сараар үржүүлэхэд үндсэн түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг, 2022 оны 12 сараас 2024 оны 5 сар хүртэл дулааны төлбөр 3 363 356 төгрөг, 2022 оны 12 сараас 2024 оны 4 сар хүртэл 9 868 891 төгрөг нийт 40 232 247 төгрөгийг А* ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа: Тус шүүхэд "Т*" ХХК хариуцагч "А*” ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний төлбөр 27 000 000 төгрөг, дулаан цахилгааны төлбөр 13,232,247 төгрөг нийт 40,232,247 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Манай компани тухайн 2022 оны 11,12 сар 2023 оны 01 сараас 2023 оны 03 сар хүртэл нийт 5 сар л түрээсийн талбайг ашиглаж, түрээслэн үйл ажиллагаа явуулсан болно. Манай байгууллага нь 2022 оны 11,12 сар 2023.01-03 сар хүртэл түрээсийн төлбөр болох 5 сарын түрээсийн төлбөр төлөх эсэх асуудал ярих үндэслэлтэй юм. 2023.03 сараас хойш тухайн түрээсийн талбайг түрээслүүлэгч тал нь ашиглуулаагүй буюу түрээсийн талбайн хаалга, цоожны гол сольсон, битүүмжилсэн зэргээр тухайн түрээсийн талбайгаа ашиглуулаагүй тул ИХ-ийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч нь түрээсийн талбайг түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглаж чадаагүй тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Цахилгааны төлбөр 9,868,891 төгрөг, дулааны төлбөр 3,363,356 төгрөг нэхэмжилсэн байна. Дулааны төлбөрийг анхнаасаа түрээслэгч төлнө гэж тохиролцоогүй тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Цахилгааны төлбөрийг түрээслэгч төлнө гэж тохирсон гэхдээ манай байгууллага ашиглаагүй хугацааны буюу 2023.03 сараас хойш гарсан цахилгааны төлбөрийг төлөхгүй. Харин ашигласан хугацаанд гарсан 1,800,000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлнө гэж 2023.04.26-д түрээслүүлэгч талтай утсаар тохиролцсон болно. Нэхэмжлэгч тал нь түрээсийн талбайг 2023.03 сараас хойш битүүмжилж, цоожны гол сольсон бөгөөд өнөөдрийг хүртэл манай байгууллагын тоног төхөөрөмжийг битүүмжилсэн, тухайн тоног төхөөрөмжийг манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй болно. Тухайн тоног төхөөрөмжүүд нь Хавтан, савлах машин 1 ширхэг 17,113,325 төгрөгийн үнэ бүхий, Халаагч багцалж савлах машин 1 ширхэг 4,484,273 үнэ бүхий буюу нийт 21,597,598 төгрөгийн тоног төхөөрөмжийг битүүмжилж, саатуулсан тул эдгээр тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй тул тухайн тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэх болно. Манай компани зүгээс түрээсийн талбайг хэвийн ашиглуулж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул дэмжиж, талбайн битүүмжээ чөлөөлж өгнө үү гэж 2023.06.02-ны өдөр 23/10 албан бичгээр хүсэлт гаргаж байсан мөн түрээслүүлэгч талаас битүүмжлүүлсэн хөрөнгөө авах хүсэлтийг 2023.04.26-д утсаар мэдэгдэж байсан. Энэ бүх нөхцөл байдлыг түрээслүүлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй түрээсийн талбайгаа битүүмжилж, манай тоног төхөөрөмжийг мөн давхар битүүмжилж манай компани үйл ажиллагааг зогсоож манай компанийг дампуурах нөхцөл байдалд хүргэсэн. Энэ бүх хугацаанд манай компани ажилчдын цалин, НДШ гээд сул зогсолтын зардал маш их гарсан, байгууллага олох ёстой байсан орлогоо алдсан зэрэг маш их хохирол хүлээсэн болно. Энэ бүх хохирол зардлаа нэхэмжлэгч талаас нэхэмжлэх болно гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайг 2022 оны 11 сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл эзэмшиж ашиглаж байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сард талбайг битүүмжилж, ашиглах боломжгүй боломжгүй болгосон. Манай компани 2022 оны 11, 12 сарын түрээсийн төлбөр төлсөн 2023 оны 1-6 сарын түрээсийг төлбөрийг төлөөгүй, цахилгааны 1 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй дээр маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 10 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна...” гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А* ХХК-ийн 2023.06.02-ны өдрийн 23/10 тоот албан бичиг, мемориалын баримтууд, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон албан бичиг, Ш.А*ийн эзэмшлийн Төрийн банк дахь дансны хуулга, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд баримтаар өгсөн. Нэхэмжлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, орлогын падаан зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй дурдах нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т* ХХК нь хариуцагч А* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 40 232 247 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Шаардлагын үндэслэлээ “...хариуцагч А* ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг, ашиглалтын зардал буюу 2022 оны 12 сараас 2024 оны 05 сар хүртэл дулааны төлбөрт 3 363 356 төгрөг, 2022 оны 12 сараас 2024 оны 4 сар хүртэл хугацааны цахилгааны төлбөрт 9 868 891 төгрөг, нийт 40 232 247 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч нь “...нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайг 2022 оны 11 сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл эзэмшиж ашиглаж байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сард талбайг битүүмжилж, ашиглах боломжгүй болгосон. Манай компани 2022 оны 11, 12 сарын түрээсийн төлбөр төлсөн. 2023 оны 1-6 сарын түрээсийг төлбөрийг төлөөгүй, ашигласан хугацааны цахилгааны төлбөр 1 800 000 төгрөгийг төлөх талаар өмнө нь тохирсон тул маргахгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлээс 10 800 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргав.
5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн гэж хэлбэрийн шаардлагыг хуульчилсан.
6. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч А* ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох талбайд 2022 оны 11 сард эзэмшил ашиглалтдаа шилжүүлэн авсан, нэг сарын 1 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
7. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох талбайг хариуцагчийн эзэмшил ашиглалтад 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд шилжүүлсэн болох хэргийн 4 дүгээр талд авагдсан хариуцагч А*-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23/10 дугаар албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдов.
9. Хариуцагч А* нь гэрээний зүйл болох талбайг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 2022 оны 11 болон 12 дугаар сарын төлбөрийг төлсөн гэж тайлбарласан боловч баримтаар тогтоогдохгүй байна.
10. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1-6 сар, нийт 8 сарын хөлс 12 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.
11. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, ашиглалтын зардлыг хэрхэн тохиролцсон болох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1 800 000 төгрөгийн хэмжээнд ашиглалтын зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
12. Иймд хариуцагч А* ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 13 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 432 247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А*-иас 13 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 432 247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 521 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ