2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/04467

 

 

 

 

                                                         2025             05            26  

                                       192/ШШ2025/04467

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нийт 25,678,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э.., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Э.. нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Би 2018 оны 7 дугаар сарын 20-нд …суманд 10 жилийн уулзалт болох үеэр Д.Г-тай таарахад тэр өөрийгөө би ... аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байгаа гэж ярьсан. Төгсөлтийн уулзалтаас хойш Д.Г над руу хэд хэдэн удаа залгаж, миний мэндийг мэддэг байсан. Би 2019 оны 01 дүгээр сард … аймагт очих үед Д.Г надтай холбогдон уулзаж, амьдрал хүнд байна, … Цагдаагийн хангамж муу, цалин бага, авсан цалин зээл төлөгдөөд мөнгөгүй, хүнээс муу утас гуйж барьж байна гэх мэт зовлон ярьж, надаас өөрийнхөө нэр дээр утасны лизинг авч өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Учир нь ...анхны ажилд ороход Д.Г-ын ээж Т.Б гуай надад тус хүргэж байсныг санаж хүүд нь туслахаар шийдсэн. Ингээд Дорнод аймгийн Мобикомын салбараас Д.Г-т MaxGold 64 маркийн гар утсыг 3,959,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Д.Г тэр үеэс эхлээд надаас байнга утсаар зовлон ярьж, мөнгө зээлдэг байсан. Д.Г найз нь удахгүй цалингийн зээлээ нэмэгдүүлээд, зарим нэг гэмт хэргийг зохицуулаад зээлсэн мөнгөө өгнө гэдэг байсан. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Д.Г мөнгө зээлээч, машин авах хэрэгтэй байна гэхээр нь н.М гэдэг ченжээс тоёота премо маркийн... УНӨ улсын дугаартай автомашиныг удаан хугацаанд харилцаж ирсэн Худалдаа хөгжлийн банкнаас 16,320,000 төгрөг зээлж авч өгсөн. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Г надаас 600,000 төгрөг зээлж авсан. Д.Г-ыг надаас зээлсэн мөнгө, зээлээр худалдан авхуулсан гар утас, автомашины мөнгийг өгчих байх гэж хүлээсэн. Гэтэл 2020 оны 01 сараас эхлэн миний утсыг авахаа больсон. Ажил дээр нь очихоор гадуур явсан гэх мэтээр надад мөнгө өгөхгүй зугтах болсон. Энэ үеэр корона өвчин гараад хатуу хөл хорионд би Д.Г-т авч өгсөн автомашин, гар утасны лизингийг төлж байсан. Д.Г надаас 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11,260,000 төгрөг дансаар зээлж авсан. Мөн мөнгө зээлээч, машин авах хэрэгтэй байна гэхээр нь Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 16,320,000 төгрөг зээлж, тоёота примо маркийн .. УНӨ улсын дугаартай автомашин авч өгч, уг машинд нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 дугуй 750,000 төгрөгөөр, 4 обуд 1,240,000 төгрөгөөр тус тус авч тавьсан, мөнгийг нь хувь хүний данс руу шилжүүлсэн. Жолоочийн хариуцлагын даатгалд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 384,000 төгрөг төлсөн. Мөн машины урьдчилгаа төлбөр 2,880,000 төгрөгийг би н.Мөнхбаатарт мөн өдөр төлсөн. Машины нэрийг шилжүүлэхэд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 65,280 төгрөг,  20,000 төгрөгийг хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлд, машины зээлийн гэрээний төлбөрт 109,920 төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд төлж, нийт машинтай холбоотой зардалд 27,914,966 төгрөг зарцуулсан. Үүнээс банкны зээлд нийт 22,468,765 төгрөгийг зээл, хүү, алдангид төлсөн. Ковидын хүнд үе байсан болохоор машиныг ченжэд 13,100,000 төгрөгөөр зарсан. “Пи Си Молл” ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,520,000 төгрөгийн нийт 2,540,000 төгрөгийн цахилгаан бараа авхуулсан. Д.Г..ээжийнхээ ХААН банкны ...тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 290,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 110,000 төгрөг, нийт 400,000 төгрөг авсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн “Пи Си Молл” ХХК-ийн дэлгүүрээс 55 инч телевизор 1,000,000 төгрөгөөр, шарп маркийн хөргөгч, хөлдөөгч 1,040,000 төгрөгөөр, угаалгын машин 1,000,000 төгрөгөөр, нийт 3,040,000 төгрөгийн цахилгаан бараа авхуулсан. Уг мөнгийг “Пи Си Молл” ХХК-ийн ажилтан н.Тулгаа гэж хүний дансанд шилжүүлсэн. Д.Г..зээл авах гэхэд зээлийн шаардлага хангахгүй байсан тул зээлийн хөөцөлдөж бүтээж өгсөн н.Батцоожид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг өмнөөс нь төлсөн. Д.Г..нь ээж Н.Балжнямын ХАС банкны 5003149833 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлж авсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Пи Си Молл” ХХК-аас авсан цахилгаан барааны үлдэгдэл төлбөрт 800,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тоёота примо маркийн ... УНӨ улсын дугаартай автомашиныг зарахад 1,800,000 төгрөгийн засвар хийлгэж, 13,100,000 төгрөгөөр зарсан учир засварын зардал 1,800,000 төгрөгийг нэхэмжилнэ. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мобиком компаниас 3,959,000 төгрөгийн iphone гар утас зээлээр авхуулсан. Д.Г-н буцааж төлсөн 27,000,000 төгрөгөөс машины зээлд төлсөн 22,000,000 төгрөгөөс машин зарсан 13,100,000 төгрөгийг хасаж тооцно. Цахилгаан бараа, гар утас авхуулсан 7,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 165,000 төгрөг тус тус төлснийг хасна. Ингээд Д.Г.с авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг Д.Г-с нэхэмжилж байна. Д.Г-н төлсөн төлбөрийг зээлийн гэрээний дагуу авсан хөрөнгөөс биш үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйлээс хасаж тооцсон болно” гэжээ.   

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Үндсэн асуудал нь машиндаа, гар утсандаа, хөрөнгөндөө биш, О.Э.., Д.Г..нар тус тусдаа амьдралтай боловч нууц амрагийн харилцаатай байсан учир О.Э.. нь миний хүү Д.Г-т мөнгө төгрөг, машин унаа, гар утас зэргийг бэлдэж өгдөг харилцаатай байсан. О.Э.. миний хүү Д.Г-тай ханилна, сууна гээд өөрөө тэр ... дугаартай машинаараа ажилд нь зөөдөг байсан. Миний хүүг өөрөө дагуулж яваад авсан гэсэн. Би ийм үнэтэй юм авахгүй гэхэд танай хүүд өгнө гээд, хүү Приус машин авах хүртлээ хэсэг хугацаанд унаж байсан. О.Э.. хамт явж машин авдаг, гэнэт утасдаад өвлийн дөрвөн дугуй, обуд ав гэдэг, мөнгө байхгүй чадахгүй гэхээр би өөрийнхөө машиныг өөрөө мэдэж байна гэдэг. Нэг удаа баахан залуучууд хүргэлтийн машинтай цахилгаан бараануудыг гэрт авчирсан, О.Э.. захиалсан байсан. Тэр юмнуудыг нь яахыг асуухад манайхтай ойр байх гээд охинтойгоо байр түрээсэлж байсан тэндээ оруулчих гэсэн учир тэнд нь оруулсан. Нэхэмжилж байгаа гар утсыг нь хүү маань О.Э..ы машинд унтаж байгаад алдсан гэсэн. Төрсөн өдрийн бэлэг гээд Д.Г..авна, авахгүй гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тухайн машинд өгсөн гээд байгаа дугуй, обудыг Д.Г-ын машинд өгсөн зүйл байхгүй. Тухайн машин нь О.Э..ы өөрийнх нь машин байсан. 2021 онд О.Э.. машинаа өөрөө зарсан байдаг. О.Э.. нь өөрийнхөө машинд хийсэн зүйлийнхээ мөнгийг нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн н.Тулга гэж хүнд болон тэмдэгтийн хураамжид төлсөн бусад зардлуудыг өөрөө хүсэж төлж байгаа болохоос биш Д.Г-ын зүгээс уг мөнгөнүүдийг төлөөд өгөөч гэж хэлсэн зүйл байхгүй. Хаа хама ямар ч хамааралгүй хүн. Өөр хүн рүү шилжүүлсэн мөнгөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд буцаагаад шаардаад нэхээд, өөр хүнд сайн дураараа мөнгө зарцуулсныгаа Д.Гэрэлбаатараас бүгдийг нь нэхэж болохгүй. Мөн дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийг нь аваад нийт 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Машин болон цахилгаан барааны талаар яриад байна. Уг цахилгаан барааг О.Э.. өөрөө авсан. Өөрийнх нь охинтойгоо хамт амьдарч байсан байрандаа авхуулсан зүйлийн үнийг Д.Г..төлөх ёсгүй. Мөн Д.Г-ын ээжийнх нь данс руу шилжүүлсэн мөнгө нь яах гэж шилжүүлсэн нь тодорхойгүй учраас төлөх үндэслэл байхгүй. О.Э.. өөрөө Пи Си молл-оос зурагт худалдаж аваад явж байсан эсэхийг хэн ч мэдэхгүй, бид аваагүй зүйлээ аваагүй л гэж хэлнэ. Тэр н.Б гэдэг хүнийг танихгүй. Зээл авах гээд ямар ч хүмүүст мөнгө, төгрөг өгснийг мэдэхгүй учир уг төлбөрийг Д.Г..төлөх үүрэг байхгүй. Өөрөө зээл авах гээд хүнд мөнгө өгсөн юм уу гэдгийг нь мэдэхгүй, тэр нь Д.Г-т хамаагүй, тухайн мөнгийг н.Б-соо нэхэх хэрэгтэй. О.Э.. өөрийнхөө машиныг засуулахад зарцуулсан 1,800,000 төгрөгөө нэхээд байх юм. Өөрөө машиндаа зарцуулна уу, огт мөнгө зарцуулахгүй байна уу энэ хүний л асуудал. Өөрөө машинаа аваад зарчихсан болохоор Д.Г.. ямар ч хамааралгүй, Д.Г.. түр л унуулж байгаад буцааж аваад зарчихсан. Дараа нь О.Э.. авсан цахилгаан бараа буюу зурагт, угаалгын машин, хөлдөөгч зэргээ утсаар яриад дамжуулж өг гэсэн хүнд нь өгөөд явуулсан, манайх аваагүй. Мөн О.Э.. Т.Б миний нэр дээр Саппорогийн ХАС банкинд данс нээлгэж, над руу шилжүүлсэн 600,000 төгрөгийг өөрийнхөө байр түрээслэх мөнгө гэсэн. Тэр мөнгийг нь өөрийнх нь Топаз зочид буудлыг түрээслэж байсан 400 тоотод н.Долгормаад өг гэснийг нь би аваачиж өгсөн. Өөрөө тэнд 2 охинтойгоо хонодог байсан. ХААН банкаар шилжүүлсэн 400,000 төгрөгийг би мэдэхгүй. Миний хүү Д.Г..миний картыг авч үзээгүй. Миний хүүгийн машиныг барьцаанд тавиулж, намайг тэтгэврийн зээл авхуулаад бид хоёр 16,195,000 төгрөгийг О.Э..д төлсөн тул өөр төлөх төлбөр байхгүй” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 258,120 төгрөг төлсөн баримт, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцоо, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан “Автомашины зээлийн гэрээ”, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан “Баталгааны гэрээ”, “ЖХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ж ХХК-ийн дүрэм, О.Э..ы Худалдаа хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХААН банкны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Шилжүүлгийн мэдээлэл”, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Худалдаа хөгжлийн банк”-ны зээлийн дансны хуулга, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга, Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаат гэрээ, .... Прокурорын газрын Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа”, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, Мөн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа”, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, Нэхэмжлэгч О.Э..ы өмгөөлөгч Б.Т-г оролцуулах тухай хүсэлт, Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 105,302 төгрөг төлсөн баримт, Нэхэмжлэгч О.Э..ы Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Нэхэмжлэгч О.Э..ы ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нэхэмжлэгч О.Э..ы нэхэмжлэлийн шаардлагын хавсралт гэсэн баримт, Хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл, “Мобиком” компанийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Гар утас төхөөрөмжийн баталгаат засварын хуудас”, “Хас банк”-ны орлогын маягт, “ХААН банк”-ны банк хоорондын шилжүүлэг, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Авто машин худалдах-худалдан авах гэрээ”, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Д.Г-с О.-д олгосон итгэмжлэл, “ХАС банк”-ны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хас банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ”, Хариуцагч Д.Г-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны гүйлгээний баримт, ХААН банкны мөнгөн шилжүүлэг, Хариуцагч Д.Г-ын Голомт банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хариуцагч Д.Гэрэлбаатарын “Монголын санхүүгийн групп” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хариуцагч Д.Г-ын “Монголын санхүүгийн групп” ББСБ-тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хариуцагч Д.Г-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ...СӨХ-ны тодорхойлолт, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын өмгөөлөгч Б.З-тай байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” гэсэн баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч О.Э.. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: хариуцагч Д.Г..нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 11,260,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч зээлсэн, мөн түүний өмнөөс түүний авсан автомашины зээлийн төлбөр болон автомашинтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж, машины урьдчилгаа төлбөр,  даатгалын төлбөр, машинд авсан обуд, дугуй, гэрт нь авсан телевизор, угаалгын машин, хөргөгч, зээлийн зуучлалын хөлс, гар утасны төлбөр, ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан мөнгө зэрэгт нийт 42,153,966 төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн бөгөөд нийт 53,413,966 төгрөгөөс Д.Г-ын буцаан өгсөн 27,735,000 төгрөгийг хасаж, 11,260,000 төгрөгийг Иргэний хуулийн 281.1-д зааснаар, 14,418,966 төгрөгийг Иргэний хуулийн 492,1, 493.1-д зааснаар, нийт 25,678,966 төгрөгийг нэхэмжилнэ“ гэжээ.  

 

Хариуцагч Д.Г..нь “...дансаар шилжүүлсэн гээд байгаа мөнгийг нь төлсөн. Нийт 27,735,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Машин болон цахилгаан барааг О.Э.. өөрөө авсан. Өөрийнх нь охинтойгоо хамт амьдарч байсан байрандаа авхуулсан зүйлийн үнийг төлөх ёсгүй. Мөн Д.Г-ын ээжийнх нь данс руу яах гэж шилжүүлсэн нь тодорхойгүй учраас төлөх үндэслэл байхгүй. Тэр н.Батцоож. н.Тулга гэдэг хүмүүсийг танихгүй. Зээл авах гээд ямар ч хүмүүст мөнгө, төгрөг өгснийг мэдэхгүй учир уг төлбөрийг Д.Г..төлөх үүрэг байхгүй. Тухайн мөнгийг н.Батцоож, н.Тулга нараас нэхэх хэрэгтэй. О.Э.. өөрийнхөө машиныг зарах болоод засуулахад зарцуулсан 1,800,000 төгрөг Д.Г.. ямар ч хамааралгүй, Д.Г.. түр л унуулж байгаад буцааж аваад зарчихсан. Миний хүүгийн машиныг барьцаанд тавиулж, намайг тэтгэврийн зээл авхуулаад бид хоёр 16,195,000 төгрөгийг О.Э..д төлсөн тул өөр төлөх төлбөр байхгүй” гэсэн тайлбарыг гарган маргажээ.

 

6. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч О.Э.. нь өөрийн ХААН банк дахь ... тоот данснаас хариуцагч Д.Г..ын . тоот данс руу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 60,000 төгрөг, 100,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 95,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 70,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 25,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 180,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг Д.Г...ын ХААН банкны ... тоот данс руу тус тус шилжүүлэн нийт 11,620,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Э..ы ХААН банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч О.Э.. нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь ...тоот данснаас хариуцагч Д.Г...ын ээж Т.Б...ын ХАС банк дахь ... тоот данс руу 600,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн ХААН банк дахь ... тоот данснаас хариуцагч Д.Г...ын ээж Т.Б...ын ХААН банк дахь ... тоот данс руу 290,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 110,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр дээрх гүйлгээг хариуцагч Д.Г..нь ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б... нь уг 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсанд маргахгүй, харин хариуцагч Д.Г.. өгөөгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Э..ы “М...ХХК-тай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”,  мөн компанийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Гар утас төхөөрөмжийн баталгаат засварын хуудас” гэх баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б...ын “Нэхэмжилж байгаа гар утсыг нь хүү маань О.Э..ы машинд унтаж байгаад алдсан гэсэн...” гэх тайлбараар нэхэмжлэгч О.Э.. нь хариуцагч Д.Г.. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,959,000 төгрөгийн үнэтэй  ... маркийн гар утсыг 3,959,000 төгрөгөөр худалдан авч өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Пи ... ХХК-аас авч өгсөн гэх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,520,000 төгрөг, нийт 2,540,000 төгрөгийн цахилгаан бараа, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн 55 инч телевизор 1,000,000 төгрөгөөр, шарп маркийн хөргөгч, хөлдөөгч 1,040,000 төгрөгөөр, угаалгын машин 1,000,000 төгрөгөөр, нийт 3,040,000 төгрөгийн цахилгаан бараа авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд буцаан өгснөө нотлоогүй, үнэлгээтэй холбоотой маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч О.Э..ы  Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан .. дугаартай “Автомашины зээлийн гэрээ”, мөн өдрийн ... “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, ..УНӨ улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,  мөн өдрийн .. дугаартай “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, мөн өдрийн ... дугаартай “Баталгааны гэрээ”, ...дугаартай Худалдаа хөгжлийн банкны хуучин автомашины зээлийн дансны хуулга, “Ж..ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч О.Э..ы ХААН банкны 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... гэсэн утгаар 1,240,000 төгрөг, “uguumur zakh gad” гэсэн утгаар 750,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн дансны хуулга гэсэн баримтуудаар тэрээр Худалдаа хөгжлийн банкнаас дээрх гэрээнүүдийн дагуу 16,320,000 төгрөгийг ... УНӨ улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Харин нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Г.. зээлээр авч өгч, түүний өмнөөс банкны зээлийг төлсөн, уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардалд 27,914,966 төгрөгийг хариуцагч Д.Г..ын өмнөөс зарцуулсан гэж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн боловч дээрх нөхцөл байдал уг дансны хуулгаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Д.Г...ын ХААН банк дахь .. тоот данснаас нэхэмжлэгч О.Э..ы Худалдаа хөгжлийн банк дахь ...тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 165,000 төгрөг, Мөн өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 390,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 120,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 80,000 төгрөг, 50,000 төгрөг, 60,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4,600,000 төгрөг, 460,000 төгрөг, 4,100,000 төгрөг, Нэхэмжлэгч О.Э..ы ХААН банк дахь ... тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Хайраас нь” гэх утгаар, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 170,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч О.Э..д 16,195,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

 

7. Хариуцагч нэхэмжлэгчтэй хувийн дотно харилцаатай байсан, зээлийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгч О.Э..аас хариуцагч Д.Г.. 11,260,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Г..нь нэхэмжлэгч О.Э..д 11,260,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Харин хариуцагч Д.Г..нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ээж Т.Б...ын ХАС банк дахь ... тоот данс руу 600,000 төгрөг, ХААН банк дахь ... тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 290,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 110,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авахаар нэхэмжлэгч О.Э..тай тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүнээс дээрх 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч О.Э.. нь 3,959,000 төгрөгийн өртөгтэй гар утсыг гээгдүүлсэн байх тул гар утасны төлбөрийг нэхэмжлэгч О.Э..д буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Д.Г.. зээлээр автомашин худалдан авч өгсөн болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардал болох улсын тэмдэгтийн хураамж, зээлийн шимтгэл, машины урьдчилгаа, даатгалын төлбөр, барьцааны гэрээний хураамж зэргийг хариуцагчийн өмнөөс төлсөн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар бүрэн тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг Д.Г.. шилжүүлээгүй бөгөөд өөрөө захиран зарцуулах хүртэлх хугацааны ашиглалтын зардлыг хариуцагч Д.Г...р төлөөлүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч О.Э..ы Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны ..тоот Б...данс руу 1,100,000 төгрөгийг хариуцагч Д.Г...ын зээлийг бүтээх зорилгоор шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

8. Иймд нэхэмжлэгч О.Э..ы хариуцагч Д.Г.. холбогдох тоёота примо маркийн ... УНӨ улсын дугаартай автомашинтай холбоотой болон Д.Г.. зээлийн хөөцөлдөж бүтээж өгөхийн тулд Б...ид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг өмнөөс нь төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

9. Дээрхээс нэхэмжлэгч О.Э..ы нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг 11,620,000 төгрөг, “М...” ХХК-аас худалдан авч өгсөн гар утасны төлбөр 3,959,000 төгрөг, “П...ХХК-аас авч өгсөн гэх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,520,000 төгрөг, нийт 2,540,000 төгрөгийн цахилгаан бараа, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн 55 инч телевизор 1,000,000 төгрөгөөр, шарп маркийн хөргөгч, хөлдөөгч 1,040,000 төгрөгөөр, угаалгын машин 1,000,000 төгрөгөөр, нийт 3,040,000 төгрөгийн цахилгаан бараа, нийт 21,159,000 төгрөгийг хариуцагч Д.Г...с гаргуулах үндэслэлтэй байх боловч хариуцагч Д.Г..нь нэхэмжлэгчид нийт 16,195,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Д.Г...с 4,964,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г-с 4,964,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Э..д олгож, үлдэх 20,714,966 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э..аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 94,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ