2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/04145

 

 

 

 

 

 

2025 05 15    192/ШШ2025/04145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,*******,*******,*******,******* оршин суух, ******* регистрийн дугаартай, Ж******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 1*******,*******,, оршин суух, регистрийн дугаартай, Х холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 74,726,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т,

хариуцагч Ж.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Т 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Б зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нрир батлуулсан. Ж.Б гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй, элдэв шалтаг тоочиж, өнөөг хүргэсэн. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үндсэн төлбөрийг ойлгоно гэж бодож байна. Үндсэн зээл 80,000,000 төгрөг дээр 4 сарын хүү 16,000,000 төгрөгийг нэмээд 96,000,000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 96,000,000 төгрөгөөс тооцох ёстой, өөрөөр хэлбэл 96,000,000 төгрөг төлөх хүртэл хариуцагч нэг ч төгрөг төлөөгүй. Үүнээс эхэлж би алдангиа тооцож эхэлсэн. Хариуцагч нэг дор 52,500,000 төгрөгийг өгөөгүй, тодорхой хугацааны дараа цувуулж өгч байсан. Миний тооцоолсон хугацаа хариуцагчийн өгсөн төлбөрийг хасаад үлдсэн дүнгээс нь дараагийн төлөлт хийх хүртэлх алдангийг тооцож явсан. Гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож явсан гэсэн үг. Хэрвээ хариуцагч нэг өдөр 52,500,000 төгрөгөө төлсөн байсан бол хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг тооцож болох байх. Хариуцагч тал бэлэн мөнгө 40,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь худлаа. Хариуцагч чи намайг шүүхэд өгсөн учраас би шүүхэд мөнгийг чамд бэлэн өгсөн гэж худал мэдүүлнэ гэж бичсэн баримтыг би хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хоёрдугаарт хариуцагчийн эхнэр гэрчээр асуугдаж худал мэдүүлэг өгсөн. Эхнэртэйгээ хамт ажлаараа орж, бэлэн мөнгө авч, надад өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбоотой няцаах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 80,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 52,500,000 төгрөгийг хасахад 43,500,000 төгрөг үлдэж байгаа, хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 16-наас 2024 оны 6 дугаар сарын 07 хүртэл 52,500,000 төгрөгийг цувуулж төлсөн тул тэр хугацааны алдангийг тус бүр тооцоход 29,426,000 төгрөг болж, 72,926,000 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн нэмэлт хүү тооцох байсан гэж 1,800,000 төгрөг, нийт 74,726,000 төгрөг нэхэмжилж байна. Анх 79,549,431 төгрөг нэхэмжилснээ багасгаж, хариуцагч Ж.Б 74,726,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Ж.Б 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 52,000,000 төгрөг төлж, 28,000,000 төгрөг үлдсэн. Гэрээ байгуулахдаа сарын 5 хувийн хүү тооцохоор тохирсон ба нэг сарын 4,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, алдангийг төлөөгүй үнийн дүн 28,000,000 төгрөгөөс тооцож, 14,000,000 төгрөг нийт 58,000,000 төгрөг төлөхөөр үлдсэн. Үүнээс 40,000,000 төгрөгийг бэлэн төлсөн, үүнийг гэрч К.Б гэрчилнэ. Одоо үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Талууд гэрээндээ алданги төлөхөөр тохирсон, алдангийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ үүргээ биелүүлээгүй үлдсэн 28,000,000 төгрөгөөс алданги тооцох нь хуульд нийцэх тул 50 хувиас хэтрүүлэхгүй гэж 14,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хариуцагч Ж.Б 18,000,000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0059 дугаар зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Д.Тгаас Ж.Б руу 79,741,200 төгрөгийг зээл гэх утгаар шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн Хаан банкны 5003840394 тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 20-ны дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл хүү, алдангийг тооцож, тооцоогоо зассан баримт зэргийг,

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авч, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, түүнтэй холбоотой баримтууд, гэрч асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, хэрэгт хавсаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Д.Т, Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79.549.431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 74,726,000 төгрөг нэхэмжилснийг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Б зээлийн гэрээг бичгээр байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлж, зээлийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр тохирсон. Ж.Б гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ бүрэн биелүүлээгүй. Иймд хариуцагч үндсэн зээл 80,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөг төлөхөөс түүний төлсөн 52,500,000 төгрөгийг хасаж 43,500,000 төгрөг үлдсэн. Хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 16-наас 2024 оны 6 дугаар сарын 07 хүртэл 52,500,000 төгрөгийг цувуулж төлсөн тул тэр хугацааны алдангийг тус бүр тооцоход 29,426,000 төгрөг болж байгаа /43,500,000+29,426,000/=72,926,000 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн нэмэлт хүү тооцох байсан гэж 1,800,000 төгрөг, нийт 74,726,000 төгрөгийг Ж.Б гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Ж.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч үндэслэлээ... 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 52,000,000 төгрөг төлж, 28,000,000 төгрөг үлдсэн. Гэрээ байгуулахдаа сарын 5 хувийн хүү тооцохоор тохирсон ба нэг сарын 4,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, алдангийг төлөөгүй үнийн дүн болох 28,000,000 төгрөгөөс тооцож, 14,000,000 төгрөг нийт 58,000,000 төгрөг төлөхөөр үлдсэн. Үүнээс 40,000,000 төгрөгийг бэлэн төлсөн тул одоо үлдэгдэл 18,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, 40,000,000 төгрөг бэлнээр төлснийг гэрч К.Б гэрчилнэ гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Д.Т 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 0059 дугаар зээлийн гэрээг Ж.Б бичгээр байгуулж, 80,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор харилцан тохирсон байх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан ба Д.Т Ж.Бд 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд зээлдэгч зээл авсан талаар маргаагүй зэргээс дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

7.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.Б үндсэн зээл 80,000,000 төгрөг, 4 сарын хүү 16,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн цаг хугацаанд төлөөгүй, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 9 удаа цувуулж 52,500,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хур тогтоогдож байх бөгөөд 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т хүлээн авсанд маргаагүй.

 

8.Хариуцагч Ж.Бг 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Тд бэлнээр төлсөн, мөнгө өгснийг түүний эхнэр К.Б гэрчилнэ гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н тайлбарлаж, хариуцагчийн хүсэлтээр гэрч оролцуулсан бөгөөд гэрч К.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Ж.Б өөрийн ХХК руу очиж, компаниасаа 60,0 сая төгрөг авч, 40,0 сая төгрөгийг бэлнээр Д.Тд өгсөн гэсэн, мөнгө өгснийг нь би хараагүй тухайн үед машинд сууж байсан, нөхөр маань мөнгийг өгсөн гэж хэлсэнд итгэсэн гэж... тайлбарласан дээрх гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм.

 

9.Тодруулбал монгол хэлэнд гэрч гэж хэрэг явдлыг тодорхойлон батлахад холбогдох ямар нэгэн баримт болох зүйл гэж тодорхойлдог ба хууль зүйн утгаар нь хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх этгээд байхыг ойлгодог. Гэтэл гэрч К.Б, түүний нөхөр Ж.Б 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Тд бэлнээр тоолж өгч байхыг нүдээр хараагүй, мөнгө өгөхөд дэргэд нь байгаагүй, машинд сууж байсан, нөхрийгөө мөнгө өгчихлөө гэж хэлсэн үгэнд итгэсэн гэж мэдүүлэг өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэх гэрч үзэхгүй, хариуцагч 40,000,000 төгрөгийг бэлнээр өгснөө гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

10.Хэдийгээр хариуцагч гэрээний үүргээ хугацаанд буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр биелүүлээгүй боловч 2023 оны 6 дугаар сарын 16-наас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 9 удаа мөнгийг цувуулж нийт 52,500,000 төгрөг төлж 43,500,000 төгрөг үлдсэн байх ба Иргэний хуулийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан дагуу 43,500,000 төгрөгийн 50 хувь болох 21,750,000 төгрөг /43,500,000+21,750,000/=65,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

11.Нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн нэмэлт хүү тооцох байсан гэж 1,800,000 төгрөг нэхэмжилж байх боловч талууд зээлийн гэрээний хугацааг дахин сунгаагүй, түүнтэй холбоотой баримт ирүүлээгүй, ямар үндэслэлээр 1,800,000 төгрөг нэхэмжилж байгаагаа нотолж чадахгүй байх тул 1,800,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12.Иймд хариуцагч Ж.Б үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл 43,500,000 төгрөг, алданги 21,750,000 төгрөг, нийт 65,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,476,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б 65,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,476,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,647 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 484,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

                                     ДАРГАЛАГЧ