2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/04290

 

 

 

 

 

 

                                                         2025             05            20  

                                       192/ШШ2025/04290

              

 

                                

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК,

Хариуцагч: Т ХХК нарт холбогдох,

15,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Л.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Д.О миний бие нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Т ХХК-иас лизингээр . улсын дугаартай - загварын 2014 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны 09 сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд "Т..ХХК нь зөвхөн Маар тээврийн хэрэгслийг даатгуулсан тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн тулган шаардлага тавьсны дагуу үйлчлүүлэгч миний бие араггүй байдалд орж Мд жилийн 1 сая төгрөгөөр 2 жилийн хугацаатайгаар хамрагдсан болно. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд явж байгаад оройн 8-9 цагийн орчимд адуу мөргөж цагдаагийн байгууллагад дуудлага өгч харьяаллын дагуу ... дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Б.Т нь ослын газарт ирж үзлэг, зураг авалтыг хийж адуу мөргөсөн гэх газарт алхаж очин үзлэгийг хийж гүйцэтгэн цагдаагийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Уг тодорхойлолтод Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн гэсэн атал осол гарах шалтгаан тээврийн хэрэгслийн дугуйнаас үүдэн болсон талаар дурдаагүй, мөн түүнчлэн үйлчлүүлэгч миний бие нь тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дурын үндсэн дээр худалдаж авсан үнийн дүнгээс 2 хувийн шимтгэлтэйгээр 100 хувь даатгалд 2 жилийн хугацаатай даатгуулахдаа "мал амьтадын эрсдэлийн" даатгал хийлгэсэн байтал нөхөн олговор олгох шалтгааныг "М” нь татгалзаж байгаа нь нөхөн олговрыг олгохгүй үндэслэл болохгүй байна гэж үзэж байна. Үүнд: "Т" ХХК болон Мийн хараат бус байдлыг зөрчдөг, өөрөөр хэлбэл ББСБ нь даатгалын байгууллагыг үйлчлүүлэгчид тулган шаардах эрхтэй биш санал болгох эрхтэй байдаг бөгөөд зээлдэгчийн сул тал, өөрийн байгууллагын давуу талын илтэд ашиглан тулган шаардалт хийдэг өөрөө хараат бус байдлаа алдсан, эрх бүхий байгууллагын гаргах ёстой шийдвэр тэр дундаа замын цагдаагийн газраас гаргах ёстой тодорхойлолт бүрийг нөхөн олговор олгохгүй байх нөхцөлөөр гэрээнд тусгаж өгдөг нь өөрөө зөрчилтэй. Мал амьтдын эрсдэлийн даатгал 100 хувь хийгдсэн, хуулийн хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 10-нд дуусгавар болох байсан /автоматаар сунгагдах хуулийн хугацаа тус өдөр байсан/. Үйлчлүүлэгч миний бие нь тээврийн хэрэгслийн даатгалыг аливаа осол аваар, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн сайн дураар даатгалд хамрагддаг гэж боддог боловч манай орны хувьд даатгалын байгууллагын үйл ажиллагаа нь буруу тогтолцоотой явагддаг, ард иргэдийг сэтгэл санааны, бие махбодын, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамтад орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд орсон үед даатгалын байгууллага нь өндөр дүнтэй нөхөн олговрыг олгодоггүй, олгохоос татгалздаг зэрэг нь өнөөдөр даатгалын байгууллагуудын явагдаж буй үйл ажиллагааны үндсэн процесс нь зөвхөн ашиг олох зориулалттайгаар ард иргэдэд үйлчилгээг үзүүлдэг нь харамсалтай байна. Мын хувьд ард иргэдтэй байгуулж буй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн олговор олгохоос татгалзсан бүх зүйл заалтуудад замын цагдаа болон эрх бүхий байгууллагуудын гаргах ёстой шийдвэрүүдийг тусгаж өгсөн байдаг нь өөрөө нөхөн олговор олгохгүй гэсэн эцсийн зорилго, хөшүүргэ мэтээр харагдаж байна. Иймд Д.О миний бие нь мөнгөний хэрэгцээ тулгарсан араггүй байдлыг ашиглан албан хүчээр даатгал хийлгэхийг тулган шаардсан, “Т ХХК болон Маас хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 14,585,000 төгрөгийн нөхөн төлбөр, хөрөнгийн үнэлгээний төлбөрт төлсөн 990,000 төгрөг нийт 15,575,000 төгрөгийн учирсан хохирлыг дээрх хоёр байгууллагаас нэхэмжилж байна.” гэжээ.

2. Хариуцагч М ХХК хариу тайлбартаа: “Д.О нь Lexus ... загварын ... дугаартай "Т ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг М ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулан даатгуулсан. Даатгуулагч О нь 2024 оны 9 сарын 04-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байхдаа адуу мөргөж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 14,235,000 төгрөгийн хохирол учирсан тухай мэдээллийг 2024 оны 9 сарын 5-ны өдөр бидэнд мэдээлсэн. Даатгуулагчаас ирүүлсэн хүсэлт болон холбогдох материалыг судлан үзэхэд даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэж заасныг зөрчин адуу мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Даатгагчийн зүгээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд даатгалын зүйл болох .... маркийн тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийхэд автомашины 4 дугуй нь осол гарах үед бүгд өөр үйлдвэрийн /Goodyear, Yokohama, Michelin, Bridgestone/, өөр хээтэй байсан нь тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар жолооч тус дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.6-д "Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан" гэж тус тус заасан байдаг. Гэтэл даатгуулагч нь тус үүргээ зөрчин бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх үед осол болсон байна. Бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 24 дүгээр зүйлийн 24.14-т зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэхээр заасан. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц орчин нөхцөлийг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй аюулаас зайлсхийгээгүйн улмаас учирсан хохиролд даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзахаар заасан байдаг. Дээрх үндэслэлээр бид даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг бичгээр хүргүүлсэн. Иймд М ХХК нь тус тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул Д.О-ы гаргасан 15,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

3. Хариуцагч Т ХХК хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Даатгалын гэрээ байна. Даатгалын гэрээний талууд нь даатгуулагч, даатгагч нар буюу "М" ХХК болон Д.О нар юм. Иймд гэрээний оролцогч биш этгээд болох "ТГ" ХХК нь тухайн гэрээний үр дагаврыг хариуцахгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тухай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардал байна. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний зардлыг гэм буруутай этгээд төлөх ёстой буюу Даатгалын гэрээтэй тохиолдолд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хамт буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авч хэрэгжүүлдэг билээ. Иймд М ХХК Даатгалын гэрээний тал биш бөгөөд тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай этгээд биш байна. Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлдээ Т ХХК зөвхөн Маар тээврийн хэрэгслийг даатгуулсан тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн тулган шаардлага тавьсны дагуу үйлчлүүлэгч миний бие араггүй байдалд орж М-д жилийн 1 сая төгрөгөөр 2 жилийн хугацаатайгаар хамрагдсан болно гэх байдлаар даатгалын гэрээний чөлөөлт байдалд хариуцагч Т ХХК халдсан мэт агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" тухай гэрээний чөлөөлт байдлыг тодорхойлон заасан. Гэрээний чөлөөт байдал нь нэгдүгээрт гэрээ байгуулах эрх чөлөөг өөртөө агуулдаг буюу гэрээ байгуулах эсэх, гэрээг хэнтэй байгуулах, хоёрдугаарт гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрх чөлөө буюу талууд харилцан тохиролцсоны үзсэн дээр хууль заасан хязгаарлалтын дотор гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлохыг хэлдэг. Д.О болон Т ХХК нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ-... дугаар зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад Компанийн зүгээс Д.Од ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд М ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд тухайн даатгалын компанид даатгуулах саналыг зээлдэгчид тавьж хувьчилсан тохиролцоо бүхий гэрээг тус гэрээний эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж, ойлгосон, эрх зүйн бүрэн чадамж бүхий иргэнтэй хийсэн. Өөрөөр хэлбэл Д.Од зээл болон даатгалын гэрээг байгуулах, хэнтэй гэрээний харилцаанд орох, ямар агуулга бүхий гэрээ байгуулах эрх хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Иймд Д.Оы гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг Тера анлимитед ХХК хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд мөн нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлоогүй байна. Иймд Д.О.ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Т ХХК-д холбогдох хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-ийн үнэлгээ, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/40 дугаар албан бичиг, хариуцагч М ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, даатгалын тохиолдлын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тайлбар, үзлэгийн хавсралт, ... газрын Тээврийн цагдаагийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг, М ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг, хариуцагч Тера анлимитед ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.

Хэргийн 10-20, 25-33 дугаарт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй учир шинжлэн судлагдаагүй болно.

       ҮНДЭСЛЭХ нь:

        5. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

        6. Нэхэмжлэгч Д.О нь даатгалын нөхөн төлбөрт 15,575,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, М ХХК нь тээврийн хэрэгслийн дугуйны хээ өөр тул зөвшөөрөхгүй, Т ХХК даатгалын гэрээ байгуулаагүй учир гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргажээ.

        7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

        Д.О нь 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр nf102063456 дугаартай, ...250 маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг М ХХК-тай байгуулжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар зохигч маргаагүй болно. /хэргийн 21-24/

        Гэрээнд даатгалын үнэлгээг 40,000,000 төгрөгөөр тооцсон бөгөөд гэрээнд зааснаар 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гэрээ хүчинтэй байжээ.

        Даатгалын тохиолдлын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тээврийн хэрэгслийн 4 дугуй өөр өөр үйлдвэрийн хээтэй дугуй байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 47/

Нэхэмжлэгч нь ... дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа адуу мөргөснөөр даатгалын тохиолдол үүссэн байх ба ... дүүргийн замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Т шалгаж, жолооч Д.Оыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх  нөхцөлийг хангана” заасныг зөрчсөн гэж тогтоосон талаар зохигч маргаагүй байна.

Энэхүү ослын улмаас учирсан ... маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Арвижих эстимейт үнэлгээ ХХК 14,585,000 төгрөгөөр үнэлжээ.

8. Д.О нь даатгалын хураамж болох 1,000,000 төгрөгийг төлж, хариуцагч М ХХК нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгийн хэмжээнд даатгахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Энэхүү тохиролцоог талууд бичгээр баталгаажуулан 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирол буюу эсхүл гэрээгээр тохирсон нөхөн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд даатгагч нь даатгуулагчийг хамгаалалтдаа авах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүрэгтэй. 

Даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэх ба даатгалын гэрээний хамгаалалт нь даатгалын тохиолдол бий болсон үед хэрэгжинэ.

9. Даатгалын гэрээний 24.11-д “техникийн шаардлага зөрчсөн засвар хийсэн, тухайн тээврийн хэрэгсэл дээр зориулалтын бус эд анги, нэмэлт тоноглол тавих, түүнээс үүдсэн хохирол”, 24.14-д “замын хөдөлгөөний дүрэмд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй, улсын техникийн ээлжит үзлэг, бүртгэлд хамрагдаагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгслийг ашиглах үед учирсан хохирол”-д тус тус нөхөн төлбөр олгохоос татгалзана” гэсэн боловч өөр өөр үйлдвэрийн хээтэй дөрвөн дугуйнаас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

         Талууд даатгалын гэрээндээ өөр өөр үйлдвэрийн хээтэй дугуйтай тээврийн хэрэгслийг ашиглах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцоогүй байхаас гадна даатгалын тохиолдолд дөрвөн дугуйн хээ өөр өөр байсны улмаас бий болсон нь тогтоогдсонгүй.

         Иймээс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 20-21 цагийн орчимд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд даатгалын гэрээний мөргөлдөх, шүргэлдэх, мал, амьтны эрсдэл учирчээ.

10. Энэхүү ослын улмаас ... маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг А ХХК 14,585,000 төгрөгөөр үнэлсний хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Иймд хариуцагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 14,585,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нь А  ХХК-аар ажил гүйцэтгүүлсний төлсөнд 990,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд гэрээний талуудын хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд хүлээх эрх зүйн үндэслэлгүй юм. Мөн гэрээний 3.3-т “...үнэлгээний зардлыг үнэлгээ хийлгэж байгаа тал хариуцна.” гэж зааснаар нэхэмжлэгч зардлаа хариуцахаар байна.

11. Нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон бөгөөд Т ХХК-д холбогдох шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэнгүй. Иймээс даатгалын гэрээний үүргийг Т ХХК-д хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 230,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 14,585,000 гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож, үлдэх 990,000 төгрөг гаргуулах шаардлага болон Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 230,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ