2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/04023

 

 

 

 

 

 

                                                         2025             05            13  

                                       192/ШШ2025/04023

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Л.Б ,

Хариуцагч: Т.А нарт холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гэрч Л.П, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б.А.. миний бие иргэн Л.Б.., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А..тай 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдан авсан болно. Худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдагчийн Хаан банк дахь ...тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлсөн. Мөн гэрээний 3.4-т 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгнө гэх үүрэг хүлээсэн. Талууд харилцан тохиролцсон болон худалдах, худалдан авах гэрээнд талууд харилцан тохиролцсоны дагуу уг байрыг худалдан авагчид шилжүүлсэн. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахдаа улсын бүртгэлд үндэслэн өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн орон сууцыг шилжүүлэн авахад эрхийн маргаан байгаагүй. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл байраа суллаж өгөхгүй байх тул ....орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Л.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй Б.А..гийн нэхэмжлэлтэй, Т.А..д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч оролцуулах тухай захирамжийн дагуу хамтран хариуцагчаар татагдан оролцох болсон Л.Б миний бие Б.А..гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлэн шүүхэд хариу тайлбарыг хүргүүлж байна. Б.А.. нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүргээ санаатайгаар зөрчсөн, Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэг “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-ийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” буюу “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Б.А.. нь бусадтай бүлэглэн, зохион байгуулалттайгаар энэхүү гэмт хэргийг үйлдэж, амьжиргааныхаа тогтвортой эх үүсвэр болгон мөнгө угаах үйлдэл хийж буй нь хэрээс хэтэрч одоо шүүхийн байгууллагыг хялбархан хуурч чадна гэсэн ойлголтоор энэхүү нэхэмжлэлийг гаргаад байгаа гэж үзэж буй тул энэ талаар чиг үүргийн байгууллагад хандан шалгуулах, энэ хүрээнд уг иргэний хэрэгт хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэн оролцоно.” гэжээ.

Хариуцагч Т.А.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.А.. нь Л.Бтүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А.. надтай 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр (үл хөдлөх эд хөрөнгө) худалдах худалдан авах гэрээ байгуулж ...орон сууцны гэрчилгээг барьцаалж 320,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 60 хоногийн хугацаанд зээл олгож тус зээлийн барьцаанд Л.Б...н байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч уг зээл, зээлийн хүүг төлж барагдуулмагц Л.Б...н өмчлөлийн орон сууцны гэрчилгээг буцаан өөрийнх нь нэрлүү шилжүүлэн өгнө гэж харилцан тохиролцож шилжүүлэн авсан. Энэ тухайгаа Б.А.. нь өөрийн санаачлагаар өөрийн дуу хоолойгоор дуу хураагуур асаалгаж түүнд дэлгэрэнгүйгээр ярьж бичлэг үлдээж энэ нь чи бидний хоорондын тохиролцсон гэрээ юм шүү гэж хэлж хэн альныхаа (2 талын) 2 утсаар видео хийж дуу хураагуурт нэг дор хамт асааж бичлэг болгон бичсэн. Иймээс нэхэмжлэгч Б.А..гийн нэхэмжлэлд дурдагдсан тус байрыг Б.А..д худалдах сэдэл огт байгаагүй тул чөлөөлж өгөх тухай огт үүрэггүй. Харин Б.А.. нь Л.Б...н өмчлөлийн ... дугаар бүхий орон сууцны өмчлөлийн гэрчилгээг зээлийн барьцаанд түр өөрийн нэр дээр шилжүүлэн авч тус 320,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэйгээр олгоё хэмээн тус орон сууцны гэрчилгээг худалдах, худалдан авах хийж авсан. Харин тус 320,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлнэ гэж барьцаанд авч буй орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх төлөлтийг (төлбөр) төлсний дараа буцаан Л.Б...н бичиг баримтыг буцаах (нэр шилжүүлэх явцад Улсын бүртгэлд бүртгүүлэхэд өгөхөд ч авахад ч 2 удаагийн үйлдэлд 320,000,000 төгрөгийн 2 хувийн татварт 6,400,000 төгрөгийг хоёр удаа зээл авагч танай тал бүрэн хариуцана гэдгийг хүртэл Амарсанаа тус хэлцэлдээ дурдсан). Ингээд зээл авах зорилгоор Л.Б...н өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавихдаа зээл олгогч Б.А..гийн шаардлагаар түр хугацаанд худалдах худалдан авах гэрээг байгуулан өгсөн. Гэтэл Б.А.. нь зээлж буй 320,000,000 төгрөгийг Л.Б...н дансруу гэрээ байгуулмагц шилжүүлнэ гэчихээд тус гэрээг байгуулмагцаа хэлсэн ярьсан нь өөрчлөгдөж, маргааш өглөө 09 цагт шилжүүлий гээд хэлсэн ярьснаасаа буцаж эхэлсэн. Гэтэл маргааш өглөө нь 12 цаг хүртэл мөн л шилжүүлэхгүй байхаар нь болийдоо бидний төлөвлөсөн ажил ч амжихаа байлаа гэж холбогдоход одоохон гэсээр бас маргааш нь ажлын цаг дуусахтай зэрэгцэн Л.Б...н дансруу шилжүүлсэн. Гэтэл мөнгөн дүн нь дутуу буюу 293,600,000 төгрөг шилжүүлсэн. Л.Б харилцан тохиролцсон зээлийн нөхцлийн дагуу Б.А..гаас хүлээн авсан мөнгөн дүнд 10 хувийн хүү тооцож өгч байсан ба хэлцлийн дагуу 60 хоногт багтаан төлбөр тооцоог барагдуулж барьцаалбарт өгсөн орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээгээ буцаан шилжүүлэн авахаар хандахад учир битүүлгээр нөхцлийг нь бүрдүүлж буцаан өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Б.А.. нь тус орон сууцны өмчлөгч байх боломжгүй тул нэхэмжлэгч Б.А..гийн Т.А..д холбогдуулан шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ хариуцагч нь өнөөдрийг хүртэл байраа суллаж өгөхгүй байх тул ...орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэдэг нь илтэд луйвардаж хууран мэхэлсэн үйл ажиллагаа байх тул Б.А..гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд шударга өмчлөгчийг нягталж тогтоож өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.

3. Хариуцагч Л.Б..с нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.А..гийн нэхэмжлэлээр үүсгэгдэн хянагдаж байгаад нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг хэрэг шилжин ирээд байгаа билээ. Б.А.. нь Нийслэлийн ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-ний дагуу төлбөрийг бүрэн төлж, хүсэл зоригоо хуульд нийцүүлэн илэрхийлж, худалдан авсан өмчлөгч тул Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхийг үндэслэл болгон тус орон сууцнаас хариуцагч намайг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна. Гэтэл бодит байдал дээр Б.А..тай итгэмжлэлээр байгуулагдсан дээрх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/” нь Иргэний хуулийн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ёсоор гэрээний чөлөөт байдлын дагуу худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн биш, харин яаралтай мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг минь далимдуулж хийгдсэн хууль бус, дүр үзүүлсэн, халхавчилсан гэрээ бөгөөд Б.А.. нь энэхүү гэрээний үндсэн дээр одоо намайг орон байрнаас минь албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь хүний ёсноос гажууд, хувийн шуналдаа хөтлөгдсөн хууль бус үйл ажиллагаа юм. Орчин үеийн залуучууд зах зээл, нийгэмд бодит ажил хөдөлмөр, худалдаа, үйлчилгээ хийж мөнгө олох нийгмийн хуулийн эсрэг, биеэ зовоохгүйгээр бусдыг хууран мэхэлж хууль бус аргаар хөрөнгө олох гэсэн хөнгөмсөг зуршил, хүсэлд автагддаг нь газар авч гаарсаар одоо хууль, шүүхийн байгууллагыг ийм хүслээ хангах хэрэгсэл болгох гэж ичгүүргүйгээр худал нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг... хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах... эрхтэй”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг баримтлан Б.А..гийн нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй орон сууцыг өмчлөх эрх олж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг сөрөг нэхэмжлэл болгон гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдагч талаас Л.Б намайг төлөөлөн Т.А.. худалдан авагч талаас Б.А.. нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 320,000,000  төгрөгөөр худалдахаар тохиролцсон, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны ... тоот төгрөгийн дансанд бүрэн төлж дууссан гэх нөхцөлөөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж дараах нотлох баримт, үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүхээр тогтоолгож, уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хандаж байна. Уг орон сууц нь хэдийгээр эрхийн улсын бүртгэлийн системд 320,000,000 төгрөгийн үнээр бүртгэгдсэн байдаг боловч зах зээлийн бодит үнэ нь 700 орчим сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө юм. Уг орон сууцны 1 метр квадратын зах зээлийн ханш нь тухайн үеийн байдлаар 6,500,000 төгрөгөөр тооцоход 715,780,000 төгрөгтэй тэнцдэг. Миний бие уг орон сууцыг хэрэв жинхэнээсээ худалдах гэж байсан тохиолдолд бусдад зах зээлийн үнээс даруй хоёр дахин бага үнээр худалдах боломжгүй. Энэ утгаараа уг гэрээний гол нөхцөл болох үнэ нь өөрөө бодит бус. Гэрээг миний бие зээл авах зорилгоор итгэмжлэл өгч үйлдүүлсэн бөгөөд зээл өгөгч тал нь зээл, барьцааны гэрээ хийх боломжгүй, харин зайлшгүй өмчлөлд бүртгүүлэх замаар барьцааг найдвартай байдлаар баталгаажуулна гэсэн шаардлагыг тавьсантай холбоотойгоор ийм гэрээ хийгдсэн. Энэ талаар өмнө нь өөр нотариатчид тайлбарлаж, ийм байдлаар зээл, барьцааны харилцааг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл хийх хүсэлт тавихад нотариатч татгалзаж, талуудад ийм байдлаар зээл барьцааны харилцааг худалдах, худалдан авах гэрээгээр орлуулж болохгүй болохыг тайлбарласан. Гэсэн хэдий ч миний зээл авах хэрэгцээ шаардлага арилаагүй байсан бөгөөд харин зээлдэгч тал өөр нотариатч дээр өөрсдийн хүссэн ёсоор худалдах, худалдан авах гэрээ байдлаар итгэмжлэлээр хэлцлийг хийлгэсэн байдаг ба тухайн хэлцлийг хийхдээ уг хэлцлийг гэрчилсэн нотариатч Б.О...г мөн хууран мэхэлсэн, бодит бус заалтуудыг оруулсан байдаг. Тус гэрээний 3.2 дахь хэсэгт “Төлбөр төлөх нөхцөл, хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдагчийн Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлж, төлбөр тооцоо дууссан” гэж хэлж тусгуулсан нь нотариатчийг хуурч бодит бус нөхцөл бичүүлснийг илтгэдэг. Учир нь энэ өдөр ийм үнийн дүнтэй ямар нэгэн гүйлгээ дээрх дансанд орлогоор ороогүй. Харин 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг халхавч гэрээг байгуулагдсны маргааш, өмчлөгчийн нэр шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа буюу барьцааг баталгаажуулмагцаа Б.А.. нь өөрийн Хаан банк дахь ... дугаартай данснаас 293,600,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Л.Бминий мөнгөн зээл авах хэрэгцээ шаардлагыг урвуулан ашиглаж, зээл өгөхийн тулд зээл барьцааны гэрээ хийх бус, худалдах, худалдан авах гэрээ хийж хэт мөлжлөгийн чанартай хууль бус үйл ажиллагаагаа хэлбэрийн хувьд хуульчлан баталгаажуулж байгаа нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан "нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан" хэлцлийг шинжийг илэрхийлж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох” эрхтэйг заасан бөгөөд харин Б.А.. нь энэ хуулийн шаардлагыг биелүүлэхгүй, хууран мэхлэх, хялбар аргаар хүний хөрөнгийг булаан авч байна. Тус гэрээний 3.3 дахь хэсэгт “Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж тусгасан нь мөн л нотариатч болон улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлсэн, бодит бус заалт юм. Учир нь уг халхавч гэрээнд заагдсан 320,000,000 төгрөгийн төлбөр ч бүрэн шилжигдээгүй, бүрэн бус байдалтай байх бөгөөд үүнийг бүрэн төлж дууссан мэт бичилт хийлгэх замаар өмчлөлийг улсын бүртгэлд өөрчилсөн байна. Энэ нь мөн Иргэний хуулийн 56.1.2-т заасан “дүр үзүүлсэн", 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл"-ийн шинжийг хамтад агуулж буйг нотолдог. Өөрөөр хэлбэл, зээл авахын тулд төлөгдөөгүй төлбөрийг төлж дууссан мэтээр бичиж, улмаар улсын бүртгэлд өмчлөгчийг солиулах Б.А..гийн хүсэлт шаардлагад нийцүүлэхээр бодит байдлыг гуйвуулан өөрчилж гэрээнд тусгуулсныг нотолдог. Дээрхээс гадна, уг хэлцлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлийн хүрээнд хийхдээ, Т.А нь төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар буюу (1) хөрөнгийн үнийг зах зээлийн ханшнаас 2 дахин бууруулж хэлцэл хийх, (2) төлөгдөөгүй төлбөрийг төлсөн мэтээр тусган оруулах, (3) төлбөр төлөгдөөгүй байхад төлбөр бүрэн төлөгдсөн тухай зөвшөөрлийг өгч улсын бүртгэлд өмчлөгч солигдох нөхцлийг бүрдүүлэх замаар өөрт олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлж, олгогдоогүй асуудлаар өмчлөгчийн нэрийн өмнөөс бодит бус заалтууд тусгаж төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцлийн шинжийг мөн агуулж байна. Эдгээр үйл баримт нь Л.Бминий эзэмшлийн Хаан банкин дахь ...тоот дансны хуулга, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.А..гийн Хаан банкин дахь ... дугаартай дансанд 30,000,000 төгрөгийг зээлийн буцаан төлөлтөөр шилжүүлсэн хуулга, бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоно. Иймд Л.Б миний өмчлөлийн Нийслэлийн .... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-г Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж зааснаар эрхийн улсын бүртгэлийн дээрх ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээн тогтоож хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч хариуцагч нар болон түүний төлөөлөгч Т.А.. нар огт нэгнийгээ танихгүй хүмүүс Л.Б өөрт нь мөнгөний шаардлага хэрэгцээ үүсч өөрийн байраа 320,000,000 төгрөгөөр зарах тухайгаа гэрчээр оролцож буй Л.П... болон түүний танилд хэлж, Л.П.. энэ тухай Б.А..д хэлж, тухайн орон сууцыг Б.А.. худалдан авахаар болж худалдах, худалдан авах гэрээг Л.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулж хууль ёсны өмчлөгч болсон. Тэдний 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1, 243-р зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан нөхцөлийн дагуу байгуулагдсан бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний чөлөөт байдлын дагуу гол нөхцөлөө тохиролцож байгуулсан хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Б.А.. Л.Б...ийн хүсэлтийн дагуу 20,000,000 төгрөгийг зуучлагч Л.П...д шилжүүлэн өгч, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 6,400,000 төгрөгийг төлж, 293,600,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн болох нь тэдний хоорондоо ярьсан утасны бичлэгээр нотлогдоно. Хариуцагч Л.Б зээл авах зорилгоор уг гэрээг хийсэн гэжээ. Тэгвэл яагаад нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан шилжүүлэлгүй 1 сарын дараа хүү гэсэн утга бүхий 30,000,000 төгрөгийг Б.А..гийн дансанд шилжүүлж өнөөдрийг хүртэл түүнээс авсан мөнгөө буцааж өгөхгүй өөртөө ашиглаад, захиран зарцуулаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд түүний энэхүү үйлдэл анхнаасаа зохион байгуулалттайгаар хүний мөнгийг тодорхой хугацаанд ашиглаж байгаад зээлийн гэрээ болгон харагдуулах, шүүхэд итгүүлэх зорилгоор тодорхой хэсгийг нь шилжүүлж байгаа залилангийн шинжтэй үйлдэл гэж харагдаж байна. Иймд Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан байгаа дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж байна.

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, итгэмжлэл, хариуцагчаас итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, итгэмжлэл, хаан банкны депозит дансны хуулга, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.П..г асуусан байна.

          ҮНДЭСЛЭХ нь:

          6. Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

          7. Нэхэмжлэгч Б.А.. нь хариуцагч Л.Б, Т.А.. нарт холбогдуулан тэдгээрийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хууль бус, дүр үзүүлсэн, халхавчилсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

          8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Л.Б нь ... орон сууцыг 320,000,000 төгрөгөөр Б.А..д худалдахаар тохиролцсон болох нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 6-7 дахь тал/

Улмаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А..гийн нэр дээр бүртгэжээ. /хэргийн 9-10 дахь тал/

Нэхэмжлэгч Б.А.. нь хариуцагч Л.Б-д 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 293,600,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч Л.Б буцаан 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ./хэргийн 58-59 дэх тал/

9. Нэхэмжлэгч Б.А.. болон хариуцагч Л.Бнар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр .... орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдах-худалдан ава хаар харилцан тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний 3.2-т “2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдагчийн хаан банкны ... тоот дансанд гэрээний 320,000,000 төгрөгийг шилжүүлж, төлбөр тооцоо дууссан” гэсэн боловч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 293,600,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Гэрээний агуулгаас харахад төлбөр төлөх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэсэн бол үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны  өдөр байхаар тохиролцжээ. Энэхүү тохиролцоогоор тэргүүн ээлжид орон сууцны төлбөр төлөх дарааллыг тогтоожээ.

Иймд нэхэмжлэгч нь төлбөр төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариу үүрэг болох орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үүсээгүй байна.

10. Нэхэмжлэгч Б.А.. нь хариуцагч Л.Б, Т.А.. нарын эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний үнэ 320,000,000 төгрөгийг шилжүүлж, өмчлөх эрх олж авсан тул орон сууцыг эзэмшилдээ авах үндэстэй гэж үзсэнийг хариуцагч Л.Б орон сууцны үнэ 320,000,000 төгрөг төлөөгүй, яаралтай мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг минь далимдуулж хийгдсэн хууль бус, дүр үзүүлсэн, халхавчилсан гэрээ байгуулсан гэж үзэн хэлцлийг хүчингүйд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан байна.

Зохигчийн хэн аль нь хэлцэл байгуулах тухайн мөчид хэлцлийн агуулга, сэдэлт, хэлцэл байгуулах хүсэл зориг, үр дагаврын тухайд алдаа гаргаагүй, төөрөгдөөгүй, хэлцэл байгуулах хүсэл зориггүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэрээ байгуулахдаа худалдагч үл хөдлөх эд хөрөнгөө 320,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зоригтой байж, энэхүү хүсэл зоригоо харилцан илэрхийлэн хэлцлийг байгуулжээ.

Иймд дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

11. Дээрх агуулгаар нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Л.Б...н хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б, Т.А.. нарт холбогдох... орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.А..гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.А..д холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай хариуцагч Л.Б...н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,828,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ