2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04099

 

 

2025 05 14    192/ШШ2025/04099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн *******,******* оршин суух Т*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн *******,*******,*******,*******,******* оршин суух, Б*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн , тоотыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах /хүнсний дэлгүүр/ зорилгоор нэг жилийн хугацаатай, сарын 3,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн өдрөө 3 сарын түрээсийн төлбөрийг нэг сарын барьцааны хамт 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Анх гэрээгээ 3 сараар хийе, болохгүй байвал гарна гэж хэлсэн. Гэтэл улсын бүртгэл дээр бүртгүүлэхэд хугацаа нь жилээр байх ёстой юм байна гээд гэрээг нэг жилийн хугацаатай гэж хийсэн. Гэхдээ танайх 3 сар байж үзээд болохгүй бол гарч болно гэж тохиролцоод гэрээн дээр гарын үсгээ зурсан. Уг дэлгүүр архины зөвшөөрөлгүй байсан ба 4 дүгээр сарын дундуур зөвшөөрөл нь гарна гэж хэлсэн боловч гараагүй. Манайхыг түрээсийн байрнаас гарах хүртэл зөвшөөрөл гараагүй. Танайх орлого муутай байгаа учраас манайх болихоор шийдлээ гэж хэлсэн. 4 дүгээр сарын дундуур олон удаа хэлж, танайх хүнээ хайгаад олчих юм бол би гармаар байна гэж хэлсэн. Гэтэл хариуцагч хүн олоогүй. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3 сарын хугацаа дууссан. Манайх гарлаа, хүн ирж үзэх юм бол хоёр талаасаа ирж үзүүлье гэж хариуцагчтай тохиролцсон чинь 14 хоногийн дотор түрээс төлөхгүй суучих, тэр хугацаанд би дараагийн хүнээ олно гэж хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болоход би Б.Д танай хэлсэн 14 хоногийн хугацаа чинь боллоо гэхэд аан за ойлголоо, хүнээ олоогүй учраас хоёр талаасаа ярьж байгаад үзүүлж байя гэж надад хэлсэн. Дэлгүүрээ манайх ажиллуулахгүй хаагаад явсан. Түүнээс хойш манайх тэр дэлгүүрийг огт ажиллуулаагүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш ажилуулалгүй түгжээд явсан хойно хэд хэдэн хүмүүс ирж үзсэн. Гэвч хүмүүс дэлгүүрийг түрээслээгүй, 2024 оны 8 дугаар сараас манайхыг бараагаа ав гэж хэлж эхэлсэн. Манайх анх тухайн дэлгүүрийг түрээслэхдээ 60,000,000 гаруй төгрөгийн бараатай авч байсан. Өөрөөр хэлбэл өмнөх түрээслэж байсан хүмүүсээс үлдсэн бараа байсан гэсэн үг. Угаасаа найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа тэгж явагддаг. Өмнөх бараа түрээслүүлэгчийн барааг тоолж авч үлдээд ажлуулаад явдаг. 2024 оны 8 дугаар сараас эхлээд хариуцагч манайхыг бараагаа ав гэж хэлсэн. Үүнийхээ шалтгааныг хүмүүс бараагүй орно гэж тайлбарлаж байна гэж хэлсэн. 60,000,000 гаруй төгрөгийн барааг манайх аваад явахад хугацаа нь дуусна шүү дээ. Түгжсэн байх үед манай барааны хугацаа дуусч байсан тул манай барааны хугацаа дуусч байна гэж хариуцагчид хэлсэн. Гэтэл огт түрээслэгч олдоогүй. Тийм учраас манайх 60,000,000 гаруй төгрөгийн барааг авч явах боломжгүй учраас дараагийн түрээслэгчид өгөх талаар хэлж Б.Д дараагийн түрээслэгчээ ол гэж хэлсэн. Гэтэл тэр түрээслэгч нь огт олдоогүй. Хариуцагч 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дэлгүүр суллаарай гэхээр нь бүх бараагаа гэр рүүгээ ачаад явсан. Манай гэрээний 3 сарын хугацаа дуусахын өмнө манай тогийг тасалсан. Хөргөгч, хөлдөөгчид байгаа хамаг бараа гэсэх гээд байна гэж хэлсэн. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тог тасалсан. Өмнө нь хэд хэдэн удаа ус тасалсан. Яагаад ус, тог тасалсан бэ гэхэд ашиглалтын тооцоо гарсан байна, өмнөх түрээслэгч нарын үлдээсэн зардал гэж хэлсэн. 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Д 5,500,000 төгрөг түр зээлчих, СӨХ-ны зардлын мөнгө нэхэгдээд байна, танайх гарах болохоор манай талаас дараагийн түрээслэгчийг олоод 3 сарын мөнгийг нь аваад чамаас зээлсэн 5,500,000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Зээлдүүлэхгүй байя гэж бодсон боловч хөргөгчинд байсан бараа гэсэх гээд байсан учир зээлсэн. Анхнаасаа гэрээний 3 сарын хугацаа дуусаад гарна гэж ярьсан байсан. Урьдчилаад 3 сарын түрээсийн төлбөрийг өгсөн учраас түүнээс хойш ямар нэгэн түрээсийн төлбөр өгөөгүй. Манайхаас тог цахилгааны мөнгийг дэлгүүр сулласан үе хүртэлх хугацаагаар нэхсэн. Би анх түрээслэхдээ барьцааны мөнгө 3,000 ,000 төгрөг өгсөн түүнээс суутгаж ав гэж хэлсэн. Уг нь тог цахилгааны мөнгө 1,000,000 гаруй төгрөг байх ёстой. Тиймээс барьцааны мөнгөнөөс шингээгээд ав гэж хэлсэн. Одоо миний бие Б.Д зээлүүлсэн 5,500,000 төгрөгөө авмаар байна. Хариуцагчийг гар гэх хугацаанд нь манайх дэлгүүрийг ажлуулаагүй, түрээслэж суугаагүй учраас түрээсийн мөнгө төлөх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Д Хан-Уул дүүргийн , тоотод байрлах, бүрэн тохижуулсан, 7 нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн Н.Жд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн. Ингэхдээ эхний 3 сарын мөнгийг төлсөн. Дараа нь 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш нэхэмжлэгч тал огт мөнгө төлөөгүй. Бид нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй. Энэ хугацаанд гарсан бүх тог, цахилгааны төлбөрийг манайх хариуцаж үлдсэн. Тухайн үед Н.Жыг гараач гэж, 2024 оны 7 дугаар сард хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч 100,000,000 гаруй төгрөгийн бараатай учраас хаашаа явах юм бэ гээд байсан. Бид нар түрээслэх хүн явуулаад байсан. Зайсанд түгжрээтэй учраас өөрсдөө явах шаардлагагүй гэж бодож байсан. Гэтэл нэхэмжлэгч очсон хүмүүсийг энэ дэлгүүр өдөртөө 1,000,000 төгрөгийн л орлого ордог юм байна лээ гэж хэлээд явуулаад байсан байдаг. Бид нар 3 сарын хугацаатай гэрээ байгуулах байсан бол анхнаасаа гэрээ байгуулахгүй байсан. Яагаад гэвэл дэлгүүр тасралтгүй удаан хугацаагаар ажиллаж байж ашигтай байдаг юм байна лээ. Өмнө нь түрээслэж байсан хүмүүс өдөртөө 2,500,000-3,000,000 төгрөгийн ашиг олдог байсан гэж хэлсэн. Анх сарын 3,000,000 төгрөгийн түрээстэй буюу маш хямдхан үнээр түрээслэж байсан. Цоо шинэ байгуулагдсан, дотор талд нь бүрэн тохижсон дэлгүүр байсан ба 180 м.кв талбайг 3,000,000 төгрөгөөр л түрээсэлсэн. Нэхэмжлэгч тал гарна гэж хэлдэг боловч гар гэж хэлэхэд огт гардаггүй, ямар сайндаа хуульч авчирж учрыг нь тайлбарлаж хооронд нь яриулсан. Хоорондоо хэдэн төгрөгөөр тохиролцоод гаръя гэхэд тохирдоггүй байсан. Хэрвээ гарсан байсан бол тухайн үедээ тооцоог хийгээд асуудлыг шийдэх байсан. Бид нар бараагаа яах юм бэ гэж хэлдэг. Анх орохдоо нэхэмжлэгч уулзаж, зөндөө судлаад өмнөх ажиллуулж байсан хүмүүсээс 10,000,000 гаруй төгрөгийн бараа авч дэлгүүрт орж байсан. Гарахгүй байсан хугацаандаа ажлуулсан эсхүл ажлуулаагүй гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ ажлуулж байсан гэдэг юм байна лээ. Сүүлд намайг очиход дэлгүүрийг минь онгорхой хаясан байсан ба дотор нь бүх бараагаа онгорхой орхиж, 3 хоносон байсан. Сүүлдээ хэрхэн гаргах учраа олохоо байсан. Манайх авлагатай болохоос өглөг байхгүй. Тиймээс ямар ч мөнгө өгөхгүй. Түрээслүүлж байх хугацаанд О ХХК-иас ашиглалтын зардалд 5,548,000 төгрөг нэхэмжилж цахилгаан дулааны хязгаарлалт хийсэн тул 5,500,000 төгрөгийг иргэн Н.Жаас авч 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-д 5,548,000 төгрөгийг шилжүүлж цахилгаан дулааны хязгаарлалтаас чөлөөлүүлсэн. Шүүх хуралдаан болохоос өмнө тохирох талаар хэлсэн. Гэтэл тохирохгүй урдаас загнадаг байсан. Н.Жын Б.Д рүү шилжүүлсэн 5,500,000 төгрөг нь зээлүүлсэн мөнгө биш, сүүлийн саруудын түрээсийн мөнгө болон түүний ажиллуулж байх хугацааны ашиглалтын зардлын мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23/11 дүгээр түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, гүйлгээний баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 5,500,000 төгрөг хариуцагч руу шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчээс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23/11 дүгээр түрээсийн гэрээ, ашиглалтын зардлын тооцооны акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Н.Жын нэхэмжлэлтэй Б.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

2.Нэхэмжлэгч Н.Ж дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Д 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр надаас 5,500,000 төгрөг зээлүүлээч гэж хүссэн. Учир нь СӨХ-ноос нэхсэн төлбөрийг төлөх гэсэн юм, дараагийн түрээслэгчээ хайж байгаа, түрээслэгчээ олчихвол /дараагийн түрээслэгч олох хугацаа нь 6 дугаар сарын 25-ны өдөр/ түрээсийн төлбөрөө аваад буцаагаад өгье гэхэд нь итгэж 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө өгөхийг шаардахад янз бүрийн тайлбар хэлж одоог хүртэл өгөхгүй байх тул Б.Дөөс 5,500,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ... 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Д Хан-Уул дүүргийн , , тоотод байрлах, бүрэн тохижуулсан, 7 нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн Н.Жд түрээсийн гэрээгээр нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн. 4 сарын дундуур архины зөвшөөрөл гарна тэгэхээр орлого нэмэгдэнэ гэж хэлсэн. Тэгэхээр дараагийн хүнээ олохоор манайхаас гарна гэж хэлсэн. 6 дугаар сарын 25-нд ярихад 14 хоног суучихъя гэж хэлж, 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш дэлгүүрээ ажлуулаагүй. 60.0 гаруй сая төгрөгийн бараа байсан ба бараагаа аваагүй, бараагаа аваад яв гэхэд дараагийн хүнийг олооч гэж хэлсэн. Түрээслүүлж байх хугацаанд О ХХК-иас ашиглалтын зардалд 5,548,000 төгрөг нэхэмжилж цахилгаан дулааны хязгаарлалт хийсэн тул 5,500,000 төгрөгийг иргэн Н.Жаас авч, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-д 5,548,000 төгрөгийг шилжүүлж цахилгаан дулааны хязгаарлалтаас чөлөөлүүлсэн. Н.Жын Б.Д рүү шилжүүлсэн 5,500,000 төгрөг нь зээлүүлсэн мөнгө биш, сүүлийн саруудын түрээсийн мөнгө болон түүний ажиллууулж байх хугацааны ашиглалтын зардалд төлсөн мөнгө юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Нэхэмжлэгч Н.Ж, Б.Д СӨХ-ноос нэхсэн төлбөрийг төлөх гэсэн юм мөнгө зээлүүлээч гэж хүсэлт гаргасны дагуу Б.Д 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5,500,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаж Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлжээ. /х.х дугаар тал/

 

6.Уг гүйлгээний баримтад Н.Жын 800042747 тоот данснаас Б.Дий 2611201190 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэв гэх гүйлгээний утгаар 5,500,000 төгрөг шилжиж орсон байна.

 

7.Хариуцагч Б.Дий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б Н.Жын данснаас тухайн өдөр Б.Дий данс руу 5,500,000 төгрөг шилжиж орсонд маргахгүй, харин уг мөнгийг зээлж аваагүй, Н.Ж, Б.Д нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу Н.Ж 3 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөөгүй байсан тул тухайн төлбөрт шилжүүлсэн мөнгө гэж тайлбарласан.

 

8.Хэрэгт түрээсийн гэрээ авагдсан байх ба тус гэрээгээр ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Д Хан-Уул дүүргийн , , тоотод байрлах, бүрэн тохижуулсан 7 нэрийн хүнсний дэлгүүрийг иргэн Н.Жд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай түрээслүүлжээ.

 

9.Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд талууд дээрх түрээсийн гэрээний төлбөр, ашиглалтын зардал болон тухайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэх, гарах эсэх асуудлаар маргаантай байсан талаар тайлбарлаж байх бөгөөд Н.Жыг түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзвэл тухайн асуудлаар ХХК тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

 

10.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

11.Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан ба Н.Ж 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Дий хүсэлтээр 5,500,000 төгрөгийг зээлүүлсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Жыг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

12.Иймд хариуцагч Б.Дөөс 5,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Жд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Дөөс 5,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Дөөс 102,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Жд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН