2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03483

 

 

 

 

 

 

                                                         2025             04            29  

                                       192/ШШ2025/03483

              

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нөхөр бид хоёр 2023 онд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Голомт банк ХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед Голомт банк ХК-иар дамжуулан Н ХХК-тай Авто тээврийн хэрэгслийн даатгалын ....дугаартай гэрээг байгуулан гэрээнд заасан хураамжийг төлсөн. Улмаар бид гэр бүлийн хамт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ... чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж яваад тус замын 136 дахь километрт ... дугаартай Lexus 570 маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осолд орж, миний нөхөр Б.М-ны амь нас эрсдэж, даатгалын гэрээний 4.3.1, 4.3.3-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдсэний дараа даатгалын тохиолдол үүссэн тул гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар Н ХХК..-д хандсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж жолооч хурд хэтрүүлсэн гэх гэрээний гэрээний заалтад хамруулан нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй татгалзсан тул хууль заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандан хариу авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Даатгалын гэрээнд хурд хэтрүүлсэн тухай ойлголтыг тусгайлан, тодотгож заагаагүй тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан агуулгаар хурд хэтрүүлсэн гэх ойлголтыг ойлгох нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа ба харин шүүх гэм буруутайд тооцохдоо хурд хэтрүүлсэн биш, хурдыг тохируулан сонгож явна гэх заалт, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн ерөнхий заалтыг баримталсан. Харин хурд хэтрүүлэх тухай ойлголт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12,5, 12,6-д тус тус заасныг ойлгохоор байна. Мөн даатгалын гэрээнд хурд хэтрүүлсэн гэх ойлголтыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль аль заалтыг зөрчсөнийг ойлгох талаар тусгаагүй ба ерөнхий заалт агуулгаар тусгаж, түүнийгээ өөрт ашигтай, үйлчлүүлэгчид ашиггүй байдлаар тайлбарлан хэрэглэж байгаа нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулах, Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Н ХХК..-иас даатгалын нөхөн төлбөр 284,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч  хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Т.. нь тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Н ХХК..-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О... миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.М..нь хариуцагч Н ХХК..-тай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ... дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, гэрээний дагуу ... маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан бөгөөд даатгуулагчийн эхнэр Д.Т.. буюу нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ... чиглэлийн хатуу авто замын 136 дахь километрт тус автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж, даатгалын зүйлд хохирол учирсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Даатгалын гэрээнд хурд хэтрүүлсэн тухай ойлголтыг тусгайлан, тодотгож заагаагүй тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан агуулгаар хурд хэтрүүлсэн гэх ойлголтыг ойлгох нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа ба харин шүүх гэм буруутайд тооцохдоо хурд хэтрүүлсэн биш, хурдыг тохируулан сонгож явна гэх заалт, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн ерөнхий заалтыг баримталсан. Харин хурд хэтрүүлэх тухай ойлголт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 12.5, 12.6-д тус тус заасныг ойлгохоор байна...” гэжээ. Харин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр бүлэг, тээврийн хэрэгслийн хурд хэсэгт заасан бүхий л нөхцлүүдийг аливаа байдлаар зөрчсөн нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэнд тооцогдох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй хурдны хязгаар буюу тус дүрмийн 12.4, 12.5, 12.6-д заасан хурдны хязгаар нь зөвхөн тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин хэвийн нөхцөлд баримтлах хурдны хязгаар бөгөөд дурдсан нөхцөлүүд болон замын хөдөлгөөний дүрэмд заасан бусад нөхцөлүүд хэвийн бус байгаа нөхцөлд дүрмийн 12.1-т заасныг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл жолооч нь дээрх заалтыг зөрчсөн байна.  Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.Т..ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг тус тус зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн даатгуулагч Б.М...ы амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн. Энэ нь даатгуулагчтай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийн 7.6-т “жолооч хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, урсгал сөрсний улмаас үүссэн хохирол” гэж заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд дурдсанаар нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан байх тул нэхэмжлэгчийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь заалтыг зөрчиж, хурд хэтрүүлсэн болохыг дахин нотлох шаардлагагүй. Түүнчлэн манай байгууллагаас даатгалын гэрээг нэхэмжлэгчтэй бус түүний нөхөр болох Б.М-тай байгуулсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Т.. нь даатгалын гэрээний тал биш байх тул даатгалын гэрээний үүргийг Н ХХК..-иас шаардах эрхгүй этгээд байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн .... дугаар албан бичиг, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, А. ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээ, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, барьцааны гэрээ, зээлийн гэрээ, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, итгэмжлэл тус тус шүүхэд гаргаж өгсөн.

       ҮНДЭСЛЭХ нь:

         4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

         5. Нэхэмжлэгч Д.Т.. нь даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, жолооч хурд хэтрүүлсэн тул даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй, нэхэмжлэгч даатгалын гэрээний тал биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

         6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Б.Мөнхчулуун нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...арлын дугаартай, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг Н ХХК..-тай байгуулжээ. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар зохигч маргаагүй болно.

         Гэрээнд даатгалын үнэлгээг 375,000,000 төгрөгөөр тооцсон бөгөөд гэрээний 2.1-д зааснаар 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэрээ хүчинтэй байжээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Д.Т.. нь Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 136 дахь километрт 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 18 минутын орчимд .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ..жолоочтой ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч ... амь нас нь хохирч, зорчигч ... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 104,625,000 төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

Энэхүү ослын улмаас учирсан ... маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг ... ХХК 284,270,000 төгрөгөөр үнэлжээ.

Б.М болон Тогосоо овогт Д.Т нарын гэрлэлтийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М.Б төржээ.

Б.М 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.

7. Б.М нь даатгалын хураамж болох 3,750,000 төгрөгийг төлж, хариуцагч нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 375,000,000 төгрөгийн хэмжээнд даатгахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан даатгалын гэрээ байгуулагджээ.

Энэхүү тохиролцоог талууд бичгээр баталгаажуулан 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирол буюу эсхүл гэрээгээр тохирсон нөхөн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд даатгагч нь даатгуулагчийг хамгаалалтдаа авах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүрэгтэй.  

Даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэх ба даатгалын гэрээний хамгаалалт нь даатгалын тохиолдол бий болсон үед хэрэгжинэ.

8. Даатгалын гэрээний 7.6-д жолооч хурд хэтрүүлсэн бол даатгалд хамрагдахгүй гэсэн боловч нэхэмжлэгчийг хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Д.Т..ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /цаашид ЗХД/ 12.1,12.3-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцсоноос бус мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” заасныг зөрчсөнийг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн гэж торгоогүй, шийтгэл ногдуулаагүй байхад хурд хэтрүүлсэн гэж үзэхгүйгээс гадна МУ-ын ЗХД-ийн 12.1 дэх хэсэгт жолооч аюулгүй хурд сонгох тухай зохицуулжээ.

Иймээс жолооч хурд хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй тул Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 136 дахь километрт 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 18 минутын орчимд даатгалын гэрээний 3.1-д заасан ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөн гэрээний 4.3.3-д “онхолдох” эрсдэл учирчээ.

9. Энэхүү ослын улмаас .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг А  ХХК 284,270,000 төгрөгөөр үнэлсний хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Гэхдээ даатгалын гэрээний 6.6-д “ЗХД-ийн ...12.3 зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50 хүртэл хувиар хязгаарлаж болно.”, 6.12-т “даатгуулагчийн буруугаас үүдэн тохиолдол үүссэн бол даатгуулагчийн хариуцах хэсэг нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 10 хувьтай тэнцүү байна.” тус тус зааснаар даатгуулагчийн хариуцах хэсэг 28,427,000 төгрөгийг учирсан эрдэл болох 284,270,000 төгрөгөөс хасаж, үлдэх 255,843,000 төгрөгийг 50 хувиар хязгаарлавал 127,921,500 төгрөг болно.

Иймээс хариуцагч Н ХХК..-иас даатгалын нөхөн төлбөрт 127,921,500 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Түүнчлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” зааснаар нас барагчийн эхнэр Д.Т..т даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрх үүсжээ.

Өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлөгч нарын бүртгэлтэй холбоотой баримт болохоос өв хүлээн авсныг тогтоосон баримт биш тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,579,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК..-иас 797,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК..-иас 127,921,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т..т олгож, үлдэх 156,348,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,579,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК..-иас 797,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т..т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ