2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03482

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... байрлах, А ХХК..-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт байрлах, Н ХХК..,

Хариуцагч .. Г ХХК нарт холбогдох,

Гэрээний үүрэгт Н ХХК..-иас 25,833,995 төгрөг, Г ХХК-иас 21,791,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А , түүний өмгөөлөгч Г.О, хариуцагч Н ХХК..-ийн гүйцэтгэх захирал Б.Н., хариуцагч Г ХХК...-ийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай А ХХК.. нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н ХХК.. болон тус компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Г ХХК-тай худалдааны гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н ХХК..-тай худалдааны гэрээг мөн адил 2 жилийн хугацаатайгаар бараа бүтээгдэхүүн зээлээр өгч, төлбөр төлөх нөхцөлтэйгөөр байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай компаний зүгээс гэрээний дагуу нийт 50,000,000 төгрөгийн бараа зээлээр нийлүүлсэн ба үүнээс 8,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөж, 7,700,000 төгрөгийн бартерын бараа бүтээгдэхүүн нийлүүлж 34,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд бид уг төлбөрийн үлдэгдлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагч байгууллагад удаа дараа хандаж мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Иймд худалдааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу Н ХХК..-иас 18,889,330 төгрөг гэрээний дагуу алданги 9,444,665 төгрөг нийт 28,333,995 төгрөг, Г ХХК...-иас гэрээний үүргийн үндсэн төлбөрт 15,410,670 төгрөг гэрээний дагуу алданги 7,705,335 төгрөг нийт 23,116,005 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Н ХХК..-иас алдангийн 9,444,665 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн алдангаас нь татгалзаж байна. Г ХХК...-иас үндсэн төлбөр 15,410,670 төгрөгөөс 883,260 төгрөг, алдангийн 7,705,335 төгрөгөөс 441,630 төгрөгийн алдангаас тус тус татгалзаж байгаа болно” гэжээ.

2. Хариуцагч Н ХХК.. хариу тайлбартаа: “Н ХХК..-ийн гүйцэтгэх захирал миний бие нь А ХХК..-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг шаардсан үүнд тийм тооцоо нийлсэн акт байхгүй болно. Б.Н миний бие 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 сар хүртэл Монгол улсад байгаагүй болно. Филиппин улсад сурч байсан бөгөөд 12 сард БНСУ-д амьдарч байсан. Гадаад пасппортаар баталгаажина. Н ХХК.. нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан болно. Н ХХК.. нь тэнгис “Амттай” солонгос хоолны рестораныг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А ХХК..-иас бараа татан авч эхлэхдээ 13,141,380 төгрөг шилжүүлсэн болно. Энэ дүнг дараа дараагийн тооцооноос суутгаагүй тухайн үедээ авсан барааны тооцоог Голомт банкны байгуулгын данснаас шилжүүлж байсан. Дансны хуулгаар нотлогдоно.” гэж маргажээ.

3. Хариуцагч Г ХХК... хариу тайлбартаа: “Г ХХК... нь 2015 оноос 2022 он хүртэлх борлуулалтыг А ХХК..-д хийж, их хугацаанд хамтарч ажилласан. Г ХХК...-иас 14,410,000 төгрөг буюу одоо багасгасан нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч бид нэхэмжлэгч компанид өгсөн бартерын барааг тооцвол бид авлагатай байгаа.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Г ХХК...-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн худалдааны гэрээ, Н ХХК..-тай 2020 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн худалдааны гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Н ХХК..-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн Г ХХК...-ийн тооцооны үлдэгдлийн баталгаанууд, А ХХК..-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан мэдэгдэл, зарлагын падаан, хариуцагч Г ХХК...-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, батламж,  хариуцагч Н ХХК..-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК..-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн худалдааны гэрээ, Б.Н...н Голомт банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нараас нотлох баримт гаргуулах, үзлэг хийхээр болсон боловч нэхэмжлэгч хүсэлтүүдэд заагдсан ажиллагаа хийгдэхээс татгалзсан болно.

       ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт Н ХХК..-иас 18,889,330 төгрөг, алданги 6,944,665 төгрөг, нийт 25,833,995 төгрөг, Г ХХК...-иас 14,527,410 төгрөг, алданги 7,264,335 төгрөг, нийт 21,791,745 төгрөг  тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Н ХХК.. тооцоо нийлэхэд тусдаа үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан учир хариуцахгүй гэсэн бол хариуцагч Г ХХК... нэхэмжлэгчээс авлагатай, 16,500,000 төгрөгийн эд зүйл өгсөн гэж маргажээ.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А ХХК.. нь хариуцагч Н ХХК.., Г ХХК... нартай мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь Г ХХК...-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн худалдааны гэрээ, Н ХХК..-тай 2020 оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн худалдааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Талууд гэрээний төлбөрийг тооцоо нийлэн баталгаажуулсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Н ХХК.. 18,889,330 төгрөгийн, Г ХХК... 22,227,410 төгрөгийн өглөгтэй байсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Н ХХК..-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн Г ХХК...-ийн тооцооны үлдэгдлийн баталгаанууд, зарлагын падаанаар тогтоогджээ. Хариуцагч Г ХХК...-ийн төлөөлөгчийн зүгээс тооцооны үлдэгдлийн баталгаанд Б.Н төлөөлөн гарын үсэг зурсан болон баталгаажуулсан 22,227,410 төгрөгийн тооцоололтой холбоотой маргахгүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Н ХХК.. нь үйл ажиллагаа явуулаагүй, тооцоо нийлсэн баримтад анхааралгүй гарын үсэг зурсан, шалтгаангүй 13,141,380 төгрөг шилжүүлсэн гэснээ, хариуцагч Г ХХК... нь нэхэмжлэгчээс 2,110,000 төгрөгийн авлагатай, төлбөрт шилжүүлсэн бараа бүтээгдэхүүн 16,500,000 төгрөгийн өртөгтэй гэсэн татгалзлаа тус тус баримтаар нотлоогүй байна.

9. Талууд мах, махан бүтээгдэхүүн дараа төлөх нөхцөлөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хариуцагч нарт шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар бүтээгдэхүүний доголдолтой холбоотой тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Талууд гэрээний төлбөрийг тооцоо нийлэн баталгаажуулахдаа 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Н ХХК.. 18,889,330 төгрөгийн, Г ХХК... 22,227,410 төгрөгийн өглөгтэй гэсэн бөгөөд Г ХХК...-аас төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг 7,700,000 төгрөгөөр тооцсоныг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Дээрх тооцооллыг нэхэмжлэгч зарлагын падаанаар давхар баталгаажуулсан бөгөөд талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн хариуцагч Н ХХК..-ийн гүйцэтгэх захирал Б.Намнандоржийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13,114,380 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч тооцоололдоо оруулсан гэсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн тул хариуцагч байгууллага өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгосон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт Н ХХК..-иас 18,889,330 төгрөг, хариуцагч Г ХХК...-иас 15,527,410 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.

10. Харин талууд худалдааны гэрээний 5.2-т “Борлуулагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд нийлүүлэгч тал бараа нийлүүлэлтийг зогсоох, төлбөрийг алдангийн хамт төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэхгүй болжээ.

Өөрөөр хэлбэл алдангийн хэмжээг гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрх үүсээгүй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК..-иас 252,397 төгрөг, хариуцагч Г ХХК...-иас 230,587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК..-иас 18,889,330 төгрөг, Г ХХК...-иас 14,527,410 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК..-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК.. нь Н ХХК..-д холбогдох 2,500,000 төгрөг, Г ХХК...-д холбогдох 1,324,890 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК..-иас 252,397 төгрөг, хариуцагч Г ХХК...-иас 230,587 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ