Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн

Шүүгдэгч З.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 201 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З.Т

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч З.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.А-гийн 1 тооны үхрийг хулгайлж 650,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч З.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 01 сарын 13-ны өдөр А-гийн үхэрнээс 1 тооны үхэр тууж гэрийнхээ гадаа авчирч ганцаараа янзалсан. Тухайн үед ээж,аав сумын төв явсан байсан. Малаа хийгээд 14-нд хил яваад эргэж ирсэн. Тэгээд Хатанбулаг суманд ирээд цагдаад баригдсан. Үхрийн мах 54 кг болсон, 4000 төгрөгөөр зарсан. 216000 төгрөгөөр мотоцикльдоо бензин хийсэн, мөн Сайншанд ирэх замын зардал бусад зүйлд зарцуулсан.Тухайн үед унаж явсан мотоциклийг БНХАУ-аас худалдан авсан байсан,миний эзэмшлийнх. Би гэм буруугаа хүлээж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 14-ний өдөр үхэрнүүдээ харахад манай улаан хүрэн зүсмийн зөв чих дээд талаасаа ухам чихлээстэй шүдлэн үхэр алга болсон байсан. Би үхэр байсан газраас мөр харахад мотоцикльтой хүн ирээд тууж явсан мөр байсан би тухайн мөрийг дагаж явахад 5 орчим км яваад Хатанбулаг сумын 2-р багийн малчин З гэх айлын бууцан дээр очсон байсан. Тэгээд би сумын цагдаад мэдэгдээд Зынд очиход унаж байсан мотоциклийн дугуйн мөр нь манай үхрийн бэлчээрт очсон мотоциклийн мөртэй таарч байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

       Хөрөнгө эстимэйт ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06/01 дугаартай: "... Шүдлэн эр үхэр 1 ширхэг 650,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 14-ний өдөр Т нь манайд орж ирээд хөдөө явсан. Т махтай ирээд замдаа ... хүнд махаа зарчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Гэрч Д.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Т надад хэлэхдээ Х гэх залуугийн үхрийг ганцаараа хулгайлсан гээд байгаа, ганцаараа дээрх улаан ухаа үхрийг хийсэн гэсэн... Уг үхрийн арьсыг манай хөдөө гэрээс зүүн хойд талд байдаг жалганд авч очиод хаясан байсан уг арьсыг би болон манай хүү З хохирогч Х цагдаагийн хамт очиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  З.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.А 1 тооны үхрийг хулгайлж 650,000 төгрөгний хохирол учруулсан байна.

 

Энэ нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 01 сарын 14-ний өдөр үхэрнүүдээ харахад манай улаан хүрэн зүсмийн зөв чих дээд талаасаа ухам чихлээстэй шүдлэн үхэр алга болсон байсан. Би үхэр байсан газраас мөр харахад мотоцикльтой хүн ирээд тууж явсан мөр байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 сарын 14-ний өдөр Т нь манайд орж ирээд хөдөө явсан. Т махтай ирээд замдаа ... хүнд махаа зарчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.З мөрдөн шалгах ажиллаганд өгсөн “... Уг үхрийн арьсыг манай хөдөө гэрээс зүүн хойд талд байдаг жалганд аваачаад хаясан байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч З.Т нь иргэн Б.А өмчлөлд байсан малыг хувийн ашиг олох шунахай зорилгоор түүний эзэмшлээс  нууцаар авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч З.Т-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримтууд нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд  хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй ба харин шүүгдэгч З.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй,  бусдад төлөх төлбөргүй учир 216000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.

 

Шүүгдэгч З .Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “.:. уг үхрийн мах 54 кг болсон, 4000 төгрөгөөр зарсан. 216000 төгрөгөөр мотоцикльдоо бензин хийсэн, мөн Сайншанд ирэх замын зардал бусад зүйлд зарцуулсан “гэсэн мэдүүлгээс шүүгдэгч З.Т-ыг  гэмт хэрэг үйлдэж 216000 төгрөгийн  орлого олсон гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулахаар заажээ.

 

             “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэжээ.

           

 Шүүгдэгч З.Т-ын  гэмт хэрэг үйлдэх замаар олсон 216000 төгрөгийн орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикль зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч З.Т-аас 216000 төгрөг болон З.Т-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг /Дорноговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/ хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Т-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 64 дүгээр талд хохирогч Б.А нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй төлж барагдуулсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдан ирээгүй  болохыг тус тус  дурдав.

 

            Шүүгдэгч З.Т-ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлин 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т зааснаар шүүгдэгч З.Таас гэмт хэрэг үйлдэж олсон 216000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклыг /Дорноговь аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа/ хураан авч төсвийн орлого болгосугай.

6.Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН