Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ0/28

 

 

 

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор ;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын  өмгөөлөгч  ын гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2314000000233  дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт ******* ******* Монгол Улсын иргэн, ......... тоотод оршин суух хаягтай  регистрийн дугаар:*******;

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн № 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлсөн,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2-д зааснаар 2 сарын хугацаагаар сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №85 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоож шийдвэрлэж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...................... тоот хашааны гадна архидан согтуурч байх үедээ амь хохирогч *******г зодсоны улмаас цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр, зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10,11,12 дугаар хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлий ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралт, зүүн хацар, чихний цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зүүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, сарвуу эрхийн хурууны зулгаралт гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 145 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, иргэний нэхэмжлэгч  Эрүүл мэндийн даатгалын санд  1,548,000 төгрөгийг *******аас гаргуулж олгохоор, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, түүний эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч яллагдагч *******ын хувьд хэргийн зүйлчлэлийг  хүлээн зөвшөөрдөг бөгөөд ямар нэгэн маргаан гараагүй.Харин хувийн байдлын хувьд 2008 онд цэрэгт явж бусдад зодуулсны улмаас түүнээс хойш сэтгэцийн F-25 шизоафектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байсан байна. Тэрээр тус сэтгэцийн эмгэгийн хувьд өвчний түүх амбулаториор эмчлүүлэгчийн картад дурдсанаар  хийх харж ярина, ганцаараа инээх, гэнэт огцом уурлах гэх мэтчилэн эмгэгийг 16 орчих жилийн хугацаанд гаргаж ирсэн гэдэг.Түүнчлэн 2022 оны 12 дугаар сард түүний сэтгэцэд хийж байсан шинжилгээгээр өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлах чадваргүй бөгөөд хэрэг хариуцах чадваргүй талаар дүгнэлт Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарж байжээ.Гэтэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу дээрх дүгнэлтээс жил хүрэхгүй хугацааны дараа /9 сарын дараа/ 21 дугаар дүгнэлт гаргахдаа түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн нь байсан.*******ын сэтгэцийн эмгэг 16-17 орчим жил буюу маш удаан хугацаанд үргэлжилсэн. Дээрх хугацаанд илаарьших боломжгүйгээс гадна одоо ч тус өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтай группэд байдаг байна.Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн 1,548,000 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмгөөлөгчтэйгөө адил саналтай байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч *******д холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 1 тоот хашааны гадаа *******г зодож, хүнийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд талийгаач н. болон ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд амь хохирогчийг олон удаа цохиж зодож түүний биед гэмтэл учруулж алсан үйл явдал тогтоогддог. Мөн шүүгдэгчийн хувьд урьд өмнө нь 2 удаа ял шийтгүүлж, цохих хариуцлага хүлээж байсан хэдий ч хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж байна гэх дүгнэлтэд хүрсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулж болох ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч аас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны 1 тоот хашааны гадна  амь хохирогч *******г зодож, цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр, зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10,11,12 дугаар хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлий ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралт, зүүн хацар, чихний цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зүүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, сарвуу эрхийн хурууны зулгаралт гэмтэл учруулж хүнийг санаатай алсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн  “... нь манай аав байгаа юм. Би сэтгэл санааны хохирол гэж тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна...”(1хх 75);

гэрч *******ын “...Тэр үед би дэлгүүртээ худалдагчаар ажиллаж байсан. Тэр хоёр хүн орж ирээд Елекс нэртэй 0.5 граммын хэмжээтэй нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад гарсан. Тэр хоёр хүн дэлгүүрт байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдаагүй(1хх 87);

гэрч *******ын“...Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед би ажлаасаа тараад Баянхонгор сумын 2 дугаар баг 38 дугаар гудамжны 01 тоотод байдаг гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал хашааны гадна хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь  гэрээсээ гараад хашааны завсраар хартал хашааны гадна танихгүй 2 хүн байсан, нэг нь газарт уначихсан хэвтчихсэн байдалтай, нэг нь газарт унасан хүний дээр нь суучихсан байдалтай байсан. Би чамайг босохгүй бол мөнхийн зул үзүүлнэ шүү гэж хэлж байсан. Толгой хэсэг рүү нь гараараа алгадаж байгаа байдалтай харагдсан. Би гэр лүүгээ ороод гар утсаа аваад өөрийнхөө дугаараас цагдаа дуудаж дуудлага өгсөн. Тэгээд эргээд гараад дахиад хашааны завсраар хартал түрүүнийхээ байдалтай нэг нь газарт хэвтсэн байдалтай нэг нь дээр нь суусан байдалтай байсан. Дээр байсан хүн нь доор байсан хүнийг хоолойноос нь гараараа боож байсан, дахиад толгой хэсэг рүү нь алгадаж байсан. Тэгээд алгадчихаад дээр нь байсан хүн нь газарт байсан хүнийг цамцнаас нь гараараа бариад доошоо газарт чирээд явсан чирээд явж байх үед нь цагдаа ирсэн...”(1хх 77-79);

гэрч ийн “... дуудлагын дагуу бид хоёр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 38 дугаар гудамжны зүүн талын үзүүрт очиход нэг эрэгтэй хөгшин хүн газар шороон дээр хэвтэж байсан, хажууд нь нэг эрэгтэй хүн сууж байсан, очоод юу болсон талаар асуухад хажууд нь сууж байсан хүн нь “маргааш бид хоёр гэр буулгаж янзлах гээд нэг шил архи хувааж уусан” гэж хэлсэн. Би “та хоёр зодоон цохион хийсэн үү” гэж асуухад тийм юм байхгүй, энэ хүн архи уугаад өөрөө явж чадахгүй болохоор нь би гэрт нь оруулах гээд аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд хэвтэж байгаа хүнийг нь харсан чинь зүүн талынх нь шанаа нь хавдсан , амнаас нь хөөс, шүлс гарсан байсан. Нэгдсэн эмнэлгийн 103 дугаарын утас руу ярьж дуудлага өгөөд  эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд аваад явсан. Тэгээд би нөгөө хажууд нь сууж байсан хүнийг нь Цагдаагийн газар дээр авчирч мөрдөгч, цагдаагийн дэслэгч д хүлээлгэн өгсөн. Тэр үед бид хоёрт энгэрийн камер байгаагүй тул би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн...”(1хх 83);

гэрч гийн “...би томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цагдаагийн газрын жижүүрээс өгч, уг газарт очиход нэг эрэгтэй хүн, нэг эрэгтэй хүнийг дээрээс доош нь чирч байсан. Тэгээд очоод шууд салгаад хэвтчихсэн байсан хүнээс нь нэр, хаана байдгийг нь асуусан чинь ямар ч ухаангүй, юм хариулахгүй байсан. Тэгээд хүзүүн дээр нь дараад үзсэн чинь судас нь цохилж байгаа нь заримдаа сайн мэдэгдэхгүй байхаар нь 103 дуудаж, түргэн тусламжийн машин ирэхээр нь уг хүнийг эмчид нь хүлээлгэн өгч явуулсан. Тэгээд уг чирч байсан хүнийг нь Цагдаагийн газар дээр авчирч мөрдөгч, цагдаагийн дэслэгч д хүлээлгэн өгсөн. Намайг очиход машины гэрэлд тэр хүн нь газар хэвтэж байгаа хүнийхээ нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон, тэгээд машин хажууд нь очих хооронд босоод чирч байхад нь  бид очсон..”(1хх 85);

гэрч ын “... Цагдаагийн алба хаагчаас ирүүлсэн сэтгэцийн өвчтэй хүнд хүн зодуулсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу Баянхонгор сумын 2 дугаар багийн 38 дугаар гудамжны үзүүр дээр очиход уг зодуулсан гэсэн хүн нь ухамсарт ухаангүй дуудахад ямар нэгэн хариу хэлэхгүй, команд биелүүлэхгүй, ухамсарт ухаан байхгүй байсан. Тэгээд уг хүний биед үзлэг хийхэд уг хүн нь осголтын байдалтай, гар хөл нь маш хүйтэн, захад судас олдох боломжгүй, даралт хэмжигдэхгүй, амин үзүүлэлт тогтворгүй, артерийн даралт хэмжигдэхгүй, пүльс сатураци нь хэмжигдэхгүй байсан. Тэгээд чагнаж үзэхэд зүрхний авиа маш бүдэг, цохилтын тоо маш цөөхөн сонсогдож байсан. Тэгээд судас олдохгүй байсан тул шууд тээвэрлэж аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт авчирч өрөөнд оруулаад хувцсыг нь тайлаад зүрхийг нь чагнахад зүрхний цохилт нь орж гараад байсан тул амилуулах тусламж үзүүлж, цээж шахалт хийж, адреналиныг судсаар хийсэн боловч тухайн хүн сэхээн амьдруулалт аваагүй амьсгал зүрх судас зогссон.Намайг дуудлагын дагуу очиход тэр хүн газарт хэвтэж байсан, зодсон гэх хүнийг нь цагдаа барьчихсан байсан, тэр зодсон гэх хүнээс нь би “яагаад зодсон юм бэ” гэж асуусан чинь тэр зодсон хүн “бид хоёр 2 шил архи хувааж уусан, тэгээд ахиад архинд яваад муудалцсан, тэрнээсээ болоод зодсон” гэж хэлсэн, би зодсоноо өөрөө ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэр нас барсан хүний биеийн зүүн талын шанаа хавдсан, хүрэнтэж хөхөрсөн байсан, хэвлийн үзлэг хийхэд зүүн хэвлийн дунд хэсэгт хөхөрсөн байсан, баруун хавирганы хэсэг, хөхний доод талд эмзэглэлтэй, хавирга гэмтсэн байх магадлалтай, ар нуруу хэсгээрээ хөхөрсөн байсан. Талийгаач нь надад ямар нэгэн зүйл хэлээгүй, ухаангүй байсаар байгаад л нас барсан. Анх очиход тэр хүн бага зэргийн ёолоод байсан өөр ямар нэгэн юм хэлээгүй...” гэх гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг...”(1хх 87);

гэрч ын “..Тэр орой 103-ийн жолооч орж ирээд “архины хордлоготой хүн авчирлаа, гадаа гараад үзээдхээч” гэхээр нь гараад машин дотор нь орж уг хүнийг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, захад пүльсгүй, өөрийн амьсгалгүй, осголтын байдалтай хүн байсан. Тэгээд уг хүнийг жолоочийн хамт дамнуургатай нь өргөж эмнэлэгт оруулаад амин үзүүлэлтийг нь үзэхэд ерөөсөө хэмжигдэхгүй байсан. Тэгээд бүх хувцсыг нь тайлж цээж шахалт хийж судсаар адреналин тарьсан. Тэгээд эрчимт эмчилгээний эмч Гэрэлмаа эмчийг дуудаж, ирж үзээд уг хүнийг нас барсан байна...”(1хх 94);

гэрч ын “... бид нарыг тухайн газарт очиход нэг хүн газарт хэвтчихсэн, нэг эрэгтэй хүн хажууд нь хэвтэж байсан. Тэгээд бид нар тэр хэвтэж байсан хүнийг нь шалгахад жаахан ёолоод байсан тул 103 дуудсан. Хажууд нь байсан эрэгтэй хүн нь нэг шил архи барьчихсан зогсож байсан. Тэр эрэгтэй хүн нь “энэ хүнийг гэр лүү нь авч явах гээд чирээд байсан юм” гэж хэлж байсан надад өөр юм хэлээгүй. Тэр газарт тэр хоёроос өөр хүн байгаагүй...” (1хх 99);

иргэний нэхэмжлэгч ын “...Амь хохирогч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.548.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба одоогоор энэ мөнгө төлөгдөөгүй байгаа тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” (1хх 60); 

*******ын яллагдагчаар “...Би гэртээ очоод галаа түлээд байж байсан чинь ******* ах манайд ирсэн. Та яагаад хүрээд ирэв гэсэн чинь 2 рунк архи уучихмаар байна, нохойд уруулсан хөл чинь зүгээр үү” гэсэн. Тэгээд би Елекс нэртэй 0.75 граммтай архи гаргаад бид хоёр хувааж уусан. Тэгээд архи ууж дуусгачхаад дахиж архи авахаар ах бид 2 хамт “Хонгор хайрхан” дэлгүүр дээр очоод карт уншуулаад Елекс нэртэй 0.75 граммтай архи, нэг тамхи авсан. Тэгээд гараад явж байхад ах “би харилаа, харилаа “гээд өөрийнхөө гудамжнаас хойшоо явах гээд байхаар нь би татаад “нааш ир, эсвэл манайд очъё эсвэл танайд очъё” гээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Намайг цохиж зоддог. Талийгаач нь гудамжнаас хойшоо хэтрээд явчихсан байсан болохоор гудамж руу нь оруулах гээд хойноос нь урагш чирсэн. Би дээр нь суугаагүй, цохиж зодоогүй, хажууд нь сууж байсан. Бид хоёр ерөөсөө хэрэлдэж маргалддаггүй гэсэн мэдүүлгүүд (1хх 224-226);

 Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар “…талийгаач *******гийн цогцост  хийсэн шүүх эмнэлгийн цээжний хэнхэрцэг баруун 4, 5, 6, 7, 8, 9 зүүн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, сэмж, чацархай, хэвлийн ар гялтангийн цус хуралт, хэвлийн хөндийн сул шингэн цус хуралдалт /1700гр/, зүүн хацар, чихний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, баруун чамархайн булчин, баруун бугалга, сарвуу, шилбэ, зүүн шилбэ, хэвлийн цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, эрүү, нуруу, зүүн сарвуу, эрхий хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно.Талийгаач ******* нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.Талийгаач ******* нь цөсний чулуу архаг хууч өвчтэй ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.Талийгаачийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 14-16 цаг болсон байх боломжтой.Талийгаач ******* нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт (1хх 108-112);

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай “...2.Шороон хөрсөн дээр дарагдаж үүссэн гутлын улны гүн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******ын өмсөж явсан гэх хагас түрүүтэй хар өнгийн гуталтай харьцуулалт, тэгш хэмийн зүсэлт, өнцөглөсөн зүсэлт, давхцуулалтын аргаар шинжилж үзэхэд хээний элэгдэл, нийлэлт, гутлын өмсгөл зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна...”  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт(1хх 122-130);

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч *******гийн гэх хувцаснууд нь биет байдлаар, хэмжээний хувьд шинжлэхэд хангалттай байх ба шинжилгээнд тэнцэнэ.Шинжлэгдсэн шар өнгийн дугуй захтай цамцанд 1 гэсэн сумаар заасан 4x2 см хэмжээтэй шинэ гогодогдсон гэмтэл. Хар хөх өнгийн майканд 1 гэсэн сумаар заасан 4 см хэмжээтэй түлэгдэж цоорсон хуучин гэмтэл. Хар-хөх эрээн өнгийн босоо урд энгэрийн цахилгаан товчтой нимгэн цамцанд 1 гэсэн сумаар заасан хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 30 см хэмжээтэй, ханзарсан шинэ гэмтэлтэй, 3 гэсэн сумаар заасан 21 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэл, 4 гэсэн сумаар заасан 13 см шинэ урагдалт гэмтэлтэй, 5 гэсэн сумаар заасан Т хэлбэрийн 5,5x3,5 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 6 гэсэн сумаар заасан см хэмжээтэй зах ирмэг хатуурч түлэгдэж цоорсон хуучин гэмтэлтэй, 7 гэсэн сумаар заасан 2,2x0,5 см хэмжээтэй зах ирмэг хатуурч цоорсон гэмтэлтэй, цамцны ар хэсэгт 1 гэсэн сумаар заасан 1,4x0,5 см хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй, 2 сумаар заасан 11x4,5 см шинэ урагдалт гэмтэлтэй, 3 гэсэн сумаар заасан 1 сим хэмжээтэй шинэ урагдалт гэмтэлтэй байна. Хар хөх өнгийн босоо захтай бүсэлхийн манжлагатай богино хүрэмд 1 гэсэн сумаар заасан 10,5 см хэмжээтэй ханзарсан шинэ гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 3,5 см хэмжээтэй хуучин гэмтэлтэй байна. Хар өнгийн 2 талаараа цагаан эрээн өнгийн оруулга эмжээртэй өмдөнд 1 гэсэн сумаар заасан 37x13 см, 2 гэсэн сумаар заасан 30x12 см, 3 сумаар заасан 18x13,5 см хэмжээтэй материалын хэсэг элэгдэж үгүй болсон урагдалт гэмтэлтэй байна. Хар хөх өнгийн нимгэн нелонон материалтай дотуур өмдөнд ямар нэгэн урагдалт гэмтэл үгүй байна. Бор шаргал өнгийн хажуугийн 2 гуяны 2, арын 2 халаастай өмдөнд 1 гэсэн сумаар заасан 8см хэмжээтэй хуучин урагдалт, 2 гэсэн сумаар заасан 12 см хуучин урагдалт, 3 гэсэн сумаар заасан 4 см хэмжээтэй хуучин урагдалт, 4 гэсэн сумаар заасан 0,5x0,5 см хэмжээтэй хуучин түлэгдсэн гэмтэлтэй, 5 гэсэн сумаар заасан 6 см хэмжээтэй хуучин ханзарсан гэмтэлтэй, 6 гэсэн сумаар заасан 7 см хэмжээтэй ханзарсан гэмтэлтэй байна. Хөх өнгийн босоо цагаан эрээн өнгийн оруулгатай дотоожинд 1 гэсэн сумаар заасан 6 см хэмжээтэй хуучин урагдалт гэмтэлтэй, 2 гэсэн сумаар заасан 4,5 см хэмжээтэй ханзарсан хуучин гэмтэлтэй байна. Ногоон өнгийн хос оймсны 2 талын бэ хэсэгт 3x3,5, 6x2 см хэмжээтэй утаслаг сэмэрч үгүй болсон хуучин элэгдэл гэмтэлтэй байна. Хар өнгийн 2 хажуу талаараа цагаан өнгийн оруулгатай хос пүүз гутал байх ба уг гутуунуудын зүүн хөлийн гутлын хоншоорын дотор урд хэсэгт материал элэгдэж цоорсон хуучин гэмтэлтэй байна. Шинжлэгдсэн хувцаснуудад байх “шинэ гэмтэл” гэж бичсэн урагдалт, ханзралдуут нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой татаж чангаах хүчний нөлөөгөөр үүссэн урагдалт, халзралт зэрэг гэмтлүүд байна. Харин “хуучин” урагдалт, халзралт, цооролт гэсэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх  дүгнэлт(1хх140-152);

Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар“...*******ын биед баруун гуяны шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” дүгнэлт(1хх 157-158);

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5012 дугаар “...амь хохирогч *******гийн зүүн гарын хумсанд цус илэрсэн. Бусад хумснуудад цус илрээгүй. Яллагдагч ******* гэх баруун болон зүүн гарын хумснууд цус илрээгүй. *******ын хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба *******ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

*******гийн хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба *******гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” дүгнэлт(1хх 166-170);

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай “...Оролцогч ******* нь F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг.Б. ******* нь 2009 оноос хойш сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Өвчин анх 2008 онд оношлогдож, 2008 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр сэтгэцийн эмчийн хяналтад орсон. Одоогоор уг өвчний учир ХЧА тогтоолгосон.Б. ******* нь 2009 оноос хойш сэтгэцийн хувьд F25.2 шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Уг өвчин даамжрах явцтай, сэтгэцийн архаг өвчин. ХЧА-ыг 2022.04.21-ний өдрөөс 2024.04.21-ний өдрийг  хүртэл сунгасан ЭХМК-н шийдвэр хяналтын карт дээр бичилттэй байгаа. Өвчин одоогоор ээнэгшлийн шатандаа байна.Оролцогч Б.Амаржаргал нь хэрэг хариуцах чадвартай. ******* нь F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг ч тухайн хэрэг үйл явдал болох үед ухамсарт алдагдаагүй байсан. Болсон хэргийг дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж, тайлбарлаж байгаа тул мэдүүлэг өгөх чадвартай.*******ын сэтгэцийн өвчин одоогоор сэдрээгүй байгаа тул Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. *******ын сэтгэцийн эмгэг сэдэрсэн тохиолдолд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай...” дүгнэлт(1хх 175-182);

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №973 дугаар “...Урьд нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан 21 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан байна. *******ын шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь 2008 оноос эхэлсэн байна гэж эмнэлгийн бичиг баримтад тэмдэглэгдсэн байна. Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэг нь тодорхой үе шатгүй эмгэг болно. ******* нь одоо шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна.******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” дүгнэлтүүд (1хх191-203), гэмт хэргийн талаарх, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл(1хх1), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл(1хх 2-8,17-22), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл(1хх9-16)  зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч ******* ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 8 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ын “...миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд 2008 онд цэрэгт явж бусдад зодуулсны улмаас сэтгэцийн F-25 шизоафектив эмгэгийн холимог хэлбэр өвчний учир сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, 2022 оны 12  дугаар сард түүний сэтгэцэд хийсэн шинжилгээгээр өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлах чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй талаарх дүгнэлтийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарсан.Гэтэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн буюу /9 сарын дараа/ 21 дүгээр дүгнэлтэд түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн.*******ын сэтгэцийн эмгэг 16-17 орчим жил буюу маш удаан хугацаанд үргэлжилж, илаарьших боломжгүйгээс хөдөлмөрийн чадвар алдалтай группэд байдаг.Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн 1,548,000 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Иймд түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэх гомдлын тухайд:

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

шүүгдэгч ******* Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн н/52 тушаалаар Баянхонгор аймгаас хугацаат цэргийн жинхэнэ албад татагдан Зэвсэгт хүний 119 дүгээр ангид  алба хааж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн н/67 тушаалаар 2008 оны 11 дүгээр сарын10-ны өдөр  4421940 дүгээр цэргийн үүрэгтний үнэмлэхтэй  халагдсан (1хх 90-91);

шүүгдэгч ******* Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл F30 (солиорох шинж бүхий сэтгэл хөөрөл) оноштойгоор 14 хоног, 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг F25 (шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр) оноштойгоор 30 хоног, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл F25 (шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр) оноштойгоор 22 хоног, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл F25 (шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр) оноштойгоор 65 хоног тус тус хэвтэн эмчлүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №85 дугаар “Эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээг зогсоох тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь  хэсэгт зааснаар *******д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоож,түүнийг асран хамгаалагч эгч Б.Энхжаргалд халамжлуулахаар шилжүүлсэн(1хх71-72, 77-84);

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт нээсэн амбулаториор эмчлүүлэгчдийн *******ын картад бичигдсэнээр 2008 оноос 2022 онд эмчийн үзлэгийн бичлэг, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр F25 оноштой өвчний жагсаалтын хөдөлмөрийн чадвар алдалтын 2022 оны 4 дүгээр сарын  21-ний өдрөөс хөдөлмөр чадвар алдалтын 70  хувиар, 24 сараар сунгагдсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад  Баянхонгор  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  нарийн    мэргэжлийн эмч нарын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай “...*******ын сэтгэцийн өвчин одоогоор сэдрээгүй байгаа тул Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. *******ын сэтгэцийн эмгэг сэдэрсэн тохиолдолд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай...”, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №973 дугаар “.....******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч нь  гэмт хэрэг үйлдэх  үедээ хэрэг хариуцах  чадвартай байсан нь  шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна. (1хх175-182, 97-109,191-203)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгч хуулийн этгээдээр тогтоож, Баянхонгор аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦ/42 дугаар шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг Эрүүл мэндийн даатгалын санд 1,548,000 төгрөгийг *******аас гаргуулж олгохоор шийдвэрлэснийг, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Баянхонгор салбарын МN220034385000094292 дансанд 1,548,000 төгрөгийг тушаасан орлогын баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс  гаргаж өгснийг шүүгдэгч хохирлоо сайн дураар төлсөн гэж үзэв. (1хх55-60, 2хх181-194)

Хүний амьд явах жам ёсны эрхийг тасалж, хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор үхэлд шууд хүргэсэн төгс үйлдэгдсэнд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Шүүгдэгч ******* хэргийн үйл баримтын талаар яллагдагчаас авсан мэдүүлэгт ”… ах би харилаа гээд өөрийнхөө гудамжнаас хойшоо явах гээд байхаар нь би татаад нааш ир эсхүл манайд очъё гэж байтал цагдаагийн машин ирсэн. …үгүй, би цохиогүй ” гэж мэдүүлсэн байна.( 1хх 225 ар тал )

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал, хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байна. 

Иймд шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй, шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  шүүгдэгч Б. *******ын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны  01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 4  дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Т.ГАНЧИМЭГ

     ШҮҮГЧИД                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ