Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01299

 

Н.Мандаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04161 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлалтай,

Н.Мандаагийн нэхэмжлэлтэй

А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 106.568.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ганчимэг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мандаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нар нь надаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар сарын 3.2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр \17041\ ХД-86 байр 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан.  Ингээд  2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.Оюунгэрэлийн ХААН банкны дансанд 80.000.000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд энэ өдөр зээлдэгч дансаар 2014 оны 05 дугаар сарын 23-аас 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1 сарын зээлийн хүү болох 2.560.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Оюунгэрэл “..нөхөр А.Жаргалсайхан Америкийн Нэгдсэн Улс руу яваад ирээгүй байгаа, ирэхээр нь зээлээ дуусгана, гэрээгээ сунгая” хэмээн утсаар ярьж амаар хүсэлт гаргаж байсан. Д.Оюунгэрэл нь зээлийн хүү хэмээн 2.560.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Оюунгэрэл нь 5.000.000 төгрөг бэлнээр өгч, дансаар 30.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийлээд 35.000.000 төгрөг болсон. Энэ мөнгөө үндсэн зээлээс хасч тооцохоор болж үндсэн зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөг болсон. Үүнээс хойш дансаар 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1.440.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.440.000 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1.440.000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 11 дугаар сарын 06-ны өдөр А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл хоёр надтай уулзаад, зээлээ хугацаандаа төлөөгүй ч амаар болон утсаар хүсэлтээ гаргаж гэрээгээ дүгнээд үргэлжлүүлэн сунгая хэмээн бичгээр хүсэлт гаргасан. Энэ үед зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөг байсан бөгөөд А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл хоёр АНУ-аас машин оруулж ирээд, гаалиас авч чадахгүй хоногийн өндөр торгууль төлөөд байна туслаач, яаралтай 10.000.000 төгрөг өгөөч гэсний дагуу 10.000.000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн. Ингээд 2014.11.06-ны өдөр 2014.05.23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг 2014.06.23-аас 2014.12.23-ны өдөр хүртэл 6 сараар сунгах сунгалтын гэрээ хийж, зээлийн үлдэгдэл 45.000.000 төгрөг дээр 10.000.000 төгрөгийг нэмж 55.000.000 төгрөгийн сунгалтын гэрээг хийсэн. Арван сая төгрөгийг Д.Оюунгэрэлийн ХААН банкны 575327243 тоот дансаар 2014.11.06-ны өдөр 9.500.000 төгрөг болон 500.000 төгрөгөөр 2 удаа тасалж шилжүүлсэн. 2014.11.18-ны өдөр Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан хоёр ирээд нэг машин гаалиас аваад хүнд зарахаар өгсөн, үлдэгдэл машинаа гаалиас авах гээд мөнгө дутаад байна, арван сая төгрөг олоод өгөөч гэхээр нь 10.000.000 төгрөгийг найзаасаа зээлж авч өгөөд, 2014.11.18-ны өдөр зээлийн гэрээг нэмэгдүүлж 65.000.000 төгрөг дээр нэмэлт гэрээ байгуулсан. Арван сая төгрөгийг Д.Оюунгэрэлийн ХААН банкны 575327243 тоот дансанд 2014.11.18-ны өдөр шилжүүлсэн. 2014.12.23-ны өдөр барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан, үндсэн зээлийн үлдэгдэл 65.000.000 төгрөг байсан боловч Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан хоёр зээлээ төлөөгүй. 2015.04.20-ны өдөр тэр 2 зээлээ төлөх тухай баримт бичиж өгсөн боловч мөн л төлөөгүй. 2015.06.16-нд Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан нар 2014.12.23 буюу зээлийн гэрээ дууссанаас хойш шилжүүлсэн мөнгөө дүгнээд, зээлийг 2014.12.23-аас 2015.07.23-ны хүртэл 7 сараар сунгах хүсэлт бичгээр гаргаж, нотариатчаар батлуулсан. Зээлийн хүү 3.2 хувь байсныг бууруулж 3 хувь болгосон. Д.Оюунгэрэл дансаар 2015.03.09-нд 1.000.000 төгрөг, 2015.05.06-нд 3.000.000 төгрөг, 2015.05.26-нд 4.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь нийт 8.000.000 төгрөг болсон болно. Зээлийн хугацаа 2015.07.23-ны өдөр дууссан боловч Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан нар нь зээлээ төлөөгүй. 2015.11.04-нд Д.Оюунгэрэл, А.Жаргалсайхан 2 надтай ирж уулзаад, бидний нэр төрийн асуудал хөндөгдөх тул шүүхэд бүү хандаач, 2015.12.31-ний дотор зээлээ төлж барагдуулна хэмээн баримт бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн намайг хохироож байгаа А..Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас үндсэн зээлийн үлдэгдэл 65.000.000 төгрөг, хүүний үлдэгдэл 9.068.000 төгрөг, мөн 2014.05.23-ны өдрийн зээлийн гэрээний 3-д зээлдэгч тал дээр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэсний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 65.000.000 төгрөгөөс 2015.07.24-ний өдрөөс 2015.10.31-нийг дуустал 100 хоногоор тооцсон алданги 32.500.000 төгрөг бүгд 106.568.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна. Мөн А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын барьцааны хөрөнгө болох ХУД, 15 хороо, Үйлдвэр ХД-86 байрны 1 тоот 4 өрөө орон сууцыг шүүхийн журмаар худалдан борлуулж өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Энэ хугацаанд үндсэн зээлээс 35.000.000 төгрөг, хүүнд 17.702.000 төгрөг зээлдэгчээс төлсөн байдаг гэжээ.

Хариуцагч А.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мандаатай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 65.000.000 төгрөгийг авсан болно. Бид 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн н.Тунгалагтай гэрээ байгуулан 300.000.000 төгрөг авах байснаас 165.000.000 төгрөгөнд нь 2011 онд үйлдвэрлэгдсэн Lexus 570 машиныг бодож авсан ба үлдэгдэл 120.000.000 төгрөгийг одоо болтол авч чадаагүй болно. Бид энэ гэрээний дагуу мөнгөө аваад иргэн Н.Мандаад төлбөрийг өгнө гэж тооцоолж байсан боловч одоо болтол авч чадаагүй болно. Иргэн Н.Мандаагаас авсан зээлийг иргэн Тунгалагаас авч барагдуулах болно.  Үндсэн  зээлээс 35.000.000 төгрөг төлсөн. Зээлийн хүүнд гэрээ байгуулагдсанаас хойш 18.038.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл болон хүүг төлнө гэж бодож байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мандаагаас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулж 65.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээс хүү төлсөн бөгөөд нэхэмжилж буй 106.568.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Тунгалаг гэгчээс 120.000.000 төгрөгийн авлагатай, одоо шүүхээр асуудлыг шийдүүлэх гээд явж байгаа тул түүнээс авах мөнгийг Н.Мандаад өгнө гэж тооцоолж байгаа болно. Зээлсэн мөнгөө үлдэгдэл хүүгийн хамт эргүүлэн төлж барагдуулна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04161 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас 76.783.533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мандаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29.784.467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 541.868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04161 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас 106.568.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мандаад олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “541.868 төгрөг” гэснийг “690.790 төгрөг” гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт болгон “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны 1 тоот, Г-000145675, Ү-2206016122 гэрчилгээтэй орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэж нэмж, 3 дахь заалтыг 4 болгон дугаарлаж өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Мандаагийн төлсөн 306.873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1382 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Мандаа нь шүүхэд хандан Д.Оюунгэрэл болон А.Жаргалсайхан нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 106.568.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 102/ШШ2016/04161 тоот шийдвэрээр “Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас 76.783.533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мандаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29.784.467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн болно.

Уг шийдвэрт нэхэмжлэгч Н.Мандаа нь давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “хариуцагч ЛЖаргалсайхан, Д.Оюунгэрэл нараас 106.568.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мандаад олгосугай” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлал гаргажээ. Дээрхи магадлалыг эс зөвшөөрөх дараахь үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзээд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх нь “анхан шатны шүүхийг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дох хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс гадна зохигчдын хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй харин ч эсрэгээрээ давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйл, хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 282.3 дахь хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байдаг атал давж заалдах шатны шүүх талууд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хугацааг тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сунгаж нэмэлт гэрээг нөхөн байгуулсан байх ба үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нөхцөлд гэрээний хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар талууд тохиролцон хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд харшлахгүй байна. Анхан шатны шүүхээс зохигчдын хуулийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж хянавал хэсэгтээ дүгнээд хариуцагчаас 106.568.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Хэдийгээр талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 189.1 дэх хэсэгт зааснаар “гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” боловч энэ      хийгдэж буй гэрээ нь хуулийн хүрээнд хийгдсэн байхаар хуульчлагдсан байна. Талуудын хооронд хийгдсэн нэмэлт гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бичгээр хийсэн гэрээ гэж үзэх үндэсгүй бөгөөд нэмэлт нөхцөлөөр тохирсон гэх 55.000.000 төгрөгийн болон мөн 65.000.000 төгрөгийн зээлийн тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй дээрхи төлбөрүүд нь өмнөх гэрээний төлбөрийн үлдэгдэл дээр нэмж хийсэн тохиролцоо байгаа нь хариуцагч хуулийн энэ заалтад хамаарах мөнгийг биетээр зээлж аваагүй болохыг нотолж байна.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хэргийг хянахдаа Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо бичсэнчлэн “ ...шүүх дээр дурдсан органик болон процессын хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглэлгүй маргаан бүхий үйл баримтаас хальсан шийдвэр гарган.....шүүгч өөрийн санаачлагаар буцаан хасч нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосон...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч үүнийх нь дагуу шийдвэр гарган анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсны дагуу хэсэгт нь өөрчлөлт оруулсан магадлалыг гаргасан. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрхийг олгосон хууль тогтоогчийн хуульчилж өгсөн шүүхийн бүрэн эрхэд халдсан гэж үзэж болохоор шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй, энэ эрх нь хуулиар хамгаалагдсан боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсэж хариуцагч төлбөрийн чадваргүй болсон болохыг мэдсэн атлаа мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дох хэсэгт зааснаар “ зээлийг нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй”-гээр нэгэнт төлбөрийн чадваргүй хариуцагчид дахин дахин зээл олгон улам их зээлийн хүүгийн өр төлбөрт оруулаад зогсохгүй хуульд заасны дагуу тухайн үедээ үүргийн гүйцэтгэлээ хариуцагчаас шаардаагүй атлаа “2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн сунгалтын гэрээнд нэмэлт нөхцөлөөр зээлийн гэрээний үлдэгдлийг 55.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нэмэлт оруулан 55.000.000 төгрөгийн зээлийн хүү алданги нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр зохицуулагдана” гэж “10.000.000 төгрөгийн зээлийг тусад нь зээлийн гэрээ хийх боломжтой байсаар атал хуулийг шаардлагад нийцээгүй хийсэн гэрээгээ хуульд нийцсэн гэж үзсэн, үүнийг нь Давж заалдах шатны шүүх зөв зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийг мөн ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Мөн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д "Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу Шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх Шүүгч, Шүүх бүрэлдэхүүн, Шүүх хуралдаан Даргалагчийг захирамж гарган томилно." гэж заасан бөгөөд анхан шатны шүүх уг хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж Хариуцагчийн зүгээс үзэж байна. Уг хэргийг шийдвэрлэхдээ Анхан Шатны шүүх Шүүгч томилсон тухайн шатны Шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж гаргаж албажуулах ёстой байтал албажуулаагүй процессын алдаа гаргасан байх тул уг хэрэг маргааныг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийг Давж Заалдах шатны Шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хуульд заавал албажуулах захирамж гаргана гэж тусгасан байгаа тул уг алдааг харгалзан үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний  харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Мандаа нь хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарт холбогдуулан зээл 65.000.000 төгрөг, хүү 9.068.000 төгрөг, алданги 32.500.000 төгрөг нийт 106.568.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, “...Тунгалагаас мөнгөө авч төлнө...” гэж тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нар нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-86 дугаар байрны 1 тоот орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон ба мөнгийг хүлээн авч, уг зээлээс 25.000.000 төгрөг буцаан төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд зохигчид харилцан тохиролцож гэрээний хугацааг 6 сараар сунгасан, хариуцагч нэмж 10.000.000 төгрөг зээлсэн тул 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлийг 65.000.000 төгрөг болгож, гэрээний бусад нөхцөлийг хэвээр байхаар нэмэлт гэрээ байгуулжээ.

Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд мөнгийг төлөөгүй тул гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23 хүртэл 7 сараар сунгаж, зээлийн хүүг 3.0 хувь болгон бууруулж, бичгээр гэрээ байгуулсан, зээлдэгч үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна зарим шаардлагыг шийдвэрлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бөгөөд зохигчид зээлийн гэрээний хугацаа болон хүүгийн хэмжээний талаар харилцан тохирч, гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлийг буцаан төлөх нь зээлийн гэрээний гол нөхцөлийн нэг бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т  зааснаар  алданги төлөх үүрэгтэй.

Давж заалдах шатны хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хэрэгт шүүгчийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй боловч нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1382 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч А.Жаргалсайхан, Д.Оюунгэрэл нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613.746 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ