Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0787

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Т.У нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Т.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.С-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.С-с 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э-ын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр ажлаас халах тушаалыг хүчингүй болгох, Г.С-г Баянгол сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-н 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2.266.941 /хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг Баянгол сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Т.Урангэрэл дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс 1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хөөн хэлэлцэх хугацааны дотор газрын даамал Г.С-т ажлаас хоцорсон, ажлын цаг баримтлаагүй үндэслэлээр нийт 3 удаа буюу Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай, 2017 оны 03 дугаар сарын Б/21 дугаартай тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.б-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор ажил таслах, ээлжийн амралт, захиргааны чөлөөг хэтрүүлэх, ажлаас хожимдох зэргээр нэг сард 8 цагаас дээш ажил тасалсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар хариуцлага тооцно гэж заасан байх бөгөөд газрын даамал Г.С нь ажлаас хоцорсон болох нь ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байна, Г.С1 сард 8 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан үндэслэлээр сахилгын арга хэмжээ удаа дараа ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлээгүй, харин дутуу үнэлсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Газрын даамал Г.С нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсанчлан зөвхөн ажил тасалсан үндэслэлээр 3 удаа сахилгын арга хэмжээ авагдаагүй, өөр бусад үндэслэл тогтоогдсон учраас сахилгын арга хэмжээ авагдаж байсан юм.

Тодруулбал, 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 тоот тушаалаар шалтгаангүйгээр ажлаас хоцорсон гэж /2016 оны 05 дугаар сард 1 цаг 21 минут, 2016 оны 06 дугаар сард 5 цаг 59 минут шалтгаангүйгээр хоцорсон/,

1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э-н 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар шалтгаангүйгээр ажлаас хоцорч, ажлын цаг баримтлаагүй гэж /2016 оны 11 дүгээр сард 3 цаг 2 минут, 12 дугаар сард 3 цаг 5 минут, 2017 оны 01 дүгээр сард 5 цаг 9 минут шалтгаангүйгээр ажлаас хоцорсон ба 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргааны хуралдаан дээр ажлын төлөвлөгөөг сараар гаргаж батлуулах, аймгийн Засаг даргын захирамжийг мөрдөж ажлын цаг ашиглалтад анхаарах, цаг ашиглалтын талаар хавтгайруулж сануулах арга хэмжээ тооцох нь зохимжгүй, түүний оронд үүрэг даалгавар өгчихөөд хариуцлага тооцох, ажлын цаг бол ажлын цаг, хувцаслалтыг анхаарах, ажлын цаг ашиглалтын талаар удаа дараа сануулсан шүү гэж хэлсээр байхад Г.С нь 1 дүгээр сарын 19, 23, 27, 30-ны өдрүүдэд ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон нь ажлын төлөвлөгөөг сараар гаргаж батлуулаагүй, нэг төрлийн зөрчил дахин дахин гаргадаг ба өөртөө дүгнэлт огт хийдэггүй байсан байна/,

1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э-н 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 тоот тушаалын 2 дахь заалтаар сарын ажлын төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн /Г.С-тэй байгуулсан 2017 оны Үр дүнгийн гэрээ болон газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргахыг үүрэг болгосон байдаг.

Гэтэл Г.С нь ажлын төлөвлөгөөгөө сараар биш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж улирлаар гаргасан байдаг ба 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн захиргааны хурал дээр газрын даамлын 1-2 дугаар сарын ажлын төлөвлөгөө, биелэлтийг шалгахад 46.6 хувьтай үнэлэгдсэн нь сарын төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэнд тооцогдсон байна. Газрын даамал Г.С-н 2017 оны 1, 2, 3 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөний биелэлтийг үр дүнгийн гэрээг дүгнэдэг аргачлалаар дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Мөн ажлын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж дүгнэсний дараа буюу сахилгын арга хэмжээ авагдсаны дараа Г.Сг нь 2017 оны 1, 2, 3 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөний 3 дугаарт заасан самбарыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн гэдэг/

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллахгүй удаа дараа ажлаас хоцорч, ажлын цаг баримтлаагүй /Аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд захиргааны хурал дээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилчдад удаа дараа цаг ашиглалт дээр онцгой анхаарч ажиллахаа удирдлагаас үүрэг болгосон атал өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй ажлаасаа шалтгаангүйгййр 2017 оны 02 дугаар сарын 2 цаг 3 минут, 3 дугаар сард 2 цаг 7 минут хоцорч байсан/ зэрэг гурван үндэслэлээр тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан цагийн бүртгэлийн дэвтрийг дутуу үнэлсэн учраас Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.б-д заасныг Г.С нь 1 сард 8 цагаас дээш хугацаагаар ажил таслаагүй байна гэж буруу тайлбарлан хэрэглэсэн.

2. Нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгааны өөр нэг үндэслэл нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу үр дүнгийн гэрээний дагуу сарын ажлын 1, 2 дугаар сарын төлөвлөгөөг батлуулж дүгнүүлэхдээ хангалтгүй /46.6%/ үнэлгээгээр үнэлэгдсэнийг үндэслэсэн гэж анхан шатны шүүх үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

...Г.С-г ажлаас халах болсон шалтгааны нэг үндэслэл нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг 46.6%-тай хангалтгүй гэж дүгнүүлсэнд биш, харин өөр үүрэг даалгавар мөн цаг ашиглалтыг сайжруул гэж өгсөн үүргийг биелүүлээгүй гэж хариуцагч шүүхэд тайлбарласныг шүүх дүгнэж үзсэнгүй.

Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын үүрэг гүйцэтгэгч Б.Э нь Төсвийн тухай хуульд зааснаар үр дүнгийн гэрээг дүгнэх төсвийн захирагч биш юм. Г.С-н үр дүнгийн гэрээг Б.Э нь 46.6 хувиар үнэлсэн асуудал огт байхгүй, харин газрын даамал Г.С нь 2017 оны 1-2 дугаар сарын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй учир түүний 1-2 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажил болон хийсэн ажлынх нь биелэлтийг 2017 оны 03 дугаар сард 07-ны өдөр шалгаж дүгнээд 46.6%-ийн үнэлгээ өгсөн байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/218 дугаар албан бичгээр сумдын Засаг даргад хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашиглах, хаягийн тэмдгийг газарт суулгаж тэмдэгжүүлэх ажлын зохион байгуулахыг даалгасан. Энэ тоотын дагуу ажил зохион байгуулахыг газрын даамал Г.С-т үүрэг болгосон боловч үүнийг биелүүлээгүй.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хадлангийн талбайн судалгаа ирүүлэх тухай албан тоотыг ирүүлснийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Засаг даргын Тамгын газар хүлээн авч газрын даамал Г.С-т хуваарилан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч ажлаас халагдах өдрийг хүртэл энэ үүргийг биелүүлээгүй.

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас Лэнд менежер 2 программын бэлтгэл ажлыг хангах тухай албан тоот ирүүлснийг Засаг даргын Тамгын газар хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.С-т хуваарилан 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч ажлаас халагдах өдрийг хүртэл энэ үүргийг биелүүлээгүй.

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас шаардлага хангахгүй инженерийн бүрэн хангамж, орон сууцны судалгааг хавсралтаар гаргах хүргүүлэх тухай албан тоот ирүүлснийг Засаг даргын Тамгын газар хүлээн авч энэ өдрөө Г.С-т хуваарилан 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч ажлаас халагдах өдрийг хүртэл эдгээр үүргийг тус тус биелүүлээгүйд шүүх дүгнэлт хийгээгүй ба эдгээр нь ажлаас халах тушаалын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийг бий болгосон.

3. Мөн нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл иргэн Д.Х, иргэн С.М, Ц.С нарын иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэх хэдий ч газрын даамал Г.Саранцэцэгийг ажлаас халагдсанаас хойш эдгээр хүмүүс өргөдөл гаргасан байх ба гаргасан өргөдлийн агуулга нь Сумын газрын даамлын үйл ажиллагааны тухай гомдол гэхээсээ илүүтэй сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар эзэмших, өмчлөхийг хүссэн асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдөл байна.

Өөрөөр хэлбэл эдгээр иргэдийн гаргасан өргөдөл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж гаргасан өргөдөл бөгөөд газрын даамлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш тул үүнийг иргэдийн өргөдөл, гомдлыг цаг хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэсэнд гомдолтой байна.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол сумын Засаг даргад иргэн С.М, Ц.С нар нь ...2014 онд газрын даамал Г.С-р 2 өмчлөлийн газар хэмжүүлж, заалгаж авсан. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манайд олгосон газарт өөр айл шон босгож бид нар авсан, гэрчилгээ нь байгаа гэх тул бидний газрыг олгож өгөх асуудлыг шийдэж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргасныг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г.С-т шийдвэрлэ гэж цохолт хийсэн.

Эдгээр хүмүүс нь энэ асуудлаар газрын даамал Г.С-т мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөр хандаж байсан нь бүртгэлд авагдсан боловч Г.С нь уг асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй учраас иргэн С.М, Ц.С нар нь Засаг даргад дахин өргөдөл гаргасан нотлох баримт хэрэгт авагдсан байна.

...Г.С ажлаас халагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад нь сумын Засаг даргын Тамгын газраас ажлаа хэвийн гүйцэтгээд явж байхад нь ажлаас үндэслэлгүйгээр халсан байж болох эсэхийг нягтлахаар удирдлагууд ярилцан түүний ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэж байсан ажлуудыг шалгахад гадаад улсын иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх захирамжийн төслийг бэлтгэж Засаг даргаар гарын үсэг зуруулж байсан, ажлаас халагдах өдрөө хууль зөрчиж хэд хэдэн газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан, иргэдээс газар хүссэн өргөдлийг гаргасан дарааллаар хүлээн авч шийдвэрлэдэггүй, өөрийн нөхөрт эзэмшүүлэх газрын хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилдөг гэх мэтийн зөрчлүүд байсан байна. Ардчилсан нам засаг барьж эхэлснээр Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э газрын даамал Г.С-г ажлаас халах гээд сахилгын арга хэмжээ аваад байгаа биш юм. 2015 онд газрын даамал Г.С-т ажлын цагаар ажлын байраа орхиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

...Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн заалтыг үндэслэн Засаг даргын Тамгын газраас удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын цаг ашиглалтаар хангалтгүй байсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байсан учраас ажлаас халсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар тус газарт газрын даамлаар ажиллаж байсан Г.С-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, ажлын цаг ашиглалтыг баримтлаагүй зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай зохицуулсан байна.

Гэвч энэ тохиолдолд хариуцагчийн нэрлэн заасан нэхэмжлэгчээс удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдсонгүй.

а/ Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 6.3-т зааснаар Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээр заасан байна.

Гэтэл хариуцагчаас 2017 оны 1, 2 дугаар сарын төлөвлөгөөнд заасан сурталчилгааны самбар хийгээгүй, дүгнүүлэхдээ хангалтгүй /46.6%/ үнэлгээ авсан хэмээн буруутгаж, ажлаас халах тушаалынхаа үндэслэл болгосон нь дээрх журамд нийцээгүй байх бөгөөд хэрэв ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээр үүрэг даалгавар биелүүлээгүй, тодруулбал, төлөвлөгөөнд заасан сурталчилгааны самбар хийгээгүй гэж буруутгахдаа бодит байдалд биелүүлэх боломжтой байсан эсэхийг харгалзан үзэлгүйгээр ажлаас халах шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтаар Г.С-г нь 2017 оны 3 дугаар сард өөрийн зардлаар самбараа хийлгээд, дараа нь самбар хийлгэсэн зардлыг байгууллагаас авсан болох нь нотлогдож байна. Түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан ажлаас халагдах өдрийг хүртэл үүрэг даалгавар биелүүлээгүй гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

б/ Иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэх тухайд:

Нэхэмжлэгч Г.С-тэй 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар тэрээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар өмчлөх, эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүртгэж, сумын Засаг даргад уламжлан танилцуулж, хариуг хугацаанд нь холбогдох хүмүүст хүргүүлэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Д.Х, С.М, Ц.С, Д.Г, Х.О, Д.Н, У.Л нараас Баянгол сумын Засаг дарга Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдөл гомдол нь агуулгын хувьд газрын даамлын үйл ажиллагаанд гомдож гаргасан гэхээс илүүтэй сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан, газар эзэмших, өмчлөх өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой байх бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчээс үл хамаарахаар байх тул түүнийг өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн тус байгууллагын ирсэн бичгийн бүртгэл болон өргөдөл гомдлын бүртгэлд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичилт хийгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлдэг гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

в/ Ажлын цаг ашиглалтыг баримтлаагүй гэх тухайд:

Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар шалтгаангүйгээр ажлаас хоцорсон гэж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний Б/11 дүгээр тушаалаар удаа дараа ажлаас хоцорч, ажлын цаг баримтлаагүй гэж, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлын цаг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тус тус Г.С-т сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд маргаан бүхий тушаалын нэг үндэслэл нь мөн цаг ашиглалттай холбоотой сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, ажлаас халах

үндэслэл тус бүр тодорхой байх, гаргасан зөрчил болгоныг нотолж баримтжуулсны эцэст нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрхэд халдах эрхтэй болохоос тодорхойгүй зөрчил зааж, төрийн албанаас халах шийдвэр гаргах эрхгүй болно.

Дээрхээс дүгнэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд нь түүнийг төрийн албанаас халах шийдвэр гаргах хэмжээний зөрчил болох нь хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ