Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 717

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, Л.Г*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Г*******, А.Э******* нарыг оролцуулан “А*******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “А*******” ТББ

Хаяг: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, ******* *******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 57

Гуравдагч этгээд: А.Л*******, Н.Л, Г.А, С.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжийн А.Л*******, Н.Л, Г.А, С.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ТББ-ын тэргүүн Б.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдаж Монголын үндэсний түүх, соёлыг хамгаалах, судлах, эрдэм шинжилгээний ажил, экспертизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. 

Тус сангийн ажлын хүрээнд Монгол тулгатны музей, угсаатны өв соёлын лабораторийн цогцолбор байгуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 291 тоот захирамжаар 15.000 м.кв газрыг музейн зориулалтаар эзэмших эрхтэй юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан ерөнхий төлөвлөгөөний даалгаварт тусгаснаар гадна тохижилтын зам талбайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 248 дугаар захирамжаар нэр бүхий 4 иргэнд амины хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “А*******” ТББ-д хариу өгсөн албан бичиг болон кадастрын зургийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авснаар гадна тохижилтын зам талбай, орц гарцанд 4 иргэнд газар эзэмшүүлснийг мэдсэн болно. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжийн А.Л*******, Н.Л, Г.А, С.Ө нарт холбогдох газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 248 дугаар захирамжийн С.Ө, Г.А, Н.Л, А.Л******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албанд дүүргийн 11 дүгээр хороо Хонхор хотхоны зүүн хойд талд 100.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ажилчдын амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон.

Дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Г.А, Н.Л, А.Л******* нарт дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт тус бүр 0.07 га газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсан байна. Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсан захирамж нь газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсгийг үндэслэн гарсан тул хууль, тогтоомж зөрчөөгүй байна. Харин иргэн тус захирамжаар иргэн С.Өт газар эзэмших эрх олгоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

Гуравдагч этгээд А.Л*******, Н.Л, Г.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А*******” ТББ-аас Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газар зохион байгуулалтын газрыг хариуцагчаар татан Баянзүрх дүүргийн 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжийн холбогдох хэсгийг буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхийн 2016 оны 6 дугаар 06-ны өдрийн 4554 тоот иргэн А.Л*******, Н.Л, Г.А, С.Ө нарыг гуравдагч этгээдээр татан оруулах тухай шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

1. Бид Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Баянүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 248 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Энэ газар нь тухайн үед газрын чанарын хувьд муу байсан учир бид өөрсдийн хөрөнгөөр өөрийн эзэмшлийн газраа засч тохижуулж тэгшилсэн бөгөөд нэхэмжлэгч урд нь энэ талаар мэдсэн мөртөө биднийг ингэж хөрөнгө мөнгө гарган засч тохижуулсны дараагаар ингэж бидний газрыг авахаар дайрч байгаа нь зүйд нийцэхгүй юм.

2. Бидний газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох захирамж нь нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээнээс өмнө нь буюу 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарсан байдгаас гадна газрын эзэмшлийн зааг хязгаар нь давхацсан зүйл огт байхгүй зэргээс харахад тус төрийн бус байгууллагын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэсэн нь огт үндэслэлгүй зүйл юм.

Иймд “А*******” ТББ-аас Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албыг хариуцагчаар татан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжийн холбогдох хэсгийг буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сарантуяа овогтой Ө миний бие Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ажилладаг бөгөөд одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа болно. “А*******” ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт шүүх хуралд оролцохоос татгалзаж байна. Учир нь 2010 онд Нийслэлийн газрын алба ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Баянзүрх дүүрэгт төлөвлөлт хийгдэхэд миний нэр дээр кадастрын зурган мэдээллийн санд бүртгэл орсон боловч одоогоор газар эзэмшүүлэх эрх олгогдоогүй болно. Иймээс миний бие дээр бүртгэгдсэн кадастрын зургийг устгаж “А*******” ТББ-д орц гарц гаргахад миний зүгээс татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, Музейн зориулалтаар эзэмшдэг байжээ. 

Ийнхүү эзэмших болсон газраа “И” цогцолбор музей барихаар эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байна. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.А, Н.Л, А.Л*******, С.Ө нарт тус бүр амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж, орц гарц хаасан гэж нэхэмжлэгч “А*******” ТББ маргаж байна. 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хууль ёсны, хүчин төгөлдөр эсэхийг дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Нэгдүгээрт, Нэхэмжлэгчид газар эзэмших олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр захирамж нь 2010 оны 819 дүгээр захирамжид үндэслэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Барилгын байршлыг тогтоож, барилга барих, газар эзэмших эрх олгох тухай” 819 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А*******” ТББ-тай холбоотой ямар нэг асуудлыг шийдвэрлээгүй, Баянзүрх дүүргийн Засаг дарга 2010 онд 819 дугаартай захирамж гаргаагүй болох нь баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх үндэслэл болсон “Баталгаажигдах эх үүсвэр” тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Нийслэлийн Газрын албанд гаргасан газар эзэмших тухай хүсэлтдээ “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 819 дүгээр захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “И” нэртэй цогцолбор музей байгуулах гэж байгаа тул газрын гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн бөгөөд хүсэлтэд дурдсан, газар эзэмшүүлэх захирамжид дурдагдсан 2010 оны 819 дүгээр захирамж нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох үндэслэл болохооргүй байна. 

Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “А*******” ТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байгааг шүүх анхаарч үзэв. Баянзүрх дүүргийн Газрын алба нэхэмжлэгчид 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0231302 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд тус гэрчилгээнд газар эзэмших эрхийн хугацааг 5 жил байхаар заажээ. Нэхэмжлэгч “А*******” ТББ шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө газар эзэмших эрхийн хугацаа дууссан байна. 

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар захиргааны хэрэг, маргааны хувьд нэхэмжлэл гаргаж буй хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол заавал хөндөгдсөн байх ёстой. Гэвч энэхүү маргааны хувьд “А*******” ТББ-ын газар эзэмших эрх хэдийн дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд “...манайх газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт болон газрын төлбөрөөс музей байгуулах зорилгоор чөлөөлүүлэх хүсэлтээ холбогдох байгууллагад өгсөн боловч сонгуультай холбоотой Нийслэлийн Засаг дарга болон бусад төрийн албаны бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээтэй холбоотойгоор одоо болтол шийдвэрлэгдээгүй байна...” гэх тайлбар хийсэн ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. 

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т нэг жилд төлөх газрын төлбөрийн хэмжээг 1980000 төгрөгөөр тогтоож өгсөн бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрийг огт төлж байгаагүй ба энэ тухай төрийн бус байгууллагын тэргүүн Б.С******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа дурдсан болно. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл аль хэдийн бүрдсэн байсныг дурдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон, тус эрхийг сунгасан, сэргээсэн талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны холбогдох шийдвэр, захирамж гараагүй тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын эрх хууль ёсны, үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Гуравдагч этгээд С.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...миний нэр дээр кадастрын зурган мэдээллийн санд бүртгэл орсон боловч одоогоор газар эзэмшүүлэх эрх олгогдоогүй, ...иймээс миний бие дээр бүртгэгдсэн кадастрын зургийг устгаж “А*******” ТББ-д орц гарц гаргахад миний зүгээс татгалзах зүйлгүй болно” гэснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д заасныг тус тус баримтлан “А*******” ТББ-ын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 248 дугаар захирамжийн А.Л*******, Н.Л, Г.А, С.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН