Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 592

 

С.Б, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, С.Мөнхтулга, Л.Данзанноров, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар магадлалтай, С.Б, Д.Э нарт холбогдох 1703003750180 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Д-ны Э,

2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт С-ийн Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны түүхий эдийг хууль бусаар хадгалах, тээвэрлэх”, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалах, тээвэрлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Э, С.Б нарыг ховор амьтны түүхий эдийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э, С.Б нарт тус бүр 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э, С.Б нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн Д.Э-ын нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, С.Б-ын нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч С.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б гаргасан гомдолдоо “...Миний бие ховор амьтны түүхий эдийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргээр 2 жилийн хорих ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн цалин орлогын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч байгальд учирсан 28 сая төгрөгийн хохирлыг төлөх чадваргүй гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулж, улмаар хуралд онлайнаар оролцохдоо интернет гацсаны улмаас шүүх бүрэлдэхүүний асуусан асуултыг сонсож чадалгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж чадаагүй болно. Миний хувьд УБТЗ-ын зорчигчийн вагон депод 25 жил ажиллахдаа байгууллагын 2 удаагийн аварга ажилтан, “ажилсаг залуу алтан” медаль, “шилдэг инженер”, Зам тээврийн яамны “хүндэт замчин” шагналаар шагнагдаж байсан. Шүүхээр хорих ял шийтгүүлснээс хойш 3 сарын хугацаанд гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Иймд үлдсэн хорих ялыг торгох ял болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ч.Эрдэнэбат нар хамтран гаргасан гомдолдоо “Шүүх гэмт хэргийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. С.Б, Д.Э нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүй ховор амьтны түүхий эд, ховор ургамал хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгүүдэд заасан хохирол болон хор уршиг учрах боломжгүй, үйлдэл хохирлын хооронд ямар ч шалтгаант холбоогүй байхад шүүх С.Б, Д.Э нараас байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар түүнийг төлүүлэх шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зөвхөн хохирол учруулсан этгээд л гэм хорыг арилгах үүрэгтэй байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн үйлдлээс ямар гэм хор учирсан бэ гэдэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Амьтны аймгийн тухай болон Ургамлын тухай хуулийг зөрчсөнтэй холбоотой эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалсан зохицуулалт юм. Тиймээс эдгээр хуулиудад гэмт хэргийн болон зөрчлийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх арга замыг маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал Амьтны аймгийн тухай хуулийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3-т “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдэд тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” заасан байна. Гэтэл эдгээр яллагдагч нар нь дээрх хуульд заасан нөхөн төлбөр ногдуулбал зохих “амьтныг агнасан, барьсан, цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан” гэмт үйлдэл хийгээгүй, гэмт хэрэгт холбогдоогүй юм. Түүнчлэн яллагдагч нарын гэмт үйлдлийн оролцоог зүйлчлэхдээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Н.Э, С.Б нар хамтран хадгалалт, тээвэрлэлтийг гүйцэтгээгүй тул хамтран гүйцэтгэгч байх боломжгүй юм. Тиймээс дээрх хуулийг буруу хэрэглэсэн асуудлыг хянуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна. С.Б-ын хувьд мэргэжилдээ эзэн болсон, хамт олны дунд нэр хүндтэй, хувийн зан байдлын хувьд төлөв даруу бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 3 сар гаруй хугацаанд хорих ял биечлэн эдэлсэн, гэмшсэн байдал, хохирол төлбөр төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, торгох ял оногдуулсан тохиолдолд төлөх бүрэн боломжтой гэдгээ баримтаар нотолж байгаа зэргийг харгалзан хөнгөн буюу торгох ялаар хорих ялыг өөрчилж өгнө гэсэн хүсэлтийг давхар гаргаж байна. С.Б нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирол төлбөрийг төлснөөс шалтгаалан гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг давж заалдах шатны шүүхэд илэрхийлэх боломж олдолгүй шүүх хуралд орсон. Шүүх хурал дээр гомдлоо татах, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэх үг хэлэх боломжоо техникийн шалтгаанаас шүүгчийн үгийг буруу /шүүгчийн хэлж буй үг сонсогдоогүй/ ойлгож илэрхийлж чадаагүй. Энэ асуудлаар хурлын дараа хорих ангийн захиргаанд хүртэл гомдлоо гаргаж тавьсан байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Д.Э-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлоогүй, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож, буруу хэрэглэсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол ... ял шийтгэнэ” гэж заасан байна. Тэгвэл 2012 онд батлагдсан Амьтны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д “амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг” ойлгоно” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заажээ. Тодруулбал зохих зөвшөөрөл авалгүйгээр агнуурын амьтныг агнасан, барьсан, мөн гарал үүслийн тодорхойлолт авалгүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан бол нөхөн төлбөр ногдуулах хуулийн зохицуулалттай, харин агнуурын амьтан (ховор)-ыг зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд нөхөн төлбөр ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй байна. Шүүгдэгч Д.Э нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-т заасан агнуурын буюу ховор амьтан болох халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, халиун бугын гаралтай түүхийн эдийн зүйлийг худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан үйлдэл хийгээгүй, эдгээр үйлдлүүдэд буруутгагдан шийтгэгдээгүй, харин тэрээр халиун бугын гаралтай түүхийн эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, дээрх түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн тул халиун бугын цусан эвэр, сүүл, чивийг хадгалсан тээвэрлэсэн үйлдэлд хохирлыг нөхөн төлөх, тэр тусмаа Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй байна. Гэтэл шүүх Д.Э-оос хоёр эр халиун бугын экологи-эдийн засгийн нийт үнэлгээ болох 26,400,000 төгрөг (нэг халиун бугын үнэ-13,200,000 төгрөг)-ийн 50 хувь буюу 13,200,000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд мөрдөн шалгах ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон хууль ёсны төлөөлөгч Г.О нь дээрх түүхий эдүүдийн экологи, эдийн засгийн үнэлгээг хуульд нийцүүлэн зохих аргачлалын дагуу хийж хохирлын нийт тооцоог гаргасан тул шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэсэн... ” гэж дүгнэсэн нь хэт хуумгай, ямар ч хууль зүйн үндэслэл заагаагүй, өмгөөлөгчийн гомдол, тайлбарт тусгагдсан үндэслэлд бодитой няцаалт хийгээгүй байна.

Хэдийгээр хохирлын тухайд хууль хэрэглээний маргаантай байгаа ч миний үйлчлүүлэгч Д.Э хохирлыг бүрэн нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ анхнаас нь хүлээн зөвшөөрсөн. Түүнд холбогдох хэргийн хохирлыг хууль зүйн үндэслэлгүйгээр өндөр тогтоож шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж, дордуулсан гэж үзэж байна. Д.Э, С.Б нарыг гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх алдаатай дүгнэсэн. Д.Э-ыг ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 95 грамм, сүүл 440 грамм, чив 395 граммыг, ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүй хадгалсан, С.Б-тай бүлэглэн дээрх түүхий эдийн зүйлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлд хөдлөх гэж байсан олон улсын суудлын 24-р галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн гэж үзэж шийтгэсэн. Ингэхдээ тухайн түүхий эдийг хадгалсан болон тээвэрлэсэн үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шийдвэрлэсэн. Гэтэл уг түүхий эдийг С.Б-т шилжүүлэн өгөх хүртлээ хэн нэгэнтэй хамтраагүй, ганцаараа хадгалсан, С.Б-т шилжүүлэн өгөөд л буцсан, түүнтэй өмнө нь уулзаж харилцаж байгаагүй, тэд бие биенээ огт танихгүй анх удаагаа уулзалдаад, уг түүхий эдийг шилжүүлэн өгөөд л салцгаасан. Цаашид С.Б-ын хадгалах, нуух, галт тэргээр тээвэрлэхийг завдсан үйлдэлд огт оролцоогүй, хэрхэн тээвэрлэн хүргэх талаар ямар ч ойлголтгүй байсан, энэ талаар харилцан тохиролцоогүй, оролцоогүй. Гэтэл тэднийг бүлэглэн хадгалсан, бүлэглэн тээвэрлэсэн гэж шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээс тэднийг бүлэглэсэн гэж дүгнэснээр тэдний эрх зүйн байдал мөн л дордож байгаа юм.

Д.Э нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ч энэ талаар тусгаж, дахин хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн байгаль экологид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн болно. Тэрээр хэрэг шалгагдаж эхэлснээс хойш шийдвэрлэгдэж дуусталх бүхий л хугацаанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба энэ нь хэргийн баримтууд, удаа дараагийн мэдүүлэг, мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан түүний гомдол зэргээр батлагдана. Монгол Улсын Их хурлаас 2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуульд гэм буруу хүлээсэн, гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирлыг сайн дураараа бүрэн нөхөн төлсөн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэх зохицуулалт байгааг анхааран үзэхийг хичээнгүйлэн хүсье. Д.Э-ын холбогдсон хэрэгт торгох ялыг сонгон хэрэглэхэд боломжтой бөгөөд хэрэв хөнгөн төрлийн ялыг сонгон хэрэглэвэл түүнийг биелүүлэх боломжтой талаарх баримтуудыг ч хавтаст хэрэгт гарган өгсөн болно. Биеийн эрүүл мэндийн байдлын тухайд тэрээр ходоод, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, хорих байгууллагын нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн, өвчин нь байнга сэдэрч байгаа юм. Иймд гомдолд дурдсан үндэслэлүүдийг сайтар хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу хэлсэн саналдаа “Үйлчлүүлэгчтэйгээ өчигдөр уулзахад гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нөхөн төлбөрийг сайн дураараа төлсөн. Тийм учраас хохирлыг буцаан нэхэмжлэх шаардлага байхгүй гэж үзээд татгалзаж байна гэж ойлгосон. Үйлчлүүлэгч маань гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа бөгөөд 6 сарын ялыг биечлэн эдэлсэн байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Мөнхулга хэлсэн саналдаа “Ч.Шаравнямбуу өмгөөлөгчтэй санал нэг байна. С.Б нь төмөр замын салбарт 20 гаруй жил зүтгэсэн, хувийн байдлын хувьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй юм. Мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр зайлшгүй нийгмээс тусгаарлаж, нийгэмшүүлэх хүн биш гэж харагдаж байна. Торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 5,400 нэгжээр торгох ялыг, 1 жилийн хугацаанд төлөх байдлаар  сольж, шийтгэх тогтоолын хоёр дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд бүрэн төлөгдсөн байгаа. Харин бүлэглэн гэж дүгнэсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн биш учраас шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байх. Эд зүйлийг боож, баглаад С.Б-т авч очиж өгсөн. Түүнийг нь С.Б воганыхаа толгой хэсэгт хадгалсан. Хэрэв гарсан тохиолдолд боодол бүрээс 50 юань өгнө гэж тохирсон байгаа учраас шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өмгөөлөгчийн гаргасан хохирлыг хасаж тооцох юм бол эрүүл байгалийг үр хойчдоо үлдээж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуульд заасан үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хохирлыг өндрөөр шүүх шийдвэрлэсний буруу гэж харахгүй байна. Хөрөнгийнхөө үнэлгээг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс торгох ялаар сольсон тохиолдолд татгалзах зүйл байхгүй” гэв.

                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Л.Данзанноров  нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б-, Д.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 грамм, сүүл 440 грамм, чив 395 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 09 дүгээр сард худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хадгалсан,

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 грамм, сүүл 440 грамм, чив 395 грамм, ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” 117 кг 145 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,

Шүүгдэгч Д.Э, С.Б нар нь бүлэглэн дээрх түүхий эд болон ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э, С.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг ховор амьтны түүхий эдийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Э, С.Б нарт тухай зүйл, хэсэгт заасан хорих ялыг сонгож оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, тогтмол орлоготой, хувьд ногдох эд хөрөнгөтэй болохоо нотлох баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр хорих ял шийтгэжээ.

Харин хэрэг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө шүүгдэгч Д.Э, С.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, өмгөөлөгч нарын энэ талаарх гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Ч.Эрдэнэбат, Л.Данзанноров нар шүүхээс тогтоосон хохирол, нөхөн төлбөрийн хэмжээний талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж буйгаа шүүх хуралдааны явцад мэдэгдсэн тул энэ талаар дүгнэлт хийгээгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э-од 6 сар хорих ял, С.Б-т 6 сар хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э-од 6 сар хорих ял, С.Б-т 6 сар хорих ял шийтгэсүгэй”,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э, С.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, С.Б нарт тус бүр оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх хорих ялыг шүүгдэгч тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН