2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/02941

 

 

 

 

 

 

                                                         2025             04            15  

                                       192/ШШ2025/02941

              

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... байрлах Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 155,625,205 төрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У  нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай Р ХХК..нь зээлдэгч Б.Э..тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ... тоот "Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олгосон бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-гээр ....дугаарт бүртгэлтэй ... амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулсан байдаг. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч одоог хүртэл зээлийн төлбөрт огт төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Энэ тухай зээлдэгч буюу хариуцагчид удаа дараа мэдэгдэж сануулахад янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй явсаар байна. Дээрх ... тоот Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцвол, зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 120 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 18 936 986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 633 315 төгрөг буюу нийт 140 570 301 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан дээрх ... тоот Зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус гэрээний үүрэгт нийт 140 570 301 төгрөгийг гаргуулж, зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Манай Р ХХК.. нь тус шүүхэд хариуцагч Б.Э..ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 140,570,301 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2024 оны 12 сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 сарын 20- ны өдөр хүртэлх хугацааны хүү 12 545 753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 509 151 төгрөг нийт 15 054 904 , төгрөгөөр нэмэгдүүлж нийт 155 625 205 ,төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж тооцсон 155 625 205 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайн зээл олгодог зээлийн байгууллагад очоогүй, байгууллагыг төлөөлж н.А уулзсан ба н.Алтангадас төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Р ХХК..ХХК-ийн данс руу орох ёстой байсан мөнгийг н.А  өөрийн хувийн дансаар удаа дараа авч байсан тохиолдол байгаа. Хүүг н.А-ын төлбөрийг төлж байсан. Яг энэ орон сууцны зээлийг дансаар аваагүй.” гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөнгө шилжүүлгийн мэдэгдэл, зээлийн тооцоолол, итгэмжлэл, хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Р ХХК..ХХК нь хариуцагч Б.Э..ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 155,625,205 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Р ХХК..ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Э..тай зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохирсны дагуу хариуцагчид 120,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Б.Э..ын өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн ... дугаартай ... өрөө амины орон сууцыг барьцаалсан байна.

Зохигчид зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 155,625,205 төгрөг болон гэрээний үүрэг зөрчигдсөн талаар маргаагүй.

7. Нэхэмжлэгч Р ХХК..ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Э..тай зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээний үүргийг шаардах эрхтэй.

9. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 120,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 31,482,739 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,142,466 төгрөг, нийт 155,625,205 төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК..ХХК нь хариуцагч Б.Э..аас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй, 120,000,000 төгрөгийг өөрөө захиран зарцуулсан тул түүний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

10. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Иймд зээлдэгч Б.Э.. шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Э..ын өмчлөл, ... орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 

  

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,164,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,164,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Э..аас 155,625,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК..ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Э..ын .... орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,164,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,164,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ