2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02922

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: … байрлах Н ХХК...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: … Б ХХК-д холбогдох,

476,952,476 төгрөг гаргуулах тухай үндсэн, 305,760,556.95 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч М.Д, С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай Н ХХК... нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиалагч Б ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх ... тоот гэрээг байгуулж, ... орон сууцны барилгын Төмөр бетон каркас угсралтын ажлыг гэрээ болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм ба дүрэм, стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байдлаар мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэх өгөх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гэрээнд заасан хөлсийг төлөхөөр тохиролцсон. Н ХХК... нь гэрээний 5-р бүлэгт заасны дагуу барилгын ажлыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу, стандартад нийцсэн байдлаар, зохих ёсоор хийж гүйцэтгэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гарч манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн барилгыг улсын комисс хүлээн авсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэлийн гэрээг дуусгавар болгож, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээг дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэхэд захиалагч Б ХХК нь 341,783,260 төгрөгийг манай компанид өгөхөөр хоёр тал харилцан тооцоо нийлэн баталгаажуулсан. Улмаар Б ХХК нь дээр дурдсан тооцоо нийлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн төлбөрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус 20,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин огт мөнгө төлөөгүй. Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн барилга угсралтын гэрээний 11.1-т зааснаар гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсоны дагуу тооцоход 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийг хүртэл 277 хоногт алданги 94,673,963 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 52 хоног 16,732,730 төгрөг, нийт алданги 111,406,693 төгрөг болж байна. Алдангийг тооцохдоо дээр дурдсан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн 20,000,000 төгрөгийг өгсөн хугацаанаас нь хойш хасч тооцсон болно. Б ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгүүлэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 321,783,260 төгрөг, алданги 111,406,693 төгрөг, гэрээгээр тохирсон төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 10,000,000 төгрөг, нийт 443,189,953 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Манай компанийн зүгээс хариуцагч Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 341,783,260 төгрөгийг манай компанид төлөх байсан. Энэ төлбөрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000  төгрөгийг төлснөөс хойш дахин мөнгө төлөөгүй. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 277 хоногт алдангийг 341,783,260 төгрөгөөс тооцож нийт 94,673,963 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 52 хоногийн алдангийг 321,783,260 төгрөгөөс тооцож 16,732,730 төгрөг байх бөгөөд нийт 111,406,693 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг төлбөр төлөгдөөгүй байгаа тул 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 136 хоногийн алданги 43,762,523  төгрөгийн алдангийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 321,783,260 төгрөг, алданги 155,169,216 төгрөг нийт 476,952,476 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 02/2019 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэгч Н ХХК... нь барилгын ажлыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэхэд барьж дуусган захиалагч Б ХХК-д хүлээлгэн өгөхөөр байсан. Бид гэрээний хавсралтад ажил гүйцэтгэх хуваарийг тухайлан тохирч баталсан бөгөөд 3.8 болон 3.15-д зааснаар ажлын гүйцэтгэлээр санхүүжилт төлбөрийг төлөхөөр тохирсон юм. Н ХХК... нь нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтыг өгөөгүй байх бөгөөд гэрээний энэхүү хавсралтад ажил гүйцэтгэлийн үе шатны хуваарь, санхүүжилт төлбөр зэргийг тухайлан баталсан бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.9-д зааснаар шилжүүлсэн ажлын санхүүжилт төлбөрт НӨАТ дүн орсон байхаар талууд тохирсон юм. Барилгын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисс хүлээж авахаас өмнө болон хойно талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайлбал талууд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болон 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус бүр тооцоо нийлсэн ба сүүлийн тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэгч мөн шүүхэд гаргаж өгөөгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хоёр талаас тооцоо нийлсэн баримтад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч Н ХХК...-д төлөх барилга угсралтын ажлын үндсэн төлбөрийн үлдэгдэл 22,366,135 төгрөг гэж гарсан. Харин тооцоо нийлэх үед ажил гүйцэтгэлийн үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварын дүн /НӨАТ/ 288,294,750 төгрөг болон мөн гэрээний дагуу баталгаа төлбөр болох 144,783,260 төгрөгийг нэмж гаргасан болно. Үүнээс өмнөх буюу талуудын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн тооцоо нийлсэн баримтад мөн НӨАТ-ын дүн 288,649,777 төгрөгийг нэмж гаргасан байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.8-т захиалагчаас томилсон ажлын хэсэг нь гүйцэтгэлийг гэрээний шаардлагын дагуу газар дээр нь шалган дүгнэж, ажлын гүйцэтгэлийг ил, далд ажлын актаар баталгаажуулах ба үе шатны ажил бүрт фото зургаар хавсарган Захиалагчийн санхүүгийн албанд өгөх бөгөөд санхүүгийн алба нь баталгаажуулсан гүйцэтгэлийг хянаад баталгаажуулан 2 хоногийн дотор багтаан санхүүжилт олгоно” гэснээр Б ХХК-ийн зүгээс ажил хүлээн авсан тухай бүрт санхүүжилт төлбөрийг төлж, нийтдээ ажлын төлбөрт 2,762,286,890 төгрөгийг Н ХХК...-д шилжүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дээрх нөхцөлийг зөрчиж санхүүжилт төлбөрийг хоцроосон гэх нөхцөл байдал байхгүй болно. Иймд  санхүүжилт төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй гэх хариуцлага буюу Б ХХК-ийг гэрээний 3.8-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэхгүй юм. Хэрэв Б ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг гэрээнд заасан дээрх нөхцөл, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Н ХХК...-д гэрээний 11.1 дэх заалтад заасан шаардах эрх үүсэж болох бөгөөд ийм нөхцөл үүсээгүйн дээр талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн алданги шаардах эрх нэхэмжлэгч компанид гэрээний тухайн заалтаар үүсэхгүй болно. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.8-д заасан нөхцөлийн дагуу захиалагч барилгын ажлын санхүүжилт төлбөрийг шилжүүлээгүй үед гэрээний 11.1 дэх заалт хэрэгжих бөгөөд хариуцагч Б ХХК-ийг гэрээний 3.8-д заасныг зөрчсөн гэх, санхүүжилт төлбөрийг хоцроосон гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч Н ХХК... нь нотлоогүй байна. Түүнчлэн талууд гэрээгээ дуусгавар болгож дүгнэх зорилгоор 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, сүүлд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр баримт үйлдсэн гэж үзэх бөгөөд үүнээс хойших гэрээний хариуцлага буюу тооцоо нийлснээс хойших хариуцлагыг талууд гэрээний 11.1-д зохицуулсан гэж үзэхгүй учир Иргэний хуулийн 232.6-т “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж зааснаар шаардах эрх нэхэмжлэгч Н ХХК...-д үүсээгүй юм. Мөн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 22,366,135 төгрөг гэж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 155,169,216 төгрөгийн алданги Иргэний хуулийн 232.4 “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцээгүй байна. Нэхэмжлэгч Н ХХК... нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн 2,896,420,373 төгрөгийн үнийн дүн дээр нэмэгдсэн өртгийн албан татварт тооцоолж гаргасан 288,649,777 төгрөгийг нэмж, нийт 3,185,070,150 төгрөгөөс Б ХХК-иас санхүүжилт төлбөрт шилжүүлсэн 2,762,286,890 төгрөгийг хасаж үлдэх /422,783,260 - 81,000,000 гэрээний суутгал/ 341,783,260 төгрөгт алданги тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тооцоогоор нэмж гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын 288,694,777 төгрөгийн дүнгээс гэрээний үүрэг зөрчсөн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож, энэ тайлбарын эхэнд дурдсанаар хариуцагч Б ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд хариуцагчийг гэрээнд заасан ямар үүргээ зөрчсөний улмаас хохирсон гэж байгаа нь нэхэмжлэлд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь өмгөөлөгчид төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад үндэслэж шаардаж байгаа эсэх эсхүл 228 дугаар зүйлд заасан гэм хорын дагуу шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Аливаа этгээдийн хууль зүйн туслалцаа авах эрх хуулиар олгогдсон бөгөөд үүнтэй холбоотой гарсан зардлыг шууд учирсан хохиролтой адилтгаж үзэхгүй буюу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хоёр талын гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлага, гэм хор гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд өмгөөлөгчийн зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн Н ХХК...-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.” гэж маргажээ.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 02/2019 дугаартай гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч Н ХХК... нь барилгын ажлыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэхэд барьж дуусган захиалагч Б ХХК-д хүлээлгэн өгөхөөр байсан. Тухайлбал Н ХХК... нь гэрээний 3.1-д зааснаар А блок барилгын В1 давхраас 9 дүгээр давхар дуусталх болон О блок барилгын В1 давхрын барилга угсралтын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд А блок барилгын 10 дугаар давхраас 19 дүгээр давхрын болон техникийн давхар, В, С блок барилга угсралтын ажлыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд гүйцэтгэж дуусган захиалагч манай компанид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Бид гэрээний хавсралтад ажил гүйцэтгэх хуваарийг тухайлан тохирч баталсан бөгөөд 3.8 болон 3.15-д зааснаар ажлын гүйцэтгэлээр төлбөрийг төлөхөөр тохирсон юм. Н ХХК... нь үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтыг өгөөгүй байх бөгөөд гэрээний энэхүү хавсралтад ажил гүйцэтгэлийн үе шатны хуваарь, санхүүжилт төлбөр зэргийг тухайлан баталсан. Тус компани нь гэрээгээр баталсан ажлын хуваарийг зөрчиж, ажлын хугацаа хэтрүүлж гүйцэтгэснийг ажил тус бүрээр хэтэрсэн хугацаа, тус бүрийн алдангийн үнийн дүнг энэхүү сөрөг нэхэмжлэлийн хавсралт 1-д тооцож оруулсан болно. Н ХХК... нь үе шаттай ажлын хугацааг хэтрүүлсэн болох нь хоёр талын ажил хүлээлцсэн акт болон барилга угсралтын ажил гүйцэтгэх хавсралт гэрээгээр нотлогдох бөгөөд энэхүү баримтуудыг сөрөг нэхэмжлэлд нотлох баримтаар гарган өгч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 11.5 дахь хэсэгт талууд барилгыг ашиглалтад оруулах хугацаа, хүч чадлыг эцэслэн тохиролцсон бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч нь үе шатны ажлын гүйцэтгэлийг графикт заасан хугацааны дотор гүйцэтгээгүй тохиолдолд тухайн үе шатны гүйцэтгэлийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувь хүртэл хувьтай тэнцэх алдангийг тооцон төлнө” гэж заасан. Иймд ажлын үе шатны гүйцэтгэлийг гэрээгээр баталсан хугацаанаас нийтдээ 2928 хоног хэтрүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар тооцсон нийт алданги 305,760,556.95 төгрөгийг Н ХХК...-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Тус шүүхэд гаргасан Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Талууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр захиалагч, гүйцэтгэгч талуудад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, нийт ажлын гүйцэтгэл 3,185,070,150 төгрөг гэж тооцоо нийлж, үүнээс ажлын доголдолд 81,000,000 төгрөгт акт тавигдан суутгагдаж 3,104,070,150 төгрөгөөр эцэслэн тооцоо нийлсэн. Өөрөөр хэлбэл талууд гэрээгээ дүгнэж, өглөг, авлагаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар эцэслэн тохиролцсон, гүйцэтгэгч талын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг энэ актаар бүрэн дүгнэж дуусгавар болгосон. Харин Б ХХК нь Н ХХК-д 341,783,260 төгрөгийн төлбөр төлөх үүрэг үлдэж байгааг баталгаажуулсан баримт нь энэ акт юм. Ийм учраас манай компани энэ үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан. Гэтэл хариуцагч Б ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж алданги шаардаж буй нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулдаг, үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шаардлага байтал гэрээний үүргийг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн үүрэг дуусгавар болсны дараа энэ шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас хариуцагчийн алданги шаардах үндэслэл болгож буй гэрээний Үүргийг дээрх хугацаанд гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдалд энэ гэрээний захиалагч тал болох Б ХХК-ийн буруутай үйл ажиллагаа /материал хугацаанд нь нийлүүлээгүй, чанарын шаардлага хангагдаагүй материал нийлүүлснээс болж гарсан хохирол, хоцрогдол, мөн гаргаж өгсөн графикт хугацаанаас өмнө захиалагч тал ажлыг зогсоож байсан. захиалагч талын хариуцан хийж гүйцэтгэх ёстой суурь ухалтын ажлыг цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүй/ зохих ёсоор нөлөөлсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т заасан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийг үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан үр дагавар үүссэн тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тайлбарыг гаргаж байна.

        5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, тооцооны баримтын жагсаалт, угсралтын тооцоо нийлэх акт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н ХХК...-ийн албан бичиг, төлбөрийн баримт, хариуцагчаас Н ХХК...-ийн угсралтын ажлын тооцоолол, алданги, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, төслийн барилгын угсралтын ажлын санхүүгийн график, угсралтын ажил гүйцэтгэх үнийн санал, гэрээний нэмэлт өөрчлөлт, Б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, тооцоо нийлсэн акт, тооцооны баримтын жагсаалт, угсралтын тооцоо нийлэх акт, угсралтын гүйцэтгэлийн тооцоо, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, гүйцэтгэсэн ажил хүлээлцэх акт, кассын зарлагын ордер шүүхэд гаргаж өгсөн байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 321,783,260 төгрөг, алданги 145,169,216 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 476,952,476 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 22,366,135 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч, үлдсэн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн төлбөрийг төлөх үүрэггүй гэсэн бол хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний алдангид 305,760,556.95 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчигдөөгүй гэж маргажээ.

         8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Н ХХК... нь хариуцагч Б ХХК-ийн 3,197,939,100 төгрөгийн зардлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 1 блок 18 давхар, үйлчилгээ орон сууцны барилгын Төмөр бетон каркас угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Энэхүү гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний 3,197,939,100 төгрөгийн үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулж тооцохоор, гэрээний 3.11 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэлийн үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаа болгон суутган авах бөгөөд хүлээн авснаас 1 жилийн дараа ямар нэгэн доголдол илрээгүй тохиолдолд буцаан олгохоор, 11.1, 11.4 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/011 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч барилгыг улсын комисс хүлээн авсан талаар зохигчид маргаагүй болно.

 

Гэрээний талууд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээг дүгнэсэн акт үйлдэж, хариуцагч Б ХХК нь 341,783,260 төгрөгийн өглөгтэй гарсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Энэхүү тооцооны баримтын жагсаалтаас үзвэл Н ХХК...-ийн нийт 3,185,070,150 төгрөгтэй тэнцэх ажлын гүйцэтгэл болон Б ХХК-ийн 2,762,286,890 төгрөгийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулж, зөрүү 422,783,260 төгрөгөөс гүйцэтгэлийн баталгаа болох 81,000,000 төгрөгийг суутган үлдэх 341,783,260 төгрөгийг хариуцагч Б ХХК төлөхөөр тохиролцжээ. Зохигч гүйцэтгэсэн ажил, төлсөн төлбөрийн хэмжээ болон хариуцагч тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 20,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Энэхүү тооцооллыг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дахин баталгаажуулжээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үгүйсгэж чадаагүйгээс гадна нэхэмжлэгчийн НӨАТ-т төлсөн 288,649,777 төгрөгийг гэрээний үнэд оруулаагүй болохоо, нэхэмжлэгч гэрээний үүргийг хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэснээ баримтаар нотлоогүй байна.

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

10. Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүйгээс гадна хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ...орон сууцны барилгын Төмөр бетон каркас угсралтын ажлыг тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажлын тоо, хэмжээ, чанартай холбоотой гомдол гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолгүй гэж үзлээ. Мөн ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авсан бөгөөд гүйцэтгэлийг баталгаанаас 81,000,000 төгрөгийг суутган авчээ. 

11. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 3,197,939,100 төгрөгийн ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байх ба гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдохоор талууд тохиролцсон тул тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 341,783,260 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 321,783,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

12. Түүнчлэн талууд ажил гүйцэтгэх гэрээний 11.1-д “Захиалагч нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь хүртэл хувьтай тэнцүү хэмжээний алдангийг ерөнхий гүйцэтгэгчид төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээг зохигчийн дахин тооцоо нийлж баталгаажуулсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тооцооллоос нэхэмжлэгч шаардлага гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 321,783,260 төгрөгийн 0,1 хувиар тооцоход 9,653,497 төгрөг болно.

Гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулахдаа алдангийн хэмжээг тохиролцоогүй буюу гэрээний хариуцлага тооцоогүй тул 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил үүсээгүй байсан гэж үзлээ. Харин энэ хугацаанаас хойш хариуцагч Б ХХК-ийн мөнгөн төлбөрийн үүрэг биелэгдээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан алданги тооцсон болно.

13.  Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд түүнийгээ хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болжээ. Нэхэмжлэгч өмгөөлөгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа итгэлцэл, ажлын хэмжээ, үнийн талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан атлаа өмгөөлөгчид төлсөн хөлсөө гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээдээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 331,436,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

15. Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 21, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг дүгнэсэн актаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил хугацаа хэтэрсэнтэй холбоотой хохирол, алданги шаардаагүй байхаас гадна гүйцэтгэлийн баталгаанд 81,000,000 төгрөгийн суутган авсан байх тул сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,751,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,686,755 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,815,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 331,436,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК...-д олгож, үлдэх 145,515,718 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,751,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,686,755 төгрөгийг тус тус улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,815,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ