Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор C.Энхням

Шүүгдэгч С.О

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Чимэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С. О-д холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.О

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н  нүүрэн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч С.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 10-наас О нь манай нөхөртэй явалдаж эхэлсэн. Хүүхдүүдийнхээ хажууд байнга мессеж бичиж ярьдаг болсон болохоор нөхрөөсөө салъя гээд хүүхдийн хичээл амраагүй байсан болохоор хүүхдээ орхиод гэрээсээ гарсан. Энд ирээд байж байтал хүүхдүүдийн хичээл нь амраад ирсэн. Утасдахаар нь ийм байдлаас чинь болоод явлаа гэж хэлсэн. Би Замын-Үүд явах ажилтай болчихоод хүүхэддээ утас аваад өг гэхэд за гэж хэлсэн хэрнээ дахин холбогдоогүй. Тэр хүүхнийх нь дугаарыг олоод холбогдоход аав чинь миний хажууд жаргаад байж байна, та хэд рүү явуулахгүй гэж хэлсэнээр миний уурлах шалтгаан эхэлсэн. Түүнээс хойш тэр хүүхэн нь надруу танай нөхөр надтай хотод байна, бид 2 сууна гэсэн мессеж бичсэн. 31-ний 22 цагийн үед ахындаа байж байтал төв талбай дээр ирсэн байна. 4 хүүхэдтэйгээ зургаа даруулмаар байна гэхээр нь очоод байхгүй болохоор нь залгатал утсаа авахгүй байсан. Удалгүй залгаад би хаана байгаагаа мэдэхгүй байна, нэг айлд байна гэж хэлэхээр нь утсыг нь тасдаад эргээд хартал нөгөө хүүхэн  эгчтэйгээ намайг ярьсан байдалтай, надаас айсан, эмээсэн шинжгүй зогсож байсан. Чамд намайг яриад зогсох эрх байхгүй шүү гэж холоос хэлсэн. Буцах гэтэл хүүхэд аавтайгаа зургаа даруулна гээд уйлаад байхаар нь одоо аав нь ирнэ гэж хэлчихээд эргэж очоод хоёулаа уулзсан дээрээ учраа олъё гэж хэлсэн. Гэтэл Уранзаяа гэх эгч нь ирээд чи муу арчаагүйдээ нөхрөө алдчихаад миний дүүгээр яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. О нэлээн уусан бололтой халамцуу байсан ч тэгье гээд намайг дагаад явсан. Би ч хүүхдүүдээ аваад хамт таксинд суугаад хөдлөөд 2 метр яваагүй байтал намайг доромжилсон эгч нь цагдаагаар таксыг  зогсоогоод дүүгээ цаанаас татахад би О-гийн араас татах гээд утастай гараа гаргатал утсыг маань авчихсан. Тэгэхээр нь утсаа авах гэтэл намайг үсдээд унагаасан. Би босоод бас үсдэхэд манай том хүү  ирээд яагаад байгаа юм гэхэд У гэдэг хүүхэн миний хүүхдийн нүүрийг араас нь маажсан. Дахин О-т учраа олъё гэж хэлэхэд О та хэд явж бай би учраа олох ёстой гээд намайг дагаад таксинд суусан. М-ийн байгаа айлд очиход байгаагүй. Тэндээс байгаа айлдаа хүүхдүүдээ аваачиж өгчихөөд Сн үүдэнд буугаад нөгөө хүүхэн нь Мийг дуудтал хүрээд ирсэн. Хгийн мөрөн дээгүүр намайг доромжлоод миний нүүрний 2, 3 газар хүрсэн. Нөхөр миний 2 гарыг бариад тавихгүй болохоор нь гарыг хумслахад миний куртик улаан эрээн болж цусанд будагдсан байсан. Тэгээд О-тэй харилцан маажилцсан. Цагдаад дуудлага өгөхөд ирээгүй. Хг 4 хүүхэд чинь хүлээж байгаа явъя гээд авч явсан. Очиж он гаргачихаад нөгөө хүүхэн рүүгээ явна гэхээр нь энэ асуудлаа  дуусгая гээд хадам ээжийндээ очсон. Тэнд очоод байж байтал О ирээд би нөхрийг чинь сайн аваад явчихна, чи зүгээр л зайлаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ ганцаараа тэжээж чадахгүй гэж хэлэхэд О нэг шил архи гаргаж ирэхээр нь хувааж уугаад, тамхи татчихаад би явлаа гэхэд М гарч ирээд чи байж бай гэсэн. О гурвуулаа хамт байя. Цуг унтая гэж хэлэхэд нь манай хадам айхтар хүн байдаг юм. Чи албан ёсоор гэрт нь ирээгүй байж ингэж болохгүй гэж хэлчихээд би гарч гүйгээд энэ хоёрт ингэж доромжлуулж байснаас үхсэн нь дээр гээд Маргад буудалд очоод үйлчлэгчийнх нь утсыг гуйгаад эгч рүүгээ 4 хүүхдийг гэрт оруулаад унтуулчихаарай гэж хэлчихээд Х рүү залгаад би чиний хүслийг биелүүлээд үхээд өгье гэж хэлчихээд нилээн алхсан. Хүүхдүүдээ яах билээ гэж бодоод буцаад 5 цагт гэртээ орж ирээд байж байтал М орж ирээд инээгээд байхаар нь гар гээд хөөгөөд явуулсан. Дараа нь ирээд О рүү олон юм ярьсан бол ална шүү гэж байгаад явсан гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Б.О-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..О нөхөртэйгээ маргалдаад  байж байсан. Тэгсэнээ гэнэт миний нүүр хүзүү зэрэг газарт гараараа маажиж самардсан. ” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч У.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би С дэлгүүрийн гадаа хүрээд очиход манай эхнэр О гэдэг эмэгтэйтэй зодолдоод нүүр амаа маажилцсан байсан. Тэгээд би Ог барьж аваад машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн.  О-гийн нүүр самардуулсан байдалтай байсан.." гэсэн мэдүүлэг ,

 

           Шинжээчийн ... дугаартай: “...Б.О-гийн биед шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэсэн дүгнэлт          

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30, 34, 38/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32, 36, 40/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан  нүүрэнд нь  маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

 

             Уг гэмт хэргийг шүүгдэгч С.О үйлдсэн болох нь хохирогч Б.О-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..О нөхөртэйгээ маргалдаад  байж байсан. Тэгсэнээ гэнэт миний нүүр хүзүү зэрэг газарт гараараа маажиж самардсан..” гэсэн мэдүүлэг, гэрч  У.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр С.О нь О гэдэг эмэгтэйтэй зодолдоод нүүр амаа маажилцсан байсан. Тэгээд би О-г барьж аваад машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн.  О-гийн нүүр самардуулсан байдалтай байсан.." гэсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Онь хохирогч Б.О-гийн  нүүрэнд  нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.О-д холбогдох хэргийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байна.

 

           Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  тухайн зүйл хэсэгт заасан  ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч С.О-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

            Хохирогч Б.О нь шүүгдэгч С.О-гаас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ог 450000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭ