| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0454/З |
| Дугаар | 128/ШШ2025/0613 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0613
2025 09 09 128/ШШ2025/0613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******
Гуравдагч этгээд: Э.*******
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******, хариуцагч Б.*******, гуравдагч этгээд Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******* ******* ХХК нь хүүхдийн өдөр өнжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гуравдагч этгээд Э.******* нь тус байгууллагад 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс багшаар ажиллаж байжээ.
2.2. Гуравдагч этгээд Э.******* нь цалин хугацаанд нь олгодоггүй байсан болон бусад шалтгаанаар ажлаас гарах өргөдлөө 2024 оны 12 дугаар 25-ны өдөр өгч улмаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цахимаар болон амаар цаашид ажиллахгүйгээ мэдэгдэн ажлаасаа гарсан байна.
2.4. Дээрх үйл баримтын дараа гуравдагч этгээд цагдаад маргаан бүхий асуудлаар гомдол гаргасан.
2.5. Уг гомдлыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.******* хүлээн аваад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар зөрчлийн хэрэг нээсэн.
2.6. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Э.*******, ******* ******* ХХК-ийн хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой бичиг баримтад шалгалт хийж ******* Бэхи ХХК нь ажилтны ажилласан хугацааны цалинг хугацаанд нь олгоогүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгож, Э.*******ын үлдэгдэл цалин болох 1,240,000 төгрөгийг түүний Хаан банкны дансанд шилжүүлэн нөхөн олгох зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авчээ.
2.7.Нэхэмжлэгчээс хариуцагчийг захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, тайлбар, санал гаргах боломж олгох зэрэг хуульд заасан ажиллагаа явуулаагүй үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.8.Хариуцагч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил гаргасан нь оролцогчдын ирүүлсэн баримт, мэдүүлгээр тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авсан гэх хариуг ирүүлдэг.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... ******* ******* ХХК нь хүүхдийн өдөр өнжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1 ажилтантай. Тухайн ажилтан нь Э.******* юм.
Ажилтан Э.******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай компанид Багш албан тушаалд ажиллах болж сарын цалин 1800000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.
Үүнээс хойш хэвийн ажиллаж байгаад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн ажилтан Э.******* нь ажлын байраа гэнэт орхиж явсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-д Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасан бөгөөд ажлын хариуцлага алдаж байгааг ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай П.******* удаа дараа өөрийн цахим сүлжээгээр байнга хэлж сануулсан боловч үл тоож ажлаа шалтгаангүйгээр орхиж явсан.
Э.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасан хуулийн 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад ажлын байраа орхиж явсан нь ажил олгогчид дараагийн ажилтнаа бэлтгэх, сургаж авах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.
Ажилтан Э.*******ыг ажлын байраа гэнэт орхиж явснаас үүдэн ******* Бэхи ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүүхдүүдийг харах, багшлах хүнгүй, хараа хяналтгүй болж улмаар хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар ******* Бэхи ХХК-д гомдол гаргаж эхэлсэн.
Үүнээс хойш ******* Бэхи ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай П.******* нь хүүхдүүдэд өөрөө багшлах, улмаар өдрийн хоол цай бэлтгэх, өглөө угтаж авах, орой эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх гэх мэт ажлыг ганцаараа хийж гүйцэтгэхээс өөр аргагүй болсон.
Мөн ажилтан Э.******* нь өөрөө ажлын байраа орхиж явсан учраас сарын цалин хөлсөө авахгүй гэж өөрийн сошиал хаягаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.
Гэтэл Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.******* нь хэтэрхий нэг талыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д Ажилтны цагийн хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэж заасныг үндэслэн ******* ******* ХХК-ийг 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийн хуудсыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай П.*******д гардуулан өгсөн.
Улсын байцаагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, 16 дугаар зүйлийн 16.1-д Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-д ... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах зэрэг хуульд заасан ажиллагаа явуулалгүй Шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэнээс Э.*******аас ирүүлсэн цалин хөлс хугацаанд олгохгүй байна гэх өргөдөл гомдлыг хүлээн аваад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл (Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл)-ийн 1.2 дэх хэсэг (1.Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: 1.2.хүн, хуулийн этгээ, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;)-т заасны дагуу ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн зөрчил шалгах ажиллагаа явуулсан.
Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил нь оролцогчдын мэдүүлэг болон оролцогчдоос ирүүлсэн баримтаар нотлогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн гэжээ.
3.3.Гуравдагч этгээд Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Энд хэд хэдэн удаа худал мэдээлэл бичсэн байна. Би 2024 оны 08 дугаар сарын 26-аас ажиллаж эхэлсэн бөгөөд дадлагын 5 хоног гээд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 204 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилласан хугацааг маань тооцоогүй. Мөн эхний сар цалин өгөөгүй. Учир нь хүмүүс цалингаа авчхаад алга болчихдог юм гээд цалин дараа сарын буюу 2024 оны 10 дугаар сарын 20-нд өгнө гэсэн. Энэ хугацаанд чиний ажилласан 20 хоногийн цалинг барьцаална гэж хэлсэн. Ажлаас гадна өөрийн хувийн ажилдаа зарах, ажлаас гаднах хувийн асуулт их асуудаг. (Жишээ нь: Чи хүнтэй унтаж байсан уу? Хүнтэй үерхсэн үү гэх мэт) Цалин мөнгө байнга хугацаандаа олгодоггүй. Сард нэг удаа л цалин ордог гэх мэт шалтгаануудаас болж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гарах өргөдөл өгсөн боловч цахимаар хүн хайж хүн олдтол ажиллаад өг гэсэн. Би хүлээн зөвшөөрч ажилласан. Тэгэхэд 2025 оны 02 дугаар сарын 10-нд Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан охин ажилд орохоор ирсэн. Тэгээд би ажиллахгүй гэдгээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цахимаар болон амаар мэдэгдэж хэлсэн. Тэгэхэд намайг доромжлон сүрдүүлж эхэлсэн. Би аргагүй үүднээс цагдаад гомдол гаргаж ажиллахгүй гэдгээ тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэлэн ажлаасаа бүр мөсөн гарсан. Мөн одоог хүртэл миний цалин хөлсийг огт өгөөгүй. Энэ бүх гомдол санал надад баримт нотолгоотой байгаа. Шүүхийг зөвшөөрвөл баримт нотолгоогоо үзүүлж болно гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүхэд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч ******* ******* ХХК-аас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Б.*******д холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Сүглэгмаагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003003 дугаар шийтгэлийг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
3.Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.*******ын гаргасан бүртгэлийн ******* дугаартай гомдол, мэдээллийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн ******* дугаартай хэрэг нээж, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 /таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
4. Гомдол гаргагч ******* ******* ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-дэх хуульд заасан ажиллагаа ажиллагаа явуулалгүй шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ... гэж, хариуцагчаас ... шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ ...Ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил нь оролцогчдын мэдүүлэг болон оролцогчдоос ирүүлсэн баримтаар нотлогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн ... гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Гомдол гаргагч ******* ******* ХХК нь иргэн Э.*******тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, багшийн албан тушаалд, нэг сарын үндсэн цалин 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр олгохоор харилцан тохиролцсон байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргаагүй, ажил хүлээлцээгүй байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.3-д гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.1-д гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх гэж тус тус заасан.
7. Хэрэгт авагдсан Зөрчлийн хэргийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ... Сар бүрийн 20-нд цалингаа авахаар тохиролцсон юм. Тэгсэн 2024 оны 12 дугаар сарын 24-нд цалингаа цагтаа авч чадахгүй надад хэцүү байна гэж захиралдаа хэлсэн чинь чатаар битгий ийм юм яриад бай, ирээд уулз гэхээр нь хүүхдүүдийн хажууд ийм юм яримааргүй байна гэж хэлсэн. Ажилд орсон эхний 5 хоног цалингүй ажиллуулсан, эхний 1 сарын цалинг чинь барьцаанд авна тэгэхгүй бол хэцүү байдаг хүмүүс ажлаа хаяад явчихдаг гэж хэлсэн. Байнга ажлын байрны дарамт үзүүлдэг, хэт хувийн чанартай асуултууд асуух, ажилтай холбоогүй хувийн зүйлдээ зарах зэрэг ажиллахад хүндрэлтэй зүйлүүд их гарч байсан. Ийм болохоор би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гарах саналаа бичгээр өгсөн. Захирал намайг ажлаас гаргахгүй ээ, чи харин 1 сар амарчхаад ир гэсэн. Чиний оронд ажиллах хүн олсны дараа чамайг гаргана гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 20-нд захирал руу холбогдоод та ажиллах хүнээ олсон уу гэсэн олоогүй гэхээр нь би та тэгвэл амласандаа хүрээрэй, би хүн олтол ажиллаж байгаад цалингаа бүрэн аваад гаръя гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан, ... 2024 оны 12 дугаар сарын цалингаас 1,000,000 төгрөг үлдсэн. 2025 оны 02 дугаар сард 3 өдөр ажилласан 240,000 төгрөг, нийт 1240,000 цалингаа авч чадаагүй байгаа гэж,
- 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авах тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ... 1,800,000 төгрөгийн үлдэгдэл байснаас 800,000 төгрөгийг нь өөрөө авъя гэхээр нь өгсөн. Одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлд 3 өдөр ажилласан гэж байна, тэрийг бүртгэлээ харж байгаад хэлнэ, ... сүүлд тохиролцоод өдрийн 90,000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон гэж,
-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаварт ... Иймд ******* ******* ХХК-нд ажиллаж байсан ажилтан Э.*******ын үлдэгдэл цалин болох 1,240,000 төгрөгийг түүний ХААН банкин дахь ******* тоот дансанд шилжүүлэн нөхөн олгох талаар тус тус дурджээ.
8. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбарт нэхэмжлэгч ******* ******* ХХК нь тус байгууллагад багшаар ажиллаж байсан Э.*******ын 2024 оны 12 дугаар сарын цалин 1,000,000 төгрөгийн үлдэгдэл, 2025 оны 02 сарын 3 өдрийн цалин 240,000 төгрөг, нийт 1,240,000 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй болох нь тогтоогдож байна.
9. Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
10. Учир нь гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй байх бөгөөд ажилтан өөрөө цалингаа авахгүй гэж байсан, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад бүх цалингаа аваад л дуусгахаар тохиролцсон гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
11. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.1-д тус тус заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдох Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР