Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Га /РД:ЧН7/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.Га /РД:ЩГ8/

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1******* дугаартай Арилжааны гэрээ-ний дагуу П.Га өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******, 0005******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107.26м2 талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22*******, 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж гүйцэтгэлийн хувийг буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэг, иргэдийн төлөөлөгч Б.Эр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тус шүүхэд иргэн П.Га Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1******* дугаартай Арилжааны гэрээ-ний дагуу П.Га өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******, 0005******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 14 тоот 107.26м2 талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22*******, 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж гүйцэтгэлийн хувийг буруу бүртгэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх

2.1. Иргэн П.Га, Д.Га нар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр А талын хөрөнгийг Б талын өмчлөлд, Б талын хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой 1******* бүртгэлийн дугаар бүхий Арилжааны гэрээ байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)

2.2. Тус гэрээний ... 2.1 А талын хөрөнгийн мэдээлэл: Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Ү22*******, 0005*******, хаяг, хэмжээ: Улаанбаатар Баянгол дүүрэг 7-р хороо Баа-2 гудамж, 14 тоот 7-р давхар тоот, 107.26, үйлчилгээний зориулалттай, 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 2.2 Б талын хөрөнгийн мэдээлэл: Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Ү2204024409, 000081984, Хаяг, хэмжээ: Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 16-р хороо, С.Данзан гудамж 19 байр 00 тоот, 32.2м2 хэмжээ бүхий 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, Ү22*******, 00 улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16 хороолол 10 байр, 00 тоот, 28м2 хэмжээ бүхий 100,000,000 (нэг зуун сая) төгрөг ... гэж тусган, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлэхээр тохирсон байна.

2.3. Иргэн Д.Га 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох баримтын хамт Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Гаод Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, Баа-2 гудамж, 00 тоот 7-р давхар тоот хаягт байршилтай 107,26м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

2.4. Иргэн П.Га дээрх арилжааны гэрээний дагуу иргэн Д.Гаод үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийг хувийг орхигдуулсан буюу гүйцэтгэлийн хувийг буруу гаргасан, үүний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх асуудлаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хандаж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 312 дугаар албан бичгээр өмчлөгч иргэн Д.Га нь Улсын бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ 80%-ийн гүйцэтгэлтэйгээр зөвтгөн авах боломжтой гэх хариуг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/5569 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх мэдээлэлд гүйцэтгэлийн хувийг оруулахад эрх шилжүүлж авсан өмчлөгч иргэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ гэх агуулга бүхий хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал)

2.5. Улмаар П.Га 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж, 128/ШШ2024/0804 дугаартай шүүхийн шийдвэр гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 221/МА2025/0017 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаар тус шүүх хэргийг дахин хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: П.Га миний бие Д.Гатой 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1******* дугаартай Арилжааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 1.1 дэх заалтад "Энэхүү гэрээний зорилго нь А талын хөрөнгийг Б талын өмчлөлд, Б талын хөрөнгийг А талын өмчлөлд, шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино" гэж, мөн гэрээний 2.1 А талын хөрөнгийн мэдээлэл буюу П.Га өмчлөлийн улсын бүртгэлийн Y-22*******, 0005******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг, 2.2 дахь хэсэгт Б тал буюу Д.Гаын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг тусгасан. Улсын бүртгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болоод Арилжааны гэрээний дагуу П.Га өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107,26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй үйлчилгээний зохиулалтай үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг өөрчилж дахин гэрчилгээ гаргахдаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Y-22*******, 001******* дугаартай, До Га /РД:ШГ8/ нэг иргэний өмч гэж 100%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан "Арилжааны гэрээ" нь 80%-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлэхээр хийгдсэн. Энэ нь тус гэрээний хавсралтаар өгсөн 80%-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай ул хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ нотлогдоно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээ татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар хуульчилсан. Гэтэл улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй байхад баримт бичгийг буцаалгүй бүртгэл хийсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 80%-ийн гүйцэтгэлтэй, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт гараагүй байгаа барилга юм. Гэтэл улсын бүртгэгч баримт бичгийн шаардлага хангаагүй материалд үндэслэн шууд 100%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч байгаа нь хууль бус юм. Үүнээс үүдэн П.Га миний бие өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө хураалгах нөхцөл байдал үүсээд байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. П.Га нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр буюу 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан. Гэтэл улсын бүртгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болоод Д.Га нь маргаан бүхий хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй байж төлсөн мэт аашилж надад их хэмжээний хохирол учруулаад байна, бүртгэлийг хүчингүй болгуулснаар П.Га нь Д.Гаоос өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм. Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэлийн өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасны дагуу П.Га өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******, 0005******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107.26м2 талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22*******, 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж гүйцэтгэлийн хувийг буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Га нь Н.Гатой 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1******* дугаартай Арилжааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-т А тал П.Га үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг, 2.2-т Б тал Д.Гаын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг тусгаж өгсөн. Тус арилжааны гэрээ нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдэд үндэслэн байгуулагдсан. Дээрх гэрээний дагуу П.Га өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Д.Гаын өмчлөлд, Д.Гаын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг П.Га өмчлөлд шилжүүлэхээр 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус Арилжааны гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. Гэтэл улсын бүртгэлийн хариуцлагагүй үйлдлээс болж 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн мэдээллийг өөрчилж дахин гэрчилгээ гаргахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх гэж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээ-ний дагуу 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан болохоос биш 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ гаргуулахаар гэрээ байгуулаагүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрөөтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар хуульчилсан. Гэтэл улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд нь зөрөөтэй байхад баримт бичгийг буцаалгүй бүртгэл хийсэн. Уг барилга байгууламжийг улсын комисс хүлээн аваагүй байгаа тул улсын бүртгэлийн байгууллагаас 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлтэй гэж гаргах боломжгүй. П.Га нь өөрийн 107,26м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө хураалгах нөхцөл байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасан тул хууль бус улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх Б.Га гэх хүн 2 ширхэг Улаанхуаранд байрлах орон сууцныхаа байршлыг нь сайжруулж Зайсанд орон сууц авах хэрэгтэй байна гээд П.Га дүү П.Га Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байдаг. П.Га Зайсанд орон сууц барьж байсан ажил нь бүтэлгүйтэж, хөрөнгө оруулагчтайгаа маргасан. П.Га өмчлөлд улсын бүртгэлийн гэрчилгээ 80 хувьтай байдаг. Үүнийгээ барьцаалж, арилж гэх байдлаар гэрээ хий гэсэн. П.Га мэдээж дотроо аягүй дургүй байсан. Учир нь дүү П.Га ажил бүтэлгүйтсэн. Д.Га заавал барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө авмаар байна гэдэг. Нэхэмжлэгч Арилжааны гэрээгээ ч уншаагүй, дарамт шахалтад орон гарын үсгээ зурсан. Улмаар улсын бүртгэлийн гэрчилгээ хувьгүй гарч ирсэн. Хувьгүй гарсан тохиолдолд бүртгэл 100% гэж ойлгогддог. Тухайн үедээ юу ч бодолгүй орхисон. Гэтэл Д.Га орон сууцыг албадан чөлөөлүүлэхгүй, авахгүй зөвхөн баталгаа хэрэгтэй гэж хэлсэн боловч албадан чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд хандсан. Улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас энэ бүхэн болсон. Арилжааны гэрээнд 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай гэдэг үгийг бичээгүй учир 100 хувь гэж бүртгэнэ гэдэг талаар Улсын бүртгэлийн байгууллагын хариу албан бичигт дурдсан байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийн бүрдэл нь дутуу, засвартай, мэдээлэл зөрөөтэй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах гэж заасан. Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан бол П.Га өнөөдөр үл хөдлөх эд хөрөнгөнөөсөө хөөгдөхгүй байсан. Д.Гаод өөр байршилд 2 ширхэг орон сууц өгье гэхэд авдаггүй. Зөвхөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авна гэдэг. Харин одоо 8 давхар болж үнэлгээ нь 959 сая төгрөг болсон. Талуудын аль алиных нь эрх ашгийг бодож эвлэрэх зорилгоор гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.Цацралтуяатай харилцахад авах боломжгүй гэдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө 80 хувьтайгаар бүртгэгдсэн бол үлдсэн 20 хувь нь П.Га болж таарна шүү дээ. Энэ тохиолдолд 20 хувиасаа би гарахгүй гэж байраа чөлөөлөхгүй байх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн уг эрх зөрчигдчихсөн гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх эд хөрөнгийг 327 дугаартай нотариатчийн гэрчилсэн арилжааны гэрээнд барилгын гүйцэтгэлийн хувь тусгагдаагүй, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Д.Гаын нэр дээр хэвлэж гаргахдаа улсын бүртгэгч гүйцэтгэлийн хувийг тус тус орхигдуулсан нь уг гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь өнөөдрийг хүртэл шүүх маргаанд иргэд хоорондын байгуулсан арилжааны гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргаагүй бөгөөд арилжааны гэрээнд заасан эд хөрөнгүүд гэрээнд заасны дагуу өмчлөх эрхүүд улсын бүртгэлд шилжин бүртгэгдсэн бөгөөд гэрчилгээнд хувь тусгагдаагүй техник шинжтэй алдааг өнөөдрийн байдлаар өмчлөгч иргэн улсын бүртгэлд мэдүүлэг гарган гэрчилгээнд хувь тавиулах эрх нь нээлттэй байгааг мэдэгдэж ирсэн болно. Мөн зөвхөн үнэт цаасны гэрчилгээнд хувь тавигдаагүй байгаа болохоос улсын бүртгэлд авагдсан эх нотлох баримтаас үзэхэд уг эд хөрөнгө дутуу гүйцэтгэлтэй барилгаар бүртгэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч талууд арилжааны гэрээнд тодорхой эд хөрөнгүүдийг үнийн дүнгийн зөрүүгүй, хариу төлбөргүйгээр өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлсэн байтал одоо төлбөр дутуу, шилжүүлсэн эд хөрөнгөө хураалгах нөхцөл байдал үүсэж байгаа гэх тайлбар гаргасан ойлгомжгүй, уг гэрээ хэлцэл нь жинхэнэ гэрээ хэлцэл мөн эсэхэд эргэлзээ төрж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт өмчлөх эрхээ шилжүүлсэн эд хөрөнгийн хувь гэрчилгээнд тавигдаагүйгээс болж дээрх нөхцөл байдал үүссэн гэж байгаа нь улсын бүртгэл өмчлөх эрх бүртгэсэн бүртгэлтэй ямар ч холбоогүй байна гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх буюу 7 дугаар хороо, баруун хойд Аюушийн 2 дугаар гудамж 7 дугаар давхрын 107,26м.кв барилгыг хамгийн анхны өмчлөгчөөр Б.Ба гэх хүн анх бүртгүүлсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу П.Га нэр дээр шилжсэн бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаартай нотариатчийн гэрчилгээгээр Арилжааны гэрээгээр гуравдагч этгээд Д.Гаын өмчлөлд шилжсэн. Уг бүртгэл нь хүчин төгөлдөр хийгдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буйгаар огт сонсогдоогүй, ойлгоогүй, дарамт шахалтаар гэрээ хийгдсэн бол тус гэрээг үнэн зөв хийгдсэн талаар иргэний журмаар маргах шаардлага үүснэ. Улсын бүртгэл маань цаасан гэрчилгээ буюу үнэт цаасан дээр хэвлэгдэж байгаа. Хувийн хэрэг, нотлох баримт, цахим архиваас авч үзвэл 80 хувьтайгаа л байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжгүй болохоос биш тухайн үед бүртгэл хийсэн улсын бүртгэгч маань хэвлэж гаргахдаа барилгын гүйцэтгэлийн хувийг алдаатай хэвлэсэн. Арилжааны гэрээ 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болдог. Улсын бүртгэлийн техник алдаанаас гадна нотариатаар гэрчлүүлсэн гэрээний асуудал эргэж сөхөгдөх асуудал үүснэ. Тэгэхээр гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар гаргаж байгаа бол захиргааны журмаар биш иргэний журмаар нэхэмжлэл гаргах ёстой юм байна биш үү гэх байр суурьтай байна. Гүйцэтгэлийн хувь гэдэг нь тухайн эд хөрөнгийн 80 хувийн гүйцэтгэлтэй гэж тухайн объектыг ярьж байгаа болохоос биш 80 хувийг нь эзэмшинэ, 20 хувийг нь өөр этгээд эзэмшинэ гэх ойлголт биш. Үлдэх 20 хувь дээр маргах эрх зөрчигдсөн гэдэг нь үндэслэлгүй. Нэгэнт гэрээ хийгдэж өмчлөх эрх иргэн Д.Гаод шилжсэн бол 100 хувь Д.Гаын өмч болсон гэсэн үг. Улсын комисс буюу зохих байгууллага байнгын ашиглалтад аваагүй тухайн барилга байгууламжийг ашиглахыг хуулиар хориглодог. Гэтэл аль хэдийн ашиглалтад оруулж нэмээд өргөтгөсөн, 800 сая төгрөг зэргийг нэхэмжлэгч тал дурдаж байна. Эдгээр нь иргэний маргаанд хамааралтай. Гүйцэтгэлийн 80 хувь гэх тоо тавигдаагүйгээс шалтгаалан бүхэл бүтэн улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн Y-22*******, 001******* дугаартай ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа 100%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж гүйцэтгэлийн хувийг буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж тайлбарлажээ. Гуравдагч этгээд Д.Га нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай арилжааны гэрээ байгуулсан П.Га түүний өмчлөлийн Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, Баа-2 гудамж, 14-р байр, 7-р давхар тоот хаягт байрлах 107,26 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон. Үүний дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргасны үндсэн дээр 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 001******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Гаын нэр дээр гаргасан байдаг. Д.Га нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үндэслэл нь талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээ бөгөөд улсын бүртгэл нь өмчлөх эрхийн шилжилтийг л баталгаажуулж байгаа үйлдэл юм. Иймд 80 хувийн гүйцэтгэгчтэй гэх бичиглэлийг орхигдуулсан бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч буцаад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Өөрөөр хэлбэл Y-22******* дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, Баа-2 гудамж, 14-р байр, 7-р давхар тоот хаягт байрлах 107,26 м кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Д.Гаын өмчлөлд шилжүүлэхдээ 80 хувийн гүйцэтгэлтэй гэх бичиглэлийг орхигдуулсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчихгүй юм. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэгдэх бөгөөд өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг гэжээ.

3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Га нь хууль бусаар өмчлөлийг авсан буюу захиргааны акт дээрх 80 хувь гэдэг тоог орхигдуулснаас болсон гэж тайлбарлаж байна. Улсын бүртгэл нь өмчлөх эрхийн шилжилтийг баталгаажуулдаг болохоос биш өмчлөх эрхийг үүсгэж буй үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууц нь Д.Гаын өмчлөлд шилжиж буй үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан Арилжааны гэрээ болон бусад гэрээтэй холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж улсын бүртгэлийг хүчингүй болгосноор өмчлөх эрх нь буцаад П.Гад шилжихгүй. 80 хувийг орхигдуулсан нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувийг шууд 100 болгож буй илэрхийлэл биш эсрэгээрээ орхигдуулж бичсэн техникийн шинжтэй алдаа учраас залруулагдах боломжтой. Нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа. Учир нь Арилжааны гэрээ хийгдэж улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх Д.Гаод шилжсэн бөгөөд техникийн шинжтэй алдааг засуулах боломжгүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралгүй болсон. Маргаан эхэлсэн 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч П.Га зүгээс нэг ч удаа өмчлөлтэй болон гэрээ хүчин төгөлдөртэй холбоотой маргаан үүсгэж байгаагүй. Харин өнөөдөр өөрийн өмчлөлийн биш эд хөрөнгийн гэрчилгээ дээрх тооны асуудал дээр маргаж байгаа нь үндэслэлгүй. П.Га зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 800 сая төгрөгөөр барьж байгуулсан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс харвал Б.Ба гэх хүнээс 7 дахь давхрыг буюу 107,26м.кв талбайг 80 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээтэй 2017 онд 25 сая төгрөгөөр авсан байдаг. П.Га нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй байхад авсан, тэгэхээр П.Га өөрөө барьж байгуулсан зүйл байхгүй гэв.

3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын комисс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар гүйцэтгэлийн 80 хувь нь 100 хувь болж өөрчлөгдөнө. Үлдэх 20 хувь нь нэхэмжлэгчид очих процесс явагдах боломж байхгүй. Өмчлөх эрхтэй холбоотой тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийг нотолж буй баримт бичиг нь алдаатай гарсан бол уг бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй гэж үзэж байна гэв.

3.9. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч болон гуравдагч тал иргэний хэргээр шийдэгдсэн арилжааны гэрээний талаар, өмчлөгчийн асуудлаар маргаан байхгүй байтал гэрээний үүргээр өмчлөлд ирсэн үл хөдлөх хөрөнгийг ашиглах, өмчлөх эрх нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж буй гуравдагч талын асуудал юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах асуудал нь тухайн иргэний эрх гэж ойлгож байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах асуудал нь дахин хэргийг сунжруулах, ач холбогдолгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэсэн санал дүгнэлттэй байна гэв:

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримт

1.1. Анх иргэн Б.Ба нь Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот хаягт байршилтай 806м2 талбайтай /8 давхар/, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, 0004******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал)

1.2. Иргэн Б.Ба өөрийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0004******* дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу БГД 7 хороо, БАА 2 гудамж 00 тоот 7 давхарт байрлах, 107.26м2 талбайтай үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө-ийг иргэн П.Гад худалджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал)

1.3. Дээрх иргэдийн хооронд байгуулсан гэрээ, хүсэлт, холбогдох мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч П.Гад Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 7-р давхар тоот хаягт байршилтай, 107.26м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө-ийн өмчлөгчөөр бүртгэж, 0005******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал)

1.4. Нэхэмжлэгч П.Га нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гуравдагч этгээд Д.Гатой 1******* бүртгэлийн дугаар бүхий Арилжааны гэрээ байгуулж, уг гэрээнд ... 2.1 А талын хөрөнгийн мэдээлэл хэсэгт ... улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Ү22*******, 0005*******, хаяг, хэмжээ: Улаанбаатар Баянгол дүүрэг 7-р хороо Баа-2 гудамж, 00 тоот 7-р давхар тоот, 107.26, үйлчилгээний зориулалттай, 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 2.2 Б талын хөрөнгийн мэдээлэл хэсэгт: Ү2204024409, 000081984 дугаар бүхий Улаанбаатар Баянзүрх дүүрэг, 16-р хороо, С.Данзан гудамж 19 байр 00 тоот, 32.2м2 хэмжээ бүхий 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, Ү22*******, 00 улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16 хороолол 10 байр, 00 тоот, 28м2 хэмжээ бүхий 100,000,000 (нэг зуун сая) төгрөг ... гэж тусган, А талын хөрөнгийг Б талын өмчлөлд, Б талын хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)

1.5. Уг арилжааны гэрээнд хавсаргасан нэхэмжлэгч П.Га 0005******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 7-р давхар тоот хаягт байршилтай 107.26м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)

1.6. Иргэн Д.Га нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дээрх Арилжааны гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох баримтын хамт улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 7-р хороо, Баа-2 гудамж, 00 тоот 7-р давхар тоот хаягт байршилтай 107,26м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө-ийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 77, 82 дахь тал)

1.7. Иргэн Д.Гаын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн 001******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь тэмдэглэгдээгүй байна.

Хоёр. Хууль зүйн үндэслэл

Маргаан бүхий Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107.26м2 талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэл хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

2.1. Уг хэргийн маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас ... улсын бүртгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болоод 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн мэдээллийг өөрчилж дахин гэрчилгээ гаргахдаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22, 001******* дугаартай, До Га /РД:ШГ8/ нэг иргэний өмч гэж 100%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан байна, үүнээс үүдэн П.Га миний бие өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөө хураалгах нөхцөл байдал үүсээд байна, бүртгэлийг хүчингүй болгуулснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм ... анхнаасаа өмчлөх эрхийг Д.Гаод шилжүүлж гэрчилгээ олгохдоо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй гэж заасныг зөрчсөн тул бүртгэл хууль бус болсон хэрэв улсын бүртгэлийн гэрчилгээнд 80 хувь гэж оруулах юм бол өмчлөлтэй холбоотой 20 хувийн гүйцэтгэл дээрээ маргана ... гэж,

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... улсын бүртгэлийн эх нотлох баримтад тус үл хөдлөх эд хөрөнгө нь дуусаагүй барилга буюу 80%-ийн гүйцэтгэлтэй талаар бүртгэлтэй байгаа ... иргэн Д.Гаод үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувийг орхигдуулсан нь техникийн шинжтэй алдаа юм, түүнээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 100% гүйцэтгэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй, хэрэв 100% гүйцэтгэлтэй гэж бүртгэх байсан бол улсын бүртгэлд бүртгүүлэхэд өөр шаардлага тавигдана, жишээ нь улсын комисс хүлээн авсан акт зэрэг шаардлагатай байдаг ... гэж ,

2.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Арилжааны гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа, уг гэрээтэй холбогдуулж маргадаггүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй байна, улсын бүртгэлийг хүчингүй болгуулсан ч Арилжааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2.4. Уг хэргийн маргааны үйл баримтад дурдсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1******* бүртгэлийн дугаар бүхий Арилжааны гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч П.Га, гуравдагч этгээд Д.Га нараас иргэний журмаар маргаагүй, уг гэрээ хүчин төгөлдөр байна. (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал)

 

2.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана. гэж зааснаар иргэн Д.Га нь дээрх Арилжааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилүүлэх авахаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох баримтын хамт харьяалах Улсын бүртгэлийн хэлтэст гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)

2.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана: ..., 11.2. дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана., 11.9. дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ. гэж заасан зохицуулалтын дагуу гуравдагч этгээд Д.Гаод дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 001******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

2.7. Нэхэмжлэгчээс ... Д.Гаод үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэж, гэрчилгээ олгосон ... гэж тайлбарлаж буй боловч хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /эх нотлох баримт/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гуравдагч этгээд Д.Гаод шилжихдээ үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ /80 хувь/ өөрчлөгдөөгүй байна.

2.8. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... хувийн хэрэг, нотлох баримт, цахим архиваас авч үзвэл 80 хувьтайгаа л байгаа ... эх нотлох баримт болох П.Га үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд 80 хувийн гүйцэтгэлтэй байсан тэр хувь хэмжээгээр улсын бүртгэлд бүртгэлтэй, ... харин улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо хувь хэмжээг тусгаагүй техникийн шинжтэй алдаа гарсан ... гэх тайлбар гаргасан.

2.9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д эх нотлох баримт бичиг гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг, 9 дүгээр зүйлийн 9.2. дахь хэсэгт Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ., 9.4. дэх хэсэгт Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч П.Га 107.26м.кв хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө-ийн өмчлөх эрх гуравдагч этгээд Д.Гаод шилжихдээ дээрх хувь хэмжээгээр шилжсэн буюу тус үл хөдлөх эд хөрөнгө дуусаагүй барилгаар бүртгэлтэй байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 22-82 дахь тал)

2.10. Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэхдээ гүйцэтгэлийн хувийг нэмж өөрчилсөн /100 хувиар бүртгэсэн/ гэх нөхцөл тогтоогдсонгүй.

2.11. Харин гуравдагч этгээд Д.Гаод дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 001******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувийг тусгаагүй орхигдуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4.-д үнэн зөв, бодитой, ... байх, 4.1.5.-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

2.12. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ., 5.3. дахь хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно ..., 5.4.Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар, гэрчилгээнд тусгах мэдээлэл, гэрчилгээ олгох журмыг Засгийн газар батална. гэж;

2.13. Засгийн газрын 2******* оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 2.2.-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана: 2.2.1.-д өмчлөгч нь иргэн бол түүний иргэний харьяалал, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, өмчлөгчийн тоо, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар, 2.2.2.-т газрын нэгж талбарын дугаар, 2.2.3.-т эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт гэж тус тус заасан.

2.14. Уг хэргийн тухайд, улсын бүртгэлийн эх нотлох баримт болох нэхэмжлэгч П.Га үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0005******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд 107,26м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж /дуусаагүй барилгаар/ тэмдэглэсэн боловч гуравдагч этгээд Д.Гаод тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 001******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд тус үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь тусгаагүй нь захиргааны байгууллагын алдаа байна.

2.15. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 16.1.7.-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй., 45.2. дахь хэсэгт Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй. гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувийг тусгаагүй алдааг залруулах эрх хэмжээ нь захиргааны байгууллагад хадгалагдана.

2.16. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуулийн дагуу бусдад шилжүүлэн бүртгэснийг нотлох эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн шилжиж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг бүрэн тусгах шаардлагатай ба энэ нь улсын бүртгэл үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж хийгдсэнийг илтгэх хэлбэр юм.

2.17. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, захиргааны байгууллага үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжүүлэн бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо дээрх хууль болон журмын зохицуулалтын дагуу нягтлан шалгах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг /бүрэн/ тусгах чиг үүргээ алдаатай хэрэгжүүлсэн, уг алдааг залруулах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдсон бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул уг нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэв.

2.18. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.19. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий захиргааны актын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

2.20. Түүнчлэн гуравдагч этгээд Д.Гаоос 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Д.Гаын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 14 дүгээр байр, 7 дугаар давхар тоот хаягт байрлах 107.25м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 80 хувийн гүйцэтгэлтэй гэх бичилтийг оруулан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Гаын нэр дээр дахин олгохыг хариуцагчид даалгах-аар бие даасан шаардлага гаргасныг тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШТ2025/0057 дугаар тогтоолоор /тогтоох хэсгийн 2 дахь заалтаар/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, мөн зүйлийн 54.1.3, 54.2 дахь заалтыг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Энэхүү шүүхийн тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2025/0492 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 128/ШТ2025/0057 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. (2 дугаар хавтаст хэргийн 163-190 дэх тал)

2.21. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүхийн тогтоол хүчин төгөлдөр бөгөөд гуравдагч этгээдээс дахин бие даасан шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4., 4.1.5., 16 дугаар зүйлийн 16.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3., Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1******* дугаартай Арилжааны гэрээний дагуу П.Га өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******, 0005******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Баа-2 гудамж, 00 тоот 107.26м2 талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гаын өмчлөлд шилжүүлж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-22*******, 001******* дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН