Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/395

 

 

 

 

      2024           4            02                                       2024/ДШМ/395

 

Н.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Э.Ө,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Л.Д,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Л.Д, хохирогч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор О.Нандинцэцэгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Од холбогдох эрүүгийн 23110000001390 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Н.О, 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, "К" ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

Н.О нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хамтран амьдрагч Э.Өын эрх, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас түүний биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн хамтран амьдрагч Э.Өыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0431609 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0475542 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд 1013 дугаартай шийтгэврээр 50 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн баривчлах шийтгэл тус тус хүлээж байсан нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг байнга зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 cap хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Л.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн хэлбэр гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын тал дээр ялтан Н.О ямар нэг байдлаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн мэдүүлгийг гэрчээр байцаагдахдаа ч, яллагдагчаар байцаагдахдаа ч мэдүүлж ирсэн. Гагцхүү шүүхээс ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзалгүй сонгох ялуудаас хорих ялыг сонгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал нь зөвхөн нэг талаас үүдэлтэй байддаггүй. Н.О Э.Ө нар нь залуу гэр бүл бөгөөд маргалдах зөрчилдөх асуудал урьд нь гарч байсан төдийгүй Н.О нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан үйлдэлдээ 1013 дугаартай шийтгэвэрээр 25 хоног баривчлах, 50 цаг албадан сургалтад суух шийтгэл хүлээж байсан. Энэ сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар маш сайн ойлголттой болж өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан дахин гэр бүлийн хүчирхийллийн асуудал огт гаргалгүй эхнэр Э.Өын хамт сэтгэл зүйчээс зөвлөгөө аван уучлалт гуйж, эвлэрсэн төдийгүй цаашдын амьдралаа төлөвлөн засарч хүмүүжсэн байжээ. Үүнээс өмнө болсон буюу 2023 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нь 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь энэ залуу гэр бүлд, ой найман сартай охин Уянга нарын ахуй амьдралын хувьд хүнд шийтгэл болсон байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж Монголын нэг ч гэсэн залуу гэр бүл асуудлаа хамтдаа шийдэн бүрэн бүтэн үлдээсэй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Хохирогч Э.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2019 онд Н.Отай танилцаж улмаар гэр бүлийн харилцаатай болж 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин Уянгааг төрүүлсэн. Залуу гэр бүлийн хувьд бид хоёр маргалдах зөрчилдөх асуудал урьд нь гарч байсан. Миний нөхөр гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар 25 хоног баривчлагдсан тэндээ сургалтад суусан гэсэн. Тэрнээс хойш гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар маш сайн ойлголттой болж өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан хамт сэтгэл зүйчээс зөвлөгөө аван уучлалт гуйж, эвлэрсэн. Сэтгэл зүйчээс зөвлөгөө хамт авах үед гэр бүлийн хосын харилцаа гэдэг 2 талаасаа байдаг гэдгийг маш сайн ойлгуулсан. Нэг нь согтуу нөгөө нь эрүүл хоёр хүн хэзээ ч асуудлаа зөв шийддэггүй улмаар би цагдаа дуудан хоорондын асуудлаа эрүүл саруулаар шийдэж чадахгүй явж ирсэн гэдгээ сэтгэл зүйч дээр хамт зөвлөгөө авах үедээ ойлгосон юм. Энэ хэрэг маргаан үүсэхэд миний талаас ч буруутай зүйлүүд байсан гэдгээ мэдсэн. Бид хоёр гэр бүлийн асуудлаа эрүүл саруулаар шийдэн сэтгэл зүйн зөвлөгөөнд 10 удаа очих байсан ч 1 л удаа хамт очоод улмаар манай нөхөр хорих ял авчихлаа. Манай нөхөр мөн архины АА нийгэмлэгийн уулзалтад сууж цаашдаа архи уухгүй гэж хичээж байсан юм.  Гэтэл бид хоёр дөнгөж асуудлаа ойлгон хамтдаа шийдэхээр төлөвлөж явах үед шүүхээс хорих ял оноосон нь манай гэр бүлийн амьдралын хувьд хүнд шийтгэл боллоо. Миний нөхөр Н.Од хорихоос өөр төрлийн ял оногдуулж охин бид хоёрт туслаач гэж хүсч энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад эрүүгийн хэргээс шүүгдэгчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу тодруулбал хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтооч тооцож, хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана. Эрүүгийн хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх” зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь урьд 3 удаа хохирогчийг зодож, 4 дэх удаа хүндэвтэр хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх ба хохирогчийн гар утсыг булаан авч бусадтай харилцуулахгүй байх, хуваарьт болон дундын эд хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйл баримт нь нэмэгдэж, нийт 5 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн 203 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүд дангаараа эсхүл нэгдэж 3 буюу түүнээс дээш болсон тохиолдолд Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэж үзэхээр тайлбарласан байхад шүүх 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Хуваарьт болон дундын эд хөрөнгө ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” үйлдэл 3 ба түүнээс дээш үйлдэгдээгүй гэж үзэж тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хоригдож байх хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэрэгт үнэхээр их гэмшиж, харамсаж ухаарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар талуудын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.О нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хамтран амьдрагч Э.Өын эрх, эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас түүний биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн хамтран амьдрагч Э.Өыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0431609 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдан зодож, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0475542 дугаартай шийтгэврээр 100 нэгжээр торгуулсан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд 1013 дугаартай шийтгэврээр 50 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн баривчлах шийтгэл тус тус хүлээж байсан нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг байнга зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

хохирогч Э.Өын “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа тараад 21 цагийн үед гэртээ ирээд хүүхэдтэйгээ унтаж амраад байж байтал шөнө 01 цагийн үед нөхөр Н.О согтуу орж ирээд 4 жил чамтай хамт амьдраад дээшилсэн юм алга чи аавдаа л мөнгө өгч байсан янхан минь гээд хуруугаараа чичилж байгаад дух руу 1 удаа алгадаад, 6 удаа нүүр лүү алгадсан. Би нүүрээ хамгаалахаар хоёр гараараа хаасан чинь миний гар луу цохисон. Тэгээд гэнэт гараа хөдөлгөж чадахгүй сонин болоод ирсэн. Тэгээд байж байтал ээж нь орж ирээд боль гээд болиулсан... Архи уух болгондоо намайг зоддог. Долоо хоногт 3-4 удаа уудаг. ...Н.Отай 2019 онд танилцаад 2021 онд хамтран амьдарч эхэлсэн. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа бага насны нэг хүүхэдтэй. Хан-Уул дүүрэгт байхдаа хоёр удаа, Баянзүрх дүүрэгт байхдаа нэг удаа, Чингэлтэй дүүрэгт байхдаа хоёр удаа дуудлага өгч байсан. Дуудлага өгөхдөө 80807410 дугаараас өгдөг байсан..." /хх 5, 7/,

гэрч Ж.Н-гийн "...Э.Ө нь манай төрсөн охин 1991 оны 02 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн. Манай охин даруухан, их шударга, хүнд тусархуу амьдралын төлөө гээд явж байгаа. Н.Отай хамт амьдраад 2 жил гаран болж байгаа дундаасаа нэг хүүхэдтэй ...2022 оны 06 дугаар сард Яармагт хашаа аваад гэр бариад тусдаа гарсан. Н.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их ууртай, түрэмгий зантай, Э.Өыг зодож нүдээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хэд хэдэн удаа очиж байсан. Манай охин тэгээд дараа нь гомдол санал байхгүй гээд мөнгө төгрөг төлөөд гаргаад авчихдаг. Н.О архи уухгүй байх үедээ ажил төрөлд сайн, тэгээд үг их сонсдог хүүхэд байдаг харин архи уухаараа л зан өөрчлөгдөөд манай охиныг зодож нүдээд байдаг. Тусдаа гарсан залуу хүмүүс гээд амьдралд нь их оролцоод байдаггүй. Манай охин Э.Ө нэг удаа над руу яриад Н.О миний гар утсыг аваад чи ингээд аав ээждээ хов хүргээрэй гээд утас эвдсэн гэж хэлж байсан, дараа гарыг хугалаад салж байна даа." /хх 11/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12035 дугаартай шинжээчийн “...Э.Ө биед баруун богтос ясны хугарал, зүүн дээд зовхи, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун богтос ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхи, зүүн эрхий хурууны цус хуралт нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх 13-14/,

2023 оны 07 дугаар сарын 21 -ний өдрийн шийтгэлийн хуудас /хх 25/,

 Н.Оын зөрчлийн хэргээр шалгуулж шитгүүлж байсан Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх 26-29/,

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1013 дугаартай шийтгэвэр /хх 43/,

2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудас, тэмдэглэл /хх 47-48/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Н.Оын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин прокуророос шүүгдэгч Н.Оыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байнга гэдэг шинж нь давтагдах байдлаараа 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Өын хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан 3 ба түүнээс дээш удаагийн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж, уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Л.Д, хохирогч Э.Ө нараас “... Н.Од хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлүүлэх, хөнгөрүүлэх талаар гаргасан хүсэлтийг харгалзан шүүгдэгч Н.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Од 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр ялыг багасгаж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Н.Оын хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, Зөрчлийн тухай хуульд зааснаар удаа дараа шийтгэл хүлээсэн боловч засрахгүй хохирогчийг дахин зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Л.Д, хохирогч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Оын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял ...” гэж,

4 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 01 жилийн хугацаагаар ...” гэсэн  өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Л.Д, хохирогч Э.Ө нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оын цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ   

                                               ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ