| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0047/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/051 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/051
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Орчуулагч Т.М
Улсын яллагч М.Ф
Хохирогч: О.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох 1713001400092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Д.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Д-ийн Б, 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, ...... сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ................ аймаг дахь .... дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 62/А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Х-ын өвлийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж орны аравч 1 ширхэг, “Нокиа” маркийн гар утас нэг ширхэг, “UNO” маркийн гар утас 1 ширхэг, орны хатгамал гоёлын хөшиг 1 ширхэг, ноосон цамц 6 ширхэг, эмэгтэй нэхий дээл 1 ширхэг нийт 521000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь:
- Хохирогч О.Х-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Миний ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвлийн байшинд хулгай орж бор авдарт байсан 1 ширхэг шинэ орны аравч, 1 ширхэг орны хатгамал гоёлын хөшиг, эхнэрийн хар өнгийн нэхий дээл, "Нокиа" маркийн гар утас 1 ширхэг, “Нокиа" маркийн гар утас 1 ширхэг, эрэгтэй хүний шинэ цамц 2, эмэгтэй хүний шинэ цамц 2, хүүхдийн шинэ цамц 2 ширхэг алдагдсан. Харин алдагдсан эрэгтэй хүний шинэ цамц 2, эмэгтэй хүний шинэ цамц 2, хүүхдийн шинэ 2 ширхэг цамц зэргийг хар өнгийн цүнхэнд хийж, байшингийн гадна талд байдаг нарийхан гудамжинд үлдээгээд явсаныг олж авсан. Одоо 415000 төгрөгийн хохирол учирсан. Энэ залуу ганц бие бөгөөд ямар нэгэн хөрөнгөгүй юм байна. Миний бие уг залуугаас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79-84 дугаар хуудас шүүх хурлын тэмдэглэл/,
- Гэрч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байх Б миний машинаар .............. очсон. Т-д очоод таксины мөнгийг өгөлгүй зугтаад явсан ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед Б-тэй тааралдаж таксины мөнгийг аваад ир гэхэд Бахытбек гартаа "Монел" маркийн 32 инчийн зурагт авч явж байсан ба тэрийг "Сан Сымбат" гэх нэртэй ломбардад 100000 төгрөгийн барьцаанд тавьж, надад таксины мөнгө болох 10000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44-р хуудас/
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 63-р хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө тус аймгийн ..... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Т-гийн өвлийн байшингийн цонхны салхивчаар орж, ЛСД дэлгэцтэй 32 инчийн Монел маркийн зурагтыг төхөөрөмжийн хамт, өмд 1 ширхэг, хуучин костюм 1 ширхэг нийт 420000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь:
- Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би сумын төвд байрлалтай өвлийн байшинд очиж үзэхэд манай өвлийн байшингийн вакум цонхны салхивч онгойсон байдалтай байсан ба хаалганы цоож, нугас түгжээ нь бүрэн бүтэн байсан. Тэгээд би дотогшоо орж үзэхэд унтлагын өрөөнд ор засаж хүн унтсан байдалтай байсан ба гэрт байсан ЛСД дэлгэцтэй зурагт аппаратын хамт алга байсан, мөн миний шинээр худалдаж авсан өмсөөгүй байсан өмд 1 ширхэг, хос шинэ костюм зэрэг алга байсан ба гэр дотор байгаа эд зүйлүүдийг бүгдийг нь энэ тэнд цацсан байдалтай байсан. Би зурагтыг бүрэн бүтнээр хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр юм уу, 12-ны өдөр юм уу аймгийн төвөөс ...... сум руу явах гэж байхад 16 цагийн үед аймгийн төвийн Тирлик захын урд талаас Д.Б гэх залуу .......сум руу явна гэж надад ирээд суусан. Тухайн үед Б надаас зардал хэд вэ гэхэд 8000 гэсэн ба мөнгө хүрэхгүй байна гэж 5000 төгрөг л байна гэхээр би суулгаад .... сум руу аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дугаар сарын 13-ны өдөр өглөө 10 цагийн үед аймаг явахаар ..... сумаас өөрийн 31-83 БӨТ Уаз-469 маркийн машинаар гарсан. Сумын төвөөс 5 км орчим зам дээр шар өнгийн пальто өмссөн дунд зэргийн нуруутай туранхай үл таних залуу гараа өргөөд зогсоогоод аймаг руу авч яваач гэсэн. Машинд суухдаа даавуунд ороосон зурагт авч явсан. Аймагт очоод зардлыг чинь өгье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд аймагт ирээд ...... сумын 5 дугаар багт байрлах "Дөл" нэртэй дэлгүүрийн урд машинаас буугаад намайг энд хүлээж байгаарай, би зардлыг чинь авч ирье гэж явсан. Би 30-40 орчим минут хүлээгээд ..................... газарт очоод шалгуулъя гэж явж байхад нөгөө залуу гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Б гэдэг залуу 32 инчийн зурагтыг 100000 төгрөгийн барьцаанд тавьж, 7 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай авсан. Түүний 10 хоногийн хүү нь 7000 төгрөг, түүнд нэмэгдэж баримтыг 300 төгрөг, нийт 107300 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулж өгвөл миний зүгээс гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/,
- Гэрч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байх Б миний машинаар ....... сум руу очсон. ..... очоод таксины мөнгийг өгөлгүй зугтаад явсан ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед Б-тэй тааралдаж таксины мөнгийг аваад ир гэхэд Б гартаа "Монел" маркийн 32 инчийн зурагт авч явж байсан ба тэрийг "Сан Сымбат" гэх нэртэй ломбардад 100.000 төгрөгийн барьцаанд тавьж, надад таксины мөнгө болох 10000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
- Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш 14 цагийн үед байх би ажлын байранд сууж байхад 20 орчим насны шар царайтай залуу ганцаараа орж ирээд надад зурагт ломбардад авч байна уу гэсэн ба би авна гэхдээ зурагтыг харж байгаад үнийг нь хэлнэ гэхэд уг залуу гарч яваад 20 гаруй минутын дараа эргэж ирсэн. Ирэхдээ хажуудаа нэг залуугийн хамт 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтыг авч ирж байсан. Би уг зурагтыг харж байгаад 100000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай барьцаанд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-40-р хуудас/
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 53-57-р хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
3. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө тус аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.У-ын амбаарт нэвтрэн орж 7 ширхэг ямааны арьс хулгайлж, 168000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай амбаарт 7 ширхэг ямааны арьс байсан. Би уг ямаануудыг өөрийн гэрийнхээ хүнсний хэрэгцээнд нядалсан. Тэгээд унтаж байхад цагдаа нар ирж, танай амбаарт хулгай орж малын арьс хулгайлагдсан байна гэсний дагуу амбаарт орж үзэхэд урьд нь байсан ямааны арьс байхгүй байсан. Хулгайд алдагдсан 7 ширхэг ямааны арьсыг бүрэн бүтэн хүлээж авлаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар хуудас/,
- Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед байх аймгийн төвөөс 7 тооны ямаа худалдан авч, идшинд нядалсан байсан. Уг нядалсан ямааны мах, арьсыг амбаарт оруулж тавьсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-нээс 15-нд шилжих шөнө нядалсан ямааны махыг шөнөжин гараар татаж байгаад 03 цагийн үед унтаж амарсан. Маргааш өглөө 09 цаг 30 минутын үед бид унтаж байхад цагдаа нар ирж танай амбаараас эд зүйл алдсан уу гэж асуухаар нь ямааны 7 ширхэг арьс алдагдсаныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/,
- Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө би босож байхад манай хашаанд цагдаа нар явж байсан ба би гарч юу болсон талаар асуухад Д.Б арьс хулгайлж манай хашаанд нуусан талаар хэлсэн. Тэгээд уг арьсыг цагдаа нар аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35-р хуудас/
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
4. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 08-ний орой ..... аймгийн ....сумын төвд байрлах иргэн Я.Б-ийн амбаараас 9 ширхэг ямааны арьс хулгайлсан, Мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны орой иргэн Я.Б-ийн “Чингүүн” нэртэй дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн орж хүнсний зүйл хулгайлж, 2 үйлдлээр нийт 362000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь:
- Хохирогч Я.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 031 дүгээр ангид цэргийн алба хаасан Д.Б надад ирээд ямааны арьс худалдаж авах уу гэсэн. Тухайн үед би мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд тухайн арьсыг танил Б-ыг дуудаж, Б худалдаж авсан. Маргааш нь урьд өмнө худалдаж авсан амбаарт байсан ямааны арьсыг ...... аймаг руу явуулахаар ачуулахад 9 ширхэг ямааны арьс дутсан. Тэгээд би Б-ийг сэжиглээд хэсгийн төлөөлөгчид хэлж мэдэгдсэн. ...Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...... аймаг руу хувийн ажлаар яваад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирээд гэрт ороход байшингийн гэрлүү ордог хаалганы цоож нь эвдэрсэн байсан. Гэрт ороход гэр дэлгүүр хоёрын дунд байдаг ханан зуухны дунд хэсгийн тоосго нь нурж нүх гарсан байдалтай байсан. Дэлгүүрээс 2 ширхэг набор, "Гоё" нэртэй 0.5 литрийн 5 ширхэг ундаа, "Дирол" нэртэй 5 боодол бохь, "Нямка" нэртэй вафли печенье 2 ширхэг, асаагуур 2 ширхэг, "Ченж ессе" нэртэй 1 боодол тамхи, "Парламент" нэртэй тамхи 1 боодол, Апельсин жимс 2 кг орчим, "Альпен голд" нэртэй шоколад 2 ширхэг зэрэг эд зүйл, мөн 10000 төгрөг тус тус алдагдсан. Задгай 2000 төгрөг, "Ченж ессе" нэртэй 1 боодол тамхи, "Парламент" нэртэй тамхи 4 хайрцгийг буцааж авсан. Учирсан хохирлыг барагдуулж өгвөл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 96-99 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үенч суманд ямааны арьс аваад байтал Б над руу залгаад энд ямааны 9 ширхэг арьс байна ирээд авчих гэхээр нь Б-ийн дэлгүүрт очиж 9 ширхэг ямааны арьсыг 20 орчим насны жижиг биетэй шар казак залуугаас 225000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,
- Гэрч С.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Б цэргийн байранд орж ирээд цэргүүдэд 2 литрийн 4 ширхэг ундаа, 2 ууттай боорцог, уутанд хийсэн коробка гэсэн нэртэй килограммын шоколад авч ирж өгсөн. Тэгээд цэргүүдийн хамт хүнсний зүйлүүдийг идэж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/,
- Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний бие ангийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Ү сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар Д.Б хулгай хийсэн байна, ангид ирвэл мэдэгдээрэй гэсэн. Тэгээд тухайн өдөр орой Д.Б руу утасдаж ирэхээр нь барьж аваад хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-52-р хуудас/
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 71-72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрх үйлдлүүд нь бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн үндэслэл болгосон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байна.
Өөрөөр хэлбэл уг үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаарх гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа зэрэг нь тухайн үйл явдал болсон цаг хугацаа, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн шинж тэмдгүүд нь тохирч байна
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь хохирогчид болох О.Х, Д.Т, М.У, Я.Б нарын эд зүйлийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах ” гэмт хэргийн нөхцөлийг хангасан байна.
-Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ....................шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62/А дугаар шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүдийн шинж, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ял нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Б-ээс 307000 төгрөг гаргуулан хохирогч Я.Б-д, 107300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн “Нокиа 31-10” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.
Шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг .................... газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Д-ийн Б-ийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 307000 /гурван зуун долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Я.Б-д, 107300 /нэг зуун долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б-д тус тус олгосугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар түүний эзэмшлийн “Нокиа 31-10” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Б-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хамт ,,,,,,,,,,,,т шилжүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д