Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 214/МА2021/00008

 

Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00224 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  

Ж.*******гийн эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг,  

Гуравдагч этгээд Ж.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Ж.*******, гуравдагч этгээд Ж.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Булган сумын Засаг дарга П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь охин М.*******, М.******* нарын дэргэд хүмүүс цуглуулж архидан согтуурдаг, хүүхдүүдийг орхиж явах, тэдний эсрэг бие махбодид халддаг зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийг удаа дараа гаргаж байсан нь мэдээлэгдсэн.

          Одоогоор охин М.*******, М.******* нарыг Цагдаагийн албан хаагчийн хийсэн Аюулгүйн зэргийн үнэлгээг үндэслэн Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд тусгаарласан байна.

          Дээрх шалтгаан нөхцөл нь эх Ж.******* нь хүүхдийн өмнө хүлээсэн эх байх эрхээ биелүүлээгүйг нотолж байгаа бөгөөд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, бие махбодид эрсдэл учруулах шалтгаан нөхцөл бий болж байгаа тул Ж.*******гийн эх байх эрхийг хасуулах саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.******* нь Булган суманд 2021 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс шилжиж ирсэн ба урьд 2020 оны 02 дугаар сар Булган суманд ахындаа түр амьдарч байсан. Тухайн үед бага охин нь 3 дугаар сургуульд  сурч байсан ба түүний сургуулийн нийгмийн ажилтан нь манай сургуульд Улаанбаатар хотоос хүүхэд шилжиж ирсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байнга дагуулж яваад байна гэх  мэдээлэлийг ирүүлсэн. Бид бүхэн энэхүү мэдээллийн дагуу ээжтэй нь очиж уулзсан. Тухайн үед *******д шаардлага тавихад гэртээ архи согтууруулах ундаа хэрэлэсэн байдалтай байсан. Хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд байсан тул 2 охиныг түр хамгаалах байранд авна гэхэд Ж.******* зөвшөөрөөгүй. Ж.*******г байнгын архи хэрэглэдэг, 2 хүүхэд нь орой үдэш их уйлдаг тухай хөршүүд нь мэдээлэл өгсөн. Тэгээд тэрээр 2020 оны 07 сард Улаанбаатар хот руу буцаад явсан. Эргээд 2021 оны 01 дүгээр сард төрсөн ах ******* гэдэг хүний хаяган дээр шилжиж ирсэн ба ирснийхээ дараа 1 сар архи хэрэглээгүй. Түүнээс хойш 2 хүүхдийн дэргэд байнга хүн цуглуулж архи уудаг, мөн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай нөхцөл байдалд байсан. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдүүдийг түр хамгаалах байранд авсан боловч ээж нь цагаан сар болох гэж байгаа тул хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлт гаргасны дагуу хүүхдүүдийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед Ж.*******  дахин ийм үйлдэл гаргахгүй гэж баталгаа гаргасан. Бид бүхэн байнгын эргүүл хийж, хараа хяналт тавьдаг байсан. Гэвч үүнээс хойш байнга архи уусан, цөөхөн хэдэн өдөр эрүүл байсан. Тэгээд 2021 оны 03 дугаар сараас эхлэн хүүхдүүдийг дахин түр хамгаалах байранд авсан. Үүнээс хойш хүүхдүүдээ 2 удаа эргэж очсон ба очихдоо согтуу байсан. Цаашид энэ хүн хүүхдүүдээ асрамжиндаа байлгахад эрсдэлтэй гэж үзэж байна. Бид бүхэн хүүхдүүдийг харж хандах ах, дүү, хамаатан садныг нь судалж үзэхэд 2 ах нь байдаг боловч охидуудаас хол өссөн тул асрамжиндаа авах боломжгүй гэж үзэж байна. Мөн Улаанбаатар хотод амьдарч байх хугацаанд “Лантуун дохио” ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” түр хамгаалах байранд 2 охин 91 хоног амьдарч байсан. Ээж нь хүүхдүүдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, үл хайхрах хүчирхийлэл үйлддэг, хүүхдүүдээр гуйлга гуйлгуулж байсан талаар мэдээлэл байна. Энэ талаар “25 дугаар суваг телевиз”-ээр мэдээлэл гарсан. Иймд  Ж.*******г эх байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын үүргийг гүйцэтгээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Өмнө нь энэ асуудал үүссэн ба хүүхдүүд одоогоор түр хамгаалах байранд амьдарч байна. Сумын Нийгмийн ажилтан нөхцөл байдлыг тодорхой ярьсан. Хамгийн гол нь 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Ж.*******тай хэд хэдэн удаа уулзаж энэ асуудлыг таслан зогсоох талаар ярилцсан. Мөн гэр оронтой болгож өгөх талаар хүсэлт ирүүлж байсан. Яг одоо эх, хүүхдүүдийг салгах хүртэл асуудал хүндэрч байгаа бөгөөд хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. 2 охиныг Улаанбаатар хотоос ах нь авах хүсэлт гаргасан боловч тогтсон ажилгүй, гэр бүл зохиогоогүй байдалтай байна. Ахынх нь асрамжинд 2 охиныг өгсөн ч ээж нь очоод аваад ирэх магадлалтай байна. Мөн нийгмийн ажилтан болон  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилчид түр хамгаалах байрандаа хонож 2 охинд хоол ундыг нь хийж өгдөг, тухайн байгууллагаас тодорхой хэмжээний зардал гарч байгаа зэрэг нөхцөл байдал хүндрэлтэй байна. Цаашид хүүхдүүдийг асрамжийн газарт хүргүүлэх саналтай байна гэв.  

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд гаргасан тайлбартээ:  Би Булган аймагт оны 01 сард албан ёсоор шилжиж ирсэн. Энд ирээд ажил хийхгүй гэрт суух үнэхээр хэцүү байна. Би улсад 28 жил ажилласан. Тэгээд нутаг усандаа ирэхэд ангийнхан, найз нөхөд маань  ирдэг болж, архи уусан нь үнэн. Би архи уудаг боловч 2 охиндоо ямар нэгэн дарамт шахалт үзүүлдэггүй. Манай хүүхдүүд гэртээ эрхлээд л байж байдаг. Бага охин Булган сумын 3 дугаар сургуульд 2019 онд 2 сар гаруй хугацаанд  сурсан. Тэгээд дүүгээ сургууль руу явахад том охин маань заримдаа дагаж явдаг байсан. Мөн хүүхдүүдээр гуйлга гуйлгуулсан гэж байна. Манайх Улаанбаатарт байхад “Да хүрээ зах”-ын хажууд байр түрээсэлж амьдардаг байсан. Манай бага охин тэр хавийн хүмүүст туслаад чихэр, жимс барьж ирдэг байсан. Нэг өдөр намайг дэлгүүрт ороход танай охин 10 гаруй мянган төгрөгийн өр тавьж чихэр, жимс авсан талаар худалдагч нь хэлсэн. Тухайн үед би охиноо явуулж чихэр авахуулсан гэж хэлж байсан. Түүнээс биш хүүхдүүдээрээ гуйлга гуйлгасан асуудал байхгүй. Би мөнгөгүй үедээ ахаасаа мөнгө авч хоол хүнсээ залгуулдаг байсан. Мөн 2019 онд нэг өдөр хойд аавтайгаа бага охин маань дэлгүүр орох гээд явж байхад “Лантуун дохио ТББ”-ын түр хамгаалах байрны хүмүүстэй таарсан. Тэгээд манай охиныг түр хамгаалах байр луу аваад явсан.  Энэ талаарх нэвтрүүлэг “ТВ8” телевизээр гарсан байсан. Тэгээд би том охинтойгоо гэртээ байж байсан чинь цагдаа нар орж ирээд бид хоёроос мэдүүлэг авсан. Тэгээд охиныг маань бас авч явсан. Би хүүхдүүдээ үл хайхарсан гээд шийтгэл хүлээж байсан. Шийтгэлээ хүлээж дуусаад хөөцөлдөж байгаад 2 охиноо өөрийн асрамжинд эргүүлэн авсан. Би багийн Засаг даргад орох орон болон ажил олж өгөөч гэж хэлсэн. Тийм болохоор 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгана. Том хүү маань 28 настай Улаанбаатар хотод автобус баазад жолоочоор ажилладаг, бага хүү барилгын дэлгүүр ажиллуулдаг. 2 хүү маань гэр бүл зохиогоогүй байгаа. Бага хүү маань 2 дүүгээ асрамжиндаа авъя гэсэн боловч том охин маань оюуны хомсдолтой, дээрээс нь зөрүүд болохоор надаас хол хэцүү байна. Тиймээс ээжтэйгээ байсан нь дээр. Надад маш хэцүү байна, шөнө ч унтаж чадахгүй байна гэв. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00224 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ноёны адууч овогт Жанчивдоржийн *******г  2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.******* /РД:******/, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  охин М.******* /******/ нарын эх байх эрхийг хасч,   Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин М.******* /РД:******/, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  охин М.******* /******/ нарыг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхийг нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын нийгмийн ажилтанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.******* давж заалдах гомдолдоо: Миний бие Ж.******* нь өөрийн 2 охин болох *******, *******г өөр дээрээ буцаан авахаар давж заалдах гомдол гаргаж байна. 2021 оны 05 дугаар сарын 20-ын өдрийн 224 дугаар шийдвэрээр эх байх эрхийг түдгэлзүүлэх захирамж гарсан. Иймд давж заалдах хугацаанд өөрийн 2 охиноо авах хүсэлттэй байна. Гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Булган сумын Засаг дарга гуравдагч этгээд Ж.******* нь  хүүхдүүдийн дэргэд байнга архидан согтуурч, анхаарал халамж тавьдаггүй, хүүхдийг үл хайхрах болон бие махбодийн хүчирхийлэлд өртүүлдэг гэх үндэслэлээр эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд гуравдагч этгээд болох Ж.******* нь дахин архи уухгүй, цаашид засарч 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна гэж шүүхэд тайлбар гаргажээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд гуравдагч этгээд Ж.******* нь хүүхдүүдээ үл хайхрсан, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, хүүхдүүдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлдэггүй, эх хүний үүргээс зайлсхийдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

   

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН 

                                                         ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ                           

                                                                                                                       М.ХҮРЭЛБААТАР