Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/396

 

 

 

 

      2024           4            02                                      2024/ДШМ/396

 

С.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

хохирогч Э.Х, түүний өмгөөлөгч Г.Б,

яллагдагч С.С, түүний өмгөөлөгч Х.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Лхагваагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.Сд холбогдох эрүүгийн 2307000000297 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  С.С, 1986 оны 12 дугаар сарын  09-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 38 настай, барилгын инженер мэргэжилтэй, Б төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн зүүн бүсийн ахлах мэргэжилтэн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

С.С нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар “Тэрэлж Ресорт Ворлд” гэх нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Э.Хын нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн дээд, доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар явуулсан “эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх” шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллагдагч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон эсэх” нөхцөл байдал хангагдаагүй байх тул дараах байдлыг шалган тогтоох шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзжээ. Үүнд: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №16 дугаартай прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хохирогч Э.Хд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо яллагдагч С.Сгийн эрүүл мэндэд учруулсан хохирлын талаар хэрэгт тогтоогдоогүй үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн байна. Яллагдагч С.Сгийн эрүүл мэндийн хохирлыг хэзээ, хэн учруулсан эсэхийг тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тогтоох, тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тусгаарласан эсэх. Гэрч М хэргийн талаар тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаар мэдүүлсэн атал цагдаагийн байгууллагын тухайн хэрэгт холбоотой гомдол мэдээллийг хэрхэн шалгасан нь тодорхойгүй. Амралтын газрын үйлчилгээний танхимд болсон асуудлын талаар хохирогч нь гомдол, мэдүүлэгтээ “бид хоёр зодолдсон, ...бид хоёр ноцолдсон, ...би зүгээр зогсож байхад намайг духдаад явсан” гэх мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй авагдсан бөгөөд тухайн үйл явдлын талаар хамт байсан хүмүүсийг шаардлагатай тохиолдолд гэрчээр тодруулж шалгах шаардлагатай байна. Иймд шүүхээс С.Сд холбогдох эрүүгийн 2307 00000 0297 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Лхагваа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/51 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч байна. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай прокурорын Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хохирогч Э.Хд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо яллагдагч С.Сгийн эрүүл мэндэд учруулсан хохирлын талаар хэрэгт тогтоогдоогүй үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн явцад яллагдагч С.С нь хохирогч Э.Хын үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд гэмтэл учирсан талаар мэдүүлснийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулахад эрүүл мэндэд тархи доргилт буюу хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Улмаар С.Сгийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э.Хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Х нь “...С.С гэнэт гарч ирээд дахин агсам тавиад миний нүд рүү харааны шилтэй минь хамт хавсарч цохисон. Би тухайн үед нүдээ дараад шууд унаад өгсөн. Манай ажилчид С.Сг надаас холдуулаад аваад явсан...” гэж, гэрч А.Д “...С.С эргэж ирээд Э.Хтай “чи яаж байгаа юм бэ” гээд ирэхээр нь эр хүмүүс хоорондоо ярилцаад учраа олох байлгүй дээ гэж бодоод арай ч цохино гэж бодоогүй зогсож байтал Э.Хыг зогсож байхад нь С.С шууд зүүн нүд рүү нь нэг удаа цохиод Э.Х нүдний шилтэй байсан болохоор нүдийг нь хавсарч цохиод цус гараад явсан. Ингээд бид нар дахиж салгаад хооронд нь ойртуулахгүй хол байлгаж байгаад Э.Хыг хот руу эмнэлэг рүү явуулсан, Э.Х С.Сг цохиж зодох үйлдэл огт гаргаагүй...” гэж, гэрч Д.Чинзолбоогийн “...Тэгээд би Э.Хтай тамхи татаад байж байтал С.С цаанаас их тайван алхаад ирэхээр нь бид нар дотроо гайгүй байлгүй, уучлалт гуйх гэж ирж байгаа бололтой гэж бодоод зогсож байтал шууд ирээд үгийн зөрүүгүй Э.Хын зүүн нүд рүү цохиод, нүднийх нь доод хэсэг сэтрээд цус гараад эхэлсэн...” гэж, гэрч Э.М-ийн “...С.С ганцаараа зүүн хойд талаас ирээд “цус үзмээр байна” гээд л үглээд ирснээ миний урдуур өнгөрөөд явснаа Э.Хыг шууд гараа атгаад нүүр лүү нь нэг удаа цохиод Э.Хын шил бутраад унасан. Тэгэхээр нь би А.Дамбадаваатай нийлж С.Сг тэврээд татсан. Энэ үед Э.Х хариу үйлдэл үзүүлээгүй нүдээ дараад зогссон...” гэж, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “...С.С гараа савчиж байгаад Э.Хын яг духан дундуур нь цохиод авсан. Э.Х ч тэрэнд нь хойшоо саваад унаа харагдсан гэхдээ газарт унаагүй. Тэгээд тэр хүмүүс С.Сг салгаж аваад гарсан. Намайг гарахад С.С Э.Хаас хол газарт цээжээ нүцгэлчихсэн цусаа үзье гээд агсраад байж байхаар нь би “наад хүнээ болиул” гэж хэлээд цаашилсан. Тэгээд гадаа байхад хүмүүс Э.Х даргыг С.С шил рүү нь цохичихлоо гэж сонсогдсон. Ер нь тэр өдөржингөө л С.С жүжиг тавьж, хавь ойрын хүмүүсийг өдөж хоргоосон. Сүүлд харахад С.С цохиж зодуулсан, цус нөж болсон юм харагдаагүй...” гэж тус тус мэдүүлсэн. Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Э.Х нь С.Сгийн эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргаагүй болох нь тогтоогдож, яллагдагч С.Сгийн Э.Хын үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд гэмтэл учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь үгүйсгэгдсэн тул Э.Хд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заах талаар хуульчилсан. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд С.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар дурдсан боловч дээрх гэмтлийг хэн, хэзээ учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул прокурор шинжээчийн дүгнэлтийг баримтлаагүй үндэслэлийг Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд агуулгын хувьд дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан ба С.С нь өөрт учирсан гэмтлийг хэний, ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас учирсан талаар эх сурвалжаа зааж мэдүүлээгүй, бусад нотлох баримтаар батлагдаагүйг дурдах нь зүйтэйгээс гадна С.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан асуудлыг тусад нь шалгахаар хэрэг тусгаарлагдаагүй болно. Гэрч Э.Мөнхсүх хэргийн талаар тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаар мэдүүлсэн атал цагдаагийн байгууллагын тухайн хэрэгтээ холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн шалгасан нь тодорхойгүй. Хохирогч Э.Хын зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргаснаар шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн ба гэрч Э.М-ийн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээгүй болох нь хохирогч Э.Хын Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр тогтоогддог. Амралтын газрын үйлчилгээний танхимд болсон асуудлын талаар хохирогч нь гомдол, мэдүүлэгтээ бид хоёр зодолдсон, бид хоёр ноцолдсон, би зүгээр байхад намайг духдаад явсан гэх мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрүүтэй авагдсан бөгөөд тухайн үйл явдлын талаар хамт байсан хүмүүсийг шаардлагатай тохиолдолд гэрчээр тодруулж шалгах шаардлагатай гэжээ. Яллагдагч С.Сг хохирогч Э.Хын эрүүл мэндэд халдах цаг хугацаа, орон зайд хамт байсан гэрч А.Д, Д.Ч, Э.М, Ч.М нараас болсон асуудлын талаар мэдүүлэг авахад эхлээд С.С, Э.Х нар барьцалдаж авахаар нь салгасан, сүүлийн удаад С.С нь үгийн зөрүүгүй Э.Хын нүүрэн тус газар нь гараараа цохисон талаар мэдүүлсэн нь хохирогч Э.Хын мэдүүлэгтэй зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байхад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад шалгаж тодруулсан асуудлыг дахин шалгуулахаар буцааж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/51 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлуулах хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Яллагдагч С.Сгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлт, түүний хувцасны урагдалт, хувцсан дээр нь үүссэн цусны толбо зэргээр тухайн цаг үед үүссэн байх боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл прокуророос тухайн гэмтлүүдийг өөрөө үүсгэсэн байх боломжтой гэж үзсэн. Прокуророос дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар хийдэггүй. Зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж тайлбарладаг. Гэтэл тухайн гэрчүүд нь хохирогч Э.Хтай ойр дотны холбоотой хүмүүс байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “бусад гэрчүүдийг тогтоох шаардлагатай, гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна” гэж дурдсан. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан этгээдийг ямар ч үндэслэлгүйгээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн гомдол гаргах хугацаа олгохгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдэж, гардуулаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар би урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд удаа дараа процессын зөрчил гаргаж, хэт нэг талыг барьж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч Э.Хын өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч Э.Х хохирогчоор тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Хын С.Сгийн биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг прокуророос зохих журмын дагуу шалгаж, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгч Э.Х нь яллагдагч С.Сг цохиогүй болох нь хангалттай тогтоогдсон. Гэрчүүд “тухайн үед С.С маш их согтолттой байсан бөгөөд бусад хүмүүс рүү зүй бусаар авирлаж, агсам согтуу тавьж байсан. Мөн Э.Х руу дайрж түүний нүдэн тус газар луу нь цохиж гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн. Яллагдагч С.С өөрийгөө хохирсон гэж тайлбарладаг. Тухайн өдөр С.С нь хэргийн газраас явж, маргааш нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. С.Сгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт 45 хоногийн дараа гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сд учирсан гэмтлийг хэн, яаж, хэзээ учруулсан болохыг тодруулахаар удаа дараа гэрчүүдээс мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч энэ хэрэгт ямар нэгэн гэм буруугүй. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийн дэмжин оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Сд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх яллагдагч С.Сд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзээд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тухайн үйл явдал болох үед байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсээс мэдүүлэг авсан байх ба тэдний мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Э.Х нь яллагдагч С.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Э.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүхээс дахин шалгуулахаар буцаах шаардлагагүй байна.

Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар дүгнэлтэд “С.Сгийн биед дээд уруулын салстад шарх гэмтэл учирсан. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт гарсан байх ба яллагдагч С.С нь энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдол гаргаж, тусад нь шалгуулж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор А.Лхагваагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ   

                                             ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ