Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Золбоо

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.Т

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг Цахилгаан дамжуулах 110 дугаар сүлжээ станцын хойд талын шороон зам дээр улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.в, 2.7.а, 9.1, 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Т.Жы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр хөдөө байж байгаад сум руу орж хүнд банкнаас мөнгө авч өгөх гэж байсан юм. Мөнгөө өгөх хүндээ авч өгчихөөд сар шинэ байсан учраас 2 айлаар ороод буцах гэж байсан юм. Гудамжинд явж байхад хүн гар өргөсөн. Би зогссон чинь өврөөсөө хадаг гаргаж ирээд золгосон. Огт танихгүй хүн байсан. Намайг “чи Айрагт огт харагдаж байгаагүй хүн байна” гэж байсан. Би Айрагт ирээд удаагүй, Өвөрхангай аймгийн гаралтай юм гэсэн чинь би Өвөрхангайн хүн байна гэсэн. Нутгийнхаа хүнтэй уулзсан юм чинь танайд очиж 3 хоноё гэж байсан. Болж байгаа юм уу гэхэд хамаагүй хөдөө, танайд очиж 3 хоноё гэж байсан. Ар гэртээ хэлэхгүй юм уу гэхэд үгүй хамаагүй гэж байсан. Би шууд явлаа шүү гэхэд тэгье гээд сундалаад хамт явсан. Тэгээд  мотоцикльдоо тэр хүнийг сундлаад явж байгаад унасан. гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Т сэтгэл гаргаж манай оршуулгын зардалд 1 000 000 төгрөг өгсөн. Мөн хүү Бийн дансанд 300000 төгрөг хийж өгсөн. Одоогоор надад гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ах ганцаараа орж ирсэн ба бага хэмжээний архи үнэртүүлчихсэн байдалтай байсан тэгээд орой болох нь хонь мал хэцүүдлээ одоо явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад мотоциклио асааж аваад явж байсан... манай хашаанд хүн явж байхаар нь гайхаад хүрээд очтол Т ах явган ирчихсэн байсан. Тэгээд би та чинь яваагүй юм уу гэж асуусан чинь Т ах мотоцикльтойгоо явж байгаад уначихлаа хамт явж байсан хүн маань эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ...унасан гэх газар нь буюу дэд станцын хойд талын шороон зам дээр очтол мотоцикль босоо байдалтай мотоциклийнх нь зүүн хойд талд нэг дээлтэй хүн доош харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

             Шинжээчийн ... дугаартай магадлан шинжилгээний: “..Амь хохирогч Т.Жы цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавал ясны дагзны гол хэсгийн шугаман хугарал, гавлын суурь яс дагзны шугаман хугарлаас духны хонхор, баруун чулуулаг ясны дотор хэсэг, турк эмээлийн баруун хэсэг хамарсан шугаман хугарал, мөн дагзны хонхорын зүүн хэсэг рүү салаалсан суурь яс руу чиглэсэн хугарал. Тархины баруун зүүн тал бөмбөлөгийн дух чамархай болон дотор хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь дагз, зүүн чамархай хэсгийн цус хуралт. Дагз, баруун тохойн шарх. Баруун бугуй, баруун чих, дух, баруун нүдний гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 3,3 промилли спиртийн агуулж илэрсэн байна. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 3,3 промилли спиртын агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй... Амь хохирогч Т.Ж нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт

 

          Шинжээчийн ....дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Т 41 эр” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Т 43 настай эр” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт

 

         

 

Шинжээчийн ... дугаартай: “...Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль жолоодож явсан Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. 2 жолоочийн үүрэг:Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 2.3 жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна... 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд . Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. . Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улсаас зам тээврийн осол гаргасан байна... Жолооч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөгдсөн А ангиллын эрхийн үнэмлэхгүй...” гэсэн дүгнэлт

 

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 43, 51, 58, 71, 81, 85, 90/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47, 54-55, 59-60, 82, 87, 91/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг “Цахилгаан дамжууулах 110 дугаар станц”-ын хойд талын шороон зам дээр зам тээврийн осол гарснаас зорчигч Т.Жы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  2.7.”а”-д заасан согтууруулах ундаа,мансууруулах бодис...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа, замын  болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна,  9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Т.Жы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач маань өөрөө тэр хүний мотоцикль дээр суугаад явсан. Т гэх хүн санаатай зам тээврийн осол гаргаагүй учир гомдолгүй гэсэн мэдүүлэг, гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т ах ганцаараа орж ирсэн ба бага хэмжээний архи үнэртүүлчихсэн байдалтай байсан тэгээд орой болох нь хонь мал хэцүүдлээ одоо явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад мотоциклио асааж аваад явж байсан... Тэгээд би ...унасан гэх газар нь буюу дэд станцын хойд талын шороон зам дээр очтол мотоцикль босоо байдалтай мотоциклийнх нь зүүн хойд талд нэг дээлтэй хүн доош харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай магадлан шинжилгээний дүгнэлт, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Тыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Тт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон  эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн   байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч С.Мд оршуулгын зардалд 1 000 000 төгрөгийг, талийгаачийн төрсөн хүү Бөд 300 000 төгрөгний хадгаламж нээж хохирогчид нийт 1 300 000 төгрөг төлсөн ба хохирогч С.Мгаас нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй тул  шүүгдэгчийн эзэмшлийн Даюун  маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд  зэргийг харгалзан үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Тт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч,  1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

          5.Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 5/09 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Ц.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Т-т  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч,  1 жил 1 хоног хорих ял шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

          5.Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 5/09 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Ц.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН