| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0803/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0648 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0648
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бөртэ-Үжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан Д******* ХХК нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ээс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явагдаж, манай компанийн ашиглах эрх бүхий газартай холбоотой бидний мэдээгүй байсан нотлох баримтууд илэрсэн. Үүний хүрээнд бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Д******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Д*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх олгогдсон байгааг дурьдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д******* ХХК нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ "Д*******" ХХК татгалзсаныг баталж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА