Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/441

 

 

 

 

 

 

      2024             4            16                                2024/ДШМ/441                     

 

      П.Дд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Бын гаргасан давж заалдах гомдлоор П.Дд холбогдох эрүүгийн 2309022852268 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн П.Д, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/774 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, энэ тогтоолоор оногдуулсан 33 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 сар 19 хоногийн хорих ялаар тогтоосон;

 

Шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн үйлдлээр:

1. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бльюмон” компьютерийн дэлгүүрийн худалдагч А.Даас хар өнгийн acer i5 загварын, хар өнгийн Dell i5 загварын 2 ширхэг зөөврийн компьютерийг худалдан авахаар итгүүлж, тухайн эд зүйлийн төлбөрийг шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн гэсэн Голомт банкны гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 3,759,500 төгрөгийн хохирол учруулсан;

2. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Ц.Стэй фейсбүүкээр холбогдож “Lenovo Legion i5” загварын зөөврийн компьютерийг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан;

3. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “Enkhee Nasaa Bundaa” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Б.Б нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Эийн эзэмшлийн Хаан банкны 5065204492 тоот дансаар 380,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

4. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж “ходоодны савханцарын эм зарна” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Э.Д нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Эийн эзэмшлийн Хаан банкны 5065204492 тоот дансаар 122,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

5. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “Enkhee Nasaa Bundaa” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Д.Отай чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Эийн эзэмшлийн Хаан банкны 5065204492 тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

6. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “Zul Oiloo” фейсбүүк хаягаас “хулдаасан хэвлэлийн машины толгой БНХАУ-аас захиалж өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Ж.Гтой чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Хийн эзэмшлийн Хаан банкны 5400105593 тоот дансаар 2,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

7. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч П.Нтэй фейсбүүкээр холбогдож Самсунг эс-23, Айфоне 13 про макс загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан;

8. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж “уналт таталтын эсрэг эм зарна” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Н.Г нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Эийн эзэмшлийн Хаан банкны 5065204492 тоот дансаар 840,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

9. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Б:Цтай холбогдож Айфоне 12 про, Айфоне 14 про макс загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,275,000 төгрөгийн хохирол учруулсан;

10. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Д.Цаас Самсунг эс22 ултра, Айфоне 14 про макс загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,375,000 төгрөгийн хохирол учруулсан;

11. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Б.Мтай холбогдож 13 про, Айфоне 13 про загварын гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан;

12. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.Чгийн цахим орчинд тавьсан зөөврийн компьютер зарна гэсэн утгатай зарын дагуу түүнтэй холбогдож, улмаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 38-187 тоотод байх хохирогчийн гэрт 21 цагийн үед очиж "Alienware" үйлдвэрийн AMD Ryzen 7 CPU-TR, 6800H, NVidia Geforce RT 3070т график карттай, 16 GB рамтай, 18 хатуу дисктэй, dark side of the moop кейстай тоглоомын зориулалттай 2,000,000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютерийг худалдаж авахаар тохиролцож, төлбөрийг дансаар шилжүүлсэн, ажлын цаг дууссан тул маргааш өглөө шилжүүлэг орно гэж хэлэн хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан бусдад 4,790,000 төгрөгийн хохирол учруулсан;

13. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу “Enkhee Nasaa Bundaa” гэх фейсбүүк хаягаар “таталтын эсрэг эмийг БНСУ-аас захиалж авчирч өгнө” гэсэн хуурамч зар цахим орчинд байршуулж, уг зарын дагуу иргэн Н.Д нь чатаар холбогдон, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хэрэгт хамааралгүй хүн болох Д.Эийн эзэмшлийн Хаан банкны 5065204492 тоот дансаар 174,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

14. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Э.Баас Айфоне 14 про макс, Айфоне 13 про загварын 2 ширхэг гар утаснуудыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 6,125,000 төгрөгийн хохирол учруулсан;

15. Цахим хэрэгсэл ашиглаж буюу хохирогч Д.Нтай фейсбүүкээр холбогдож 17,8 гр 916 сорьцтой сингапур эрэгтэй алтан гинжийг худалдан авахаар тохиролцож, улмаар 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 24А байрны 5 тоотод хүргүүлэн тухайн эд хөрөнгийг авсан боловч төлбөрийг шилжүүлсэн хэмээн гүйлгээ амжилттай гэх зураг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авч 3,827,000 төгрөгийн хохирол учруулсан;

16. Цахим орчинд “Гар утас зарахаар байршуулсан” хохирогч С.Цийн тавьсан зарын дагуу 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр холбогдож, Айфоне 14 про макс, Самсунг Эс 20 загварын гар утаснуудыг 5,200,000 төгрөгт тооцон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24а байрны 05 тоотод хүргүүлэн авахаар тохиролцож, улмаар хохирогч С.Цт “Голомт банк”-ны интернэт банк ашиглан “Гүйлгээ амжилттай” гэсэн дүрс харуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, банк хоорондын гүйлгээ учраас тодорхой хугацааны дараа мөнгө шилжиж орно гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан байх боловч хохирогч “Гүйлгээ орохгүй байна” гэхэд эхнэрт мөнгө байвал 5,200,000 төгрөг шилжүүлнэ гэж хэлээд, мөн өдрөө Д.Хын эзэмшлийн 5030696389 дугаартай “Хаан банк”-ны данснаас хохирогч С.Цийн эзэмшлийн 5035498577 дугаартай “Хаан банк”-ны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэн үлдэгдэл мөнгөө удахгүй өгнө гэж итгүүлэн хохирогч С.Цийн Айфоне 14 про макс загварын 3,375,000 төгрөгийн, мөн Самсунг Эс 20 загварын 500.000 төгрөгийн буюу нийт 3,875,000 төгрөгийн гар утаснуудыг залилан авсан;

17. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алт мөнгөний төвд байсан хохирогч Л.Маас алтан гинж худалдаж авахаар болж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж гүйлгээ хийсэн талаарх хуурамч баримт үзүүлэн хуурч, алтан гинжийг нь авч яван залилж бусдад 7,525,000 төгрөгийн хохирол учруулсан;

18. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 25 дугаар лангуун дээр байсан хохирогч Э.Хэс Самсунг эс 21, Ай фоне 14 про макс загварын гар утаснуудыг худалдан авахаар болж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж гүйлгээ хийсэн талаарх хуурамч баримт үзүүлэн хуурч, гар утаснуудыг нь авч яван залилж, бусдад 4,450,000 төгрөгийн хохирол учруулсан;

19. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Компьютер ланд төвөөс Dell G15 загварын хар өнгөтэй зөөврийн компьютер, Dell Vostro 3510 загварын саарал өнгөтэй зөөврийн компьютерийг 5,650,000 төгрөгөөр худалдан авч буй дүр үзүүлэн, гүйлгээ амжилттай хийгдсэн гэх зурвас харуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Е.Быг хуурч төөрөгдөлд оруулан 4,039,000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 67,406,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Дийг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Дийг 03 /гурав/ жил 5/ тав/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дий 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгөтэй “Samsung galaxy S22 ultra загварын гар утсыг хохирогч Д.Цд, хар саарал өнгийн “Iphone 14” загварын гар утас, цайвар саарал өнгийн “Iphone-12” загварын гар утсыг хохирогч Б:Цд тус тус буцаан олгож, шаргал өнгөтэй “Iphone-14 pro max загварын гар утсыг худалдан борлуулж хохирогч Д.Ц, иргэний нэхэмжлэгч Д.Н нарын хохирлыг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч П.Дөөс бусад нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар гаргаж, тэдэнд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэр

Учирсан хохирол

/төгрөгөөр/

Гаргуулвал зохих хохирол /төгрөгөөр/

1

А.Д

3,759,500

3,759,500

2

Ц.С

4,200,000

4,200,000

3

Б.Б

380,000

380,000

4

Э.Д

122,000

122,000

5

Д.О

300,000

300,000

6

Ж.Г

2,200,000

2,200,000

7

П.Н

4,850,000

4,850,000

8

Н.Г

840,000

840,000

9

О.Б

3,700,000

3,700,000

10

Д.Ц

5,375,000

575,000

11

Б.М

5,300,000

5,300,000

12

Б.С

2,000,000

2,000,000

13

Н.Д

174,000

174,000

14

Э.Б

6,125,000

6,125,000

15

Д.Н

3,827,000

3,827,000

16

С.Ц

3,875,000

3,875,000

17

Л.М

7,525,000

7,525,000

18

Э.Х

4,450,000

4,450,000

19

Е.Б

4,039,000

4,039,000

20

Д.Н

4,100,000

4,100,000

 

            Хохирогч Э.Б давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхээс П.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд энэ нь П.Дий гэмт үйлдэлд тохирохгүй байна. Шүүгдэгч П.Д урьд нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөн зүйл ангид зааснаар 1 жил хорих ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 254 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялд 33 хоногийг нэмж нэгтгэж 10 сар 19 хоногийн ял авч байсан бөгөөд уг ялыг эдэлж дуусаад удаагүй байхдаа дахин залилах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдэж 2-3 сарын хугацаанд 19 хүнийг хууран мэхэлж залилан нийт  67,406,500 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Шүүгдэгч П.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, залилах гэмт хэргээр удаа дараа ял шийтгүүлж, хорих ангиас 2023 оны 7 дугаар сард суллагдаж гарч ирээд дахин залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “... залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” бол хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан.

            Энэ тохиолдолд шүүгдэгч П.Дий үйлдэл нь 2023 оны 7 дугаар сарын 13-наас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд 19 хүнийг залилсан байх бөгөөд 2023 оны 10 сард хохирогч нар гомдол гаргасан учир цагдан хоригдож гэмт үйлдэл нь зогссон байдаг. Үүнээс үзэхэд, шүүгдэгч П.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь залилах  гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж хорих ангиас суллагдаад удаагүй байхдаа дахин залилах гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэргийг байнга буюу 19 удаа үйлдэж залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж үзэхээр байна.

            Гэтэл анхан шатны шүүхээс түүний дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд хохирогч миний бие маш их гомдолтой байна.

            Шүүгдэгч П.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн ажил мэргэжил болгосон байх бөгөөд нэр бүхий 19 хохирогчийг фэйсбүүк сошиал орчинд залилж, уг залилсан мөнгөөр өөрийн хэрэгцээнд зарцуулж үрдэг байсан. Түүнд өөр ажил хийх, мөнгө олох ямар ч сонирхол байхгүй, зөвхөн хохирогч нарыг залилж хурдан хугацаанд мөнгө олох шунахайн сэдэлт дээр уг гэмт хэргийг үйлдсэн. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байхад хөнгөрүүлж хөнгөн ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Прокурор Ц.Гэрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Тухайн гэмт хэрэг 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл үйлдэгдсэн. Прокурорын зүгээс тус гэмт хэргийг их хэмжээний хохирол учирсан, үргэлжилсэн үйлдлээр гэж зүйлчилсэн. Амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Д нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр “төлбөрийг нь шилжүүлнэ” гэж хуурч, хуурамч гүйлгээний төлбөрийг гар утсан дээрээсээ үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад нийт 67,406,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Д-ын /1хх 11-12/, Ц.Сийн /1хх 60-61/, Б.Бийн /1хх 92-93/, Э.Дгийн /1хх 124-125/, Д.Огийн /1хх 164-165/, Ж.Гын /1хх 197-198/, П.Нийн /1хх 237-238/, Н.Г-ын /2хх 22-23/, Б:Цгийн /2хх 39-40/, Б.Ц-ын /2хх 74/, Б.Мын /2хх 102/, Э.Чгийн /2хх 133/, Н.Д-ын /2хх 194-195/, Э.Бын /2хх 223/, Д.Нгийн / 3хх 21-22/, С.Цийн /3хх 71-72/, Л.Мын /3хх 206/, Э.Х-ийн /3хх 246/, Е.Бын /4хх 39/,

 

гэрч Д.Эийн /1хх 96-97/, Д.Хын /1хх 201-202/, Б.М-ын /2хх 135-136/, иргэний нэхэмжлэгч Б.Сын /2хх 138-139/ нарын мэдүүлгүүд,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн СБ1-23-2113 /1хх 22-25/, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн СБ1-23-1574 /1хх 65-67/, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-23-1692 /1хх 247-249/, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн СБ1-23-2243 /2хх 46-47/, СБ1-23-2244 /2хх 81-82/, СБ1-23-2242 /2хх 110-112/, СБ1-23-2241 /2хх 234-235/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн СБ1-23-2482 /3хх 42-43/, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СБ1-23-2700 /3хх 75-76/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СБ1-23-1080 /3хх 222-223/, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД1-23-1104 /4хх 10-11/, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД1-23-1108 /4хх 43-44/ тайлангууд,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 55, 3хх 83-84, 4хх 47-49/, дансны дэлгэрэнгүй лавлагаа /1хх 170-174, 204-207/, “Колор винг дизайн” ХХК-ийн 01888 дугаартай барьцаат зээлийн гэрээ /2хх 141/, эд зүйлийн үнэлгээ /2хх 167/, хяналтын камерт бичлэг хийсэн тэмдэглэл /3хх 212-214, 4хх 2-6/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч П.Дий гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Дийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирлыг учруулж үйлдсэн ... гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Дийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хохирогч Э.Б “... П.Дий бусдыг залилж байгаа үйлдэл нь байнгын шинжтэй амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхээр байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр буруу зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд тухайн зүйлийн аль нэг хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй буюу нэг төрлийн хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг хууль тогтоогчоос давтан гэмт хэрэг үйлдсэн гэж хуульчлаагүй боловч мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тухайн гэмт хэргийг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Хуулийн уг зохицуулалтын “байнга үйлдэж” гэдгийг залилах гэмт хэргийг тус тусдаа бүрдэл төгссөн 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох бөгөөд энэхүү үйлдэл холбогдол нь шүүгдэгчийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжтэй хамт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдана.

 

Харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь гэмт этгээд залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, гэмт этгээдийн хувьд түүний зан төлөв болон өдөр тутмын дадал, зуршлыг үндэслэвэл залилах гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон байдлыг ойлгоно.

 

Шүүгдэгч П.Дий хувьд 2023 оны 7 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг хүртэлх 3 сарын хугацаанд 19 удаагийн үйлдлээр, нэг төрлийн аргаар бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдлийн улмаас 19 хохирогчоос нийт 67,406,500 төгрөгийн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн авсан зэрэг шинж, хэргийн нөхцөл байдлыг үндэслэж залилах гэмт хэргийг “байнга буюу 3-аас дээш удаа” үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хохирогч Э.Бын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Ганзоригийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 4 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дий цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ