| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 132/2019/00700/И |
| Дугаар | 214/МА2021/00010 |
| Огноо | 2021-08-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 214/МА2021/00010
Б.Хандармаагийннэхэмжлэлтэй
Б.Намхайнямбууд холбогдох
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2021/00253 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Хандармаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Намхайнямбууд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Б.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хандармаа, хариуцагч Б.Намхайнямбуу, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Намхайнямбуу бид хоёр 2013 оны 08 сарын 23-ны өдрөөс хойш хамт амьдарч эхэлсэн. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 13-нд охин Өнөржаргал, 2015 онд хүү Хожилхүү, бага охин Буянжаргал 2018 онд төрсөн. 2018 он хүртэлх хугацаанд бид хоёр эвтэй найртай сайхан амьдарч байсан. Намхайнямбуу хурдан морь уяж манайх хот хүрээ, хөдөө гадаагүй амьдарч байсан. Нөхөр маань 2018 оны 10 сараас хойш өөр хүнтэй болж, намаржин гэртээ ирээгүй. Тэгэхээр нь би 2018 оны 11 сард 3 хүүхдээ дагуулаад, ойр зуурын зүйлээ аваад ээж рүүгээ явсан. Бид хоёр муудалцаж салсан зүйл байхгүй. Намхайнямбуу өөр хүнтэй болсноо хүлээн зөвшөөрөөгүй. Намхайнямбуу хүүхдүүдтэйгээ 2018 оны 12 сард, 2019 оны 03 сард, 2019 оны 05 сард тус тус уулзаж байсан. Намар нь хичээл орох үед хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунар бэлдэж өгсөн. 2019 оны 10 сард, 2020 оны 01 сард хүүхдүүдтэйгээ уулзсан. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд бид хоёр мал малладаг тул сар бүр цалин авдаггүй. Тийм болохоор тэтгэлгийг бөөнөөр нь тогтоолгох саналтай байна. Намхайнямбуу явахдаа гэрээ аваад явсан. Би 3 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Намхайнямбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2012 онд танилцаж 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд том охин Өнөржаргал, хүү Хожилхүү, бага охин Буянжаргал нарын 3 хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлуулах талаар 2018 оноос хойш шүүхэд ирж байна. Хүүхдийн асрамжийн хувьд аль аль нь хүүхдүүдээ асрамжиндаа авах хүсэлтэй. Хандармаа айл гэр болсноос хойш чамтай суусандаа харамсаж байна гэдэг байсан. Мөн өөрөө өөр хүнтэй байж байгаад надад баригдаж байсан ба би түүнийг уучилсан. Ээж нь амьдралд их оролцдог, эхнэр маань 2018 оны 11 сард надаас салж мал ахуйгаа аваад явсан. Өнөөдөр намайг хаяад явсан мэтээр ярьж гэрлэлтээ цуцлуулна гэж байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.. Бид 2 ярилцсан боловч сална гэсэн шийдвэрт хүрсэн. Би хүүхдүүддээ ойр зуурын хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг, манай ээж дээр хүүхдүүд байнга ирдэг. Хандармаатай эвлэрье гэж зөндөө ярьсан боловч сална гэдэг шийдвэр гаргасан. Өмнөх шүүх хурлаар 3 хүүхдийг Хандармаагийн асрамжинд өгөх шийдвэр гарсан. Би үүнийг эсэргүүцэж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан мөн шинжээч томилуулж шалгуулсан. Тэгээд бид хоёроос Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 100 гаран асуулгатай асуумж авсан. Түүний 5 нь миний талд, 1 нь Хандармаагийн талд шийдэгдсэн. Би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Хандармаа хүүхдүүдээ хардаггүй, тэнээд явчихдаг, айлын мал малладаг. Тэгээд хүүхдүүдээ ээж дээрээ үлдээдэг боловч ээж нь хүүхдүүдийг маань хардаггүй. Өмнө нь надад хүүхдүүдээ харж чадахгүй байна чи ав гэж байсан. Тэгсэн хэрнээ шүүх хурал дээр сайхан сайхан юм яриад байдаг. Хандармаа нь Орхонтуулд Идэрмөнх гэдэг айлд хуц, ухна маллаж байгаад шүүх хуралд орох гэж 2 хоногийн өмнө ирсэн. Хүүхдүүдтэйгээ ярихад ээж хөдөө яваад ирээгүй гэж хэлсэн. Тийм болохоор хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодож би өөрийн асрамжинд авна Болохгүй бол би хүүгээ асрамжиндаа авна. Миний гал голомтыг залгана, 2 охинтойгоо байнгын холбоотой амьдарна гэв.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2021/00253 дугаар шийдвэрээр:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Бошиго овогт Батхуягийн Хандармаа /РД: ********/, Боржигон овогт Баасандоржийн Намхайнямбуу /РД: ********/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 09 сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Өнөржаргал, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Буянжаргал нарыг эх Б.Хандармаагийн, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Хожилхүүг эцэг Б.Намхайнямбуугийн асрамжинд тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Буянжаргалыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Нямхайнямбуугаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Хандармаад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Намхайнямбуугаас улсын тэмдэгтийн хураамж 105537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 35337 /гучин таван мянга гуван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Хандармаа давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүх хурлаар ороод Б.Намхайнямбуутай гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэдсэн. Шүүхийн шийдвэрээр 3 хүүхдийн маань дунд хүү болох Н.Хожилхүүг эцэг Б.Намхайнямбууд өгөхөөр болсон. Шүүх яагаад 18 нас хүрээгэй 5 настай хүүг маань эцэгт нь өгч хойд эхийн гар харуулж өсгүүлхээр болов. Б.Намхайнямбуу нь өөр хүнтэй гэр бүл болоодүр хүүхэд нь гараад амьдарч байна. Тэр хүн нь хүүхдүүдийг маань хааяа аав дээрээ очоод хэд хоноход нь загнаж зодож байсан. Би охин Б.Өнөржаргалаас зодсон талаар сонссон. Миний Б.Хожилхүү нь нас бага биеэ авч явах чадваргүй тул эх дээрээ өсөх ёстой гэж үзэж байна. Яагаад шүүх эх нь хүүхдээ өсгөх чадвартай байхад ганц хүүг минь эгч, дүү, эхээс ньсалгаж өөр эмэгтэйн хүмүүжлээр өсгөх болов. Шүүхийн гаргасан шийдвэрт бигомдолтой байна. Шүүх байгууллага үнэн зөв шийдэн эх үрийг нэг дор байлгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Хандармаа хариуцагч Б.Намхайнямбууд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Намхайнямбуу нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна харин хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэж маргажээ.
Зохигчид 2013 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр охин Х.Өнөржаргал, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Н.Хожилхүү, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр охин Н.Буянжаргал нар төрсөн, 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцсэн байна.
Харин хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ Булган аймгийн засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Хожилхүүг эцэг Б.Намхайнямбуугийн асрамжинд үлдээсныг буруутгах боломжгүй боловч тухайн хүүхэд эгч, дүү нарын хамт эхийн асрамжинд өсч хүмүүжих нь хүүхдийн эрхэнд хохирол учрахгүй гэж дүгнэн Н.Хожилхүүг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Буянжаргалыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Б.Намхайнямбуугаар тэжээх тэтгүүлэхээр шийдвэрлэсэн атлаа 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр төрсөн охин Н.Өнөржаргал, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.Хожилхүү нарт тэтгэлэг гаргуулах эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Өнөржаргалын саналыг харгалзан эх Б.Хандармаагийн асрамжид үдээсэн атлаа түүнд оногдох тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийг дээр дурьдсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн заларуулах боломжтой байх тул шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасаар өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Хандармаагийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2021/00253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 14 дүгээр зүйлийн 14.6” гэсний дараа “14.7” гэж,”...Б.Намхайхямбуугийн” гэсний” эх Б.Хандармаагийн” гэж,
2. 3 дахь заалтанд “ ... 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр төрсөн охин Х.Өнөржаргал, 2015 оны 11 дүгээр сарын 19 ний өдөр төрсөн хүү Н.Хожилхүү” гэж, охин Н.Өнөржаргал, Н.Хожилхүү нарыг эцэг Б.Намхайнямбуугаар тэжээн тэтгүүлсүгэй гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Б.Хандармаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн үахирамжаар буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
М.ХҮРЭЛБААТАР