| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0653/З |
| Дугаар | 128/ШШ2025/0653 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.*******,
Маргааны төрөл: Газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх зөрчилд шийтгэл ногдуулсан геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор А.Т*******, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баатарзориг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр ******* дугаар дүгнэлт бичсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1. Иргэн Н.О*******өөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, С******* ******* тоот манай нэгж талбарын урд хэсгийг ухаж, шороог нь машинаар зөөгөөд байна гэх мэдээллээр хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. Улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Д.Ч*******ыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчилд 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдогч Д.Ч******* торгуулийн төлбөрийг төлжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтдээ: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.******* нь иргэн Н.О*******өөс гаргасан ... Д.Ч******* нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, С*******ын дугаар гудамжинд газар ухаж, шороог нь зөөсөн" гэх зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Ч*******ыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар 150 нэгжээр буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн дугаартай материалыг шалгалтын явцад хянаж үзээд шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж гэж дүгнэж байна. Учир нь Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж)-ийг газрын хэвлий гэнэ, 3 дахь хэсэгт ...Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно... гэж заасан бол Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт мэдээлэл болох холбогдогч Д.Ч*******ын ..хүүхдийн тоглоомын талбай байгуулах зорилгоор тэгшлэх гэж байсан. ...хороонд тухайн үед мэдэгдсэн. ...ухаж эхэлж байхад хамар хашааны иргэн хэрүүл хийгээд ухаж байгаа ажиллагааг зогсоосон. гэх мэдүүлэг, ..С*******ын дугаар гудамжинд газар ухаж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр зөрчил үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зөрчил төгсөөгүй болох нь тогтоогдож байхад түүнийг газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно., 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд болон уг хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн зорилгын нэг хэсэг нь хүнийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших ч зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл төгсөөгүй, энэ зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой хуульчилсан байхад тодорхой үйлдэл хийгээгүй газар ухсан гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.*******ын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Д.Ч*******ад шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх заалтаар хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.
3.2. Хариуцагч хариу тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.******* миний бие нь нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн гаргасан "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" Прокурорын дүгнэлттэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Байгаль орчны газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.******* би, холбогдогч Д.Ч******* нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, С*******ын ... дугаар гудамжинд зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийг дур мэдэн хөндсөн үйлдэлд дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр холбогдогч Д.Ч******* нь газрын хэвлийг дур мэдэн хөндсөн нь холбогдогчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг бүхэлд нь дэмжихгүй байна.
Дүгнэлтэд холбогдогч Д.Ч*******ын "... хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байгаа.. хороонд тухайн үед мэдэгдсэн, ... ухаж эхэлж байхад хамар хашааны иргэн газар ухаж буй ажиллагааг зогсоосон..." гэх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр зөрчил үйлдэхэд шууд чиглэгдсэн үйлдэл санаатай үйлдсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зөрчил төгсөөгүй болох нь тогтоогдож байхад түүнийг газрын хэвлий дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан төсөөтэй хэрэглэсэн" гэсэн байна. Холбогдогч Д.Ч*******ын нийтийн эзэмшлийн газар буюу ард иргэд, машин тэрэг хөдөлгөөнд оролцох гудамж талбайд дур мэдэн газрын хэвлийг хөндөж, газар тэгшлэж, тухайн хороонд оршин суудаг айлын гарц хааж, эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд халдаж, төлөвлөгөө, төсөв нь батлагдаагүй, зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тоглоомын талбай байгуулна гэх нэрийн доор газар ухсан үйлдэл нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна" гэж заасныг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааr зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зүйлийн 4.1-т "Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий" гэх бөгөөд гомдол, мэдээллийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар буюу ард иргэд, машин тэрэг хөдөлгөөнд оролцох гудамж талбай байсан. Газар нь хөрс бус хурдас хуримтлалын үелэл буюу бидний хэллэгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дарга, байгалийн бор шорооноос бүрдсэн давхарга зүйн ангилалд хамаарах газрын хэвлийн хурдас байсан. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.1-т ...хөрс гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсгийг..." хэлнэ. Хөрс нь газрын гадаргаас тал хээр нутагт 10-30 см, ойн сан бүхий эсхүл үржил шимтэй газарт 20-50 см байдаг. Прокурорын дүгнэлтэд: ... Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн зорилгын нэг хэсэг нь хүнийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших ч зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл төгсөөгүй, энэ зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой хуульчилсан байхад тодорхой үйлдэл хийгээгүй газар ухсан гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна... гэсэн байна. Холбогдогч Д.Ч******* нь дээр дурдсанчлан нийтийн эзэмшлийн газар буюу ард иргэд, машин тэрэг хөдөлгөөнд оролцох гудамж талбайд дур мэдэн газрын хэвлийг хөндөж, газар тэгшлэж, тухайн хороонд оршин суудаг айлын гарц хааж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, төлөвлөгөө, төсөв нь батлагдаагүй, зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тоглоомын талбай байгуулна гэх нэрийн дор газар ухсан нь гомдол гаргагчийн өргөдөл, газар дээр нь хийсэн үзлэг шалгалт, зурагжуулсан баримт, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож буй тул Зөрчлийн ухай хуулийн 7.10 дугаар зүйлийн Газрын хэвлийн тухай хууль зөрчих 1 дэх хэсэгт Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг турааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар энэ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан зөрчлийн хэрэг, шүүхэд нэмж цуглуулсан нотлох баримтыг хянаад дараах үндэслэлээр прокурорын 2025 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч газар ухаж шороог нь зөөсөн гэх иргэний мэдээллээр зөрчлийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчлөөр зүйлчилж торгох шийтгэл ногдуулсныг газрын хэвлийг ашигласан зөрчил тогтоогдоогүй, зөрчилд хүлээлгэсэн шийтгэл зөрчлийн шинж байдалд тохироогүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцээгүй хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 2025 оны 08 дүгээр сарын 01-ны өдрийн ******* дүгээр дүгнэлт үндэслэлтэй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3-т нийцжээ.
1.1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно., 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хэмээн хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилсан.
1.2. Хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар газрын гүдгэр хэсгийг механизм ашиглан ухаж түрэх үйлдлээр тэгшилсэн байгаа нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн зөрчлийн нөхцөл байдлыг бэхжүүлсэн гэх тухайн байршлын солбицол, хаяг, огноо, цагийг тэмдэглэсэн 3 ширхэг фото зургаас харагдах бөгөөд үүнийг Зөрчлийн тухай хуулийн Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил бүлгийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж Газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, газрын хэвлий гэх ойлголтыг Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай , түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж)-ийг ойлгохоор заасан, Зөрчлийн тухай хуулийн Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил бүлгийн 7.10 дугаар зүйл нь газрын хэвлийг ашигт малтмалын зориулалтаар ашигласан үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан байгаагаас дүгнэвэл газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх үйлдэлд ийнхүү суурьшлын бүсэд гудамжны нийтийн эзэмшлийн гудам хэсэгт гүдгэр газрыг тоглоомын талбайн зориулалтаар тэгшилсэн үйлдэл хамаарахгүй байна.
1.3. Нөгөөтэйгүүр зөрчилд холбогдогч иргэний тухайн зөрчилд хамаарах үйлдлийн зорилготой уялдуулан авч үзвэл тэрээр газрын хэвлийг ашиглах санаа зорилгогүй, газрын гүдгэр хэсгийг тоглоомын талбай байгуулах зорилгоор тэгшлэхээр газрыг зөвшөөрөлгүй ашигласан байх тул Зөрчлийн тухай хуулийн Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд хамаарч болох ч энэ зөрчлийг шалгах эрх хариуцагчид олгогдоогүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.40 дэх заалтаар газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн харьяалан шийдвэрлэх зөрчилд хамаарахаар, харин мөн хуулийн 6.42 дахь заалт дахь геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн харьяалан шийдвэрлэх зөрчилд хамаарахгүй байх тул хариуцагч геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч харьяалал зөрчил газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчлөөр зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
1.4. Түүнчлэн хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийн нөхцөл байдлыг тогтоосон тэмдэглэл үйлдээгүй, 4.15 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдсэнийг нотолсон байх, 1.3-т заасан зөрчил гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын 2025 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2025 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийг хангаж, Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА