| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0051/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/053 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/053
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж
нарийн бичгийн дарга Ц.С
улсын яллагч Х.Ө
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох 1813001320058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.О: Монгол Улсын иргэн, Д овогт Б-гийн О, ,,,, оны ,,,, дүгээр сарын ,,,,-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ................. аймгийн ........ сумын ..........дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .............................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Тамирчны-3-316 тоотод оршин суух иргэн Б.В....-гийн гэрт иргэн Ч.Ш....тэй маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд хохирогч Ч.Ш-тэй хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ч.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед ....... сумын 8 дугаар багт байдаг өөрийн гэрээс гараад ........ гэх хүнтэй уулзаж, хашааны хог ачуулах гээд явж байхад манай гудамжны дээд талд Стадионаас Бага сургууль явдаг засмал замын хажууд Б.О хажуудаа нэг залуугийн хамт зогсож байсан ба намайг хараад надтай мэндлэхэд ах миний толгой өвдөөд байна, би архи уучихсан юм, та ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би та нар ямар архи уудаг юм вэ? гэхэд "Сангийн далай" нэртэй архи болно гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн "Сангийн далай" нэртэй архи худалдан аваад та нар хаана уух юм вэ? гэхэд Б.О надад В-гийн гэрт очоод уучихъя гэж хэлсэн. Тэгээд Б.О-ын хажууд байсан залуу яваад өгсөн ба Б.О бид хоёр В гэх хүний гэрт очсон. Тэр айлд бид очих үед В гэх хүн гараад яваад өгсөн ба гэрт нь В-гийн дүү Г гэх залуу байсан. Бид очиж ширээ тойроод суугаад тухайн архийг задлаад тус бүр нэг нэг хундага архи уугаад сууж байхад Б.О надад манай Дөрвөд төрийг бол 40 жил удирдсан, танай Урианхайд ямар юм байдаг юм вэ? гэхэд би Ц удирдан гэж юу байхав, П, Б нарын буян л байхгүй юу гэхэд тэр асуудлаас болж маргаад Б.О намайг босож ирээд сандлаас түлхэж унагаагаад дээрээс минь дарж суугаад, духны хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр үед би хамгаалах гэж оролдоод улмаар мултраад зугтаасан. Би зугтаасан чигээрээ гэрийн гадаа ирэх үед миний араас Б.О хүрч ирсэн. Тэр үед би эхнэр болох Мөндөрт энэ залуу намайг зодлоо гэж хэлэх үед гэрээс миний хүү Сүх гарч ирээд шууд цагдаа дуудсан. Би тухайн үед цагдаад гомдол гаргасан боловч дараа нь Б.О нь ганц бие, ажилгүй гэдгийг нь сонсоод би чамд ямар нэгэн гомдолгүй, би чамаас нэхэмжлэх зүйлгүй гэж хэлээд учраа ололцсон” гэх мэдүүлэг /хх-ийн17-18 дугаар хуудас/,
- Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед ..... сумын 8 дугаар багт байдаг ах В-гийн гэрт байсан ба 17 цагийн үед ах В бид хоёр гэрт сууж байхад гаднаас Ч.Ш, Б.О, Б.Б нар орж ирсэн. Тэд мэндлээд, ширээ тойроод суусан ба Ч.Ш нэг шил 0.5 литрийн “Сангийн далай” нэртэй архи гаргаж ирээд задлаад нэг нэг татсан. Тэгж байхад Б.О манай Дөрвөдүүд 40 жил төр барьсан Урианхайд хэн байна вэ? гэхэд Ч.Ш, Ц төр барина гэж ямар юм байхав дээ? Тухйн үед Б, П нарын удирдлага л байхгүй юу гэж хэлээд тэд хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд В ах нэг хүнийг хүлээж байсан ба гадаа мотоциклийн дуу гарахаар нь би явлаа гэж гараад явсан. Удалгүй тэд маргаад байхаар нь та нар боль гэж хэлээд Баасанхүү гараад явсан. Тэд маргаад сууж байгаад О, Ш-ийг сууж байсан сандлаас нь түлхэж унагаагаад дээр нь морьдож суугаад дух хэсэгт нь нэг удаа гараараа цохичихсон. Тэгээд би салгаж О-ыг татах үед Ч.Ш босоод ширээн дээр байсан тал шил архийг аваад гараад явчихсан. Удалгүй О бас гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.О-тай “Айбо” дэлгүүрийн баруун талын замд тааралдсан. Тухайн үед Б.О согтуу байсан. Тэгээд бид хоёр явж байгаад Ч.Ш-тэй зам дагуу тааралдсан. Тэгээд Б.О, Ч.Ш-ээс нэг шил архи аваад өгөөч гэхээр нь Ч.Ш дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн "Сангийн далай" нэртэй архи авсан. Тэд хаана уух уу гэж ярилцаж байгаад В-гийн гэрт очиж ууя гэж хэлээд тийшээ очсон. Би хамт очсон. Гэрт нь очих үед В-гийн гэрт В болон дүү нь Г нар байсан. Бид очиж ширээ тойроод суугаад авч очсон нэг шил архийг задлаад байж байхад В гараад явсан. Удалгүй Ч.Ш, Б.О нар хоорондоо Урианхай, Дөрвөд гэдгээр нь маргаад эхэлсэн. Тэгэхлээр нь би архинаас амсаад та нар Урианхай, Дөрвөд гээд маргаад байх шаардлага юу байсан юм вэ? гэж хэлээд гараад шууд гэртээ харьсан, 3 дугаар сарын 24-ний өдөр би 24 цагийн ээлжийн ажилтай байсан ба 25-ны өдөр ажлаас буугаад үдээс хойш Төв эмийн сангийн хажууд Б.О-тай тааралдахад Б.О надад би тэр өдөр эрүүлжүүлэгт орлоо гэхээр нь юу болсон вэ? гэж асуухад Ч.Ш-тэй маргалдаж, зодсон юм шиг байна, цагдаа ирээд намайг баривчлаад эрүүлжүүлэгт оруулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
- Гэрч Х.В-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Ч.Ш, Б.О нар манай гэрт ирсэн. Тухайн үед Ч.Ш, Б.О нар халамцуу байсан. Ямар ажлаар ирсэн эсэхийг мэдэхгүй, гадур явж байгаад танайд орж ирлээ гэж Ч.Ш хэлсэн. Тухайн үед манай гэрт дүү болох Г байсан. Тэд гэрт орж ирээд ширээ тойроод суугаад Ч.Ш нэг шил “Сангийн далай” нэртэй архи гаргаж ирээд задалсан. Би тэр архинаас нь амсаад байж байхад гадаа мотоциклтой хүн ирсэн. Би тухайн хүнийг хүлээгээд сууж байсан тул гэрээс гараад мотоцикльд сундлаад ажил руу яваад өгсөн. Манай гэрт Б.О, Ч.Ш, дүү Г нар үлдсэн. Манай гэрт архи уух гэж л ороод ирсэн юм шиг байна. Тухайн өдөр би шөнө 01 цагийн үед ирээд шууд амарсан ба өглөө нь 09 цагийн үед босох үед дүү болох Г өчигдөр Ч.Ш, Б.О нар таныг явсны дараа хоорондоо маргалдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Гэрч Ш.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг 10 минутын үед Ц тосгоноос ажлаас бууж ирсэн. Гэрт ороод хувцас солих гээд байхад жижүүрээс залгаад эргүүлд гар гэсэн. Тэгээд би буцаад ажлын газар руу явах гэж байхад гаднаас аав болох Ш хүрч ирээд би хүнд зодуулаад зугтаагаад ирлээ. Чи цагдаа дууд, намайг зодсон хүн В-гийн гэрт байна гэсэн. Би яаг юу болсон вэ? гэж асуухад Б.О гэгч намайг зодлоо гэж нүүр хэсгээ харуулсан бөгөөд зүүн талын дух хэсгээрээ хавдсан, уруул нь хавдсан байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- ШШ албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 172 дугаартай: “...Иргэн Ч.Ш-ийн биед тархины доргилттой, дух чамархай хавантай, доод, дээд эрүүний хавдартай, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ч.Ш-ийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба уг хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Б.О нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ......... овогт Б-гийн О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.О-ын иргэний цахим үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Ш-ийн газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д