Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0618

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Маргааны төрөл: газар ашиглах гэрээ байгуулаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Э.Э******* хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын А ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт Танд 53685 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар А ******* ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосон.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай тушаалаар “газар ашиглах гэрээ байгуулаагүй, хуулийн хугацаанд нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлүүдээр А ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “А ******* ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Танд 53.681 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар ашиглах эрхийг авч, газрын төлбөрөө төлж байна. Бид 2025 оны 04 дүгээр сард газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандахад манай газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар мэдэгдсэн.

Бид газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар энэ үед анх олж мэдсэн буюу тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй болно.  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны дугаар тушаалаар нийт 8 этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй нь мөн хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн дугаар тушаалын А******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын А ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй нь мөн хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн. Түүнчлэн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл  бүрдээгүй байхад хүчингүй болгосон нь манай компанийн эрх хууль ёсны эрх ашигт халдаж байна гэж үзэж байна.

Иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашигт сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах гэж байгаа тохиолдолд захиргааны байгууллага хоёр шаардлагыг баримтлах ёстой. Нэгдүгээрт нь формал буюу хэлбэрийн шаардлага. Хоёрдугаарт нь материаллаг буюу агуулгын шаардлагыг баримтлах ёстой. Энэ шаардлагуудыг хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа баримтлаагүй.

Тодруулбал хэлбэрийн шаардлагуудыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагаа явуулах, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхтэй холбоотой процесс ажиллагаанууд хийгдээгүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл гаргасан гэх боловч түүнийг хүргүүлэх, мэдэгдэх талаар эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөгдсөн этгээд болох манай компанид мэдэгдээгүй. Тиймээс сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй байна. Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд сонсох ажиллагааны мэдэгдэлтэй танилцаад түүнд тайлбар өгдөг ч бай, өгдөггүй ч бай ямар нэгэн байдлаар танилцаж, сонсох ажиллагаа хэрэгжих ёстой.

Маргаан бүхий актын гаргахын өмнө мэдээж явуулах ёстой. Маргаан бүхий акт гаргахын өмнө мэдэгдлийн төслөө боловсруулсан гэдэг нь харагдаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д заасны дагуу 20 болон түүнээс доош тооны этгээдэд мэдэгдлийг тухайн эрх хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд тус бүрт шууд хүргүүлэх шаардлагатай. Бусад хэлбэрээр буюу факс, шуудангаар мэдэгдэж болно гэсэн агуулгаар тусгасан. Гэтэл маргаан бүхий актаар 8 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-д заасан шаардлагыг баримтлах ёстой байсан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ямар нэгэн байдлаар мэдэгдлийг хүргүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хувьд тодорхой харагдаж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гарсан байгаа боловч хүргүүлсэн баримт нь байхгүй байна. Хүргүүлсэн баримттай холбоотойгоор дотоод шуудангийн бүртгэлийн дэвтэр дээр хүргүүлсэн албан бичгийг авсан этгээдийн гарын үсэг бол байхгүй. Мөн шууданд хийгээгүй гэдэг нь тодорхой байна. Хэрвээ шууданд хийгээд манай хаяг тодорхойгүй эс үгүй бол хаягтаа хүрээгүй бол шуудан буцах ёстой. Буцсан тохиолдолд тухайн шуудангийн илтгэх хуудсаар хүргэгдээгүй тухайн этгээд нь аваагүй гэдэг тэмдэглэл байх ёстой.

Мөн шуудангийн дугтуйнд хэзээ хүргэгдсэн талаарх тамга байх ёстой. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шуудангаар хүргүүлсэн гэдэг боловч энэ талаарх баримт байхгүй. Тиймээс шуудангаар яваагүй гэдэг нь тодорхой байна. Сонсох ажиллагаа хийгдсэн гэж нэхэмжлэгч талаас үзэхгүй байна. Дараагийн үндэслэлийн хувьд бодит байдлыг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн маргаан бүхий актыг гаргахдаа бодит байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Үүнтэй холбоотойгоор нотлох баримтыг цуглуулах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-д заасан үүргийг хүлээсэн байдаг. Бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий актыг бол хоёр жил дараалан ашиглаагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээгүй гэх мэт үндэслэлээр гаргасан байдаг. Гэтэл хэргийн материалд авагдсан агаар сансрын зургийг шүүхээс шаардаж авсан.

Тухайн агаар сансрын зургаар тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон болон газар ашиглах эрхийг цуцалсан аль аль хугацаанд нэхэмжлэгч компани тухайн газраа хашаалсан байдаг. Газар ашиглах болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тог, цахилгааны асуудлаа шийдсэн баримтууд хэрэгт авагдсан. Агаарын шугам татсантай холбоотойгоор тухайн үедээ хэсэг бүлэг газар ашиглах эрхтэй этгээдүүд байгаа нийлж Авлигатай тэмцэх газрын ашиглах эрхтэй газрын нэрээр татсан. Гэхдээ ашиглах эрх бүхий газрын огноо, дугаар нь манай газраар байгаа. Газар ашиглах эрхтэй этгээдүүд нийлж байгаад манай газар дээр татвал аль ч талаасаа ойрхон юм байна гэж тохиролцоод хүсэлт гаргаад явсан үйл баримт байгаа. Энэ байдлаас харахад манай компани  тухайн үедээ газрыг бүх боломжоор нь ашиглаад үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг нь харагддаг.

Бодит байдлыг захиргааны байгууллага тогтоогоогүй. Бодит байдлыг тогтоосонтой холбоотой агаар сансрын зураг болон хээрийн судалгааны тайлан байдаг. Хээрийн судалгааны тайлан дээр авагдсан зураг нь манай газар биш гэдэг нь харагдаж байгаа. Яагаад гэхлээр сүүлд шүүхийн хийсэн үзлэгээр ойн цоорхой шиг жижиг газар байгаагүй. Зүүн урд болон баруун уулын энгэрийг дагаад битүү модтой. Наад хэсгээрээ модгүй газар байгаа. Захиргааны байгууллагын авсан нотлох баримтууд нь ойн цоорхой бүхий хэсэг байгаа учраас манай газар биш юм.

Дараагийн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актыг гаргахдаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэлүүдийг хуульд тодорхой заасан байгаа. Хэрвээ тухайн үндэслэл байгаа бол тухайн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох юм уу, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь захиргааны байгууллага хуульд зааснаар халдахыг зөвшөөрдөг.

Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болно гэж  заасан байна. Энэ 7 үндэслэлийг захиргааны байгууллага хэрэглээгүй. Хэргийн материал шинжлэн судлах үе шатанд маргаан бүхий актыг судалсан. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт ямар нэгэн байдлаар Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэл огт дурдагдаагүй. Захиргааны байгууллагын маргаан бүхий акт эрх зүйн үндэслэлгүй гарсан. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаад байгаа үндэслэлийг дурдаагүй. Тийм учраас маргаан бүхий акт үндэслэлгүй байна. Тушаалд 8 хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа үндэслэлээ нийтэд нь нэгтгээд бичсэн. Ямар үндэслэлээр маргаан бүхий актаар манай эрхийг хүчингүй болгоод байна вэ гэдгийг тодруулах зорилгоор хэргийн материалтай танилцахад гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт нь газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл. Манай компани газраа ашиглаад явж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Гэтэл захиргааны байгууллага газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдлаас зөрөөтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Газар ашиглах гэрээ байгуулаагүй гэдэг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрчилгээ гаргаж өгөөд байгаа хэр нь гэрээ байгуулаагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал дээр гэрчилгээгүй гэсэн байсан.

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэдэг асуудал байдаг. Газрын тухай хуулийн 34.2-т үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж байгаа юм. Бидний хувьд 90 хоногт багтаан нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ өгсөн. Үүнийг  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Тухайн нөлөөллийн үнэлгээг хийх асуудал нь захиргааны байгууллагын өөрийн асуудал учраас захиргааны байгууллага нөлөөллийн үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй хэр нь хуулийн этгээдийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Бидний хувьд манай нөлөөллийн үнэлгээ гарсан гэж ойлгоод байсан учраас өмнөх шүүх хуралдаан дээр нөлөөллийн үнэлгээг хариуцагчаас гаргуулья гэдэг хүсэлт гаргасан. Тухайн баримтыг гаргуулахаар хандсан боловч баримт ирээгүй. Тиймээс нөлөөллийн үнэлгээ хийгээгүй талаар мэдэж авсан. Үүний дагуу нэг асуудал гарч ирж байгаа Газрын тухай хуулийн 34.2-т заасны дагуу нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно.

Гэтэл манайд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон учраас бид нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн гэж ойлгоод явж байсан. Захиргааны байгууллага үүнийгээ асуулт хариултын шатанд үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байсан. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй асуудал байхгүй. Мөн адил захиргааны байгууллага буруу дүгнэсэн. Захиргааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаагаа иргэн хуулийн этгээдэд нялзааж байна.

Гурван талт гэрээ байгуулаагүй гэдэг асуудлыг ярьдаг. Гэрээ байгуулаагүй асуудлаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаас асуусан. Газар ашиглах эрх авахтай холбоотойгоор бүх асуудлаар өөрөө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар хөөцөлдөж газар ашиглах эрхийн гэрчилгээгээ аваад гэрээ байгуулъя гэдэг саналыг тавьсан. Гэтэл гэрээ байгуулах саналтай холбоотойгоор гэрээний төсөл, хэргийн материалд авагдсан албан бичиг ямар нэгэн байдлаар манай компанид ирээгүй.

Манай компани хаягийн ямар нэгэн зөрчилгүй. Улсын бүртгэл болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хаяг өөрчлөгдөөгүй. Гэрээ байгуулаач гэдэг мэдэгдэл манай компанид ямар нэгэн байдлаар ирээгүй. Ирүүлсэн талаарх баримт хэрэгт байхгүй байна. Үүгээр манай компани зөвтгөгдөхгүй байх, гэхдээ гэрээ байгуулна гэдэг нь талуудын чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр байгуулагдах ёстой. Гэрээг ямар байдлаар байгуулах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үүргийн дагуу тогтоож өгдөг. Тиймээс бид ямар нэгэн байдлаар гэрээний төсөл явуулах боломж байгаагүй.

Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тухайн үедээ гэрээ байгуулах талаар асуухад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэрээний төсөл албан бичгээр хүргүүлнэ гэж тайлбарласан байдаг. Гэтэл албан бичгээр гэрээний төсөл ирээгүй учраас бид гэрээ байгуулж чадаагүй. Гэрээ байгуулаагүй асуудал дээр зөвхөн гэрээний нэг тал болох нэхэмжлэгч компанийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл гурван талт гэрээний гурван тал адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хэрвээ гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа бол гурван тал адил буруутай. Зөвхөн манай иргэн аж ахуйн нэгжийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий захиргааны акт хуульд заасан нөхцөл шаардлага, үндэслэлийг хангаж гараагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар "А *******” ХХК-д олгогдсон газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Г байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон боловч Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, хуулийн хугацаанд нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй тул хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах тухай холбогдох тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий 8 хуулийн этгээдэд холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосон.

Маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын үндэслэл нь газар ашиглах гэрээ байгуулаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй гэдэг үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг цуцалсан. А ******* ХХК нь өнөөдрийг хүртэл нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй. Мөн гурван талт гэрээ байгуулаагүй.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгч аж ахуй нэгж болох А ******* ХХК-д албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа санал хүргүүлсэн.  2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичигт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Энэ албан бичгийг аж ахуй нэгжүүд рүү явуулсан. Мөн Сонсох ажиллагааны мэдэгдлийн явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр ч хэрэгт авагдсан байгаа. Хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан талаарх баримт байхгүй. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичиг нэхэмжлэгч компанид хаяглагдсан байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгийг хэрхэн хүргүүлсэн талаар тайлбаргүй. Гэхдээ бичилтийг харахад хэнд гардуулсан талаарх бичилт байхгүй байна.

Агаар сансрын зургаас гадна хээрийн ажлын зураг нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авагдсан байдаг. Агаар сансрын зураг нь 08 дугаар сарын байдлаар цастай зураг хийсэн байна гэж тайлбарлаж байгаа бол нэмэлтээр хээрийн ажиллагааны зураг авагдсан байгаа.

Маргаан бүхий акт нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байдаг. Үүнтэй холбоотой сонсох ажиллагааг ч 08 дугаар сард нь хийсэн гэх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани нэхэмжлэлээ 2025 онд гаргасан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу  хөөн хэлэлцэх хугацааны асуудал гарч байгаа юм.

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр “гэрээ, гэрчилгээ хүлээлгэн өгөх” мэдэгдлийг хүргүүлсэн эсэхэд тайлбар байхгүй.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгааг харгалзаж үзээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ******* ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэр/-ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар олгогдсон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт Танд 53685 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрхийг  хүчингүй болгосон сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын А ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын хавсралтаар 8 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож буй үндэслэлээ хавсралтадаа тухайлж заагаагүй, тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 “яам тусгай хамгаалалттай газар нутагт төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 “газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, эрхийн гэрчилгээгүй аливаха этгээд газар эзэмшихийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 2 “газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 34 дүгээр зүйлийн 34.2 “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”, 37 дугаар зүйлийн 1 “эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана” гэсэн заалтуудыг үндэслэсэн ч эдгээрийн аль нь ч газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг заасан зохицуулалт биш тул тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх төрийн үйл ажиллагаа хуульд нийцэх зарчим, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь захиргааны акт хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй хууль бус болжээ.

2. Газар ашиглах эрхийг, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр тухайн эрхийг авсан этгээдэд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд, захиргааны байгууллага хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа шийдвэрийг гаргахад Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаж, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хангагдана.

2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, үндэслэл бүхий гараагүйгээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх үзлээ.

2.1.1. Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

Гэтэл хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаарх тайлбар, баримт ирүүлж болох хугацаа тогтоосон мэдэгдлийг газар ашиглах эрх авсан этгээдэд хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна гэж шүүх үзсэн.

Хариуцагч сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлаж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгч А ******* ХХК-д хаяглан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх ч тухайн мэдэгдлээ хэдийд, ямар байдлаар, хэнээр хэрхэн хүргүүлсэн болон гардуулсан болохыг нотлоогүй, тухайн албан бичиг явуулсан бичгийн бүртгэлд[1] бүртгэгдсэн ч түүнийг хүргэгдсэн талаарх ямар ч тэмдэглэгээ байхгүй учраас уг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүйгээс мөн хуулийн 4.2.6-д заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг хангуулаагүй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

2.1.2. Түүнчлэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тушаал буюу захиргааны шийдвэрийг эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд буюу газар ашиглагчид хүргүүлээгүй, улмаар захиргааны шийдвэрт гомдол гаргах эрхээр хангаагүй байна.

Газрын мэдээллийн сан эрхэлж байгаа Газар зохион байгуулалтын албанд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ хүргүүлээгүйгээс мэдээллийн санд газар ашиглагчийн тухайн нэгж талбарыг ашиглах эрх хүчинтэй хэвээр бүртгэлтэй байсны улмаас газрын төлбөрийн ногдол ийнхүү хүчингүй болгосноос хойш 2025 оныг хүртэл үүсч, газар ашиглагчаас газрын төлбөрийг төлүүлсээр иржээ. Тухайлбал дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлсноор 2023 онд 70,858,920.00 төгрөг, 2024 онд 70,858,920.00 төгрөг газрын төлбөрийн ногдол үүсч нийт 141,717,840.00 төгрөг төлөгдсөн[2] байна. Энэ нөхцөл байдал нь газар ашиглах эрхээ хүчин төгөлдөр гэх ойлголтыг газар ашиглагч хуулийн этгээдэд үүсгэсэн байна.

2.1.3. Сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг ч, гаргасан шийдвэрээ ч хүргүүлэх газар ашиглагч хуулийн этгээдийн албан ёсны хаягийн хувьд өөрчлөгдсөн гэх, хаягтаа байгаагүй гэх ямарваа  маргаангүй. Газар ашиглагч хуулийн этгээдийн газрын хувийн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх бүртгэлтэй хаяг хариуцагч байгууллагад байгаа мэдээлэл бөгөөд тухайн хаягаар хүргүүлсэн гэх баримтгүй тул нэхэмжлэгч компанийг хаяг бүртгүүлээгүй, хаягтаа байгаагүй гэж буруутгах үндэслэл алга.

Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээс үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

3. Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий гараагүй болохыг дараах байдлаар дүгнэлээ.

3.1. Хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн нэгж талбарт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэсэн.

Хамгаалалтын захиргаа Тан дахь А ******* ХХК-ийн ашиглах эрх авсан 53685 м.кв тухайн нэгж талбарын газар ашиглалтын байдалд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хээрийн үзлэг, хяналт шалгалт хийсэн гэх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналдаа “1/ газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, 2/ гэрээ байгуулаагүй, 3/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй” үндэслэлүүдийг ашиглах эрхийг хүчингүй болгуулах үндэслэлээ болгожээ.

3.1.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар ашиглах эрх олгосныг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээ бичиж олгосон, хэргийн оролцогчид ийнхүү гэрчилгээ олгосонтой маргаагүй, дээрх “газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй” гэх үндэслэл няцаагдаж байна.

3.1.2. Газар ашиглах эрх олгосон сайдын 2020 оны дугаар тушаалаар үүрэг болгосончлон дээрх 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон ******* дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэж Хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг дарга нар газар ашиглагчтай газар ашиглуулах гэрээ байгуулах бөгөөд гэрээ байгуулаагүйд газар ашиглагчийг шууд буруутгах, улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Хамгаалалтын захиргаанаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* тоотоор гэрээ байгуулахыг мэдэгдсэн байх ч мөн л уг албан бичгийг хэрхэн хүргүүлснээ нотлоогүй болно.

3.1.3. Газрыг хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл доорх байдлаар няцаагдаж байна.

Хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүйгээс мөн хуулийн 4.2.5, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны “бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчим хангагдаагүй байна.

Хамгаалалтын захиргааны саналын үндэслэл болсон газар ашиглалтын байдалд хийгдсэн гэх хяналт шалгалтын илтгэх хуудаст хавсаргасан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн гэх хээрийн судалгааны фото зураг нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар болохыг нотлох эх сурвалжгүй, аль байршлын хэдийд авсан зураг болохыг тодорхойлох боломжгүй, түүнчлэн сансрын зураг цастай үед авагдсан нь хяналт шалгалт хийсэн улирлын хувьд таарахгүй байх бөгөөд хариуцагч байгууллагын кадастрын үйл ажиллагаа эрхэлдэг нэгжээс шүүхэд ирүүлсэн 2021, 2022, 2023, 2024 оны агаар сансрын зургуудаар төслийн талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байгаагаар “үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэл няцаагдаж байна. 2021, 2022 оны агаар сансрын зургаас дээрх хугацаанд төслийн талбайг хашаалж, тодорхой тооны байшин, гэрүүд барьсан байсан нь тогтоогдож байна. Түүнчлэн шүүхийн үзлэгээр[3] төслийн талбай хашаалагдсан, 10 байшин, 4 гэр баригдсан, цахилгааны шугам татсан, ТП барьсан, 3 гүний худаг ашиглаж байгаа нь тогтоогдсон.

Гэтэл хариуцагчийн хийсэн гэх хээрийн судалгааны фото зурагт тэдгээр обьектууд байхгүй, хашаа ч байхгүй хоосон газар мэтээр дүрслэгджээ.

Төслийн явцад 2020, 2021 оны холбогдох техникийн нөхцлөөр цахилгааны шугам татсан, дэд станц барьсан, гүний худаг гаргасан зэргээр газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа бодит нөхцөл байдлыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадсангүй.

3.1.4. Хэдийгээр тушаалын үндэслэлд хамааралгүй, хамгаалалтын захиргааны саналд дурдаагүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт тусгагдсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Анх гаргасан газар ашиглах хүсэлтийн дагуу Хамгаалалтын захиргаанаас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тоот албан бичгээр яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “газрын давхцалгүй, ашиглах эрх олгох боломжтой” талаар, ******* тоот албан бичгээр яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст “А ******* ХХК төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг дэмжиж хүргүүлсэн”[4] байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны шинжээч хийж, яам баталгаажуулах бөгөөд, ерөнхий үнэлгээгээр нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзвэл нарийвчилсан үнэлгээ хийгдэнэ. Хамгаалалтын захиргаа 2020 оны 7 дугаар сарын 22-нд төслийн үйл ажиллагаа эхлүүлэх ******* дугаартай зөвшөөрөл олгосон, зөвшөөрөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн[5] байна.

Дээрхээс үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтээ газар ашиглагч хуулийн этгээд гаргасан, хүсэлт нь үнэлгээ хийх байгууллагад хүргэгдсэн ч үнэлгээ хийгдээгүй байгаад, түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэж олгогдох газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон байхад “нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй” хэмээн газар ашиглагчийг буруутгаж, ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон нь зөв биш байна.

3.1.5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “газар ашиглах эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэх авч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхойлсноор хамгаалалтын захиргаа ашиглах эрх 2020 оны 6 дугаар сард олгогдсоны дараа газрын удирдлагын нэгдсэн системд бүртгэсэн, 2022 оны дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь газрын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдээгүй, гэрээг цуцлаагүй байснаас 2023, 2024 онд газрын төлбөрийн ногдол, нэхэмжлэх үүссэн байна. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх олгогдсон даруй газрын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн төдийгүй эрх хүчингүй болсноос хойш бүртгэлтэй хэвээр байжээ.

4. Хамгаалалтын захиргаанаас 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тоотоор 2022 оны шийдвэрээр ашиглах эрхийг хүчингүй болгосон тул гэрчилгээ, гэрээг хураалгахыг мэдэгдсэн ч мөн л уг албан бичгийг хэрхэн хүргүүлсэн баримтгүй, газар ашиглагч хуулийн этгээд ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 2025 оны 4 дүгээр сард хандсанаар ашиглах эрх уг шийдвэрээр хүчингүй болсныг мэдсэн гэх нөхцөл байдлыг хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг маргаан бүхий шийдвэр гарсан хугацаанаас, гэрээ гэрчилгээ хураалгахыг мэдэгдсэн гэх хугацаанаас тооцох боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалын А ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг баримтлан А ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай тушаалын А ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

 

[1] Хэргийн 44 дүгээр хуудас

[2] Хэргийн 67-69 дугаар хуудас

[3] Хэргийн 81-93 дугаар хуудас

[4] Хэргийн 48-49 дүгээр хуудас

[5] Хэргийн 54 дүгээр хуудас