Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/408

 

 

 

 

 

 

  2024             4              03                                    2024/ДШМ/408

 

 

  Е.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар, 

шүүгдэгч Е.Аын өмгөөлөгч А.Кадирбек,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Е.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2303007370008 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Меркит овгийн Е.А, 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Чингисийн төгөл” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны 46 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:БЮ95082119/,

Шүүгдэгч Е.А нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын тойргийн замд 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын орчим “Тоёота Приус 30” загварын 62-60 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, 3.7 а"... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа “Тоёота Аксио” загварын 58-24 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зорчигч А.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Е.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Меркит овгийн Е.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Е.Аыг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аад эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ааас 3.904.570 төгрөгийг гаргуулж хохирогч А.З /РД:УИ89112143/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч У.Болортуяагийн нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлтгэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Е.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Е.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн /хэрэг явдал болохоос 2 хоногийн өмнө/ толгой бага зэрэг таллаж өвдөөд мөн өдөр “Бриллиант эмнэлэг” орж эмчид үзүүлэн, толгойны компьютер томографик хийлгэж, хариу гаргахаар болж эмчид үзүүлэхээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирж хариуг авч, дахин эмчид үзүүлэхээр болсон. Би урьд ямар нэгэн байдлаар унадаг, татдаг өвчнөөр өвчилж байгаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад прокуророос 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал гаргасан бөгөөд би болон өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг шүүхээс хүссэн. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч А.Зд учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэх хүсэлтийг бичгээр өгснийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын газар” иргэний нэхэмжлэгч К.Ган-Эрдэнэ, Ц.Болортуяа нарт учруулсан хохирлыг бүрэн төлж, энэ талаарх баримтуудыг шүүхэд өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр” хуульчилсан байхад надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл хэсэгт заасан хамгийн хүнд эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчимд” нийцээгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч өөрийн биеийн байдлын талаар шинжилгээ өгсөн, биеийн байдлын талаар мэдэж байсан мөртлөө тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, үүнээс үүдэн осол болж бусдад хохирол учруулсан нь санаатай үйлдэл. ...” гэх агуулгатай дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Энэ талаар дээр гомдолд дэлгэрэнгүй дурдсан бөгөөд миний бие 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжилгээ өгч, хариу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарахыг хүлээж байсан ба урд өмнө унадаг, татдаг өвчин байгаагүй тул би машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож болохгүй талаар тооцоолж чадаагүй болно.

Миний зүгээс хэрэгт нотлох баримтаар авагдсан “Бриллиант эмнэлэг” болон “Альфа долгион” эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн компьютер томографикийн дүгнэлтээр “тархины цист” буюу уйланхайт өөрчлөлттэй тул 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Улсын гуравдугаар төв” эмнэлгийн мэдрэлийн тасагт хагалгаанд орох шаардлагатай болсон тул надад анхан шатны шүүхээс оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, зорчих эрх хязгаардах ялыг өөрчилж, торгох эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Давж заалдах гомдолд хохирогч А.3олжаргалын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 3.904.570 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг хавсаргав. ...” гэжээ.

Шүүгчдэгч Е.Аын өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгчдэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Хууль хэрэглээний хувьд хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Учир нь, шүүгдэгчийн хувьд хэрэгт холбогдсон нөхцөл байдал мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 иргэний нэхэмжлэгч, 1 хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах болсон үндэслэлээ анхан шатны шүүх дүгнэхдээ хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүй, эрүүл мэндийн байдлын талаар мэдэж байсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хэргийг санаатай үйлдсэн гэдэг агуулгатай дүгнэлт хийсэн. Хавтаст хэргийн 171 дүгээр талд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримт байгаа. Уг нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хохирогчтой эвлэрч, харилцан тохиролцож байсан. Өөрөөр хэлбэл, 4.000.000 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжилсэн. Хохирогчийн зүгээс “эмчилгээний болоод сэтгэцэд учирсан гэм буруугийн хохирлыг төлбөл миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй” гэж илэрхийлсэн. Энэ төлбөрийг нь бид төлөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч шүүх хуралдаанд оролцохдоо дахин 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэдэг агуулгаар илэрхийлсэн. Уг нэхэмжилсэн хохирлыг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон атлаа хохирогчид учирсан, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 7.000.000 төгрөг гэж тооцож үүнээс 3.900.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгчийн зүгээс 3.900.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн. Мөн энэ хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд төлөөд орж ирсэн. Энэ тохиолдолд шүүгдэгчийн зүгээс цаашид хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөр байхгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохир ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хохирол, хор уршгаа нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн баримт гаргаж өгсөн бөгөөд түүний хүний эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Давж заалдах гомдолд хавсаргасан 2 эмнэлгийн магадлагаа байгаа. Үүнд “тархины цист” буюу “уйланхайтай” гэж гарсан нь 1 дүгээр зэргийн хавдар байна гэж үзэн 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Гуравдугаар эмнэлэгт хагалгаанд оруулсан. Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг ялыг хэвээр үлдээсэн тохиолдолд энэ хүний эрх зүйн байдал нь дордох, цаашид эмчилгээнд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсний улмаас тухайн тээврийн хэрэгслийн зорчигчдод хүндэвтэр хохирол учруулсан. Үүнд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс торгох ялын санал тавьсан. Шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүй гэдэг байдлаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж, шүүх эрх мэдлийнхээ хүрээнд торгох ялаар солиход улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Е.А нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын тойргийн замд 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг 30 минутын орчим “Тоёота Приус 30” загварын 62-60 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, 3.7 а"... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа “Тоёота Аксио” загварын 58-24 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зорчигч А.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Зын “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Болортуяагийн хамт зүс таних залуугийн машинаар Сансарын тойргийн замаар явж байхад араас машин мөргөж миний сууж явсан машин зам дээрээ эргээд хөндлөн хараад зогссон. Тухайн үед би автомашины арын суудалд сууж явсан ба Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “ил харагдах гэмтэл шарх байхгүй боловч нарийн шинжилгээ өг, хэвтрийн дэглэм сахь” гэж хэлсэн. ...” /хх 40/,

иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Золжаргалын хамт зүс таних залуугийн машинтай хүргэлт хийхээр Сансарын автобусны буудлаас Сансарын тойргоор эргэж хороолол явсан. Тэгээд Сансарын тойргоор эргэж байх үед араас маш хүчтэй мөргөх чимээ гарч миний сууж явсан машин зам дээрээ эргээд зогссон. Ослын дараа найзтайгаа хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “толгой доргилттой хэвлийн зөөлөн эдийн гэмтэлтэй харьяа дүүргийнхээ эмнэлгийн хяналтад байх, хэвтрийн дэглэм сахих, хөл сойх, толгойны томографийн зураг авахуулах шаардлагатай” гээд эм бичиж өгсөн. Одоо биеийн байдал гайгүй. ...” /хх 35/,

иргэний нэхэмжлэгч К.Ган-Эрдэнийн “... Би Сансарын тунелийн баруунаас зүүн тийш чиглэлийн автобусны буудлаас өөрийн эзэмшлийн “тоёота аксио” маркийн 58-24 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон Сансарын тойргоор эргээд хороолол орохоор явсан. Тэгээд Сансарын тойргоор эргэх үед миний машины зүүн хойд талын дугуй, крыло хэсэгт маш хүчтэй мөргөх чимээ гарч машин бүтэн эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн нэг талдаа 3 эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд хөндлөн зогссон. Би хэсэг хугацаанд юу болоод байгааг мэдэхгүй хэсэг сууж байгаад машинаас гараад харахад миний машины зүүн хойд хэсэг эвдэрч гэмтсэн байдалтай байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. ...” /хх 28/,

Гэрч Р.Бибинурын “...Би нөхөр Е.Айболотын хамтаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын тойргийн орчимд явж байхад манай нөхөр жолоо барьж явахдаа надтай юм ярьж байгаад дуугүй болохоор нь хартал жолоогоо барьсан ухаангүй болоод машиныхаа хаазыг гишгээд явж байсан. Тэгээд саарал өнгийн авто машиныг мөргөөд зогссон. Ингээд нэг харахад ойр орчмын хүмүүс ирээд манай нөхрийн хамранд үнэртэй ус үнэртүүлээд ухаан оруулсан. Удалгүй яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд мөргүүлсэн машинд сууж явсан хоёр эмэгтэй болон манай нөхөр бид дөрөв гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод манай нөхөр юу болсныг мэдэхгүй, миний хэлж байгаа зүйлийг ойлгохгүй, шокийн байдлаасаа гаргахгүй байж байгаад 1 цаг орчмын дараагаас ухаан санаа нь хэвийн болсон. ...” /хх 52-53/,

Е.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн 62-60 БӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэрийн хамт 13 дугаар хорооллын тэндээс гэртээ харихаар гарсан. Тэгээд Сансарын тойрог руу өгсөөд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байгаад тунелийн зүүн талын гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд явж байснаа санаж байна. Тэрнээс хойш толгой эргээд хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Манай эхнэрийн хэлж байснаар Сансарын тойргийн замд явж байгаад машин мөргөөд замаас гарсан гэж байсан. ...” /хх 46/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...Ц.Болортуяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13783 дугаартай /хх 60-61/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...А.Зын биед бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13784 дугаартай /хх 67-68/ дүгнэлтүүд,

зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 5/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8, 9-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, хохирлын баримтууд /хх 22-25, 137-139, 160-164/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 54/, Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 79, 80, 90, 91-93/, мөрдөгчийн магадлагаа /хх 101-102/, хохирол төлсөн баримтууд /хх 170, 172/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.Аыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Е.Аыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, 3.7 а “...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч А.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Е.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Е.А “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн учир миний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Е.Аад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Е.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэгдэл 3.904.570 төгрөгийг хохирогч А.Зд төлж барагдуулсан, мөн хохирогч  А.З нь “...хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй. ...” гэсэн хүсэлт /хх 171/ болон түүний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэл оногдуулсныг өөрчилж, шүүгдэгч Е.Аад торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасан эрх хэмжээний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Е.А нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээрх нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно. ...” гэж хуульчилсанаар шүүгдэгч Е.Аын эрүүл мэндийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тухайн ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Е.А нь хохирогч А.Зд хохирол төлбөрийн үлдэгдэл 3.904.570 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Е.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд болон нэмэлт заалтыг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Е.Аыг шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Е.Аыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Е.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн,

-“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тухайн эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэсэн,

-“...Шүүгдэгч Е.А нь нь хохирогч А.Зд хохирол төлбөрийн үлдэгдэл 3.904.570 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ