Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/439

 

 

 

 

 

2024                 4            16                                      2024/ДШМ/439                        

 

П.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг  даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч А.Билгүүн, С.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор П.Эд холбогдох 2310000001232 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Хошууд овгийн П.Э, 2002 оны 12 дугаар сарын 24-ний Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2023 оны 5 дугаар сараас “Эхлэл ургац” ХХК-д туслах ажилтан ажилтай байсан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 15 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 95-2 дугаар байрны 31 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ02322401/,

Шүүгдэгч П.Э нь олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкээр “Наранчимэг Нара”, “Enkhjin Purevdorj”, “Бадмаа X” гэсэн хаягтай “Real brend shop” групп, “Мандах Од”, “Goods Америк хүнс” гэх зэрэг хуурамч хаягууд нээж, “куртик, цүнх, пальто, гутал, угаалгын нунтаг зарна, Swarovski брэндийн ээмэгний хослол зарна, гүзээлзгэнэ, алмонд самар, витамин, тараг зарна, Herbalife бүтээгдэхүүн зарна” гэх зэрэг заруудыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдтэй “бараагаа үнэ тохиролцож хүргэлтээр хүргэж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэдийн утасны дугаарыг авч, тухайн дугаараар онлайн покерын сайтад аккаунт үүсгэж, покерын дансыг ашиглан нэр бүхий 65 хохирогчоос Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Өвөрхангай аймагт байхдаа шилжүүлсэн мөнгийг залилан авч, 17,055,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хошууд овогт П.Эг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эгийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005407 тоот дансанд хохиролд төлөхөөр байршуулсан 460,000 төгрөгөөс хохирогч Т.Энхтуяад 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, хохирогч А.Ундармаад 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч П.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч А.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө илчилсэн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсаар байтал шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр түүнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хуульд байхгүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын Үндсэи хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж, 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно,”  гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй,” гэж, Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэт “Улсын яллагч нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7 заалтад “яллах, яллахаас татгалзах;” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгч нь хуульд заасны дагуу яллах чиг үүргийг хэрэгжүүлж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож буй улсын яллагчийн эрх хэмжээнээс хэтрүүлж шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Тодруулбал, улсын яллагч нь П.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргасан.

Гэтэл шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй буюу улсын яллагчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гаргасан саналыг харгалзахгүйгээр яллах чиг үүргийг хэрэгжүүлж, дээр дурдьдсан хуулиудад заасан зарчмыг ноцтой зөрчсөн.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн атлаа ямар үндэслэлээр улсын яллагчийн зүгээс гаргасан саналаас хэтрүүлж ял оногдуулсан талаараа хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үндсэн үзэл баримтлалаа илтэд зөрчиж, яллах чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх П.Эд ял шийтгэл оногдуулахдаа хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. П.Э гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцсоноос болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. П.Э энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, амьжиргаагаа залгуулдаг нөхцөл байдал байхгүй нь харагддаг. Тэрээр 22 настай, Улаанбаатар дээд сургуульд 2 дугаар курст суралцаж байсан бөгөөд энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш эгчийнхээ ажилд тусалж, цагаар ажиллан, нийгмийн даатгал төлж, өөрийн ажил хөдөлмөрийн хөлснөөс, мөн гэр бүлийн дэмжлэгээр хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн. Шүүхээс хохирогч нарын тоо их байгааг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үздэг. Хохирогч нарын тоо их байх нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилго, зорилт нь бусдын зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг нөхөн сэргээх байдаг бөгөөд сэргээсэн асуудлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлах эсэх асуудал яригддаг. 4 төрлийн сонгох ялын санкцаас хамгийн хүнд ял буюу нийгмээс тусгаарлаж шийдвэрлэж байгаа нь П.Эгийн хувийн байдал болон түүний сэтгэхүйн онцлогийн хувьд тохирохгүй буюу энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэх нийгэмд аюултай этгээд биш тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. П.Э нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул торгуулийн ялыг биелүүлэх боломжтой, мөн Чингэлтэй дүүрэгт ажил хөдөлмөр эрхэлдэг, сургууль нь Сүхбаатар дүүрэгт байрладаг, Баянзүрх дүүрэгт оршин суудаг тул эдгээр 3 дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энд 2 сар орчим хоригдохдоо маш их зүйлийг ойлгож байна. Цаашид үргэлжлүүлэн сургуульдаа суралцахыг хүсэж байна. ...” гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч А.Билгүүний  гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.Э нь олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкээр “Наранчимэг Нара”, “Enkhjin Purevdorj”, “Бадмаа X” гэсэн хаягтай “Real brend shop” групп, “Мандах Од”, “Goods Америк хүнс” гэх зэрэг хуурамч хаягууд нээж, “куртик, цүнх, пальто, гутал, угаалгын нунтаг зарна, Swarovski брэндийн ээмэгний хослол зарна, гүзээлзгэнэ, алмонд самар, витамин, тараг зарна, Herbalife бүтээгдэхүүн зарна” гэх зэрэг заруудыг байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдтэй “бараагаа үнэ тохиролцож хүргэлтээр хүргэж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэдийн утасны дугаарыг авч, тухайн дугаараар онлайн покерын сайтад аккаунт үүсгэж, покерын дансыг ашиглан нэр бүхий 65 хохирогчоос Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Өвөрхангай аймагт байхдаа шилжүүлсэн мөнгийг залилан авч, 17,055,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Мягмарсүрэнгийн “...Тухайн данс 5168823245 гэсэн Ариунболд гэсэн нэртэй данс байсан. Гүйлгээний утга дээр олон юм бичихгүй “пальто 80101031” гэсэн дугаар бичсэн. Мөн хуулга бас явуулаад өгөөрэй гэж бичсэн. Тэгээд би тухайн данс руу өөрийн 5021258597 дугаартай данснаас 5168823235 дугаартай данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг фейсбүүкээр блок хийгээд алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /1хх 24-25/,

хохирогч Э.Дишриймаагийн: “... “Наранчимэг Нара” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж “Колумбиа брэндийн куртик зарна” гэсэн зарын дагуу холбогдож куртик авахаар тохиролцож, түүний надад хэлсэн 5169343008 дугаартай данс руу Төрийн банкны өөрийн 330000114958 дугаартай данснаас 260,000 төгрөг шилжүүлсэн. Хүргэлт нь хугацаандаа ирээгүй, над руу хариу өгөхгүй алга болсон. ...” /1хх 168-169/,

хохирогч П.Нямгэрэлийн “... “Мандах Од” гэсэн фейсбүүкийг хаягтай хүнтэй чатаар холбогдож “Колумбиа” брэндийн куртик авахаар ярилцаж асууж байгаад тухайн куртик хямдарсан байсан. Надад 260,000 төгрөг гэж хэлсэн. Бараа нь 19 цагаас өмнө хүргэлтээр ирнэ гэж хэлсэн. Би түүний надад өгсөн 5169828141 дугаартай данс руу Голомт банкны өөрийн 1305100964 дугаартай данснаас 260,000 төгрөг шилжүүлсэн. Хүргэлт ч байхгүй, надтай ямар нэгэн холбоо барихгүй фейсбүүкээр блок хийгээд алга болсон. ...” /1хх 190-191/,

хохирогч Б.Сольрагчаагийн “... “М.Сүрэн” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж “Колумбиа” брэндийн куртик хямдарсан байхаар нь би түүнтэй холбогдоод куртикийг авахаар тохиролцсон. Тэр хүн надад 5169790329 гэсэн Наранчимэг гэсэн данс өгсөн, энэ данс руу мөнгө хийчих гэхээр нь 5076154526 дугаартай данснаас 5169790329 дугаартай данс руу 260,000 төгрөгийг 99032636 Колумбиа куртик гэж бичээд шилжүүлсэн. ...” /1хх 213-214/,

хохирогч Г.Цацралын “... “Наранчимэг Нара” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй зарын дагуу ноолууран пальто авахаар холбогдон чаталж, орой хүргэлтээр ирнэ гэж хэлэхээр нь тус пальто захиалахаар Худалдаа хөгжлийн банкны өөрийн 456411111 дугаартай дансаа Хаан банкны Г.Ариунболд гэсэн 5168823245 дугаартай данс руу “пальто 94009402” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Орой нь хүргэлт ирэхгүй, энэ фейсбүүк хаягийг тухайн групп залилангийн хүн гэж тавьсан байсан. ...” /1хх 232-233/,

хохирогч Д.Сайнбаярын “...Куртикний талаар сонирхож асууж байгаад “орой гэрт нь хүргээд өгье, гэрийн хаягаа үлдээгээрэй” гэхлээр нь би гэрийн хаяг, гар утасны дугаараа үлдээгээд, түүний надад өгсөн 5049120009 дугаартай данс руу 5070501688 дугаартай өөрийн данснаас 260,000 төгрөгийг 99704417 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Орой хүргэлт ирэхгүй байсан. ...” /1хх 249-250/,

хохирогч Н.Хонгорзулын “...Говь брэндийн хямдарсан пальто авах зорилгоор түүнтэй харилцаж орой хүргэлтээр аваачаад өгдөг гэхээр нь түүний надад өгсөн 5168823245 дугаартай данс руу Төрийн банкны 999999599999 дугаартай данснаас 300,000 төгрөгийг пальто гэж бичээд шилжүүлсэн. Орой хүргэлтээр ч ирээгүй, фейсбүүкээр намайг блок хийгээд мөн тухайн фейсбүүк хаягийг хуурамч, залилан хийж байгаа гэж мэдсэн. ...” /2хх 16-17/,

хохирогч Т.Буяндэлгэрийн “...Тэр үед итгээд Колумбиа куртик нь зах зээлийн үнэнээс харьцангуй хямдхан байсан учраас надад итгэл төөрөөд түүний 5169790329 дугаартай данс руу өөрийн 450011491 дугаартай данснаас 260,000 төгрөгийг 99066441 гэсэн дугаараа бичээд шилжүүлсэн. Орой нь фейсбүүк хаяг нь болохоо болиод, тухайн зар оруулсан групп дээр энэ хүнийг залилан гэж бичсэн байсан. /2хх 32-33/,

хохирогч М.Өлзийдэлгэрийн “...Хаан банкны 5169689332 тоот данс руу Голомт банкны өөрийн 3009125787 тоот данснаасаа гар утаснаасаа интернэт банкаараа 260,000 төгрөгийн гүйлгээ хийгээд явуулсан хуулгаа зургийг нь дараад явуулахад маргааш нь 12 цагаас 14 цагийн хооронд хүргэж өгнө гэсэн. Тухайн хугацаандаа ирээгүй болохоор нь чат бичихэд намайг блок хийсэн, устчихсан байсан. /2хх 48/,

хохирогч Ё.Цэцэгмаагийн “...Түүний надад өгсөн 5168823245 дугаартай данс руу өөрийн 5249224115 дугаартай данснаас 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр хүн надад намайг мөнгө шилжүүлээд удаагүй фейсбүүкээр блок хийгээд алга болсон. ...” /2хх 65-66/,

хохирогч Б.Ариунзаяагийн “...Хаан банкны 5169778801 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /2хх 83-84/,

хохирогч И.Алтанцэцэгийн “...Зарын дагуу тус аккаунт хүнтэй харилцаж пальто авахаар тохиролцож надад өгсөн 5168823245 дугаартай данс руу 5002446765 дугаартай өөрийн данснаас 555,000 төгрөг шилжүүлсэн. Хүргэлт нь орой ирээгүй намайг фейсбүүкээр блок хийгээд алга болсон. ...” /2хх 100/,

хохирогч Г.Хонгорзулын “...Захиалахаар болоод чатлаад Хаан банкны 5169712589 дугаарын данс руу 40,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Би Хаан банкны өөрийн 5041126815 дугаарын данснаас Хаан банкны 5169712589 дугаарын данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн.  ...” /2хх 117-118/,

хохирогч Р.Балдансамбын “...Би чатлаад “тамирын шар” гэх витамин авахаар Хаан банкны 5619131265 дугаарын данс руу 210,000 төгрөгийг Хаан банкны өөрийн 5595088899 дугаарын данснаас Хаан банкны 5619131265 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /2хх 33-134/,

хохирогч М.Бадамзулын “...Би хантааз авахаар болоод Хаан банкны 5169658916 дугаарын данс руу 129,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь блоклоод алга болсон. ...” /2хх 148-149/,

хохирогч Д.Мөнгөнтуяагийн “...Би нэртэй нимгэн борооны куртик авахаар болоод Хаан банкны 5169778801 дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь чатаар блок хийсэн байсан. ...” /2хх 165-166/,

хохирогч Г.Ган-Эрдэнийн “...“куртик зарна” гэсэн байсан тул тухайн хэрэглэгчтэй чатлаад куртик авахаар болсон. Хаан банкны 5619131265 дугаарын данс руу 270,000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /2хх 182-183/,

хохирогч Б.Пүрэвдоржийн “...Хаан банкны 5169026453 дугаарын данс руу 210,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь эргэж холбоо барихад блоклож алга болсон. ...” /2хх 200-201/,

хохирогч Л.Оюунгэрэлийн “...куртик авахаар болоод Хаан банкны 5169990475 дугаарын данс руу 260,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь блоклоод алга болсон. ...” /2хх 217-218/,

хохирогч Б.Баяржаргалын “...Говь брэндийн ноолууран пальто авах зорилгоор түүнтэй фейсбүүкээр холбогдож пальто авах талаар харилцаж түүний надад өгсөн 5168823245 дугаартай данс руу өөрийн 5019385788 дугаартай данснаас 500,000 төгрөг шилжүүлсэн чинь дараа нь фейсбүүкээр намайг блок хийгээд манай групп дээр энийг залилан гэсэн утгатай зүйл бичсэн байсан. ...” /3хх 1-2/,

хохирогч Ж.Мөнхзулын “...Би куртик авахаар болоод Хаан банкны 5168626214 дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаяг нь блоклож алга болсон. ...” /2хх 234-235/,

хохирогч Б.Ууганбаярын “... “Мандах Од” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж байгаад “Макайл корс” цүнх авахаар тохиролцож өөрийн гар утасны дугаар, гэрийн хаягаа өгсөн. Тэр хүн надад 5169681649 дугаартай данс руу шилжүүлээрэй гэхлээр нь би 5031068387 дугаартай данснаас 250,000 төгрөг шилжүүлээд, орой нь хүргэлт ирнэ гэсэн учраас хүргэлтээ хүлээсэн боловч ирээгүй. ...” /3хх 20-21/,

хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “...Би ноолууран пальто авахаар ярилцаж гэрийн хаяг, гар утасны дугаараа өгөөд пальтог захиалахаар болж түүний надад өгсөн 5305109665 дугаартай данс руу 5025872309 дугаартай өөрийн данснаас 300,000 төгрөгийг 99716987 дугаарыг гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн. ...” /3хх 38-39/,

хохирогч Г.Жимсээгийн “... “Наранчимэг Нара” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж бүтээгдэхүүн авахаар ярилцаж, миний гар утасны дугаар болон гэрийн хаягийг тодорхой авсан. Тэгээд зах зээлийн үнээс харьцангуй хямдхан байсан учраас түүнээс тухайн барааг нь авахаар болж 5169658916 дугаартай данс руу 5913232167 дугаартай данснаас 164,600 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 73-74/,

хохирогч У.Бямбанарангийн “...Тэр хүнээс миний бие Цангис жимс болон дотуур хувцас авахаар түүнтэй тохиролцож түүний надад өгсөн 5168592512 дугаартай данс руу Төрийн банкны өөрийн дансны 102800261794 дугаартай данснаас нийт 80,000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн орой хүргэлт ирнэ гэж хэлсэн боловч хүргэлт ирээгүй. ...” /3хх 95-96/,

хохирогч Д.Шинэбаярын “...Хаан банкны 5304741835 дугаарын данс руу 210,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь блоклож алга болсон. Би Хаан банкны өөрийн 5027468519 дугаарын данснаас Хаан банкны 5304741835 дугаарын данс руу 210,000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 112-113/,

хохирогч Ө.Цогзолмаагийн “...Хаан банкны 5169343008 дугаарын данс руу 260,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Би өөрийн Хаан банкны 5000882199 дугаарын данснаас Хаан банкны 5169343008 дугаарын данс руу 260,000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 128/,

хохирогч Ч.Нямдуламын “...Н&М брэндийн дотуур хувцас авахаар болоод Хаан банкны 5169712589 дугаарын данс руу 40,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь блоклосон байсан. ...” /3хх 148-149/,

хохирогч Д.Анхтуяагийн “...Хаан банкны 5619131265 дугаарын данс руу 95,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн хаягтай хэрэглэгч нь блоклоод алга болсон. ...” /3хх 165-166/,

хохирогч Д.Нямцэцэгийн “...Хаан банкны 5168823245 тоот данс руу Хаан банкны 5304295153 тоот данснаас гар утаснаасаа интернэт банкаараа 500,000 төгрөгийн гүйлгээг пальто 93139693 утгатайгаар шилжүүлээд явуулсан. 10 минутын дараа пэйж хуудсан дээр хүмүүс залилуулснаа мэдсэн. ...” /3хх 180/,

хохирогч Б.Уянгын “...Надаас гэрийн хаяг, утасны дугаар аваад энэ данс руу хийгээрэй гээд 5169668038 дугаартай данс руу өөрийн 5131263396 дугаартай данснаас 120,000 төгрөгийг 99078012 гэсэн дугаараа гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн. ...” /3хх 196-197/,

хохирогч О.Сарандэлгэрийн “...Киркланд брэндийн угаалгын вок авахаар зарын дагуу холбогдож 1 ширхэг вокний үнийг 85,000 төгрөгөөр, 4 ширхэг 340,000 төгрөгөөр захиалсан. Тэр хүн эхлээд гар утасны дугаар, гэрийн хаяг өгөөрэй, орой хүргэлттэй гэж хэлсэн. Би итгээд түүний надад өгсөн 5168422493 дугаартай данс руу Голомт банкны өөрийн 2715008072 дугаартай данснаас 340,000 төгрөгийг 89115960 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. ...” /3хх 215-216/,

хохирогч Д.Дэлгэрмаагийн “...Хөрш заан хотхоны групп Мандах Од гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж Колумбиа брэндийн куртик авахаар тохиролцож орой хүргэлт ирнэ гэсний дагуу 5664149086 дугаартай данс руу 5810145122 дугаартай данснаас 230,000 төгрөгийг 99894778 гэсэн гүйлгээний утгатай Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо эмнэлэгт дотор байхдаа шилжүүлсэн. ...” /3хх 236/,

хохирогч Б.Цэцэгмаагийн “...Ноолууран пальто авахаар тухайн хүнтэй ярилцаж байгаад гэрийн хаяг, гар утасны дугаар өгөөд хүргэлт “маргааш авъя” гэж хэлсэн. Түүний 5168823245 дугаартай данс руу Хаан банкны өөрийн 5429395100 дугаартай данснаас 600,000 төгрөгийг шилжүүлсэн ...” /4хх 6-7/,

хохирогч Т.Энхтуяагийн “...Пальто авахаар ярилцаж гар утасны дугаар, гэрийн хаягаа өгч орой хүргэлтээр авахаар болсон. Тэр хүн хүргэлтээр авах юм бол үнэгүй хүргээд өгнө гэсэн. Түүний надад өгсөн 5168823245 дугаартай данс руу өөрийн 5007999949 дугаартай данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 26/,

хохирогч Н.Пүрэвцэцэгийн “...Ээмэгний хослол авахаар болж Хаан банкны 5168931624 тоот данс руу Хаан банкны өөрийн 5039005271 тоот данснаас гар утаснаасаа интернэт банкаараа 400,000 төгрөгийн гүйлгээг 89645558 утгатайгаар шилжүүлээд явуулсан, хуулгаа зургийг нь дараад явуулахад өдөр хүргэж өгнө гэсэн. ...” /4хх 43/,

хохирогч Д.Сайнзаяагийн “...Хаан банкны 5169994606 тоот данс руу Хаан банкны өөрийн 5114282402 тоот данснаас гар утаснаасаа 250,000 төгрөг шилжүүлээд, хүргэлтээр авъя гээд мөнгө шилжүүлэхдээ 99074993 утасны дугаараа бичсэн, хүргэлт нь 16 цагт ирэх ёстой байгаад тухайн цаг хугацаандаа ирэхгүй болохоор нь чат бичихэд намайг блок хийсэн байсан. ...” /4хх 59/,

хохирогч Б.Даваажаргалын “...Ээмэг бэлэн байна 160,000 төгрөгөөр зарна гэсэн пост байршуулан байхаар нь холбогдож 1 ширхгийг авахаар болж тухайн хүний өгсөн Хаан банкны 5168931624 тоот данс руу Хаан банкны 5035229933 тоотданснаасаа гар утаснаас 160,000 төгрөгийг 88559666 гэсэн утгатайгаар шилжүүлээд хүргэлт нь ирэхгүй болохоор нь надад хариу өгөхгүй байсан. ...” /4хх 76/,

хохирогч Л.Оюунбилэгийн “...Цангис нэртэй жимс авахаар болж Хаан банкны 5169712589 тоот данс руу Хаан банкны 5753388668 тоот данснаас гар утаснаас интернэт банкаар 80,000 төгрөгийн гүйлгээг 89059289 утгатайгаар шилжүүлээд явуулсан. ...” /4хх 93/,

хохирогч Б.Саруулзаяагийн “...Куртик авахаар болж Хаан банкны 5169549247 тоот данс руу Хаан банкны өөрийн 5133171264 тоот данснаасаа гар утаснаас интернэт банкаар 100,000 төгрөгийн гүйлгээг, гүйлгээний утга дээр 88043114 дугаараа бичээд шилжүүлээд, гүйлгээ амжилттай хуулганыхаа зураг дараад явуулаад Бэлла веста дээр байгаа гэхээр нь би очоод авч дуусахаас нь өмнө мөнгөө шилжүүлээд куртикээ хадгалчихъя гэж бодсон. ...” /4хх 110/,

хохирогч Д.Өэлүнзаяагийн “...Говь кашмерийн пальто 1 ширхгийг нь 500,000 төгрөгөөр зарна гэсэн пост оруулсан байхаар нь “авъя” гэж чат бичиж тухайн над руу явуулсан Хаан банкны 5168823245 тоот данс руу Худалдаа хөгжлийн өөрийн 410041201 тоо данснаас гар утаснаас пальто 99026896 утгатайгаар шилжүүлсэн. ...” /4хх 131/,

хохирогч Л.Эрдэнэ-Орчлонгийн “...Алмонд нэртэй самар зарна гэсэн пост байршуулсан байхаар нь холбогдож 1 уутыг авахаар болж тухайн хүний өгсөн Хаан банкны 5169658916 тоот данс руу Хаан банкны өөрийн 5031447876 тоот данснаасаа гар утаснаас 40,000 төгрөгийг 99065059 гэсэн утгатайгаар шилжүүлээд хүргэлт нь маргааш гарна гээд цаг хугацаандаа ирэхгүй болохоор нь дахиад пэйж хаяг руу нь чат бичихэд намайг блок хийсэн. ...” /4хх 152/,

хохирогч Б.Ган-Оргилын “...МК брэндийн эмэгтэй хүний гоёлын цүнх хямд зарна гэсэн пост байршуулсан байхаар нь холбогдож 1 ширхгийг авахаар болж тухайн хүний өгсөн Хаан банкны 5168801781 тоот данс руу Хаан банкны 5431137519 тоот данснаас гар утаснаас 300,000 төгрөгийг 99919198 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” /4хх 168/,

хохирогч Д.Жаргалангийн “...Говь брэндийн ноолууран пальто авахаар гэрийн хаяг гар утасны дугаараа үлдээсэн. 12 цагаас 20 цагийн хооронд хүргэж өгнө гэсэн.Түүний өгсөн Хаан банкны 5168836695 дугаартай данс руу Хаан банкны өөрийн 5021426336 дугаартай данснаас 200,000 төгрөгийг гар утасны дугаар болох 88059005 гэсэн дугаараа гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн. /4хх 187-188/,

хохирогч Б.Батцэцэгийн “...Говийн ноолууран пальто авах зорилгоор ярилцаж байгаа гэрийн хаяг гар утасны дугаараа өгөөд, хүргэлт орой ирнэ гэхлээр түүний надад өгсөн 5169952860 дугаартай данс руу өөрийн 5033212285 дугаартай данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 202-203/,

хохирогч Б.Амгалантуулын “...Ноолууран пальто авахаар гэрийн хаяг гар утасны дугаараа өгөөд хүргэлтээр орой ирнэ гэж хэлэхээр нь би ноолууран пальто хямдхан байхаар нь түүний надад 5168823245 дугаартай данс руу Хаан банкны өөрийн 5026456616 дугаартай данснаас 300,000 төгрөгийг хэлсний дагуу нь мөнгө шилжүүлсэн. ...” /4хх 220/,

хохирогч Н.Долгормаагийн “...Макайл корс брэндийн цүнх авахаар ярилцаад гэрийн хаяг, гар утасны дугаараа өгч тухайн цүнхийг хямдарсан болохоор нь авахаар болж 5169828141 дугаартай данс руу Хаан банкны өөрийн 5019322829 дугаартай данснаас 320,000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 243-244/,

хохирогч Т.Цогзолмаагийн “... “Наранчимэг Нара” гэсэн фейсбүүк хаягтай харилцаж Колумбиа брэндийн куртик авахаар болж тэр хүн миний гэрийн хаяг, гар утасны дугаарыг аваад байхлаар нь би итгээд түүний надад өгсөн 5169789664 дугаартай данс руу 260,000 төгрөгийг нөхөр Б.Санжжавын 5113028218 дугаартай данснаас 260,000 төгрөг шилжүүлсэн боловч цаг хугацаандаа хүргэлт ирээгүй. ...” /5хх 13-14/,

хохирогч Н.Эрдэнэбилэгийн “...Колумбиа брэндийн куртик авахаар тохиролцож гэрийн хаяг, гар утасны дугаараа өгөөд хүргэлт орой нь хүрээд ирнэ гэхээр надад өгсөн 5169952860 дугаартай данс руу өөрийн 405050357 дугаартай данснаас 260,000 төгрөгийг гар утасны гүйлгээний утган дээр 89113788 гэж бичээд шилжүүлсэн. ...” /5хх 33-34/,

хохирогч Ц.Сарангийн “...Омега витамин захиалахаар энэ хүнтэй холбогдож гэрийн хаяг гар утасны дугаараа өгч хүргэлтээр үнэгүй гэхээр нь би хүүхдэдээ захиалах гээд 5011334593 дугаартай данснаас 5653087234 дугаартай данс руу 88,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /5хх 49/,

хохирогч Г.Түмэндэмбэрэлийн “...Цүнх авахаар ярилцаж байгаад гэрийн хаяг болон гар утасны дугаараа явуулаад орой гэрт хүргээд өгнө гэхлээр нь түүний өгсөн 5169789664 дугаартай данс руу 5018588451 дугаартай данснаас 100,000 төгрөгийг өөрийн гар утасны дугаараа бичээд шилжүүлсэн. Орой хүргэлт ирэхгүй байхаар нь фейсбүүк рүү нь хүргэлт яасан бэ гэж асуухад намайг блок хийгээд алга болсон. ...” /5хх 66-67/,

хохирогч М.Цэцэгсүрэнгийн “…Колумбиа брэндийн куртик авахаар болж гэрийн хаяг гар утасны дугаараа өгсөн. Монголд бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би 5169952871 дугаартай данс руу Хаан банкны өөрийн 5041094382 дугаартай данснаас 260,000 төгрөг шилжүүлсэн. Орой хүртэлт ирээгүй, фейсбүүкээ блок хийгээд алга болсон. Би ямар нэгэн гар утасны дугаар аваагүй, дансны дугаараас өөр мэдээлэл аваагүй. …” /5хх 83-84/,

хохирогч Б.Долзоднямын “…Колумбиа брэндийн хямдралтай куртик авах зорилгоор ярилцаж байгаад тэр хүн миний гар утасны дугаарыг болон гэрийн хаягийг авч хүргүүлэхээр болсон. Тэгээд мөнгө гээд байхаар нь би 5168463609 дугаартай данс руу өөрийн 5543157549 дугаартай данснаас 520,000 төгрөг шилжүүлсэн. …” /5хх 103-104/,

хохирогч Б.Сэргэлэнтуяагийн “…Нэг ширхэг вокийг 90,000 төгрөгөөр тохирч 3 ширхэг угаалгын нунтгийг нийт 270,000 төгрөг орой гэртээ хүргүүлж авахаар тохиролцож гар утасны дугаар гэрийн хаягийг өгсөн. Орой ямар нэгэн хүргэлт ирээгүй, фейсбүүкээ блок хийгээд алга болсон. …” /5хх 124/,

хохирогч Ц.Мөнхзулын “…Колумбиа брэндийн куртик авахаар тохиролцож тухайн өдрийн орой хүргэлтээр авахаар болсон. Тэрхүн миний гарутасны дугаар, гэрийн хаягийг авсан. Надад 516995286 дугаартай данс руу Голомт банкны 2209032750 дугаартай данснаас 260,000 төгрөгийг өөрийн 91909222 дугаараа гүйлгээний утган дээр нь бичээд шилжүүлсэн. Орой хүргэлт ирээгүй, мөнгө шилжүүлсний дараа ямар нэгэн хариу өгөхгүй алга болж байснаа фейсбүүк намайг блок хийгээд алга болсон юм. …” /5хх 143-144/,

хохирогч Ө.Мөнхцэцэгийн “…Пальто авах гээд Хаан банкны 5168823245 дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Би Хаан банкны өөрийн 5081030921 дугаарын данснаас Хаан банкны 5168823245 дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. …” /5хх 164/,

хохирогч Г.Алтанзаяагийн “…Пальто зарна гэсэн байхаар нь худалдаж авахаар болоод Хаан банкны 5169789664 дугаарын данстай Наранчимэг гэх хүний данс руу 300,000 төгрөг шилжүүлж залилуулсан байсан. Би Хаан банкны өөрийн 5956012151 дугаарын данснаас Хаан банкны 5169789664 дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. …” /5хх 182-183/,

хохирогч Г.Байгалмаагийн “…Колумбиа брэндийн урт пельник куртик 260,000 төгрөг болж хямдарсан тухай хэлсэн. Хаан банкны 5169828152 дугаарын дансыг өгөөд мөнгөө шилжүүлсэн скрийн шотоо над руу явуулчих гэж хэлсний дагуу тухайн дансанд 260,000 төгрөгийг “99923388” гэсэн гүйлгээний утгыг хийж шилжүүлсэн. Удалгүй тухайн хүн фейсбүүк чатаа устгаж эхлэхэд нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. …” /5хх 201-202/,

хохирогч Д.Билэгсайханы “…Ноолууран пальто 500,000 төгрөгт зарна гэсэн зарын дагуу пэйж хаягаас чат бичиж ороход над руу хариу ирсэн өнөөдөр хүргэлтээр хүргэж өгнө авахаар бол 5168823245 Ариунболд гэсэн дансанд гүйлгээний утга дээрээ пальто гэж бичээд хийгээрэй гэхээр ньХаан банкны өөрийн 5304205153 дугаартай Д.Билэгсайхан гэх данснаас 500,000 төгрөг шилжүүлээд, мөнгө шилжүүлсэн хуулгаа явуулаад хүлээж байтал хариу ирээгүй. …” /6хх 34-35/,

хохирогч Н.Нэргүйн “…Говийн ноолууран пальто зарна гэсэн зарын дагуу өөрийн 5564035730 тоот данснаас 5168823245 тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тус өдрийн 21 цагийн үед намайг блоклосон байсан. …” /6хх 82/,

хохирогч Д.Гантөмөрийн “…Байгууллагынхаа 8 ажилтнаа нэг хүний 50,000 төгрөг хурааж нийт 400,000 төгрөгөөр бэлэг авч өгөхөөр болсон. Тэгээд гар цүнхээ гэртээ хүргүүлж авахаар болтол надад цүнхний мөнгө 299,000 төгрөг бүтнээр нь 5302015339 тоот данс руу шилжүүлээд өгөөрэй, орой 20 цагаас манай байгууллагын хүргэлтийн үйлчилгээ гарна гэж хэлсэн. Би Хаан банкны 5302015339 тоот данс руу 299,000 төгрөг шилжүүлсэн. …” /6хх 162-163/,

хохирогч А.Ундармаагийн “…Наранчимэг гэсэн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн чинь миний фейсбүүкийг блоклосон. Миний хувийн 1505158160 гэсэн данснаас Хаан банкны 5169790329 гэсэн данс руу 260,000 төгрөг шилжүүлсэн. …” /6хх 238-239/,

хохирогч С.Түмэндэмбэрэлийн “…196,000 төгрөгийг шилжүүлээд “6 настай хүүхэд ууна” гээд витаминаа захиалсан. Тэгээд захиалсан витамин ирэхгүй байхаар нь чатаар өгсөн 99664013 дугаарын утас руу нь залгасан чинь эмэгтэй хүн авахаар нь “витаминаа авъя, эсвэл мөнгөө шилжүүлээд өг” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд утсаа салгаад сураггүй болчихсон. …” /7хх 14/,

хохирогч Б.Баттулгын “… “Шүрээ” гэх фейсбүүктэй хүнтэй холбогдож 25,000 төгрөгөөр 1 хайрцаг бүхий 24 ширхэгтэй тараг худалдан авахаар тохиролцсон. Улмаар би энэ үгэнд нь итгэж өөрийн эхнэр Гансүхэд бэлэн 25,000 төгрөг өгч оронд нь Хаан банкны Гансүхийн 5006906909 дугаарын данснаас 25,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь гэрийн хаяг 12 тоот гэж бичиж гүйлгээ хийсэн. …” /7хх 71-72/,

хохирогч С.Шоовдорын “…“Елизабет хотхоны оршин суугчдын групп” дээр “Солонгосоос шөнө 1 цагт буусан цоо шинэ гүзээлзгэнэ захиалга авч байна, 3 килограммтай нь 65,000 төгрөг хэлж байсан, гэрт нь оруулаад өгнө маш хурдан дуусдаг учир та яараарай” гэсэн зарын түүний өгсөн Хаан банкны 5303823731 дугаарын “Пүрэвдорж Энхжин” гэх дансанд урьдчилгаа 100 хувь 130,000 төгрөг Төрийн банкны өөрийн 312500050698 дугаарын дансанд шилжүүлчихсэн. …” /7хх 189/,

П.Эгийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 01 дүгээр сараас эхлэн бусдыг залилан мэхэлж бусдад хохирол учруулсан. Цахим хаягтаа “Колумбиа брэндийн куртик хямдралтай зарна”, мөн “Майкл корс брэндийн цүнх зарна”, “Говийн хямдарсан ноолууран пальто зарна” гэж хуурамч зар байршуулсан, яагаад хуурамч зар гэхээр надад дээрх брэндийн куртик, цүнх, пальто зэрэг нь байхгүй. Харин бусад витамин бүтээгдэхүүн нь бол байсан. Гэхдээ давхар захиалгууд авсан, учраас анхны захиалагчид нь хүргэж өгөөд, дараа дараагийн захиалагч нарт нь витамин, уураг, коктейль, алое зэрэг бүтээгдэхүүнүүд нь хүргэж өгөх боломжгүй учраас зар тавьсан фейсбүүк хаягаа идэвхгүй төлөвт оруулчихдаг байсан. Би “М.Сүрэн, Наранчимэг Нараа, Мандах Од” зэрэг эмэгтэйлэг нэрийг өөр олж зохион хуурамч хаяг нээж дээрх “бараа бүтээгдэхүүн зарна” гэсэн хуурамч постуудыг фейсбүүкт байршуулан “хүргэлтээр хүргэж өгнө” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, бараа бүтээгдэхүүний төлбөрийг покерын цахим сайтын данс өгөөд түүн рүү шилжүүлэн авч, мөрий тавьж тоглоод ихэвчлэн алдаад дуусгасан. Ер нь 100.000 төгрөгөөр тоглоход 200.000 төгрөг, цаашлаад 300.000 төгрөг болгох зэргээр хожиж эхэлдэг. Тэгээд цаг хугацааг ч үл анзааран цаашаа тоглосоор л буцаагаад л алдчихдаг. Тэгээд алдсан мөнгөө л олчихъё гэж бодоод улам нэмж мөрийд алдах зэргээр үргэлжилсээр энэ байдалд хүрсэн. Би дээрх хуурамч фейсбүүк хаягаас зар байршуулаад сонирхсон хүмүүстэй зөвхөн чатаар харилцдаг. Тэгээд хүмүүсээс “бараа бүтээгдэхүүнээ яаж авах вэ” гэхэд нь хүргүүлэх хаяг болон утасны дугаараа чатаар илгээхийг хүснэ. Тэгээд чатаар илгээсэн утасны дугаараар нь өөрийн мөрий тавьж тоглодог байсан цахим сайтуудад шинээр бүртгэл үүсгэж, тухайн аккаунт 5653087234, 5305356922, 5305247595 гэх зэрэг покерын сайтын данс руу иргэдийн мөнгийг шууд шилжүүлэн авч мөрий тавьж тоглодог байсан. Уг цахим покерын данснууд нь байнга солигдоод байдаг учраас би данс бүрийг нь тодорхой санахгүй байна. Мөн уг цахим покерын дансуудад цэнэглэлт хийхэд шилжүүлж байгаа данснаас гүйлгээний утга дээр заавал нэг үетэй үг байх ёстой байдаг. Зарим хүмүүс хоёр гурван үг шилжүүлгийн утга дээр бичээд шилжүүлснээс болоод зарим мөнгө нь покерын дансандаа ороод, миний тоглох шинэ бүртгэл хийсэн хаягт цэнэглэлт хийгдэхгүй зэргээр нийт хохирлын зарим хувь нь покерын сайт эзэмшигчийн дансанд орох тохиолдлууд байсан. Би хувьдаа юу ч аваагүй. Мөн хэн нэгэнд ч өгөөгүй. Дандаа цахим покерын сайтад тоглоод мөрийд алдаад зарцуулаад дуусгасан. Би энэ үйлдлээ хууль бус гэдгийг ойлгож, мэдэж байсан. Өөр хэн нэгэнтэй хамтарсан зүйлгүй. Гэрийнхэн, найз нөхдөдөө энэ талаар огт хэлж байгаагүй. Авсан мөнгөө цахим покерын дансаар аваад покер тоглоод алдсан. Би гэм буруугаа ухаарч байна. Мөн учруулсан нийт хохирол төлбөр болох 14,106,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. /6хх 6-7, 7хх 17/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 20, 6хх 205/, П.Эгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32-47/, П.Эгийн Хаан банкны дансны хуулгууд /1хх 50-137, 7хх 22, 82, 198-203, 8хх 95-98/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 141/, хохирол төлсөн баримтууд /8хх 99-100, 103-104, 105-120/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.Э ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.Эгийн иргэдийн утасны дугаарыг авч, тухайн дугаараар онлайн покерын сайтад аккаунт үүсгэж, покерын дансыг ашиглан нэр бүхий 65 хохирогчоос Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Өвөрхангай аймагт байхдаа шилжүүлсэн мөнгийг залилан авч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 17,055,600 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхиий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч А.Билгүүн “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж (69 хоног*8 цаг = 552 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 168 /нэг зуун жаран найм/  цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эгийн цагдан хоригдсон 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 552 цаг эдлэх ялаас хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 168 /нэг зуун жаран найм/ цагаар тогтоосугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Эд сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            4. Шүүгдэгч П.Э нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ