Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 214/МА2021/00013

 

******* ХХК-ний нэхэмжлэлтэй

Булган аймгийн ******* сумын Засаг

даргын Тамгын газар болон Булган

аймгийн ******* сумын Засаг дарга

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар, болон Булган аймгийн ******* сумын Засаг дарга нарт холбогдох,

 Хохирол 66.143.955 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг,  “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий  сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

 Хариуцагчийн өмгөөлөгч М.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* түүний өмгөөлөгч Э.*******, Р.******* /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Д.*******, түүний өмгөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 Нэхэмжлэгч “*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай  “******* ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газартай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулахгэрээ байгуулсан. Уг гэрээтэй холбоотойгоор манай ******* ХХК-д ажилчидтайгаа гэрээ байгуулж, цалин олгосон зардал 5.175.000 төгрөг, техник тоног төхөөрөмж буюу эксковаторын түрээсийн зардал 8.000.000 төгрөг, бараа хураасан контейнерийн түрээсийн зардал 3.000.000 төгрөг, тээврийн зардал 2.400.000 төгрөг, ажилчдын хоол, хүнсний зардал 3.243.012 төгрөг, гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бусдаас зээл авсаны зээлийн хүүгийн зардал 15.308.218 төгрөг, мөн бараа, материал худалдаж авсан зардал 10.650.200 төгрөг, дээрх бүх үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан шатахууны зардал 3.367.525 төгрөг зэрэг нийт 66.143.955 төгрөгийн бодит зардал гарсан байна. Гэтэл гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан. Манай компани дээрх гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд гэрээний дагуу бүх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бөгөөд гэрээг биелүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны бараа, материал, техник, тоног төхөөрөмжийг тухайн орон нутагт татан авч ирсэн байна. Иймд уг гэрээтэй холбоотой манай компанид гарсан бодит зардал болох 66.143.955 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлгөөлөгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК нь Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын хүсэлтийн дагуу очиж нэгдсэн халаалтын ажлыг гүйцэтгэхээр компанийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Тухайн үед уг ажлыг гүйцэтгэхээр 3 байгууллага хүсэлт ирүүлсэн гэж байсан. Тэгээд ******* сумын халаалтын нэгдсэн шугам сүлжээтэй танилцсан. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан, дараа нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулъя гээд сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Засаг дарга Мөнхтөр манай компанийг ажилдаа шууд ор гэсний дагуу ажлаа эхэлсэн. Гэвч тодорхойгүй шалтгаанаар үйл ажиллагаа явуулахаа түр хүлээж бай гээд байсан. 2019 оны 06 сарын 07-ны өдөр манай компанид албан тоот ирүүлсэн. Албан бичигт ******* сумын нэгдсэн халаалтын ажил концессын гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтад орсон тул хамтран ажиллах гэрээг хэрэгсэхгүй болгох тухай заасан байсан. Гэрээ байгуулснаас хойш ажил хийх ч юм шиг, үгүй ч юм шиг байгаад хугацаа алдсан. Манай компани дулааны шугам дээр ажил хийгээгүй харин шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүч, бараа материалаа бэлдэх, зөөж очих ажил хийсэн. Энэ үед багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр гарч байсан. Гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тухай хэлсэн бол хэн хэндээ ажил удахгүй байсан. Манай компанид ажилчдын цалин, Улаанбаатар хотод ажилласан  томилолтын зардал, экскаватор, ЗИЛ-130 авто машины түрээсийн зардал, бараа материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал, ажилчдын хоол хүнсний зардал, зээлийн гэрээний хүүний төлбөр, сэлбэг хэрэгсэл, бараа материал, шатахууны зардал нийт 66.143.955 төгрөгийн зардал гарсан. Нэгэнт гэрээнээсээ татгалзсан тул хохирлоо гаргуулна  гэв.

 Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулсан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 66.143.955 төгрөгийн зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг үүрэг болгосон ба зарим нэг нөхөдтэй хуйвалдан гэрээ байгуулсан. Үүнийг захиалагч мэдээд зарим шаардлагатай баримт бичгийг ирүүлэхийг хугацаа заан шаардахад ирүүлээгүй мөн холбогдох газраас лавлахад тусгай зөвшөөрөл нь хуурамч шаардлага хангахгүй байсан тул сумын Засаг дарга хууль журмын дагуу илт хууль бус гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Иймд илт хууль бус гэрээ байгуулж, хуурамч материал бүрдүүлж, хийгдээгүй ажлыг хийсэн гэж хууль бус нэхэмжилж буй 66.143.955 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Гэвч энэ нэхэмжлэлийг анхнаасаа хуурамч гэж үзэж байна. Гэрээ байгуулахдаа ирүүлсэн бичиг баримт, шүүхэд гаргасан нотлох баримт нь хуурамч байна. “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр байгуулагдсан байдаг. Гэтэл дулаан үйлдвэрлэх эрх нь “Тэшиг ус” нэрээр гарсан байгаагаас харахад нэр, он сарын зөрүүтэй, зөвшөөрөлгүй байсан атлаа гэрээ байгуулсан. Анх компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа 15 нэр төрөл бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй үүнд гинжит эксковатор, хово гэх мэт техник хэрэгсэлтэй гэж байсан. Тэгээд компани нь 129.000.000 төгрөгийн хөрөнгөтэй, татвар, нийгмийн даатгалд өргүй, аж ахуй нэгж байгууллага, иргэнээс авлагатай гэж байсан. Гэтэл нотлох баримт дээр иргэнээс зээл авсан, түүний хүүг төлсөн гэх баримт гаргаж өгсөн байна. Ажилчдын цалин хөлсийг ажил хийгээгүй боловч ажилласнаар тооцож цалин олгосон гэж харагдаж байна. Энэ талаар санхүүгийн тайланд тусгасан эсэхийг шалгуулах гэсэн боловч тайланг татах боломжгүй байна. Мөн нягтлан бодогч, хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирлын цалинг манай байгууллагаас нэхэмжилсэн нь  үндэслэлгүй байна. Мөн нотлох баримтаас харахад 4 сарын 01-ний өдрөөс ажиллах хүчээ авсан байна. Сомсмол машин компанийн хөрөнгө гэж харагдаж байгаа боловч түрээслэсэн гэж бичиг баримтууд бүрдүүлсэн нь зөрчилтэй байна. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 4 сарын 24-ний өдрийн хурлаар  концессын гэрээний жагсаалтад манай сумын нэгдсэн халаалтын ажил орсон шийдвэр гарсан болохыг мэдсэн.  Иймд тухайн компанид энэ тухай албан бичиг хүргүүлж концессын гэрээнд оролцох боломжтой болохыг мэдэгдсэн боловч концессын гэрээнд оролцох боломжгүй гэсэн. Концессын гэрээний жагсаалтад манай сумын нэгдсэн халаалтын ажил орсон шийдвэр гарсан болохыг 2019 оны 4 сарын 24-ний өдөр мэдсэн хэдий ч албан бичиг нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай суманд ирсэн. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгээр гэрээ цуцлах талаар “*******” ХХК-д мэдэгдсэн. Тухайн компаниас хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол 36 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан гэж байсан. Гэтэл өнөөдөр 66.143.955 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Энэ байдлаас харахад тоо баримтууд нь зөрүүтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газар нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн аж ахуйн ашиглалт, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бухий Булган аймгийн “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК-тай сумын нэгдсэн халаалтыг ашиглалтын гэрээгээр эзэмшүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” гэрээг байгуулсан.

Уг ажлыг эрхлэх “Тэшиг ус дулааны сулжээ” ХХК нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 5 нүүр хуудас бүхий танилцуулга хийхдээ ажлын арвин туршлагатай, техник, тоног төхөөрөмж сайтайгаар танилцуулсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасны дагуу ажил хүлээн аваагүй, хэрхэн ажиллах талаархи гэрээний салшгүй хэсэг болох төлөвлөгөө гаргаагүй хирнээ 66.143.955 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хамтран ажиллах хөрөнгө ашиглуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Сумын Засаг даргын Тамгын газар нь дулаан хангамжийн шугам сүлжээ түүний барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг “Тэшиг ус дулаан сулжээ” ХХК-д хүлээлцэх актыг холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилон, одоогийн түвшинг тодорхойлон актаар шилжүүлэн баталгаажуулахаар заасан. Гэрээний 9.5-д гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гэрээний салшгүй хэсэг мөн гэж тодорхойлжээ. Гэрээний дээрхи заалтууд хэрэгжихгүй болохоор сумын Засаг даргын Тамгын газар нь энэ компанийн үйл ажиллагаанд эргэлзэж тухайн компаниас тодорхой мэдээлэл, шаардлагатай бичиг баримт ирүүлэхийг удаа дараа шаардсан ч ямар ч материал ирүүлээгүй. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар сумын нэгдсэн халаалтын асуудлыг концессийн гэрээгээр шийдвэрлэхээр баталсан тул энэ тухай тухайн байгууллагад мэдэгдсэн.

Гэтэл “Тэшиг ус дулааны сүлжээ” ХХК нь манай байгууллагаас ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилсэн тул үйл ажиллагааг нь судлахад Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаан үйлдвэрлэх, түгээх зөвшөөрөлгүй нь холбогдох газруудаас авсан тодорхойлолт /Булган аймгийн зохицуулах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн в/2534 тоот/-ууд уг үйл ажиллагааг эрхлэн явуулах техник эдийн засгийн боломжгүй нь гаргасан нэхэмжлэлээр нь тодорхойлогдож байна.

Өмнө нь бид нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхээр асуудал шийдвэрлүүлэхээр хандсан байсан тул нэхэмжлэлээ татан авсан, уг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас “*******” ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "Хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-аас анх ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргад хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан тэгээд тухайн ажлын хэсэг 3 удаа хуралдсан. 2 дахь хурал дээр “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-ийн захирал Баярсайхан ирж компанийн  тухай танилцуулга хийсэн. Тэр үед үйл ажиллагаа явуулах туршлага, хөрөнгө хүчтэй талаар сайхан зүйл ярьж байсан. Ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд сумын нэгдсэн халаалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, гүйцэтгэх компанийн талаар ил тод, нээлттэй шалгаруулах, энэ ажлыг гүйцэтгэх компанийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр зааж орж ирсэн нь хуульд нийцэхгүй байгаа талаар Засаг дарга танилцуулсан. Тэгээд Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тендер зарлах нь зүйтэй гэж саналаа танилцуулсан. Хамтран ажиллах гэрээний хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2 өөр гарсан. Тэгээд гэрээний төслийг баталсан. Сумын Засаг дарга “Тэшиг Ус дулааны сүлжээ” ХХК-тай гэрээ байгуулсан. Засаг даргын албан бичгээр ажлын төлөвлөгөө, ажлын туршлага, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээллийг ирүүлнэ үү гэж шаардсан. Гэвч материалаа ирүүлээгүй. Ийм учраас танай байгууллагатай цаашид ажиллах боломжгүй гэж албан бичиг хүргүүлсэн. Тэгээд дүр үзүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ хийсэн тул хуулийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээний загварыг гаргасан. Гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байвал гэрээ байгуулъя гээд гэрээ байгуулсан. Хийх ажлын төлөвлөгөө гарсан. Техникийн хувьд хуурамч бичиг баримт гаргаагүй. Ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол ажил хэвийн явах боломжтой байсан. Гэрээний нөхцөлийг зөвшөөрч байвал гэрээ байгуулъя гэж Засаг дарга хэлсэн. Хийх ажлын төлөвлөгөө, танилцуулгыг өгсөн, үүн дээр үндэслэж гэрээний төсөл гарсан байх гэв.

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 34.436.979 /гучин дөрвөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.706.976 /гучин нэгэн сая долоон зуун зургаан мянга есөн зуун далан зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 488670 /дөрвөн зуун наян найман мянга зургаан зуун дал/ төгрөгийг  Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 332778 /гурван зуун гучин хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх ******* сумын Засаг даргын тамгын газраас 34 436 979 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгохдоо дараах нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийсэнгүй.

1. ******* сумын Засаг даргын тамгын газрыг “*******” ХХК-ий хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Хэлбэрийн хувьд энэ гэрээ байгуулагдсан боловч гэрээний салшгүй хэсэг гэж дурдсан гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, ашиглах эд хөрөнгийг актаар хүлээлцээгүй, үйлчилгээ авах байгууллага тус бүртэй гэрээ байгуулах ажлууд хийгдээгүй байхад тухайн газарт ажил үйлчилгээ явуулахаар зардал гаргасан гэж үзэж байгаа нь бодит байдалтай нийцэхл/й байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдийн дагуу гэрээ байгуудагдсан гэж дүгнээд байгаа боловч Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 онь 05-р сарын 27-ны өдрийн 05 дугаартай “Хөрөнгө ашиглуулах” тухай тогтоолоор тус сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн үндсэн хөрөнгөд байгаа, уурын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, барилга байгууламжийг “*******” ХХК-д ашиглуулж, хөрөнгө ашиглуулах гэрээний дагуу бүртгэлээр эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. 5-р сарын 27-ны өдөр хүртэл ашиглах хөрнөгөө хүлээн аваагүй, үзэж танилцаагүй ямар ажил хийнэ гэж материал бэлтгэсэн нь тодорхойгүй, бэлтгэсэн материалаараа ямар ажил гүйцэтгэсэн нотлох баримтгүй байхад ажилчдын цалин хөлс, бараа материалын зардал, худалдан авсан материалын үнэ зэргийг гарган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тухайд

“*******” ХХК нь ******* суманд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй харин дулаан үйлдвэрлэх дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажиллагаагаа хангаж байсан байна гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 21-р зүйлд тусгай зөвшөөрөл авахын тулд үйл ажиллагаагаа явуулах тоног төхөөрөмж, техникийн нөхцөл байдал, санхүүгийн чадавхи, хөрөнгө оруулалтын үйлчлэх хүрээ эзэмшлийн зааг, үйл ажиллагаагаа эхлэх хугацаа зэргийг бүрдүүлж, хүсэлтээ өгснөөр 60 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 12.1-д “ Цахилгаан дулаанаар хангах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж зааснаас үзвэл тухайн байгууллага зөвшөөрлөө авсны дараа энэ талаар ажил эрхлэх гэрээ байгуулахаар байна. Гэтэл барилга байгууламж тоног төхөөрөмжөө угсарсны дараа комисст хүлээлгэн өгч бичиг баримтаа бүрдүүлж тусгай зөвшөөрөл авдаг гэсэн гэрч Одончимэдийн мэдүүлэг хуулийн дээрхи заалттай зөрүүтэй байгааг үнэлж зөвшөөрөлгүйг зөвтгөн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Дээрхи хуулийн 21.7-д Тусгай зөвшөөрлийг санхүүгийн чадавхитай тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой ... хуулийн этгээдэд олгоно гэсэн шаардлагыг ч хангахгүй байгууллага болно.

3. Гэрээ байгуулснаас хойш гарсан бодит зардлын тухайд

Гаргуулахаар шийдвэрлэсэн бодит бодит зардал гэх 34.436.979 төгрөгөөр тус суманд ямар ажил гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл байхгүй, татан авсан бараа материал /цемент, нүүрсний тэрэг, гагнуурын аппарат, машины дугуй/ нь тухайн байгууллагад хэрэглэгдэж зарцуулагдаагүй. Өөрөөр хэлбэл ******* ХХК гэрээгээр

ашиглах эд хөрнгөө зохих ёсоор хүлээн авч ямар засвар үйлчилгээ хийхээ тооцоолсон төлөвлөгөө тооцоо гаргаагүй, тухайн объектод ямар нэг ажил үйлчилгээ явуулаагүй тул дээрхи зардлыг гэрээнээс үүссэн бодит зардал гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хянуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.... гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-нь Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн ******* сумын засаг даргын тамгын газраас 66.143.955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Тэшиг ус дулаан сүлжээ” ХХК-д холбогдуулан “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Булган аймгийн ******* сумын засаг дарга Н.******* “*******” ХХК-ний захирал Д.******* нар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” тухай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасантай нийцсэн анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн байна. /х.х-ийн12-13/  

Харин тухайн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу үйл ажиллагааг явуулахаар бэлтгэл ажиллагаа хийж байх явцад хариуцагч ******* сумын засаг даргын тамгын газраас гэрээнд дагалдах төлөвлөгөө, хавсралт зэрэг шаардлагтай бичиг баримт ирүүлээгүй, тус сумын төвд төвлөрсөн дулаан хангамж, инженерийн байгууламж барих ажил концессын гэрээгээр хийгдэх болсон гэх шалтгаанаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасан шалтгаанаар гэрээнээс татгалзжээ.

Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний оролцогч талууд гэрээнээс хэдийд ч татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.” гэжээ.

Хариуцагч ******* сумын засаг даргын тамгын газар нь тухайн сумын төвд төвлөрсөн дулаан хангамж, инженерийн байгууламж барих ажил концессын  жагсаалтанд орсон болохыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн атлаа гэрээнээс татгалзах тухай хүсэлтээ 2019 оны 06 дугаар сарын 3-ны өдөр “Тэшиг-ус дулаан сүлжээ”ХХК-д мэдэгдсэн байна. 

Нэхмжлэгч “*******” ХХК-нь гэрээнээс талгалзах хүртэл үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийж байсан нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1- т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ тухайн үед байгуулсэн “хамтран ажиллах, хөрөнгө ашиглуулах” гэрээ нь хууран мэхлэж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримтууд хэрэг авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй төдийгүй иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 Дээр дурьдсан үндэслэлүүдэд  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохих зүйл, заалттай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний журам  зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2021/00243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.*******гийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

          ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                    ШҮҮГЧИД                                      С.УРАНЧИМЭГ 

                                                                                           М.ХҮРЭЛБААТАР