Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/440

 

  

 

 

 

 

   2024             4              16                                        2024/ДШМ/440                                 

 

      

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг  даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр,

насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.О,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/768 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.Оын гаргасан давж заалдах гомдлоор Н.Эд холбогдох 2311000001254 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Гэлэг овгийн Н.Э, 1997 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Давалгаа нэртэй цайны газар туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1127ё тоотод оршин суудаг, /РД:УИ97083110/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж “Хүчит шонхор” худалдааны төв дотор насанд хүрээгүй О.Гыг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зүүн хөндийн урд зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Эаас 1.500.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч О.Г /хууль ёсны төлөөлөгч С.О/-д олгож, насанд хүрээгүй хохирогч О.Г /хууль ёсны төлөөлөгч С.О/ нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохиролд 250.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.О давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү О.Г нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эмээтэйгээ хүнс цуглуулахаар явж байгаад “Хүчит шонхор” зах дээр үл таних залууд нүд рүүгээ өшиглүүлж, хүндэвтэр гэмтэл авсан. Анхан шатны шүүх Н.Эыг гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Миний бие тухайн шүүх хуралд оролцож чадаагүй болно. Н.Эы хувьд миний насанд хүрээгүй хүү О.Гыг санаатай өшиглөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайханд хүнд хохирол учруулсан бөгөөд цаашдын эрүүл мэнд, гоо сайханд нь маш их хор хөнөөлтэй уршигтай байна. Энэ хүний хувьд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хэл амаар доромжилж, нэг ч удаа биеийн байдлыг асуугаагүй, үл тоосон тавласан байдлаар харьцаж, хохирол төлөөгүй байна. Маш их цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаа, гоо сайхнаараа хохироод байна. Миний болон хүүгийн зүгээс маш их гомдолтой байгаа бөгөөд Н.Эд оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Энэ хүн миний хүүг зодохдоо өөр хүнийг шатаасан зодсон гэх мэт хэргээр яллагдагчаар шалгагдаж явсан, маш зэрлэг балмад, хайрлах сэтгэлгүй нэгэн байсан бөгөөд миний зүгээс энэ хүний хийсэн хэрэгт хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч нь хавсарсан хугарлыг огт бичээгүй, ноцтой хохирол учруулсан зэргийг дурдаагүй, хүнд гэмтлийг хүндэвтэр гаргаж, Н.Эд ял завших, хөнгөрүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын бодлого, ял хөнгөдсөн, шинжээч эмчийн дүгнэлт нь илт буруу гарсан буюу “зүүн нүдний ухархайн доод хана, коронал болон сагиттал зүслэгт 0,5 см зөрөөтэй, хоншоор ясны зүүн дайвар хөндийн урд хана 1,0 см өргөн хэсэгт 0,3 см гүн цөмөрсөн нийлмэл хугаралтай, хоншоор ясны зүүн дайвар хөндий /цустай/” зэрэг ноцтой хавсарсан ясны хугарлыг шинжээч эмч дурдаагүй. Шинжээчийн ёс зүйн үйлдэл гаргасанд маш их гомдолтой байна. Эдгээр байдлыг огт тусгаагүй бөгөөд хөнгөн ял буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд маш их гомдолтой байна. ...” гэв.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх ялын сонгох санкцитай. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, торгох шийтгэх оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний эмчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд насанд хүрээгүй хохирогч О.Гын биед түүний хууль ёсны төлөөлөгчийн хэлж буй хавсарсан гэмтэл буюу зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зүүн хөндийн урд ханын нийлмэл хугарал гэж бичсэн. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарах тул шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХ ОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.Оын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Э 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж “Хүчит шонхор” худалдааны төв дотор насанд хүрээгүй О.Гыг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зүүн хөндийн урд зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Гын “...Тэгээд тухайн хүүхэд гүйгээд явчихаар нь би зогсож байтал гэнэт миний ардаас үл таних хар өмдтэй, урт цагаан өнгийн фудболктой, толгойдоо хар өнгийн алчуур ороочихсон мөн хүзүүндээ бүдүүн модон эрх зүүчихсэн эрэгтэй үсэрч ирээд миний зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгээд би өшиглүүлээд нүдээ дараад доошоо суутал хажуугаас намайг хэл амаар доромжлоод хорио цээрийн үгээр хэлээд нуруу хавирга зэрэг газрууд руу өшиглөж цохиод байсан ба тухайн зодоон болсон хугацаа нь хурдан өнгөрсөн ба тэр үед эмээ миний дэргэд ойрхон байсан болохоор намайг зодсон эрэгтэйг холдуулаад байсан. Намайг өшиглөж зодсон эрэгтэй нь анх миний нүд рүү өшиглөхдөө өрөөсөн гутал нь сугарсан байсан. Тэгээд тэр эрэгтэй зугтаахаар нь би араас нь хөөгөөд гүйтэл тэр эрэгтэй надаас зугтаж байгаад гар утсаа унагаачихсан ба тэр үед эмээ Цэрэндолгор гар утсыг нь булаагаад автал манай эмээг түлхэж унагачихаад зугтаасан. ...” /хх 8-9/,

насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.Оын “...Хүү О.Г нь залгаад “намайг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 1000 зах дотор намайг үл таних хүн нүд рүү хөлөөрөө өшиглөөд миний нүд тагларчихлаа. Миний амнаас цустай юм гараад байна. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа. Намайг цохисон хүн зугтаачихсан” гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд гэрээсээ гарсан ба манай хүү Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирчихсэн байна гэхээр нь би шууд хүүгийнхээ байгаа газарт буюу цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би хүүтэйгээ цагдаагийн байгууллага дээр ирээд уулзахад зүүн нүд хавдаад тагларчихсан. Амнаас нь цустай зүйл гараад байсан. ...” /хх 12-13/,

яллагдагч Н.Эы “...Тухайн худалдааны төвд явж байхад нэг үл таних эрэгтэй миний зүс таних нэрийг нь мэдэхгүй өмнө нь зах дээр хэд хэдэн удаа таарч байсан эрэгтэй хүүхдийг нэг үл таних 16-аас 17 насны орчим эрэгтэй хүүхэд цохиод авах шиг болохоор нь би наанаас нь очоод шууд тухайн үл таних 16-аас 17 насны эрэгтэй хүүхдийн нүд рүү /яг аль талын нүд рүү цохисон гэдгээ байна/ баруун гараараа гараа атгаж байгаад нэг удаа цохичихсон. Тэгсэн чинь хажууд нь хамт явж байсан хүмүүс намайг барьж аваад миний хоолойг цамцаар боогоод барьж аваад байсан ба тэгэхээр нь би тэд нартай дахин зодоон хийгээд хэрэггүй гэж бодоод шууд орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Намайг гэртээ ороод удаагүй байхад манай гэрийг Шонхор захын ажилчдаас асуугаад миний цохисон гэх эрэгтэйн ээж болон эмээ нь ирсэн бөгөөд манай хүүхдийг яахаараа зоддог юм гэж уурлаад байсан. ...” /хх 49-50/ гэх мэдүүлгүүд,

“...О.Гын биед зүүн ухархайн доод хана, хоншоор ясны зүүн хөндийн урд хананы нийлмэл хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9916 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирол төлбөр төлсөн баримт /хх 52/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүх, шүүгдэгч Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар Н.Эг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.О “...Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, хохирол төлбөр төлөгдөөгүй тул хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь шүүгдэгч Н.Эы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжпээгүй бөгөөд шүүгдэгчээс хохиролд 250.000 төгрөг /хх 52/-ийг төлсөн ба хохирогч  өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүх, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад шүүгдэгч Н.Эаас 1.500.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч О.Г /хууль ёсны төлөөлөгч С.О/-т олгож, насанд хүрээгүй хохирогч О.Г /хууль ёсны төлөөлөгч С.О/ нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохиролд 250.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч С.О нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч О.Гын хууль ёсны төлөөлөгч С.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ