| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03353/И |
| Дугаар | 192/ШШ2025/02118 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/02118
2025 03 19 192/ШШ2025/02118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Ч* овогт Б.А* /РД:*/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, А* овогт У.С* /РД:*/-д холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ү-* дугаартай 69.93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*, хариуцагч У.С*, хариуцагчийн өмгөөлөгч Э.М*, гэрч Д.Н*, Н.У*, Б.О*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.А* нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Г*" ХХК-тай "Орон сууц худалдах, худалдан авах" ЦЭН205-1301 дугаартай гэрээ байгуулан, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 223,776,000 төгрөгөөр худалдан авсан болно. Нэхэмжлэгч Б.А* нь өмнө дурдсан орон сууцанд У.С* болон хүү А.Н-ий хамт амьдарч байсан боловч хариуцагч У.С-ын зан аашийг тэвчихэд бэрх болсноос байнга маргалдаж, улмаар хариуцагч У.С* нь нэхэмжлэгч Б.А-ыг өөрийнх нь өмчлөлийн орон сууцнаас хөөж гаргаснаар зохигчид нь 2021 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хариуцагч У.С* нь нэхэмжлэгч Б.А-ны орон сууцны хаалганы голыг сольсон учир нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцанд чөлөөтэй орж гарах нөхцөлгүй болж, өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Хариуцагч У.С* нь өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.А-ы өмчлөлийн орон сууцанд найз залуу болох Ч.С-тай хамт амьдарч байгаа болно. Нэхэмжлэгч Б.А* нь өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч У.С-той гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан учир нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх зөвхөн нэхэмжлэгчид хадгалагдана. Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус. Иймд хариуцагч У.С-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. У.С* би Б.А-тай 2008 онд Монгени цогцолбор ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байх хугацаандаа үерхэж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2010 онд нөхөр Б.А* нь БНСУ-д суралцахаар явсан бөгөөд би дараа жил нь буюу 2011 онд БНСУ-д суралцахаар очсон. 2015 онд У.С* би БНСУ-ын Чонбук Үндэсний Их сургуулийг сэтгүүл зүй олон нийтийн харилцааны бакалавр зэрэгтэй төгсөөд эх орондоо эргэн ирсэн. Харин нөхөр Б.А* нь БНСУ-ын Чонбук Үндэсний Их сургуулийг Эдийн засгийн бакалавр зэрэгтэйгээр төгсөөд үргэлжлүүлэн "Йонсей" их сургуульд эдийн засгийн магистр зэрэгтэйгээр суралцаж төгсөөд 2016 онд эх орондоо эргэн ирсэн. Энэ үеэс эхлэн бид Б.А-ийн ээж Б.О-тэй хамт * тоот хаягт байрлах орон сууцанд хамт амьдрах болсон. Хадам ээж Б.О-ийн хамт 3 сар орчим амьдарсны дараа яргайтад байрлах миний аав А.У-ийн өмчлөлийн өвөл зуны байшинд амьдрах болсон. Гэр бүл болсноос хойш бидний дундаас 2018 оны 03 дугаар сарын 25-нд хүү А.Н* төрсөн. Гэр бүлээрээ яргайтын зусланд нөхөр хүүхдийн хамт амьдарч байх үед нөхөр Б.А* нь гэр ажлаас хол хэцүү байна, энэ байшин тогоор халдаг учраас тогны мөнгө их гарч байна гэж гомдоллох болсноор хүү бид гурав хадам ээж Б.О-ийн гэрт 2018 оны 11 сард нүүж очсон. Хадам ээж Б.О-ийн гэрт нүүж очсон эхний өдрөөс эхлэн хадам ээж маань дөнгөж төрөөд удаагүй намайг байнга дарамталж, элдэв бусаар харааж зүхэх болсон. Хөхүүл хүүхэдтэй намайг "...чиний сүү бол зүгээр ус, хүүхэд хөхүүлж яадаг юм зүгээр нэмэлт тэжээлээр угж", "...чи бол зүгээр шалны алчуур, миний хүү л энэ амьдралыг чинь авч явж байна, хүнд үзүүлсэн угаасаа чамайг манай хүүхдэд тохирохгүй гэсэн, би та хоёрыг салгаад өгье л дөө", "... удам муутай хүүхэн, танайхан бол замын дундаас баяжсан удам муутай, манайх бол тайж гаралтай чи манай хүүд тохирохгүй" гэх мэтээр элдэв бусаар харааж хөхүүл хүүхэдтэй намайг байнга уйлуулж, дарамтлах болсноос сэтгэл санааны гүн дарамтанд байх болсон. Намайг нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа хамт унтах гэж байхад хүртэл чи наад хүүхэнтэйгээ битгий хамт унтаад бай, тусдаа унт хэмээн нөхөр Б.А-д том өрөөнд тусад нь ор засаж унтуулдаг байсан. Хадам ээж Б.О-ийн энэхүү нөхцөл байдлаас үүдэн нөхөр Б.А* бид хоёр таарамжгүй харилцаатай байх болсон бөгөөд сүүлдээ би энэ бүхнийг тэвчихээ болиод өөрийн аав, ээжийн гэрт хүүгээ аваад ирсэн. Маргааш нь хүүхдийнхээ памперс, угж гэх мэт үлдсэн зүйлсээ авахаар өөрийн аав А.У-тай хамт хадам ээж Б.О-ийн гэрт очиход хаалганыхаа голыг сольсон байсан. Энэ үед би өөрсдийн гэсэн орон байртай болъё гээд эцэг, эхдээ хэлэхэд манай ээж, аав намайг дэмжиж 2018 оны 08, 09 дүгээр сард надад орон сууц авах урьдчилгаа төлбөрт зориулж 45,500,000 дөчин таван сая гурван зуун мянган төгрөг бэлэглэж, миний Хаан банкны * тоот дансруу шилжуүүлсэн. Уг мөнгийг би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн данснаас 45,500,000 төгрөгийг бэлнээр гарган Б.А-д өгсөн бөгөөд Б.А* энэ мөнгийг өөрийн Голомт банкны дансанд хийж, Голомт банкны данснаасаа байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Ингээд аав, ээжийн надад бэлэглэсэн мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч Б.А* бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны едер "Голомт банк"-тай 313635122302 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан * тоот хаягт байршилтай, 61м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууц нь Яармагт байрлалтай тул түгжрээ ихтэй, ажил хол, хүүхдийн цэцэрлэг холдоод байсан тул би өөр төвд ойрхон орон сууц хайж эхэлсэн. Орон сууц хайж байгаад одоо маргаж буй * тоот хаягт байрлах орон сууцыг борлуулалт дууссан байсан хэдий ч би хувь хүнээс анх борлуулалтын үнээр нь зарах гэж байгааг олсон тухайгаа Б.А-д хэлэхэд "... өө наадах чинь бүтэхгүй, зээл гарахгүй яаж авахын хэмээн дургүйцэж байсан. Уг орон сууцыг авахаар Гарден сити хотхонд байрлах орон сууцаа худалдан борлуулаад, "Голомт банк"-наас авсан орон сууцны зээлээ хаагаад үлдсэн мөнгөө * тоот хаягт байрлах орон сууцны урьдчилгаа төлбөрт оруулсан. Мөн тухайн үед миний аав А.У* өөрийн *УБТ улсын дугаартай Lexus LX-570 маркын авто машиныг 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдөр "Жи Эс Би Капитал ББСБ-ын барьцаанд тавьж орон сууцны урьдчилгаа төлбөрийг гаргаж өгсөн. Ийнхүү 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Го*" ХХК-тай "Орон сууц худалдах, худалдан авах" ЦЭН205-1301 дугаартай гэрээ байгуулан, * тоот хаягт байрлах, Ү-* дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 223,776,000 төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг миний санхүүжилтээр гаргаж, үлдэгдэл мөнгийг бид хамтран Хаан банкны Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсаны дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202045308466 тоот Ипотекийн зээлийн гэрээг Хаан банктай байгуулж жилийн 8%-ийн хүүтэй 150,000,000 нэг зуун тавин сая/ төгрөгийг зээлж орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлсөн. Уг орон сууцыг авах үед би бага насны хүүхэдтэй, давхар ажил эрхэлж байсан бөгөөд энэ үед Б.А* "...чи хүүхдээ хараад, хажуугаар нь ажил хийж байгаа юм чинь би өөрөө бичиг баримтны ажлуудаа хөөцөлдөе..." гэсний дагуу би нөхөртөө итгэсэн. Гэтэл Б.А* нь намайг хуурч мэхлэн зөвхөн өөрийнхөө нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулсан. Б.А* нь нэхэмжлэлдээ намайг өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, өөрийг нь хөөж явуулсан мэтээр намайг гүтгэж нэхэмжлэлдээ дурдсан байгааг гайхаж байна. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд Б.А* нь намайг сэтгэл зүйн болоод бие махбодийн байнгын хүчирхийлэл дарамтанд байлгадаг байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2021 оны 09 дүгээр сард би Б.А-аас "...орон сууцны бичиг баримтнууд хаана байгаа вэ, үзье.." гэж хэлэхэд надад үзүүлэхгүй хэмээн хаалгаар түлхэж байгаад хүү А. Н-ний гарыг хаалганд хавчсан, надад авч өгсөн утсаа дундуур нь хугалан эвдэж, гар хөл толгой руу нь цохиж зодсон. Түүнийг энэ үйлдэлээ зогсоохгүй байхаар нь аргагүй эрхэнд би цагдаа дуудсан. Өмнө нь надад олон удаа гар хүрч байсан боловч хөнгөн гэмтэл учруулдаг байсан болохоор би өөрийн хүүхдийн аав гэдэг утгаар өмнө нь нэг ч удаа хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Гэтэл намайг Б.А* "...чи цагдаа дуудаж өглөө хэмээн намайг бүр илүү дарамтлах болсон бөгөөд цагдаа түүнийг торгоход торгуулийн мөнгийг чи хувааж төл.." гэж хүртэл хэлж байсан. Энэ үйл явдал болсноос хойш бид одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Б.А-г хүү бид хоёрыг орхиж явснаас хойш гэрийнхээ хаалганы голыг солиогүй байсан. Гэтэл Б.А* намайг эзгүйд гэрт чөлөөтэй орж гарч, миний юмыг ухаж түнхэж энэ зөөврийн компьютерийг чи ямар мөнгөөрөө авдаг юм гэх мэтээр байнга утсаар болон мессэжээр дарамтлах болсон. Энэ байдлаас үүдэн цоожныхоо голыг сольсон. Б.А-тай тусдаа амьдарч эхэлснээс хойш Б.А* нь "... Н* та хоёрын хаана амьдрах чинь надад огт хамаагүй. Танай аав, ээж хоёр мөнгөтэй юм чинь аав, ээжээрээ байр аваад амьдрахгүй юу" гэж хэлж байсан бөгөөд өөрийн төрсөн хүү болон хүүгийн ээж намайг хүн гэж ч тоохоо больсон. Миний хувьд өөрийн оруулсан хөрөнгөөр авсан орон сууцыг хууль ёсоор өөрийн хүүгийн хамт эзэмшиж байна. Гэтэл нөхөр Б.А* нь өөрийнх нь хувийн хөрөнгөд хаа хамааралгүй хүмүүс амьдарч байгаа мэтээр бичиж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хараад анхнаасаа намайг хуурч мэхлэн уг орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр авсан юм байна гэж ойлгохоос өөр аргагүйд хүрээд байна. Иймд У.С* болон хүү М.Н* бид *тоот хаягт байрлах, Ү- * дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсoop эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Б.А* нь У.С* надад холбогдуулан * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 69.93 мкв талбайтай, 3 ерее орон сууцыг хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.2 дахь хэсэгт заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох шаардлага гэж үзэж байгаа тул мен хуулийн 73 дугаар зүйл 73.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэн У.С* би Б.А-тай 2008 онд дунд сургуулийн 11 дүгээр ангид суралцах хугацаандаа үерхэж эхэлсэн бөгөөд улмаар хамтдаа гэр бүл болон амьдрах болсон. Биднийг гэр бүл болсноос хойш бидний дундаас 2018 оны 03 дугаар сарын 25-нд хүү А-ийн Н* /РД:*/ төрсөн. Хэдийгээр бид гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй ч эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүл юм. Түүнчлэн маргаан бүхий * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 69.93 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны үл хөдлөх эп хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр У.С* би бүртгэгдээгүй ч уг орон сууцыг худалдан авахад өөрийн хуваарьт хөрөнгийг оролцуулсан. У.С* би Б.А-тай гэр бүл болон амьдарч, дундаасаа хөөрхөн хүүтэй болсон тул өөрийн нөхөр Б.А-д итгэн дундын хөрөнгө болох маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хуваарьт хөрөнгөө оролцуулсан. Гэтэл нөхөр Б.А* орон сууцны үл хөдлөх эп хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр зөвхөн өөрийн нэрийг оруулсан байсан бөгөөд миний хувьд Б.А-г өрхийн тэргүүн, миний нехер, хүүхдийн минь эцэг гэдэг утгаар хүлээн авч байсан. 2018 онд манай аав, ээж надад орон сууц авах урьдчилгаа төлбөрт зориулж, 45,300,000 төгрөгийг бэлэглэсэн. Ингээд би өөрийн Хаан банкин дахь * тоот данснаасаа 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 45,500,000 төгрөгийг бэлнээр авч Б.А-д өгсөн. Б.А* нь уг 45,500,000 төгрөг дээр 700,000 төгрөг нэмж 46,200,000 төгрөг болгоод өөрийн Голомт банкин дахь * тоот дансруу орлогодож, уг данснаасаа "Б*" ХХК-ийн Голомт банкин дахь *тоот дансруу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 45,028,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Ингээд аав, ээжийн надад бэлэглэсэн мөнгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч Б.А** бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Голомт банк"-тай ЗГ3635122302 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрөө БДГ3635122302 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулан *тоот хаягт байршилтай, 61м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Тухайн орон сууц нь Яармагт байрлалтай тул түгжрээ ихтэй, ажил хол, хүүхдийн цэцэрлэг холдоод байсан тул би өөр төвд ойрхон орон сууц хайж эхэлсэн. Орон сууц хайж байгаад одоо маргаж буй * тоот хаягт байрлах орон сууцыг борлуулалт дууссан байсан хэдий ч би хувь хүнээс анх борлуулалтын үнээр нь зарах гэж байгааг олсон тухайгаа Б.А-д хэлэхэд "... өө наадах чинь бүтэхгүй, зээл гарахгүй яаж авахын" хэмээн дургүйцэж байсан. Уг орон сууцыг авахаар Гарден сити хотхонд байрлах орон сууцаа худалдан борлуулаад, "Голомт банк"-наас авсан орон сууцны зээлээ хаагаад үлдсэн мөнгөө * тоот хаягт байрлах орон сууцны урьдчилгаа төлбөрт оруулсан. Мөн тухайн үед миний аав А.У* өөрийн *УБТ улсын дугаартай Lexus LX-570 маркын авто машиныг 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдөр "Жи Эс Би Капитал" ББСБ-ын барьцаанд тавьж 43,000,000 /дөчин гурван сая/ төгрөгийг зээлж орон сууцны урьдчилгаа төлбөрийг гаргаж өгсөн. Ийнхүү 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Говь гоё сайхан" ХХК-тай "Орон сууц худалдах, худалдан авах" ЦЭН205-1301 дугаартай гэрээ байгуулан, * тоот хаягт байрлах, Y- * дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 223,776,000 / хоёр зуун хорин гурван сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг миний санхүүжилтээр гаргаж, үлдэгдэл мөнгийг бид хамтран Хаан банкны Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсаны дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202045308466 тоот Ипотекийн зээлийн гэрээг Хаан банкитай байгуулж жилийн 8%-ийн хүүтэй 150,000,000/ нэг зуун тавин сая/ төгрөгийг зээлж орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлсөн. У.С* Б.А* бид хоёр 2008 оноос хойш үерхэж эхлэн, 2016 оноос хойш албан ёсоор нэг гэрт орон хамт амьдарч ирсэн. Биднийг хамтын амьдралтай байх хугацаанд У.С* болон Б.А* бидний тус тусын өмчлөлийн зүйл болох мөнгөн хөрөнгө нийлсэн, холидсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон. Иймээс шинээр бий болсон салгах боломжгүй хөрөнгө болох * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 69.93 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрх бүхий этгээд нь У.С* би юм. Иймд орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Б.А*, У.С* биднийг 2016 оноос 2021 оны 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шаардлагаасаа татгалзаж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч У.С-ын * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай, Б.А-ны өмчлөлийн 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.А* нь 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр * тоотын 61 кв.м талбайтай орон сууцыг "Бросс консалтинг" ХХК-тай орон сууц захиалгын GC2961201202 дугаартай гэрээ байгуулан худалдаж авахаар болсон байна. Орон сууцны гэрээний үнийн дүн болох 165,591,000 төгрөгөөс түншлэлийн хөнгөлөлтийг хасаж, 45,028,000 төгрөгийг урьдчилгаанд өгч, үлдсэн 105,000,000 төгрөгийг Голомт банктай зээлийн гэрээ байгуулан, зээл авч төлсөн байна. Хариуцагч нь аав, ээжийнхээ өгсөн мөнгийг өөрийнхөө харилцах данснаас гарган авч, нэхэмжлэгчид бэлнээр өгч, түүгээр нь нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлсөн мэтээр сөpөг нэхэмжлэлдээ бичсэн байна. Урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч нь өөрийн нагац эгч болох Б.О-ээс зээлж авч төлсөн болно. Хариуцагч У.С* нь Голомт банкны орон сууцны зээлд хамтран зээлдэгчээр оролцсон нь үнэн хэдий ч нэхэмжлэгч нь өөрийн орлогоос сар бүр 1,438,000 төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сар 05-ны өдөр хүртэл өөрийн Голомт банкны * тоот харилцах данснаас нийт 21,539,998 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Харин хариуцагч нь Голомт банкны зээлээс нэг ч төгрөгийн хүү, үндсэн төлбөр төлөөгүй, хэрэв төлсөн бол түүнийгээ баримтаар нотлох ёстой. Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийг 2019 оны 12 дугаар сард иргэн Ц.Б-д орон сууцны захиалгын гэрээгээ шилжүүлсэн төлбөрөөр бүрэн хаасан байна. Орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэн авсан Ц.Б* нь 103,926,000 төгрөгийг урьдчилгаанд өгч, үлдэгдэл төлбөр болох 66,900,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нь Гарден Сити хотхоны байраа худалдан борлуулсны дараа * тоот хаягт байрлах, Ү-* дугаарт бүртгэлтэй, 69,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 223,776,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийн 30 хувь болох 73,776,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 150,000,000 төгрөгийг Хаан банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж төлсөн байна. Гарден сити хотхоны орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн авсан Ц.Б-аас 66,900,000 төгрөгийг авч чадаагүй байсан тул нэхэмжлэгч нь 30,776,000 төгрөгийг өөрөөс гарган төлж, орон сууцны урьдчилгаа төлбөрт 43,000,000 төгрөг дутсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч У.С-ын аав А.У-тай тохиролцож, А.У-аар дамжуулж "Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 43,000,000 төгрөгийг зээлж авсан байна. А.У нь өөрийн эзэмшлийн Lexus 570 машиныг барьцаанд тавьж, 43,000,000 төгрөгийн зээл авч, нэхэмжлэгчийн өмнөөс орон сууцны урьдчилгаанд төлсөн байна. А.У* өөрийн автомашиныг барьцаанд тавьж, 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид авч өгсөн боловч энэхүү зээлийн төлбөр, зээлийн шимтгэл, зээлийн хүү зэрэг бүх төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөн нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн нийт 7 сарын турш үндсэн хүүд 8,174,832 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 43,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны* данснаас "Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-ийн зээлийн * тоот дансанд төлж барагдуулсныг нотлох баримтаас харж болно. Нэхэмжлэгч нь Ү-* дугаарт бүртгэлтэй 69.93 м.кв талбайтай 3 ороо орон сууцны урьдчилгаа төлбөрт дутаж байсан 43.000.000 төгрөгийг А.У-аар дамжуулан зээлж авч, ороо зээлийг бүрэн төлсөн учир орон сууцны урьдчилгааг хариуцагч өөрийнхөө санхүүжилтээр гаргаж өгсөн гэдэг нь худал юм. Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сард Хаан банкнаас 150,000,000 төгрөгийн зээлийг авахдаа холбогдох зардал болох зээлийн шимтгэл, амь болон орон сууцны даатгалын төлбөр зэргийг өөрөө төлж байсан ба ипотекийн сар бүрийн төлбөр болох 1,157,000 төгрөгийг өөрийн Хаан банк * данснаас төлж ирсэн нь баримтаар нотлогддог. Хэдийгээр У.С* нь ипотекийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон боловч бодитоор нэг ч төлбөрийг төлж үзээгүй юм. 2022 оны 6 дугаар сард хариуцагч У.С* нь өөрийн хамтран амьдрагч болох С* гэх залуутай нэхэмжлэгчийн өмчлөлийн орон байранд хамт амьдарч байгаа тухайгаа түүнд мэдэгдэж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн нэхэмжлэгчээр төлүүлэхийг хүссэн байна. Гэрийнх нь хаалганы голыг сольж, нэхэмжлэгчийг огт оруулахгүй, дээрээс нь танихгүй хүнтэй хамт амьдарч байгааг нь хараад нэхэмжлэгч дахин ипотекийн зээлийг төлөхгүй байхаар шийдсэн байна. Тиймээс 2022 оны 6 дугаар сарын 29-нд ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөгийг бүрэн төлж Хаан банкны зээлийг бүрэн дуусгасан байна. Банкнуудтай орон сууцны зээлийн гэрээ байгуулахдаа хамтран зээлдэгчтэй байхыг банкны зүгээс шаардсан учир хариуцагч У.С-ыг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулж байсан боловч хариуцагчаар нэг ч төгрөгийн зээлийн төлбөрийг төлүүлж байгаагүй нь нотлох баримтуудаас тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь хариуцагчийн аавтай харилцан тохирч, түүгээр зээл авхуулж, тухайн зээлийг нэхэмжлэгч бүрэн буцаан төлснийг хариуцагчийн санхүүжилтээр орон сууцны урьдчилгаа өгсөн гэж тооцохгүй. Хариуцагчийн аав А.У* нь 43,000,00 төгрөгийн зээл авч, түүнийгээ хариуцагч У.С-ын өмнөөс орон сууцны урьдчилгаанд өгч, 43,000,000 төгрөгийн зээлээ өөрөө банк бус санхүүгийн байгууллагадаа буцаан төлсөн бол хариуцагч нь “миний санхүүжилтээр урьдчилгаа төлсөн" хэмээн тайлбарлаж болох юм. Гэтэл 43,000,000 төгрөг нь иргэн Б.А*, иргэн А.У* нарын хооронд үүссэн зээлийн харилцаа байсан байна. Үүнээс гадна зохигчид нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан учир нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгч болох эрх хариуцагчид байхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.08.29-ний өдрийн Бросс консалтинг ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, Голомт банкны зээлийн дансны хуулга, Б.А-ны Голомт банкны дансны хуулга, 2019.12.19-ний өдрийн зээлийн гэрээ, Жи эс би капитал ББСБ ХХК-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Хаан банкны дансны хуулга, мемориалын баримт, Б.О-, Б.А* нарын хооронд байгуулагдсан 2022.08.31-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ж.Б*, Б.А* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, банк хоорондын шилжүүлгийн баримт, дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Н-ний төрсний гэрчилгээ, 2018.09.05-ны өдрийн Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, 2020.05.25-ны өдрийн Хаан банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, 2022.01.13-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Хурд групп ХХК-ийн 2019.12.02-ний өдрийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, дансны хуулга, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, 2018.08.31-ний өдрийн бэлэн мөнгө бэлэглэлийн гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Голомт банк ХК, Хаан банк ХК нараас Б.А-ны дансны хуулга, * тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-* дугаартай, 69.93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэргийг, *байрны 202 тоот хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг нотлох баримтаар гаргуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.А* нь хариуцагч У.С-д холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч У.С* нь уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган харилцан эс зөвшөөрч маргав.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4. Б.А*, У.С* нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Н* төрсөн болох нь төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5. Талууд хамт амьдрах хугацаандаа * тоот хаягт, 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 165 591 000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, эдгээр баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 65-66, 54, 32-35/
6. Хариуцагчийн “...дээрх орон сууцыг худалдан авах урьдчилгаа төлбөр 45 500 000 төгрөгийг өөрийн эцэг А.У*, эх Д.Н* нараас авч төлсөн...” гэх тайлбар хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгө бэлэглэлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 31, 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хариуцагч У.С-ын Хаан банк дахь *тоот дансны 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын гүйлгээ, гэрч А.У*, Д.Н* нарын “...А*, С* нарыг байртай болгох гэж байрны урьдчилгаа төлбөрийг өгсөн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /2-р хх-ийн 10, 1-р хх-ийн 51-53, 55/
7. Нэхэмжлэгч Б.А* нь дээрх /анхны/ орон сууцны урьдчилгаа төлбөрийг өөрийн нагац эгч болох Б.О-ээс зээлж авч төлсөн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Хэдийгээр шүүх хуралдаанд Б.О-ийг гэрчийн мэдүүлэг авхуулсан боловч Иргэний хуульд зааснаар түүний мэдүүлэг нь нотолгооны бусад хэрэгслээр нотлогдож чадаагүй байна.
8. Улмаар талууд хамт амьдрах хугацаандаа анхны буюу * тоот хаягт, 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зарж, дараагийн орон сууц болох маргаж буй * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 223 776 000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Говь гоё сайхан ХХК-тай нэхэмжлэгч Б.А-ны байгуулсан орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
9. Маргаж буй * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Хаан банктай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ипотекийн зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байсан хэдий ч нэхэмжлэгч Б.А* нь банкны зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Зохигчид энэ талаар маргаагүй.
10. Б.А*, У.С* нарын хамтын амьдралын хугацаанд дундын өмчийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Гэрлэлтийн баталгаагүй буюу хамтын амьдрал, гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан хуулийн зохицуулалт үйлчлэхгүй бөгөөд харин тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан мөн хуулийн 108, 119 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар шийдвэрлэх учиртай.
11. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгө бий болоход оруулсан хувь хэмжээгээр хэсгээр өмчлөх дундын өмч үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Б.А* 80 хувь, хариуцагч У.С* 20 хувь, талуудын хооронд 80:20 хувийн харьцаатайгаар хэсгээр өмчлөх дундын өмч үүсжээ.
12. Тодруулбал, 223 776 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг худалдан авахад хариуцагч У.С* 45 500 000 төгрөгийг оруулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны 20 хувийг хариуцагч У.С* өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэв.
13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
14. Хэдийгээр нэхэмжлэгч Б.А* нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа хэдий ч дээр дүгнэсэнчлэн хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.А* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхийг хариуцагчийн эсрэг гаргах эрхгүй байна.
15. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-ны хариуцагч У.С-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны 20 хувийг хариуцагч У.С* өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэлээ.
16. Хариуцагч У.С* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг Б.А-д даалгах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
17. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ны хариуцагч У.С-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, * тоот хаягт байршилтай, 69,93 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны 20 хувийг хариуцагч У.С* өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч У.С* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг Б.А-д даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 276 830 төгрөгөөс илүү төлсөн 1 206 630 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.А-д буцаан олгож, үлдэх 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 417 230 төгрөгөөс илүү төлсөн 1 347 030 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч У.С-д буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.