2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01509

 

2025              02             20                                                 192/ШШ2025/01509                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт байрлах, Ө* ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт байрлах, Д* ХХК /РД:*/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 579 662 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Налайх, Чойр чиглэлийн 20.9 километр авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. Далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын ажлын хөлсний үлдэгдэл болох 130,579,662 төгрөгийг Д* компаниас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар Ө* компани нь Д* компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Налайх, Чойр чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлтийн ажилд ажиллахдаа далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. 2019 оны 08 сарын сүүлээр 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Д* компаниас Ө* компани руу цахим шуудангаар Н* гэх хуульч мэйлээр гэрээний төслийг илгээж тухайн гэрээний төсөл цахим шууданд хавсаргасан байсан. Гэрээний төсөл дээр ухмал дүүргэлтийн ажлын 1 куб метрийн үнэлгээг 3.24 доллароор тохироод энэ саналыг хүлээн зөвшөөрөөд ажлаа хийж эхэлсэн. Гүйцэтгэсэн ажлыг Д* компанийн энэ газар дээрх хэмжилт, зураглалын ажлыг Х* компанийн инженер Ө* гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн ажлын гүйцэтгэлийн хувьд 671 метр куб угсармалын ажил 16,848.3 метр куб далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлын хөлс нь нийт 176,325,390 төгрөг болж байгаа. Тухайн ажлын хөлснөөс ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд Д* компаниас авсан 22,624 литр түлшний үнэлгээг хасаж тооцсон. Хасаж тооцохдоо литр тутамд 2022 төгрөгөөр тооцсон. Захиалагчийн зүгээс тухайн ажил үүргийг гүйцэтгэх хугацааны түлшийг хариуцахаар өөрсдөө санал гаргасан. Ажлын хөлсний үлдэгдэл энэ авсан түлшний үнэлгээ болох 48,745,728 төгрөгийг нийт ажлын хөлснөөс хасаж тооцоход төлөгдөөгүй ажлын хөлс өнөөдрийн байдлаар 130,579,662 төгрөг байгаа энэ ажлын хөлсийг төлж барагдуулах талаар Д* компанид удаа дараа амаар болон бичгээр, биечлэн уулзах замаар шаардлага тавьдаг. Хүлээж авч хариу өгөхдөө Ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад бид захиалагч компаниасаа ажлын хөлс авч чадаагүй байна. Ийм учраас энэ нөхцөл байдлыг ойлгооч ээ, хүлээгээч ээ гээд ажлын хөлс төлөхгүй гэж бол огт хэлэхгүй ажлын хөлс дээрээ алданги төлөх боломжгүй гэдгээ тодруулаад байгаа юм. 2022 оны 5 сарын 9-ний өдөр Д* компанийн оффис дээр очиж уулзаж шаардлага тавиад ажлын 3 хоногийн нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч төлж барагдуулаагүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа амаар болон үйлдлээр байгуулагдсан үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг татгалзах нь нотлох баримтаар няцааж чадаагүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг төлөх үүрэгтэй 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээж аваад өөрсдөө ерөнхий захиалагчдаа хүлээлгэж өгөөд ажлынхаа хөлсийг авчихсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд тодорхой тусгуулсан тэгэхээр Ө* компанийн зардлаар ажлаа гүйцэтгүүлж авчхаад одоо бичгээр гэрээ байгуулаагүй гэдэг ийм агуулгаар бусдыг хохироож болохгүй. Бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих ийм үр дагавар үүснэ. эх учраас нэгэнт ажил гүйцэтгэх хэргийн харилцаа үүссэн учраас ажлын хөлсөө төлөх үүрэг Иргэний хуулийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг тохиролцсон гэж үзнэ. Хэдийгээр бичгээр гэрээ байгуулж одоо ажлын хөлс төлөх хугацааг тохирч чадаагүй боловч Иргэний хуулийн 208.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааны ерөнхий зохицуулалтыг баримталж шаардсанаас хойш 10 хоногийн дотор төлөх үүрэг нь компанид байсан энэ үүргээ бол биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талыг хохироож байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өнө үү гэв.

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь бидний зүгээс тухайн замын ажлыг гүйцэтгэхдээ маш олон байгууллага туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах хэлбэрээр ажиллаж байсан. Компаниас ажлын хөлс үлдэгдэл 130,579,662 төгрөгөө төлөөч гэдэг шаардлага бол ирсэн. Үүний дагуу холбогдох баримтуудыг хянаж үзэхэд Ө* компанитай гэрээ байгуулж байсан ямар нэгэн баримт байхгүй мөн харилцагчийн түүх үүсэж байгаагүй байдаг. Ө* компанийн зүгээс баримт гаргаж өгдөггүй. Үнэхээр ажилласан бол бид төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэтэл мөнгө гаргахад тодорхой хэмжээний хийсэн ажлыг хүлээж авсан байх ёстой мөн ажлыг хийлгэх баримт бичиг бол байдаггүй. Шүүх үзлэг хийсий дараа компаниас тодруулахад Д* гэдэг мэйл хаяг руу гэрээний драфт явчихсан байсан. Тухайн үед энэ мэйлийг хэн ашиглаж байсан нь тодорхойгүй ийм нөхцөл байдлууд бол үүссэн. Ажлыг Х* ХХК-ийн Ө* гэдэг хүнд хүлээлгэн өгөхдөө танай инженерт хүлээлгэн өгчихсөн гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. Д* компанийн 2019 оны санхүүгийн баримтуудыг шүүгээд үзэхээр ерөөсөө Ө* гэдэг хүн ажилладаггүй болох нь тогтоогдоод, ажлаа бол бас бүрэн гүйцэт хийгээгүй хэсэг хугацаанд энэ замын хяналт хийж байгаад дундаасаа гараад явчихсан. Үүнтэй холбоотой баримтуудыг үзэхээр 70,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийн ажил хийсэн 15,000,000 төгрөгийн санхүүжилт аваад бид нарын харилцаа дуусгавар болчихсон байдаг. Алданги төлөхгүй шүү гэдгээ гаргуулахдаа албан бичгүүд гүйцэтгэх компанид хүргүүлж байсан. Тухайн үед маш олон төслүүд дээр зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд хамтран ажиллагч юм байна гэдэг агуулгаар хариу мэдээлэл өгч байсан байдаг юм. Тухайн үед доллар-аар хийсэн төлбөр байхгүй дандаа төгрөгөөр хийсэн гэрээ байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын гүйцэтгэлийн тооцоо гэх баримт, Налайхын 20,9 км замын төслийн далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын хүснэгт, Ө* ХХК-ийн 2020.07.02-ны өдрийн 20/72 тоот албан бичиг, 2020.09.24-ний өдрийн 20/114 тоот албан бичиг, 2021.03.03-ны өдрийн 21/104 тоот албан бичиг, 2021.03.30-ны өдрийн 21/13 тоот албан бичиг, 2022.05.09-ны өдрийн 22/16 тоот албан бичиг, 2022.08.30-ний өдрийн 22/41 тоот албан бичиг, Д* ХХК-ийн 2020.07.09-ний өдрийн 2/84 тоот албан бичиг, 2021.03.10-ны өдрийн 2/23 тоот албан бичиг, Х* ХХК-ийн 2022.04.22-ны өдрийн 22/05 тоот албан бичиг, итгэмжлэл, Ө*ХХК-ийн Д* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Налаймын замд ажиллахад ашигласан машин механизмын жагсаалт, ажилчдад олгосон цалингийн хүснэгт, цалингийн шилжүүлгийн баримтууд эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019.04.24-ний өдрийн Д* Х* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, худалдан авалтын жагсаалт гэх баримт, С* ХХК-ийн 2019.12.26-ны өдрийн албан бичиг, С* ХХК болон Д* ХХК нарын хооронд байгуулагдсан Барилгын ажлын туслан гүйцэтгэгчийн нэмэлт гэрээ, 2019 онд бусад байгууллагатай байгуулсан гэрээнүүд, Д* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, эдгээр баримтыг шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээ Х* ХХК-иас баримт, С* ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч захирамжид заасан баримт ирүүлэх боломжгүй талаар хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч асуух, үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ө* ХХК нь хариуцагч Д* ХХК-д холбогдуулан ажлын хөлс 130 579 662 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Д* ХХК-ийн гүйцэтгэсэн Налайх Чойр чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилд туслан гүйцэтгэгчээс далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын сүүлээс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 671 м.куб ухмалын ажил, 16848,3 м.куб далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлын хөлс 176 325 390 төгрөг болсон ба ажил гүйцэтгэхэд захиалагч Д* ХХК-иас нийлүүлсэн түлшний үнэ 45 745 728 төгрөгийг хасч үлдэх 130 579 662 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч Ө* ХХК-тай огт гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Хариуцагч Д* ХХК нь С* ХХК-тай Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх нийт 20,9 км хурдны замыг шинэчлэх сэргээн засварлах ажлын туслан гүйцэтгэгчээр, ажлын хөлсөө ам.доллароор тохиролцон гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн MGGL-2019-003 тоот Барилгын ажлын туслан гүйцэтгэгчийн нэмэлт гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

5.2. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан.

 

 5.3. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.

 

5.4. Зохигчийн хүсэлтээр *@yhoo.com*@gmail.com  гэх мэйл хаягаас хоорондоо харилцсан захидалд үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр  *@yhoo.com хаягаас Ө* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг *@gmail.com хаягт илгээсэн, *@gmail.com хаягаас *@yhoo.com хаягт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний төслийг илгээжээ.

 

5.5. Уг гэрээний төсөлд захиалагч Д* ХХК, ажил гүйцэтгэгч Ө* ХХК гэж тодорхойлсон бөгөөд ажил гүйцэтгэгч нь Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзварын 20,9 км автозам барьж ашиглалтад оруулах төслийн ажлын хүрээнд далангийн дүүргэлтийн ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн 1 м.куб ажлын хөлс 3,84 ам.доллар байна. Ажлын хөлсийг төслийн ерөнхий гүйцэтгэгч С* компаниас ажлын гүйцэтгэлийн санхүүжилт орж ирсний дараа ажил гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ гэжээ.

 

5.6. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэх бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зохицуулсан. Хариуцагчийн нэхэмжлэгчтэй огт гэрээний харилцаа үүсээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

5.7. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

5.8. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.9. Хэрэгт авагдсан Налайх 20,9 км замын төслийн далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын хүснэгт, Х* ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Д* ХХК-д хүргүүлсэн 22/05 тоот албан бичиг, Х* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн 23/01 тоот албан бичиг, Ө* ХХК-ийн Д* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Налаймын замд ажиллахад ашигласан машин механизмын жагсаалт, ажилчдад олгосон цалингийн хүснэгт, цалингийн шилжүүлгийн баримтууд, Д* ХХК болон Х* ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрч Х.М-ын мэдүүлэг эдгээр баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ө* ХХК нь гэрээт ажил болох Налайх Чойр чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилд 671 м.куб ухмалын ажил, 16848,3 м.куб далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 7, 25, 59, 69-101, 149-157 тал/

 

5.10. Тодруулбал, хариуцагч Д* ХХК нь Х* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Х* ХХК нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын талбайд замын хяналт, хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

5.11. Дээрх гэрээт ажлын хүрээнд Х* ХХК-ийн ажилтан О.Ө* хэмжилт хийн, ПК2+800-аас ПК3+060 хүртэлх хэсгийн ухмал, далангийн дүүргэлтийн ажлыг тоо хэмжээгээр нь хүлээн авч акт үйлдсэн. Ө* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан тухайгаа албан бичгээр Д* ХХК-д мэдэгдсэн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө* ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн аваагүй гэх татгалзал няцаагдаж байна.

 

5.12. Захиалагч буюу хариуцагч Д* ХХК ажлын үр дүнг хүлээн авсан тул хөлс төлөх үүрэг үүснэ. Нэхэмжлэгчийн ажлын хөлсийг 1 м.куб-ийн үнэлгээ 3,84 ам.доллароор тохирсон гэх тайлбар үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханшаар тооцон шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасантай нийцнэ.

 

5.13. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс 176 325 390 төгрөгөөс хариуцагч Д* ХХК-иас нийлүүлсэн түлшний үнэ 45 745 728 төгрөгийг хасч үлдэх 130 579 662 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас нийлүүлсэн гэх түлшний хэмжээ, үнэлгээний талаар маргаагүй болно.

 

            5.14. Дээрх үндэслэлээр хариуцагч Д* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 130 579 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө* ХХК-д олгох нь зүйтэй.

 

            6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д* ХХК-иас 130 579 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 810 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 810 848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ