2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03148

 

 

 

 

 

 

                                                         2025             04            21  

                                       192/ШШ2025/03148

              

 

 

                                   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: … дүүргийн … дугаар хороо, … тоотод байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: … дүүргийн … дугаар хороо, … гудамж, … цогцолбор … тоотод байрлах Д ХХК-д холбогдох,

71,395,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, И.Ц, гэрч Х.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “С ХХК нь 2010 оноос эхлэн Д ХХК-ийн эзэмшлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... цогцолбор ... тоотт хаягт байрлах ... тоот оффиссийн өрөөг 2021 оныг түрээслэж байсан. Ковид цар тахал гарч хөл хорио тогтоосон үеэр Д ХХК-ийн захирал Ч.Б манай эд хөрөнгийг хаяж устган, дур мэдэн захиран зарцуулж, өөр хүмүүст зарж борлуулж, тавилга эд хогшилыг 4 жилийн турш ашиглаж байна. Энэ хугацаанд ашигласан үнэртэй ус, гоо сайханы бүтээгдэхүүний төлбөр болох 1,178,000 төгрөг надад буцаан өгсөн бусад төлбөрийг огт өгөөгүй болно. Монел залгуур 50,000 төгрөг, цэнэглэгч 60,000 төгрөг, камер 4,300,000 төгрөг, компанийн хэвлүүлсэн танилцуулга 11,000,000 төгрөг, юнивишн 120,000 төгрөг, виски 100,000 төгрөг, тавиур 100,000 төгрөг, тавилга бусдаас түрээслэж хохирсон зардал 24,000,000 төгрөг, суудлыг бүрээс 50,000 төгрөг, ус цэвэршүүлэгч 150,000 төгрөг нийт 39,930,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “5 жилийн өмнөх хэвлэлийн зардал өсч компанийн танилцуулгын үнэ өөрчлөгдсөн. Өмнөх нэхэмжлэхэд алга болгож, зарж үрэгдүүлсэн тавилгын үнийн дүнг оруулаагүй байсныг оруулж, монел залгуур 2 ширхэг 90,000 төгрөг, цэнэглэгч 60,000 төгрөг, камер 4,300,000 төгрөг, компанийн хэвлүүлсэн танилцуулга 22,525,000 төгрөг, юнивишн 120,000 төгрөг, виски 100,000 төгрөг, тавиур 100,000 төгрөг, тавилга бусдаас түрээслэж хохирсон зардал 24,000,000 төгрөг, суудлын бүрээс 50,000 төгрөг, ус цэвэршүүлэгч 150,000 төгрөг, хурлын ширээ 2,500,000 төгрөг, дугуйгүй сандал 3 ширхэг, дугуйтай сандал 3 ширхэг, ажилтаны ширээ 6 ширхэг, кресло 2 ширхэг, номын сан 2,500,000 төгрөг, захирлын хананы шүүгээ 1 ширхэг 700,000 төгрөг, захирлын ширээ 1 ширхэг 1,500,000 төгрөг, захирлын сандал 1 ширхэг 700,000 төгрөг нийт 71,395,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд эд хөрөнгийн хохирол болох 71,395,000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч  хариу тайлбартаа: “Манай компани ... дүүрэг ... дугаар хороо ... гудамж ... цогцолборын ... дугаар байрны ... тоот өрөө талбайг С ХХК-д 2010 оноос 2020 он хүртэл түрээсийн гэрээгээр ашиглуулж байсан. Манай компани ... тоот өрөө 40 метр квадрат талбайн эзэмшигч түрээслүүлэгч, С компани манай ... тоот өрөөний талбайг оффисын зориулалтаар ашиглан түрээслэгч байгууллага байсан. Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болж манай компанитай харьцахгүй байрнаас гарснаас хойш олон жил өнгөрсөний дараа эд хөрөнгө хаяж устгасан, захиран зарцуулсан гэж 39,900,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байгууллага ... тоот өрөөний 40 метр квадрат талбайг С компанид түрээслүүлэгч болохоос С компаний өмч хөрөнгө техник хэрэгсэл, эд зүйлс бичиг баримт танилцуулгыг хариуцан хадгалж, хамгаалах үүрэг хүлээгээгүй, байр талбай ашиглах түрээсийн гэрээтэй бидний дунд эд хөрөнгө, бичиг баримт хадгалах хамгаалах гэрээ хэлцэл байхгүй, манай компанид хүлээлгэн өгсөн ямар нэгэн эд зүйлс, өмч хөрөнгөний баримт бичиг хэлцэлгүй мөртлөө эд хөрөнгө, бичиг баримт буцаан өгөөгүй гэж нэхэмжлэл бичиж буйг гайхаж байна. Манай компани ... тоот өрөөнд байгаа С компанийн эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримтыг харж хамгаалах, ашиглах үүрэг хүлээгээгүй, түрээсийн гэрээгээр зөвхөн ... тоот өрөөний талбайг л түрээслүүлэхээр түрээслэгчтэй түрээсийн гэрээтэй байсан. Манай компани С компанийн өмч болох эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримт, компанийн танилцуулгыг хүлээн авсан ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй болно. Манай компани тус компанийн өмч хөрөнгийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй. Компанийн тухай хуулиар өмч хөрөнгө, бичиг баримтаа харж хамгаалах нь тус компанийн эрх, үүрэг хариуцлага билээ. Манай компани ямар ч холбоогүй атал өмч, хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримттай холбоотой нэхэмжлэл гаргаж буй нь ямарч үндэслэлгүй илт худал гүтгэлэг байна. Манай компанитай С компани түрээсийн гэрээтэй ажиллаж байхдаа түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, түрээсийн төлбөрийг олон удаа шаардуулж хагас дутуу төлдөг, түрээсийн гэрээг цуцлах, өрөө талбайгаа хүлээн авах гэхээр элдэв шалтаг тооцож арга дурьддаг. 2019 онд түрээсийн гэрээ цуцлахын албан бичгээр мэдэгдсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш захирал Л.А сураггүй алга болж удаан хугацаагаар манай байгууллагатай холбоо тасарч байгаад ... оны ... дугаар сарын...-ны өдөр ... тоот өрөөнд ирсэн. Манай компани ... тоот өрөө талбайг хүлээлгэн өгөх түрээсийн гэрээ дуусгавар болсныг Л.А мэдэгдэхэд С компанийн захирал Л.А түрээсийн төлбөр төлөх, цаашид байранд байх хүсэлтээ илэрхийлсэн Баталгаа гаргах тухай ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дугаартай бичгээр ... оны түрээсийн төлбөр 4,200,000 төгрөгөөс 2,100,000 төгрөгийг ... оны ... дугаар сарын ...-ний дотор, үлдэх 2,100,000 төгрөгийг ... оны ... дугаар сарын ...-ны дотор төлөх хэрэв түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу холбогдох арга хэмжээ авахыг зөвшөөрсөн баталгаа өгсөн.  ... оны ... дугаар улирлаас захирал Л.А ... тоот өрөөндөө ч ирэхгүй түрээсийн төлбөрөө ч төлөхгүй амлалт, баталгаагаа ч биелүүлэхгүй өр төлбөрөө барагдуулахгүй, утсаар ярих гэхээр утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичихгүй, уулзах гэхээр олдохгүй жил гаруй болсон. Түрээслэгч талуудын эрх, үүрэг, түрээсийн гэрээнд тодорхой тусгагдсан гэрээний 2.3.1, 6.1.9, 7.1, 8.1 дэхь заалтын дагуу болон Л.А-ийн бичсэн.... хэрвээ түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу холбогдох арга хэмжээ авахыг зөвшөөрсөн Баталгаа гаргах тухай ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...дугаартай бичиг зэргийг тус тус үндэслэн түрээслэгчийн эрхийн дагуу ... тоот өрөө талбайгаа С компанид манай байгууллага түрээслүүлэн ашиглуулсан. Л.А нэг өдөр ирээд ажлынхаа эд зүйлс, техник хэрэгсэл, өмчөө аваад явсан сураг сонссон. Л.А-ийг өмч хөрөнгө ... тоот өрөөнд юу, юу байсныг манай компани мэдэхгүй. Манай компани С компанитай байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш сүүлийн 5 жил Л.А-тай уулзаагүй, тааралдаагүй. Л.А шүүхэд эд хөрөнгө хаяж устгасан, захиран зарцуулсан гэж илт үндэслэлгүйгээр манай компанийг гүтгэж, төлбөр нэхэмжилж буйг манай компани хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс М ХХК-ийн нэхэмжлэх, фото зураг, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн түрээсийн гэрээ, кассын орлогын ордер, ... дугаар нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, Е ХХК-ийн нэхэмжлэх,зарлагын баримт, ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн түрээсийн гэрээ, шилжүүлгийн баримт, М ХХК-ийн үнийн санал, мемориалын баримт, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар, ... оны ...дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар мэдэгдэл, баталгаа гаргуулах тухай албан бичиг, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн түрээсийн гэрээ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Х.Э-ийг асууж, нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй харилцсан гар утасны зурваст үзлэг хийжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ болон хохиролд 71,395,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн байранд эд зүйл үлдээснийг мэдэхгүй, эд зүйл хадгалах үүрэг хүлээгээгүй, өөр байгууллагын тавилга түрээслэх гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргажээ.

        6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч С ХХК болон Д ХХК нар ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр харилцан тохиролцож, ... дүүргийн... дугаар хороо, ...-ын удирдах газрын хойд талд байрлах ... цогцолборын ... дугаартай барилгын ... дүгээр давхрын ... тоот өрөөг үйлчилгээ, албан конторын зориулалтаар түрээслэх гэрээ байгуулжээ. Зохигч түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой маргаагүй болно.

        Д ХХК-ийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар, ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр гэрээ цуцлах тухай албан бичиг үйлдсэн боловч нэхэмжлэгч С ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

         Нэхэмжлэгч нь М ХХК-иас 22,525,000 төгрөгөөр компанийн танилцуулга захиалсан гэсэн боловч санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсонгүй.

         Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б нь нэхэмжлэгч байгууллагын тавилга, эд зүйлсийг зарах эсэхийг нэхэмжлэгчээс асууж байснаас гадна үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний үнэд 1,178,000 төгрөг төлсөн болох нь гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, эд хөрөнгө үлдсэн болох нь фото зургаар тогтоогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн болохоо, компанийнхаа танилцуулгыг 22,525,000 төгрөгөөр хийлгэсэн болохоо, танилцуулга нь түрээсийн байранд үлдсэн гэснээ, хариуцагч нь нэхэмжлэгчийн эд зүйлийг мэдэхгүй гэснээ болон нэхэмжлэгчийн тодорхойлсон эд зүйлсийн үнийг үгүйсгэсэн байдлыг баримтаар нотлоогүй байна.

7. Зохигч нь … дүүргийн  … дугаар хороо, …-ын удирдах газрын хойд талд байрлах  … цогцолборын  … дугаартай барилгын  … дүгээр давхрын  … тоот өрөөг үйлчилгээ, албан конторын зориулалтаар түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

8. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хариуцагч түрээсийн зүйлээс эд зүйлээ аваагүй, түрээсийн байрын чөлөөлж өгөөгүй тохиолдолд түрээслэгч эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн түрээсийн гэрээний 8.6-д гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах талаар аль нэг тал санал тавиагүй бол гэрээг анх сунгагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан нь иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” заасантай нийцжээ.

Зохигчийн байгуулсан  … оны  … дүгээр сарын  …-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцлах талаар талууд санал гаргаагүйгээс гадна  … оны  … дугаар сарын  …-ны өдөр нэхэмжлэгч С ХХК баталгаа гаргаж, үргэлжлүүлэн ашигласаар байгааг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

Хариуцагч байгууллага нь  … оны  … дүгээр сарын  …-ны өдрийн  … дугаар мэдэгдлээр гэрээ цуцлах тухай албан бичиг үйлдсэн боловч нэхэмжлэгч С ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээг цуцлах хүсэл зориг амжилтгүй болжээ.

 

Иймээс хариуцагч нь гэрээнд зааснаар гэрээ хүчинтэй хугацаанд түрээслэгчийн эд зүйлийг хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С ХХК-д 24,870,000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Нэхэмжлэгч учирсан эд зүйлийн үнэлгээг 24,870,000 төгрөгөөр тооцоолсныг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

9. Нэхэмжлэгч нь тавилгаа авах, боломжгүй бол түүний үнийг төлүүлэхээр хуульд заасан арга хэрэгслээр эрхээ хамгаалуулахын оронд өөр байгууллагаас тавилга түрээсэлж, түүний төлбөр 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд зөвхөн гэрээний талуудын хооронд л хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч С ХХК нь Г.Б-тай байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцагчид хамааруулах боломжгүй байна.  

10. Мөн нэхэмжлэгч нь М ХХК-иас 22,525,000 төгрөгөөр компанийн танилцуулга захиалсан гэсэн боловч санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсонгүйгээс гадна түрээсийн байранд танилцуулга тараагдаагүйгээр үлдсэн нь тогтоогдоогүй тул шаардлагыг хангах үндэслэлгүй болжээ.

11. Иймээс хариуцагч Д ХХК-иас 24,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдэх 46,525,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Түүнчлэн нэхэмжлэгч нь  … оны  … дугаар сарын  …-ний өдрийн байдлаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын гар утсанд мессеж бичиж, шаардлага гаргаж байсан тул гэрээний үүрэг, түүний улмаас учирсан хохиролтой холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 24,870,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдэх 46,525,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,300 төгрөгийн  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ