| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/06613/И |
| Дугаар | 192/ШШ2025/03147 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03147
| 2025 04 21 | 192/ШШ2025/03147 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: … дүүргийн … дугаар хороо, … гудамж, … байрны … тоотод оршин суух Д овогт Ц-ын Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: … дүүргийн … дугаар хороо, …, … дугаар байрны … тоотод оршин суух Ч овогт Д-ын Б-д холбогдох,
6,010,000 төгрөг гаргуулах, эд зүйлсээ тээш хадгалах газраас авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “… оны … дүгээр сарын …-ны өдөр … дүүргийн … дугаар хороо, …гудамжны … дугаар байрны … тоот … метр квадрат … өрөө орон сууцыг Т.Г-с 85,000,000 төгрөгөөр худалдаж авсан. … оны … дугаар сарын …-ний өдөр уг байрыг түрээслэж байсан хүнээс … ширхэг түлхүүрийг нь хүлээж авсан. … сардаа уг байранд бүрэн засвар хийж, бусдад зарах болж үзүүлэх гээд очиход хаалганы гол солигдсон болохыг мэдсэн. … оны … дүгээр сарын …-ны өдөр дахин очиход гадны хүн тус орон сууцанд Д.Б оршин сууж амьдарч байсан. Уг байрыг худалдаж авсан талаараа хэлээд суллаж өгөхийг шаардахад хэл ам хийж 102 дугаарт цагдаад дуудлага өгсөн. Одоо болтол байранд хариуцагч Д.Б гэх эмэгтэй зурагт, хөргөгч, эд зүйл юмаа байрлуулаад нүүж ирээд амьдарч байна. Цагдаа иргэний шүүхэд ханд гээд ямар нэг арга хэмжээ авдаггүй. Цаашид уг байрыг яаралтай бусдад худалдан борлуулах, шилжүүлэх, миний өмчлөлийн байрыг миний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Би Д.Б-г огт танихгүй, … өрөө байрыг яаралтай чөлөөлж өгөөч гэж удаа дараа шаардсан ч арга хэмжээ авахгүй, хууль хяналтын байгууллагад өгөхгүй юу гээд тоохгүй байна. Иймд … дүүргийн … дугаар хороо, …гудамж, …тоот … өрөө орон сууцнаас Д.Б-г албадан нүүлгэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч Д.Б-ийн тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцсан. ... дүүргийн ... дугаар хороо, ...гудамжны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... өрөө байрнаас албадан нүүлгэн чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг ... оны ... дугаар сарын ...-ны өдөр тус шүүхэд гаргасан. Хариуцагч Д.Б нь тус байрнаас өөрийн биеэр явсан боловч эд хөрөнгө, тавилга, хэрэгслээ авахгүй үлдээсэн байсан тул түүний ... утсаар холбогдож мессеж үлдээгээд албан ёсны нүүлгэх компанитай холбогдож эд зүйлийг нь нүүлгэсэн. Д.Б нь хүлээн авах хаяг байршлаа зааж өгөхгүй байсан учраас ... төвийн ачаа тээш хадгалалтын газарт хүргэлт хийлгэн одоо болтол хадгалуулж байна. Д.Б-г өөрийн эд зүйлээ хүлээж авах талаар түүний ... утасыг өгсөн боловч авах талаар ямар ч арга хэмжээ авахгүй хойшлуулсаар байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд дур зоргоороо хаалганы цоожийг сольж хууль бусаар нэвтрэн орсон. Ц.Э-ын хувьд хууль ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, байр өмчлөх тухай гэрээ байгуулсан, байрны өмчлөл шилжсэн байхад Д.Б нь дур зоргоороо хаалганы голыг солих, эд зүйлээ байранд оруулж тавих зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, хохирол учруулаад байна. Тус байрны хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлж хөлслөх, худалдах зэргээр захиран зарцуулах байсан боловч Д.Б-ийн үйлдлээс болж дараах хохирол учирсан. Тус ... өрөө байрны цоожийг Д.Б хоёр удаа эвдэлж орсон байхад нь 2 удаа сольсон үнэ 215,000 төгрөг, байрыг Д.Б нь дур мэдэн цоожийг нь сольсноос шалтгаалан ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл бусдад хөлсөлж чадаагүй төлбөр болох ... сарын түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр байраа худалдахаар байсан боловч Д.Б нь эд зүйлээ авахгүй байр чөлөөлөхгүй байсан тул нүүлгэх компанид хөлс өгч, эд зүйлийг нь тээш хадгалах газарт өгсөн хөлс 300,000 төгрөг, хайрцаг, бараа баглалтын үнэ 180,000 төгрөг, ачаа тээш хадгалалт ... оны ... дүгээр сарын...-ний өдөр хадгалалтын компанид өгсөнөөс хойш 1 сарын 900,000 төгрөг, 1,380 000 төгрөг, нийт 2,795,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Одоог хүртэл Д.Б нь эд зүйлээ аваагүй, хадгалалтын компани нь хагалуулсны мөнгийг удаа дараа нэхэж байгаа тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд хадгалалтын компанийн надаас нэхэж байгаа ... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс одоог хүртэл хоёр сарын хадгалалтын хөлс болох 1,800,000 төгрөгийг өмнө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн мөнгөн дээр нэмж гаргуулах, мөн хадгалалтын компаниас эд зүйлсээ авахыг Д.Б-д даалгах гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч шүүхэд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлээ гаргасны дараагаар буюу шүүх хэргийг шийдвэрлээгүй байхад дураар миний өмчлөлийн эд зүйлсэд халдсан. Нүүлгэлтийн компанид байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Хэрэгт нүүлгэлтийн компанитай байгуулсан гэрээ авагдаагүй байгаа. Анх над руу зурвас бичихдээ хоногийн төлбөр нь 45,000 төгрөг гэж байсан атлаа шүүхэд ирэхэд хоногийн 30,000 төгрөг болсон байсан. Аль үнийн дүн нь зөв, үнэн гэдгийг мэдэхгүй, надаас мөнгө авах гээд дүнг өөрчлөж байгаа юм уу, шүүхэд хандаж, цагдаад гомдол гаргачихсан, асуудал нь шийдвэрлэгдээгүй байхад яагаад дураар миний хөрөнгөд халдаж, эд зүйлийг маань нүүлгэлтийн компанид өгөөд, төлбөрийг нь надаас шаардаж байгааг ойлгохгүй байна.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгийн лавлагаа, итгэмжлэл, Э.С-ийн дансны хуулга, хариуцагчаас ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, Д.Б-г хохирогчоор тогтоосон мэдүүлэг, гэрч Ц.Э-ын мэдүүлэг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл үйлджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч цоож 2 удаа сольсон үнэ 215,000 төгрөг, орон сууцыг хөлслөөгүйн улмаас учирсан хохирол 1,200,000 төгрөг, хариуцагчийн эд зүйлсийг тээш хадгалах газарт хүргэх зардал 300,000, баглах зардал 180,000 төгрөг, 1 сарын хадгалалтын зардалд төлсөн 900,000 төгрөг, 2 сарын хадгалалтын зардал төлөх 1,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нийт тооцооллоо 6,010,000 төгрөг гаргуулах болон тухайн газраас эд зүйлээ авахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, надаас зөвшөөрөл аваагүй, би өөрийнхөө өмчийн маргаантай орон сууцанд эд зүйлээ үлдээсэн байсан гэж маргажээ.
6. Хэрэгт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, ... өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр өмчлөх эрхээ ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Т.Г-д шилжүүлжээ. Үүнээс өмнө Д.Б нь орон сууцны өмчлөх эрхийг ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А.М-д шилжүүлээд буцаан авчээ.
Улмаар өмчлөгчөөр бүртгэгдсэн Т.Г-с ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө, худалдан авах гэрээгээр Ц.Э өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.
Хариуцагч Д.Б нь Т.Г, Ц.Э нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ. Тэрхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хадгалалтын гэрээний төлбөр төлөх болон тэр газраас эд зүйлээ авахыг даалгах шаардлагатай хамааралгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн эд зүйлсийг ... төвийн ачаа тээш хадгалалтын газарт хүргэлт хийлгэж, 1 сарын 900,000 төгрөгөөр тохиролцон хадгалуулсан болох нь үзлэг хийлгэсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” зааснаар Ц.Э нь Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дүүргийн ... дугаар хороо, ард ... гудамж, ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөхийн өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч хариуцагч өмчлөлийн талаар өөр шүүхэд маргаж байна.
Нэхэмжлэгч анхны шаардлагадаа хариуцагчийг орон сууцнаас албадан нүүлгэх шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эд хөрөнгийг хадгалалтын газар шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа хадгалалтын гэрээний төлбөр болон олох ёстой орлого, хохирол гаргуулахаар өөрчилжээ. Иймээс өмчлөлийн маргаантай асуудал нь сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болжээ.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд хамгаалалт хийх эрх гэдэг нь бүрэн эрх бүхий этгээдэд өөрийгөө буюу бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх, төрийн болон бусад эрх бүхий байгууллагаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний эрх зүйн субъектив эрх юм.
Нэхэмжлэгч шүүхээр эрхээ хамгаалуулахаар хариуцагчийг орон сууцнаас албадан нүүлгүүлэх шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалалтын аргаа өөрчилж, өөртөө тусалжээ.
Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.” Заасан бөгөөд эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байх, эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байх урьдчилсан нөхцөл тусгагджээ.
Өөртөө туслах үйлдлийг шүүхийн өмнөх шатанд төдийгүй шүүхийн шийдвэр биелүүлэх шатанд хийж болохоос бус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байхад өөртөө туслах үндэслэл бүрдээгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байх, эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байх урьдчилсан нөхцөл бүрдсэнгүй.
Иймээс нэхэмжлэгч Ц.Э-ын бусдын эд зүйлийг дур мэдэн зөөвөрлөсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байх тул хариуцагчийн эд зүйлсийг тээш хадгалах газарт хүргэх зардал 300,000, баглах зардал 180,000 төгрөг, 1 сарын хадгалалтын зардалд төлсөн 900,000 төгрөг, 2 сарын хадгалалтын зардалд төлөх 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд зөвхөн гэрээний талуудын хооронд л хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Э-ын ачаа, тээш хадгалах газартай байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцагчид хамааруулах боломжгүй байна.
8. Хариуцагч орон сууцанд анх эд зүйлээ байрлуулах болон амьдрахдаа хаалганы түгжээг эвдэж ороогүй талаар мэдүүлсэн бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч хариуцагчийг түрхүүр хууль бусаар авсан гэсэн тайлбараа нотолж чадсангүй.
Хариуцагч хууль бусаар орон сууцанд нэвтэрсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэргүй тохиолдолд цоожны гол солих замаар эрхээ хамгаалсныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна 1,200,000 төгрөгийн орлого олох байснаа нэхэмжлэгч нотлоогүй.
9. Иймд Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 243,820 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-д холбогдох 6,010,000 төгрөг гаргуулах, эд зүйлсээ тээш хадгалах газраас авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ