Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-, Н.Ө- нарт холбогдох эрүүгийн 1838000410056 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Н-,

Монгол улсын иргэн, Н.Ө-,

Шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Бэрхмэш” гэх газраас иргэн Д.Б-ын гэрийн гадаа байх мах хадгалах зориулалттай пүнзнээс үхрийн махыг мотоцикль ашиглан хулгайлж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Бэрхмэш” гэх газраас иргэн Д.Б-ын гэрийн гадаа байх мах хадгалах зориулалттай пүнзнээс үхрийн махыг мотоцикль ашиглан хулгайлж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх 6 үхэр, 30-аад бог мал хүнээр нядлуулж цагаан сарын үеэр зарах санаатай хөдөө гэрийнхээ гадаа жижиг дээрээсээ модыг нь авч онгойдог пүнзэнд хийж дээгүүр нь юмаар хучаад дээрээс нь шургаагаар битүү дарж үхрийн баасаар битүү шавж тавьсан байсан. Тэгсэн чинь 2017 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тэр пүнзний маань дээр даруулж үхрийн баасаар шавсан шургаагийг авч хаян бүтээлгийг нь  хуулж дотроос нь нэг бүтэн үхрийн мах авсан байсан. Би үхрийн махаа нарийн бүртгэж үзэж чадахгүй байна. Миний багцаалдаж үзсэнээр нэг бүтэн үхрийн мах алга болсон юм шиг байна. Би алдсан махаа килограммыг нь 5.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-27-р тал/,

Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөө босоод 12 цагийн үед хажуу байшиндаа орж үзэхэд манай байшинд задгай махнууд байхаар нь энэ юун мах вэ хэн оруулж тавьсан талаар асуугаад байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирэхдээ Н.Ө-ийг дагуулж ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

Гэрч Ц.Б-, Л.Л-, Р.Н-, Ц.М- нарын мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-13-р тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16-17-р тал/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 53-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор “агуулах сав” гэдгийг эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, чингэлэг зэргийг оруулсан. Мөн бэхэлгээ хийсэн хашаа, байр савыг хамруулахаар заасан байх тул хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Б-ын өгсөн мэдүүлэг зэргээс хавар зарж борлуулах зорилгоор тусгайлан байр барьж битүүмжилж дээд хэсгийг модоор дарж, үхэрийн баасаар шавсан байсан зэргээс агуулах сав гэж ойлгогдохоор байна.

Тээврийн хэрэгсэл гэдэгт хүн амьтан тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно гэж байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг тээврийн хэрэгсэл гэдэгт оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84, 89-р тал/-аар,

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарт ял шийтгэлийг тэдний хохирол төлбөрөө барагдуулсан, хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн хор уршиг, ар гэрийн амьдрал, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хугацаатай хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000410056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Н.Ө-ийн эзэмшлийн Вени маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нарт 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н-, Н.Ө- нарт  оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Ө-ийн эзэмшлийн Вени маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-, Н.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ