Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 769

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И.П*******

Хариуцагч: Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...И.П******* би Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт 2002 оны 03 дугаар сараас эхлээд 13 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа шаардлага, дүрэм, журмыг хангаж ажиллаж, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 3 дугаар байрны захиргаанууд байдаг байсан, байрны даргаар томилогдож ажилласан. 2009 онд бүтцийн өөрчлөлт хийж байрнуудын захиргаануудыг нэгтгэж нэг захиргаа болгосон. Үүнтэй холбогдуулж байрны захиргааны ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаач, дадлага туршлагатай хүн хэрэгтэй байна гэж урьсан. Анх Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Үүнд ажиллахаас өмнө Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрынхаа үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийт 13 жил ажиллаж байх хугацаанд сахилгын шийтгэл, ямар нэг зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 23-наас манай байгууллагын захирал Д.Н******* үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, Б.Ц******* гэх хүн томилогдсон ба 2016 оны 3 дугаар сарын 18-нд намайг ажлаас чөлөөлөх тухай амаар, 3 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор бичгээр мэдэгдсэн.

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б/68 дугаар “ажлаас халах тухай” тушаалтай танилцаж, гардан авсан юм. Нэг дарга солигдсоноор өөрийн дураар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх нэрээр ажилчдыг халж сольж байгаа нь төрийн үйл ажиллагаа тогтвортой байх, мэргэшин ажиллах төр засгийн бодлоготой уялдахгүй, харин төсөв хүндэрсэн энэ үед ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмж олгож байгаа нь харин ч төсөвт хүндрэл учруулж байгаа юм.

Ийнхүү намайг ажлаас халсан тушаалыг хүлээн авч үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, мөн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар тушаал, Төр, засгийн үйлчилгээг эрхлэн газрын захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. Гэтэл дээрх дээд шатны тогтоол тушаал шийдвэрт манай бүтэц орон тоог өөрчлөх талаар ямар ч шийд гараагүй билээ. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Засгийн газрын 87 тоот тогтоол гарсан. Тэр тогтоолд манай орон тоог 215 гэж баталсан байсан. Үүнийг үндэслэж гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 50 тоот тушаал байгаа. Үүнд бүтцийг удирдлагын хувьд захирал, дэд захиралтай байна гэх 2, 3-н заалт хийсэн. 215 гэсэн орон тоо 215 байгаа бол үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 311 дугаар тогтоолд Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтын үүднээс дотооддоо нийтлэг журамтай байх гэж заасан байдаг. Үүнд хамаатайгаар ямар нэг байгууллагын дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн болох эдийн засаг, нягтлан бодох мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Бүхэлд нь байгууллагын нийтлэг үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээс эхлээд өдийг хүртэл энэ байгууллагад олон жил ажилласан. Иймд дээрх чөлөөлсөн үйлдэл нь буруу үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага маань ажил албан тушаалд минь болох Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн эргүүлэн томилуулж, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх зэрэг хүсэлттэй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирал Б.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И******* овогтой П******* тус газарт 2001 онд ТЗҮААЭГ-ын нийтлэг үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ТЗҮААЭГ-ын харьяа Засгийн газрын 3-р байрны захиргааны дарга, 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс ТЗҮЭГ-ын Үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр, 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс зохион байгуулалтын албанд дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолоор “Төр, засгийн үйлчилгээ эхлэх газар” төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг баталсан. Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаалаар “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, удирдлагын орон тоо баталсан. Мөн тушаалын хавсралтаар ТЗҮЭГ-ын дүрмийг баталсан. 

ТЗҮЭГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.4-т “Захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батлах” заалтын дагуу Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/41 дүгээр бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар 7 ажлын байрны орон тоо цөөрсний нэг дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1-т аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг И.П*******д сарын өмнө гардуулсан. 

Төр, засгийн үйлчилгээний газрын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар И.П*******г ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон. 

Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны Дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоол, Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаал, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/41 дүгээр тушаал, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын дүрмийн 4.6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн И.П*******г 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул И.П*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******ы шүүхэд хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 84 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын орон тооны дээд хязгаарыг баталсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаалд Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйл ажиллагааны дүрмийг баталсан. Үүнд 4.6.4-д захирлын эрх хэмжээнд тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батлах гэсэн заалт байсны дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б/41 тоот ажлаас чөлөөлөх тушаал гаргаж 7 ажлын байр цөөрсний нэг нь дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан. Нэхэмжлэгчийн хэлсэн 215 орон тоо нь 215-р байгаа учраас энэ орон тоог хадгалах ёстой гэж ярьж байгаа ч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн эрх хэмжээ нь тухайн байгууллагын даргад эрх хэмжээ нь олгогдсон байдаг. Үүний дагуу 2016 оны Б/40 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог 206 байна гэж тогтоосон. 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 тогтоолд байгаа нийтлэг журам нь дотоод хяналтыг тухайн байгууллага аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө гэж заасан. Үүний дагуу манай байгууллагын дотоод хяналт журам нь 2005 онд батлагдсан байдаг. Дотоод хяналтыг зохион байгуулахдаа дотоод хяналт нь дараах төрөлтэй байна гэж заасан. Үүнд дотоод хяналтыг тухайн дотоод хяналтыг заавал мэргэжилтэн тавих ёстой гэж байхгүй. Дотоод хяналтыг ажлын хяналт байгуулах, шаардлагатай тохиолдолд дотоод хяналтыг тушаалд батлагдсан удирдамжийн дагуу хэрэгжүүлэхийг энэ журмаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Засгийн газрын 84 тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 50 тоот тушаал, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Б/41 тоот тушаалын дагуу Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4.6.3, 4.6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 тоот Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Засгийн газрын 84 дүгээр тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 50 тоот тушаалыг гүйцэтгэж ажлаас чөлөөлсөн. Үүнд Засгийн газрын 84 дүгээр тогтоолд орон тооны хязгаар нь 215 хүн байна гэж заасан, өмнө ажиллаж байсан бүтэц нь 215 байсан. Харин одоо ажиллаж байгаа орон тоо нь 215 байгаа. Тэгэхээр энэ тоонд өөрчлөлт ороогүй.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 50 тоот тушаалд Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын удирдлагын орон тоог батлахад 1 захиралтай, 1 дэд захиралтай байна гэж тусгагджээ. Эдгээр тушаал болон тогтоолууд нь орон тоог хасахтай холбогдохгүй байна.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын зохион байгуулалтын албаны Дотоод хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусгагдсан чиг үүрэгт тохирох шаардлага нь тусгайлан заахдаа эдийн засгийн мэргэжилтэй, магистерийн зэрэгтэй, дээд боловсролтой, хяналт, үнэлгээ, шинжилгээнд мэргэшсэн хүн байна гэж заасан. Нэхэмжлэгч И.П******* нь эдийн засгийн мэргэжилтэй, магистр цолтой, мэргэшсэн, дотоод хяналт, аудитын сургалтад удаа дараа хамрагдсан мэргэшсэн хүн байсан. Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 311 тогтоолд дурдсанаар байгууллага нь дотоод журамтай байна. Мөн энэ дотоод журмыг дотоод хяналт шалгалтын ажилтан эдийн засгийн болон үйл ажиллагааг хянан гэх зэрэг чиг үүрэг бүхий ажлын орон тоог хассан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.П******* нь “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн гаргуулах”- ыг хүссэн нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийг анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32016/21500 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар захирамжаар хэргийн харьяалал тогтоосноор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн ирүүлсэн тул захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж судлагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч И.П*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Нэхэмжлэгч И.П*******гийн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухайд:

И.П******* нь 2001 оноос эхлэн  Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оноос эхлэн тус газарт дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан байна.

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь, үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна.  9.1.4-д “яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж заасан байх тул нэхэмжлэгч И.П*******гийн эрхэлж байсан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Зохион байгуулалтын албаны дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна. 

Нэхэмжлэгч И.П******* нь тус ажлын байранд Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын тухайн үеийн дарга Д.Н*******тай 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хугацаагүй гэрээ  байгуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулахаар заасан ба нэхэмжлэгч И.П*******гийн эрхэлж байсан дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь тус газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар  ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахаас өмнө байнгын ажлын байр байсан болох нь 2014 оны ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан тушаалаар  нотлогдож байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч И.П******* нь төрийн албан хаагчийн хувьд эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар, хөдөлмөрлөхтэй холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тодорхойлогдохоор байна. 

Хоёр. Нэхэмжлэгч И.П*******ийг ажлаас чөлөөлсөн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн Б/68 дугаар  тушаалын эрх зүйн үндэслэлийн тухайд:

Тушаалын нэг дэх заалтад дурдсанаар “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр И.П*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ.      

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар  тогтоолоор Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 215 байхаар баталж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 50 дугаар  “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, удирдлагын орон тоо батлах тухай” тушаалаар зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, хавсралтаар тус газрын дүрмийг баталжээ. Эдгээр тогтоол, тушаалыг үндэслэн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлж, мөн орон тоо цөөрсөн болон хасагдсан ажлын байрны жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтад нэхэмжлэгчийн ажлын байр орсон байна.

Иймд Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр И.П*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч нь И.П******* эрхэлж байсан ажлын байр нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдах учиргүй, зайлшгүй байх шаардлагатай ажил /Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэн журам”-д зааснаар байгууллагад тухайн ажлыг хариуцсан мэргэшсэн ажилтан ажиллах ёстой гэх/ байтал ажлын байрыг хасч, гүйцэтгэж байсан чиг үүргийг нь зарим ажилтанд хариуцуулсан нь үндэслэлгүй бөгөөд орон тооны хязгаарт багтан ажиллах боломжтой байсан гэж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Нэхэмжлэгчийн ажлын байсан хассан шалтгаанаа тайлбарлахдаа “Орон тоо 215 байхаар баталсан нь заавал 215 байх гэсэн үг биш, байж болох дээд хязгаар юм. Манай цалингийн сан танагдсан, одоо 206 орон тоотой ажиллаж байгаа. И.П*******гийн эрхэлж байсан ажлыг заавал тусгайлан нэг хүн хариуцах шаардлагагүй салбар, чиглэлийг хариуцсан ажилтнууд хэрэгжүүлэх боломжтой, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх байгууллага учраас тэндээс дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг учраас заавал тусгайлан хариуцсан мэргэжилтэн байх шаардлагагүй гэж үзсэн.” гэжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 50 дугаар тушаалаар И.П*******гийн ажиллаж байсан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын газрын “Зохион байгуулалтын алба” нь “Захиргааны хэлтэс” болон өөрчлөгдсөн байна. 

Төсвийн тухай хуулийн 16.5.3-д “төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй” гэж,Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4.6.3-д” захирал нь батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан нэгжийн удирдлага, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрхтэй” гэж зааснаас тус тус үзвэл нэгэнт байгууллагын бүтэц өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаа тохиолдолд байгууллагын зорилго, чиг үүрэг болон бүтцийн нэгж тус бүрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг харгалзан батлагдсан орон тооны хязгаарт багтаан зарим ажлын байрыг нэмэгдүүлэх, эсвэл цөөрүүлэх, хасах арга хэмжээг авах нь тухайн байгууллагын даргын бүрэн эрхийн асуудалд хамаарч байна. 

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/44 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар  баталсан орон тоо нь цөөрсөн болон хасагдсан ажлын байрны жагсаалтад нэхэмжлэгчийн ажлын байр орсон тул туг тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар И.П*******д мөн өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч 2016 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авчээ.                                    

 Нэхэмжлэгч И.П*******д хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа ажлаас чөлөөлсөн байхад ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ажлын байрыг хассан байгууллагын захирлын тушаалтай маргаагүй хирнээ түүнийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаалтай маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө түүний ажлын байрыг хассан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/44 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарсан байсан тул тушаалтай маргах боломжтой байжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. гэснээс үзвэл нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан болох нь тус газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр “Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай”, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/44 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч уг ажлын байрны чиг үүргийг ганцаараа хэрэгжүүлж байсан, түүний харьяалагдаж байсан зохион байгуулалтын хэлтэс адил чиг үүрэг бүхий албан тушаалтан байхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “орон тоог цөөрүүлсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрт “орон тоо цөөрүүлсэн” бус  “орон тоо хасагдсан” гэх үндэслэлийг дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй  . 

   Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хоёр дахь заалтаар түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 4559190 /дөрвөн сая, таван зуун тавин есөн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч тэтгэмжийг хүлээн авсан байна. 

И.П*******гийн эрхэлж байсан дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод  ажлын байрны зорилгыг “1. Газрын хэмжээнд гарч буй тушаал, шийдвэр, гэрээ, хэлцэл, баримт бичиг, тушаал шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, удирдлагыг гүйцэтгэлийн мэдээллээр хангах, 2.Тус газарт хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг хангуулах, ажил үйлчилгээтэй холбогдсон сургалт, сурталчилгааг хариуцан гүйцэтгэх, 3.Байгууллагын дотоод ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийх” гэж тодорхойлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар  баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 2.2-д “Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.”гээд хяналт шалгалтыг зохион байгуулах чиглэлийг тус журмын 4.1-д зааснаас үзвэл нэхэмжлэгч И.П*******гийн ажлын байрны үйл ажиллагаа нь дээрх журамд заасан хяналт шалгалтын чиг үүрэг бус хяналт шинжилгээ /мониторинг/-ний чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой байна гэж дүгнэлээ. 

“Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 1.7-д “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй.” гэж заасан ба “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан байна. 

Эндээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах хэдий ч захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хэрэгжүүлж байсан, нэхэмжлэгчийн тайлбарласан дотоод хяналт шалгалтын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын чиг үүрэгт хамаарах ажлын байр, түүний зорилгыг зөв тодорхойлж чадаагүй байна гэж үзэхээр байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ.” Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар  баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэн журам”-ын 1.4.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол яам, эрхлэх ажлын хүрээнд нь үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг, харьяа бусад байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөх “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг Монгол Улсын сайд, 1.5-д “Энэ журмын 1.4-д зааснаас бусад тохиолдолд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг тухайн тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.” гэж заасны дагуу Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам батлагдаагүй байх ба 2005 онд баталсан  “Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Дотоод хяналтын журам” -ыг хүчин төгөлдөр мөрдөж ажиллаж байх тул нэхэмжлэгч И.П*******гийн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан, уг журмыг баримтлан тус ажлын байрыг хасах үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Хэрэв уг журмыг хэрэгжүүлж ажиллаж байсан бол байгууллагын дотоод хяналтын журмыг түүнд нийцүүлэн шинэчилж, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгасан байх ёстой байжээ. 

 “Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Дотоод хяналтын журам”-ын 2.2.1-д “Газрын харьяа байгууллага болон аппаратад хэлтэс, албад нь батлагдсан зохион байгуулалт, үндсэн чиг үүргийн дагууд мэргэжлийн чиглэлээр дотоод хяналтыг зохион байгуулна.”, 2.2-д шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтыг газрын даргын баталсан удирдамжийн дагуу хийх, 2.3-д “....хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг дүнг даргад танилцуулж шийдвэрлүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл  нэхэмжлэгчийн “дотоод хяналт хариуцсан тусгай мэргэшсэн ажилтан заавал байх ёстой” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нь тус газрын дүрмийн 1.1-д зааснаар Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгч Засгийн газар, яам, агентлаг үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байх тул байгууллагын дотоод хяналт нь байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний стандартыг хангуулахтай холбоотой байх нь илүү ач холбогдолтой байх ба нэхэмжлэгчийн ажлын байранд хэрэгжүүлж байсан чиг үүргийг зайлшгүй тусгайлан хэрэгжүүлэх  шаардлагагүй, холбогдох ажлын байранд зарим, чиг үүргийг хариуцуулан хэрэгжүүлэх боломжтой гэх хариуцагчийн тайлбарыг буруутгахааргүй байна. 

Иймд хариуцагчаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн өмчит байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас байгууллагын үндсэн чиг үүрэг, бүтцийн нэгжийн хэрэгжүүлэх ажиллагааг харгалзан хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын байрыг шинээр зохион байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгчид хуулийн хугацаанд мэдэгдсэн, холбогдох хуулийн баталгааг хангаж, зохих тэтгэмжийг олгосон нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцсэн байх тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.П*******ий “Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/68 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн гаргуулах” “шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНГЭРЭЛ