Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0811

 

"Ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатардаргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, "Ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ныөдрийн 25 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Ц" ХХК-ийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжийн Ж.М Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Т.Н-с 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлгийг үндэслэн Мөрөн сумын 5 дугаар баг, Баянбулаг захад орших газар дээр барьсан 119 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, 0009788 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргахад хавсаргах бичиг баримтад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гэж заагаагүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт 3/газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гэж нэмэлт оруулж, Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Гэтэл анхан шатны шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хяналгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэргийн нэгдүгээр хавтасны 55, 56 дугаар хуудсанд авагдсан Түүхий эдийн зах хүлээлцүүлэх тэмдэглэл болон иргэн Д.М-с Мөрөн сумын Засаг дарга Б.Х-т гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг үндэслэн "Б.Б" ХХК нь уг газрыг гэрээгээр ашиглаж байсан гэж дүгнэлт хийсэн байх ба ийнхүү гэрээгээр ашиглуулахдаа Газрын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ тухай баримт авагдаагүй. Харин дээрх газрыг 2011.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлж байсан /1-р хавтас, х-131/ байдаг.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан.

Монгол хэлний товч тайлбар толь /БНМАУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн 1996 он/-д Бүхий гэдэг үгийг: байгаа утгыг илэрхийлнэ. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн www.mongoltoli.mnцахим хуудаст Бүхий гэдэг үгийн утгыг ... ус бүхий /устай/, чулуу бүхий /чулуутай, дуу цахилгаан бүхий /дуу цахилгаантай/, зэвсэг бүхий /зэвсэгтэй/, эрх бүхий /эрхтэй/... гэх зэргээр жишээ оруулж тайлбарласан байдаг тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийн ... инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад... гэж заасан инженерийн шугам сүлжээтэй буюу шугам сүлжээнд холбогдох, техникийн нөхцөл олгох боломжтой газарт хамаарна.

Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдэд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд орох бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна. гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, хангагч байгууллагаас инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл олгох боломжтой газруудыг л дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлж болохоос харин техникийн нөхцөл олгох боломжгүй газрыг ерөнхий төлөвлөгөөнд орсон гэх үндэслэлээр дуудлага худалдаанд оруулж, бусдад эзэмшүүлсэн нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

Нөгөөтээгүүр, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн А/314 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хавтаст, х-7/-ийн үндэслэлд ...Мөрөн сумын 2011 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу... гэж бичигдсэн байхад Мөрөн сумын Засаг даргаас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2017.07.21-ний өдрийн 1/1344 дүгээр албан тоотын Шинээр эзэмшүүлэх газрын цуваа гэх хавсралт /1-р хавтас, х-130/-д Газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй ХТҮК-ийн газар эзэмших эрхийг цуцалж дуудлага худалдаанд оруулах гэж бичсэн. Гэтэл дээрх газрыг 201.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн /1-р хавтас, х-131/ байхад ХТҮК-ийг ийнхүү газрын төлбөрөө төлөхгүй гэдгийг урьдчилж мэдэж 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрыг нь дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн нь эргэлзээтэй, бодит байдалд нийцэхгүй. 2011 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгт авагдаагүй.

Мөн анхан шатны шүүхийн 2017.04.19-ний өдрийн 2/70 тоот албан бичгийн дагуу дээрх маргаж буй газрын хувийн хэрэгт авагдсан 38 хуудас /бүх баримтууд/ баримтыг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тус шүүхэд хүргүүлсэн /1-хавтас, х-125, 126/ байх ч ХТҮК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр буюу захирамж дээрх газрын хувийн хэрэгт байдаггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудлаар эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна гэж зааснаас үзэхэд дээрх газрын хувийн хэрэгт ХТҮК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж байх ёстой.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.07.21-ний өдрийн А/250 дугаартай Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай захирамж Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. Дээрх газрыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гаргасан тухай цаг үед энэ газар техникийн нөхцөл олгох боломжгүй буюу инженерийн шугам сүлжээ байгаагүй. Харин бүр сүүлд буюу 2014 оноос хойш шугам сүлжээ тавигдаж, техникийн нөхцөл олгох боломжтой болсон нь 2017.09.01-ний өдөр Цахиур ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон болно. Үзлэг хийхэд оролцсон "Х.С.У" ХХК-ийн ерөнхий инженер Д.С 2011 онд бол техникийн нөхцөл олгох боломжгүй байсан. 2014 оноос хойш шугам сүлжээ тавигдсан учир техникийн нөхцөл олгох боломжтой гэж тодорхой хариулдаг.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-д заасны дагуу дуудлага худалдаа явагдаагүй. Тодруулбал:

1. Журмын 7-д дуудлага худалдааны зар мэдээг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан байтал Зууны мэдээ сонины 2011.07.27-ны өдрийн дугаарт дуудлага худалдааны зар мэдээг мэдээлэхдээ дуудлага худалдааны товлосон өдрийг 2011.08.25-ны өдрөөр тогтоосон нь 26 хоног болж байна.

2. Журмын 8.5-д дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа, 8.6-д дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам-ыг заавал тусгана гэж заасан байхад зар мэдээнд огт тусгаагүй.

3. Журмын 10.2-т газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем 10.5-д техникийн нөхцөлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргийг тусгахаар заасан байхад зар мэдээнд тусгагдаагүй.

4. Маргаж буй газрыг 2011.01.03-нд 0179377 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр Хот тохижилт, үйлчилгээний компанид эзэмшүүлэхэд нэгж талбарын дугаар нь 2107088 хх /гарын хоёр орон мэдэгдэхгүй/ байсан /1-р хавтас, х-131/ бол дуудлага худалдааны журмаар дээрх газрыг иргэн Ж.М-т эзэмшүүлэхэд олгосон гэрчилгээн дээр газрын нэгж талбарын дугаар 210706926 болж /1-р хавтас, х-90/ өөрчлөгдсөн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн 92 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч Х.Идэрийн гаргасан шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4-18.1.6, 18.1.8, 18.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцээгүй байхад хэргийн оролцогчдоос шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй гэж, илт хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн.

6. Иргэн Б.Э-с 2016.09.19-ний өдөр Б.Энхбат би худалдан авсан газар дээрээ барилга байгууламж барих болсон учир "Ц" ХХК нь хөрөнгө болох байшингаа авч газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Байшингаа авч газар чөлөөл гэх түүний энэ шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болох "Ц" ХХК-ийн хувьд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд халдаж буй хэрэг юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011.09.29-ний өдрийн А/314 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, мөн 2014.04.01-ний өдрийн А/120 дугаартай Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын Б.Э-д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгүүд нь ийнхүү өмчлөгчийн эрхэнд халдах үндэслэл, шалтгаан болж байх тул шүүх хууль бус захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах учиртай.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэж буй захиргааны шийдвэр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшилж байгаа. Өмчлөгчийн эрх зөрчигдөж болзошгүй бодитой нөхцөл, шалтгаан нь дээр дурдсан захиргааны актаар эрх олгосон гуравдагч этгээдээс тавьж буй шаардлага, түүний үйлдлээр хэрэгжих боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байх тул хэргийг судлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч "Ц"  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "Ц"  ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 дүгээр захирамжийн Ж.М-д Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад 7314.5 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дээрх газрыг Б.Э-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах- аар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуульд зааснаар газрыг давхцуулан олгох нь хууль бус бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдаж буй нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тов зарлах тухай А/250 дугаар захирамжаар Мөрөн сумын 5 дугаар баг, түүхий эдийн зах байрлах 7314.5 м.кв газрыг түүхий эдийн захын зориулалтаар газрын дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг газарт "Ц"  ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан байна.

Уг дуудлага худалдаагаар иргэн Ж.М-р ялагч болж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314 тоот захирамжаар дээрх газрыг эзэмших эрхтэй болж, улмаар иргэн Ж.М-р нь газар эзэмших эрхээ иргэн Б.Э-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн А/120 дугаар захирамжаар уг газрыг Б.Э-д шилжүүлсэн байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд уг газар дээр баригдсан 119 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.О-с барааны төлбөрт сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар шилжүүлэн авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4-т зааснаар дуудлага худалдаагаар ялагч болж, газар эзэмшигч болсон иргэн Ж.М-с газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Э-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч "Ц"  ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, газрыг давхцуулан олгосон гэх нөхцөл байдал байхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/314, мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжууд нь "Ц" ХХК-ийн Мөрөн сумын 5 дугаар багийн түүхий эдийн захад байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт бүртгэгдсэн 119 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн шинжгүй, маргаж буй захирамжууд нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээс өмнө гарсан байх тул нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо ... Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-д заасны дагуу дуудлага худалдаан явагдаагүй, дуудлага худалдааны зар мэдээг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан байтал Зууны мэдээ сонины 2011 оны 07 дугаар сарын 27-ныөдрийн дугаарт дуудлага худалдааны зар мэдээг мэдээлэхдээ дуудлага худалдааны товлосон өдрийг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон нь 26 хоног болж байна ... энэ нь бидний эрхийг зөрчсөн гэжээ, гэтэл уг асуудлаар талууд тухайн үед маргаагүй, нэгэнт маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ныөдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ