Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01371

 

“Дөрвөн Талст Экологи” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 182/ШШ2016/00221 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1537 дугаар магадлалтай,

“Дөрвөн Талст Экологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Цагдаагийн Ерөнхий газар болон  Мөрдөн байцаах газарт холбогдох,

Шинжээчийн ажлын хөлс 27.293.025 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Дөрвөн Талст Экологи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Мөнхбатын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилон шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “Алтандорнод монгол” ХХК-ийн эзэмшдэг Төв аймгийн Заамар сумын нутагт орших МV-012439, МV-004411, МV-005028, МV-000129, МV-000213, МV-000290 тоот, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших МV-001410 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хээрийн хэмжилтийн ажлыг өндөр нарийвчлал бүхий хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэж шинжээчийн дүгнэлт гаргасан юм. “Дөрвөн талст экологи” ХХК нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хийж гүйцэтгэн мөрдөн байцаагчид хүргүүлсэн боловч шинжээчийн зардал, ажлын хөлсийг тус байгууллагууд өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Манай компани тухайн ажлын хөлсийг холбогдох байгууллагаас баталсан жишиг үнийг удирдлага болгон тооцсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 99.2, 101.3 дахь хэсэгт “хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон бол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар тус тус заасан. Улсын Дээд шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зөвлөмжийн 8 дугаар зүйлд заасны дагуу олгох ёстой. Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байхаар заасан.

Цагдаагийн байгууллага нь төсвийн байгууллага бөгөөд төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулдаг тул төсвөө захиран зарцуулах эрх нь тус хуулиар олгогдсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан шинжилгээний ажлын хөлсийг барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч хариуцагч нь одоог хүртэл ямар нэгэн тодорхой үйлдэл хийхгүй, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсний үлдэгдэл болох 27.293.025 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газар болон Улсын Мөрдөн байцаах газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Дөрвөнталст экологи” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын /хуучнаар/ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн 2014250005042 тоот хэрэгт байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардлыг тооцуулж, хохирлын үнэлгээ тогтоолгохоор “Дөрвөнталст экологи” ХХК-ийг дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон. Цагдаагийн байгууллагын 2014, 2015 оны төсвийн саналд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөг тусгуулахаар манайхаас саналаа хүргүүлсэн боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасч баталсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар заасан. Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй тохируулагч агентлаг бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, мөн зүйлийн 2-т Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна гэж заасан. Цагдаагийн байгууллагын төсөвт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан зардал тусгагдаагүй. Бид 2012-2016 онуудын төсвийн гүйцэтгэлийн тайланг хэрэгт баримтаар өгсөн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын Хууль зүйн сайдад хандан байцаан шийтгэх ажиллагааны зардалд 1 жилд 4,9 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлэх арга хэмжээ авахыг хүсч албан бичиг явуулж байсан. Уг шинжээчийн ажлын хөлс нь төлөх ёстой төлбөр гэдгийг бид ойлгож байгаа, мөнгөн дүн дээр бид маргахгүй. Хамгийн гол нь цагдаагийн байгууллагын төсөвт тусгагдаагүй учир төлөх ямар ч боломжгүй байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтныг хамтран хариуцагчаар оролцуулан “Дөрвөнталст экологи” ХХК-ийн нэхэмжилсэн 27.293.025 төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөгөө талаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Улсын Мөрдөн байцаах газар нь манай байгууллагын харъяа нэгж ба тусдаа бие дааж санхүүгийн асуудал шийдвэрлэх эрхгүй, манай Цагдаагийн ерөнхий газраас санхүүжилт нь хангагддаг юм гэжээ.

Хариуцагч Мөрдөн байцаах газар шүүхэд гаргасан тайлбартаа: Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын /хуучнаар/ Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн 201425000504 дугаартай хэрэгт байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардлыг тооцуулж, хохирлын үнэлгээг тогтоолгохоор “Дөрвөнталст экологи” ХХК-ийг шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээчээр томилсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар заасан. Цагдаагийн байгууллагын 2014, 2015 оны төсвийн саналд байцаан шийтгэх ажиллагааны зардалд 3,1 тэрбум төгрөг тусгуулахаар саналаа хүргүүлж байсан боловч Сангийн яамнаас дээрх зардлыг хасаж баталсан байна. Мөрдөн байцаах газар нь төсөв захиран зарцуулах эрхгүй, Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.-д зааснаар төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч компани нь тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн нь үнэн. Бид шинжээчийн ажлын хөлсний хэмжээн дээр маргаан байхгүй, уг мөнгийг төлөх ёстой. Уг хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, одоо хүчин төгөлдөр болсон. Иймд Сангийн яамны холбогдох албан тушаалтныг хамтран хариуцагчаар оролцуулан “Дөрвөнталст экологи” ХХК-ийн нэхэмжилсэн 27.293.025 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулан, Мөрдөн байцаах газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 182/ШШ2016/00221 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 27.293.025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи” ХХК-д олгож, хариуцагч Мөрдөн байцаах газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 294.420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1537 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дөрвөн талс экологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд, 2016 оны өдрийн 1537 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т зааснаар эрүүгийн 2014250005042 тоот хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн шинжээчийн зардал буюу ажлын хөлсийг төр хариуцах хуулийн зохицуулалттай болно.

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, мөн зүйлийн 2-т “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1,2-т зааснаар Засгийн Газар нь хуулийг биелүүлэх үүрэг бүхий төрийн гүйцэтгэх дээд байгууллагын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т заасан шинжээчийн зардлыг хариуцах үүрэгтэй байна.

Цагдаагийн байгууллагын төсөвт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал тусгагддаггүй бөгөөд энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргасан болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг Иргэний хуулийн 343 зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа нь дээрх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, цагдаагийн байгууллагыг жинхэнэ хариуцагч мөн эсэхийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шинжээчийн зардлыг төлөх нь зүйн хэрэг боловч Цагдаагийн ерөнхий газар нь дээрх зардлыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Дөрвөн талст экологи”  ХХК нь Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор эрүүгийн 2014250005042 тоот хэрэгт шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан ба шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл 27.293.025 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзахдаа “...эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал төсөвт тусгагдаагүй” гэсэн үндэслэл дурджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1.-т зааснаар шинжээчийн зардал байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд  мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101-3-т  “уг хэргийг энэ хуулийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна” гэжээ.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 859 дүгээр тогтоолоор Т.Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 47-49 дүгээр тал/.

Шүүх шинжээчийн зардлыг хариуцагч ЦЕГ-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-г зөрчөөгүй гэж үзнэ.

Цагдаагийн байгууллагын төсөвт байцаан шийтгэх ажиллагааны зардал тусгагдаагүй нь шинжээчийн зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 182/ШШ2016/00221 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1537 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ